Гурван улсын үлгэр | 57 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 07

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

I БОТЬ-57 ДУГААР БҮЛЭГ

ЧАЙСАНКОУ АМАНД ХЭВТЭЭ ЛУУ АРХИ ДУСААСАН ЛЭЙ ЯН СУМАНД ФӨНЧУ НОЁНТОН ХЭРЭГ ШИЙТГЭСЭН

Өгүүлэх нь: Жоу Юйгийн хилэн өвчүүнд дүүрч мориноос унасныг зүүн баруун этгээдийн ард яаран тусалж, онгоцонд авч ирсэн хойно цэргийн хүн уламжлан хэлрүүн: “Cюаньдө, Кунмин уулын дээр сууж, архи уулцан цэнгэлдэж амуй” хэмээхэд Жоу Юй араагаа хавирч өгүүлрүүн: “Чи намайг Сычуанийг авч чадахгүй хэмээнэ үү? Би амалдаж авмуй!” хэмээн хараахан занахын дунд хүн ирж хэлрүүн: “Үхоу өөрийн дүү Сүнь Юйг зарж илгээжээ” хэмээмүй. Жоу Юй угтаж оруулаад тэр учрыг хэлсэнд Сүнь Юй өгүүлрүүн: “Би ахын захиагаар Дүдүд туслахаар ирсэн бөлгөө” хэмээгээд даруй цэрэг авч урагшлан Бацюд хүрсний хойно хүн ирж хэлрүүн: “Мөрний дээд урсгалд Люфэн, Гуаньпин хоёул цэрэг авч усан замаар тосов” хэмээмүй. Жоу Юй нэнд хилэн төрж бүхийд бас нэгэн хүн ирж хэлрүүн: “Кунмин хүн зарж бичиг хүргэж иржээ”.

Жоу Юй бичгийг авч битүүмжийг нээж үзвээс бичигт өгүүлсэн нь: “Хань улсын цэргийн багш, Жун Ланзян түшмэл Жүгө Лян би бээр Зуун Ү улсын их Дүдү Гунзинь ноёны тугийн дор өргөн барив. Жич Чайсангаас салснаас нааш өдгөө хүртэл басхүү мөрөөдөн умартахгүй. Сонсвоос эрхэм таны Сычуанийг авсугай хэмээхийг Жугө Лян би санахад болохгүй мэт. Ижоу мужийн иргэн хүчирхэг, газар бэрх. Түүний эзэн Люжан хэдий харанхуй буурай боловч биеэр сахиж чадмуй. Өдгөө цэргийг зүдээн хол байлдахаар очоод, түмэн газрын аянд уламжлан зөөж, бүрнээ гавьяаг олсугай хэмээх нь хэдий Үци боловч түүний хэмжээг тогтоон чадахгүй. Сунь Ү боловч түүний хойдыг сайжруулан эс чадмуй. Нэнд Цаоцао Улаан хавцалд ихэд хохирсноос өдөр шөнөгүй хариу хэрхэн умартах аж? Өдгөө эрхэм таны цэрэг үүсгэн хол байлдахаар одсонд хэрвээ Цаоцао хоосныг тухайлан хүрч ирвээс Зян Наньгийн газар хэмхэрмүй! Лян би суусаар үзэж төвдөхгүй тул тусгайлан сануулахаар илгээв. Хүсэх нь толилон ажаамуу!” хэмээжээ.

Жоу Юй үзэж дуусаад нэгэнтээ урт шүүрс алдаж зүүн баруун этгээдийн хүнийг дуудан цаас бийр авч ирүүлээд Үхоуд айлтгах бичиг бичсэн хойно олон жанжин нарыг цуглуулж өгүүлрүүн: “Би шударгыг гүйцэтгэн улсын ач хариулахыг үл хүсэх нь бус. Гагц насан утаг нэгэнтээ барсныг яанам! Та нар Үхоуд сайнаар үйлчилж хамт их үйлийг бүтээ!” хэмээн өгүүлж дуусаад муужран ойчив. Баахан удас хийгээд алгуураар сэргэж тэнгэрийн зүг хандан урт шүүрсэн алдаж өгүүлрүүн: “Та нэгэнтээ Жоу Юй намайг мэндлүүлсэн атал юунд бас Жүгө Лянийг эснүүлсэн338 аж!” хэмээн нэгэн дараагаар хэдэнтээ архираад нөгцөв. Гучин зургаан настай бөлгөө. Хожмын хүний шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:

“Улаан хавцлын газар баатар жавхланг үлдээгээд

Чийрэг залуу насандаа нэрийг алдаршуулав

Чавхдасын дууллаар яруу санааг мэдээд

Хундагат дарсаар сайн нөхөрт хариулмуй

Гурван мянган суулга амуу зээлсэн бөгөөд

Арван түмэн цэргийг үргэлж дайчлав

Хутаг төгссөн Бацюгийн газарт

Хундага дусаахад сэтгэл огоо уярмуй”

Жоу Юйгийн хүүрийг Бацюд тавиад олон жанжин бичгийг нар хүн зарж Сүньцуаньд мэдүүлэн илгээсэнд, Сүньцуань “Жоу Юй үхэв” хэмээн сонсоод ихэд дуу тавьж уйлан бичгийг нээж үзвээс “Лүсүг батлан өргөж биеэ төлөөлүүлсүгэй!” хэмээжээ. Тэр бичгийн үг нь: “Жоу Юй би энгийн эрдэмтэй бөгөөтөл хэтэрхийд өршөөж сэтгэл зүрх мэт итгэмжлэн, хүнд тушаалыг өгч, бүгд цэргийг захируулсанд ямар аймшиггүй сайдын хүчийг гаргаж хариулахыг санахгүй аж. Хэрхсүү үхэх, амьдрахыг урьдаас мэдэхэд бэрх. Хутгийн урт охор заяа бөлгөө. Мунхагийн зорилтыг дэлгэрүүлэн чадаагүйгээр өчүүхэн бие нэгэнтээ барсан тул үлдсэн заналыг яахин өгүүлнэм! Өдгөө Цаоцао хойдод ахуу тул зах хязгаар амар болоогүй. Любэйг түшин суулгасан нь барсыг тэжээсэн мэт бөгөөд дэлхий дахины үйл бас ч ямар болохыг мэдэхгүй болой. Өнөө төв хэмээн төрийн түшмэд будаа идэх чөлөөгүй, улсын эзэн шамдаж, санах тухай бөлгөө. Лүсү шударга чигч, хэрэг тохиолдвоос осолдохгүй тул Жоу Юйгийн тушаалыг төлөөлүүлж болмуй. Хүн үхэх шахваас түүний үг мөн сайн хэмээсэнчлэн хэрэв өршөөн тогтоовоос Жоу Юй үхэвч ялзрашгүй болой” хэмээжээ. Сүньцуань үзэж дуусаад уйлан өгүүлрүүн: “Гунзиньд Ванзуогийн эрдэм буй атал өдгөө гэнэт зуурмаг үхсэнд мөхөс би хэнд итгэх аж? Нэгэнтээ гэрээсийн бичгээр тусгайлан зызинийг батлан өргөснийг би ямар аймшиггүй эс дагмуй?” хэмээгээд мөн өдөртөө Лүсүг Дүдү болгон бүгд цэргийг захируулаад нэгэнтээгүүр “Жоу Юйгийн хүүрийг хойш авч ирүүлэн оршуулсугай!” хэмээв.

338 Богд хүн мэндлэх

Тэндээс Кунмин Зинжоу мужид агаад шөнө тэнгэрийн байдлыг шинжиж, жанжин од газарт унасныг үзээд инээн өгүүлрүүн: “Жоу Юй үхжээ!” хэмээв. Гэгээрсэн даруй Cюаньдөд хэлсэнд Cюаньдө хүн зарж үзүүлбээс үнэхээр үхсэн байв. Cюаньдө Кунминд хандан: “Жоу Юй үхвээс одоо яавал зохилтой билээ?”. Кунмин өгүүлрүүн: “Жоу Юйг төлөөлөн цэргийг захирах нь эрхгүй Лүсү бөлгөө. Лян би тэнгэрийн байдлыг шинжихэд жанжин од зүүн зовхист хуржээ. Би тосохоор очихоор нэр болгон Зяндунд нэгэнтээ одож тэр дашрамд эрдэмтнийг эрж эзэн гүнд туслуулсугай!”. Cюаньдө өгүүлрүүн: “Гагц Ү улсын жанжин түшмэд ноёнтныг хөнөөгүүзэй хэмээн эмээмүй”. Кунмин өгүүлрүүн: “Жоу Юй байхад Лян би харин ч эмээсэнгүй атал Жоу Юй үхсэн байтал бас юунд зовмуй?” хэмээгээд Жао Юньгийн хамт таван зуун цэргийг авч тахилгын юмыг бэлтгэн онгоцонд сууж, Бацю руу тосохоор одов. Замд сурвалжлан сонсвоос “Сүньцуань Лүсүг Дүдү болгож Жоу Юйгийн ясыг нэгэнтээ Чайсанд эгүүлэв” хэмээжээ.

Кунмин шууд Чайсанд хүрсэнд Лүсү ёслон угтаж оруулбаас Жоу Юйгийн доорхи жанжин нар цөм “Кунминийг алсугай!” хэмээвч Зылун илд зүүж дагах тул эмээж гар хөдлөсөнгүй. Кунмин тахилгын эдийг авсны өмнө жагсаан тавиулж өөрийн биеэр архи дусаан газарт сөгдөж тайх бичгийг дуудруун: “Аяа Гунзинь завшаангүй зуурмаг үхэв! Хутгийн урт охор хэдий тэнгэрийн харьяа боловч хүний сэтгэл хэрхин үл энэрэх аж? Миний дотор үнэхээр халагланам. Дусаасан нэгэн хундага архийг авгай чиний гайхамшигтай болбоос миний тахисныг амсаж эдлэгтүн! Гомдох нь авгай багадаа ном сурахад Сүнь Бофү339 лүгээ ханилж, журамд итгэмжлэн эдийг холтгоод, гэр тавин өгч суулгажээ. Гомдох нь авгай залуу насанд түмэн газар хэмээн халшрахгүй шаламгайлан үйлдэж, их хөрөнгийг байгуулан тогтоогоод Зян Наньгийн газрыг анхлан эзлсэнийг өдгөө харуусан дурсаж байна. Авгай идэр хүчээр Бацюгийн газрыг сахиснаар Зиншэнг зовнил өвөрлүүлж, сөргүүг арилгахад хаширсангүй бөлгөө. Гомдох нь авгайн өнгө байдал гоо бага Цяо овогт лугаа ураг холбоод Хань улсын сайдын хүргэн болсон тул улс төрд ичгүүргүй. Гомдох нь авгайн ихэмсэг хориглохыг сонсон үгийг авч, эхэнд мохрохгүй, эцэст үл омтгойлмуй. Гомдох нь авгай По Янд Зянгань хэлэлцэхээр ирэхэд амирлангуйгаар аргыг явуулж, багтаамжтай бөгөөд зоригтой. Гомдох нь авгайн агуу эрдэм, бичиг цэргийн арга бодлоготой, галаар дайсныг эвдэлж чийргийг буурай болгожээ. Авгайн тэр үесийн эрэмгий баатрыг санаж авгайн зуурмаг эрт өнгөрсөнд уйлан газарт хэвтэж цусыг урсгамуй. Шударга журамт сэтгэл цэцэн гэгээн амьсгалтай. Гурван мөчлөгт бие барсан гэвч нэр алдар зуун үед үлдэв. Авгайн үнэнхүү санаанд уяран мянган гашууныг хамт зангидаад гагцхүү миний элэг уушги энэрэн тасарчээ. Тэнгэр харанхуй болж цэргийн ард цөхрөв. Эзний төлөө гасалж нөхөр хань мэлмэлзмүй. Жүгө Лян надад эрдэм үгүй атал, арга эрэн бодлого гуйж, Ү улсыг туслан, Цаоцаог дайлаад, Хань улсыг тэнхрүүлэн, Лю хааны авгыг амуулав. Тулгын байдлаар өмөглөж толгой сүүл харилцан хамтдаад тогтнох ба мөхөхөд юунд хашран зовох аж? Аяа Гунзинь амьд үхсэн уртад хагацаад, шулуунаар түүний батыг сахиулж бүрэг бараг үзэгдэхгүй болжээ! Хэрвээ сүнс нь гайхамшигтай болбоос миний сэтгэлийг тольдон айлтгах болов уу! Үүнээс хойш дэлхий дахинд нэнд санааг мэдэгчид үгүй болов! Аяа хашралтай болой! Гуйх нь гагцхүү тахилыг эдлэх ажаам уу!” хэмээжээ.

339 Сүньцөгийн өргөсөн нэр

Кунмин уншин дусааж барсны хойно газарт хэвтэж ихэд уйлаад, нулимс булаг мэт урсан гарч уяран зогсохгүй тул олон жанжин харилцан хэлж өгүүлрүүн: “Хүн цөм Гунзинь, Кунмин нийцгүй хэмээмүй. Өдгөө түүний дусаан гээхэд уйлахыг үзвээс хүний үг ташаарсан бөлгөө”. Лүсү Кунмингийн энэ мэт энэлэн уйлахыг үзээд бас ч уярч дотроо сэтгэрүүн: “Кунмин үнэхээр сэтгэлгээ үлэмж хүн атал харин Гунзиньгийн сэтгэл цухал тул өөрөө үхэхийг эрсэн болой” хэмээв. Хожмын хүний шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:

“Нань Янгийн газар хэвтээ луу унтаад сэрээгүй байхад

Шучэн хотод басхүү олон гараг нэмэрлэн буув

Хөх тэнгэрээс нэгэнтээ Гунзинийг буулгасан бөгөөтөл

Хөрст дэлхийд юунд бас Кунминийг эснүүлсэн аж?”

Түүнээс Лүсү хурим бэлтгэж, Кунминийг хуримлан дууссан хойно, Кунмин салж эгээд сая онгоцонд суусугай хэмээтэл нэгэн хүн бумбын хувцас, хулсан малгай, бараан бүс, шулуун шаахай өмсөөд нэгэн гараар Кунминийг татан зогсоож ихэд инээн өгүүлрүүн: “Чи Жоу Юйг хилэн төрүүлэн үхүүлээд, бас цаас гээхээр ирсэн нь энэ илээр зүүн Ү улсад хүнгүй хэмээн мэхэлмүй үү?”. Кунмин яаран тэр хүнийг үзвээс харин Фөнчү ноёнтон Пантун болой. Кунмин бас ихэд инээж хоёул гар барилцан онгоцонд суугаад өөр өөрийн санааг хэлсний хойно Кунмин Пантунд нэгэн битүүмж бичиг үлдээн өгч өгүүлрүүн: “Би санахад Сүнь Жунмоу340 чамайг хүнд хэрэглэн чадахгүй бөлгөө. Санаанд баахан нийцэхгүй болбоос Зинжоу мужид ирж хамт Cюаньдөд тусалсугай! Энэ хүн өршөөл уудам, эрдэм зузаан, эрхгүй гүн чиний сурсан эрдмийг гээгдүүлэхээргүй!” хэмээсэнд Пантун тэр үгийг ойшоож салан явсан хойно Кунмин Зинжоу муждаа эгжээ.

340 Сүньцуаньгийн өргөсөн нэр

Тэндээс Лүсү Жоу Юйгийн хүүрийг хүргэж Үхү газарт хүрсэн хойно Сүньцуань угтаж хүүрийн өмнө ихэд уйлан цаас гээгээд, уул гацаанд зузаатган оршуулав. Жоу Юйд хоёр хөвгүүн нэг охин буй ажгуу. Ахмад хөвгүүний нэр Сюнь, удаах хөвгүүний нэр Инь, Сүньцуань цөмийг хүндээр тэтгэжээ. Лүсү өгүүлрүүн:

“Би цул гэсэн хүн. Гунзиньгийн хүндээр батласныг саатуулуузай. Үнэнд тушаалыг хүлээн чадахгүй тул би нэгэн хүнийг өргөж эзэн гүнд туслуулсугай. Тэр хүн дээдэд тэнгэрийн утгад нэвтрэн, доодод газрын зүйг мэдмүй. Арга бодлого Гуань, Юэгээс доргүй төсөөлөх, улирах нь Сүнь Үд адилтгаж болмуй. Урьд Жоу Гунзинь тэр хүний үгийг ихэд хэрэглэсэн бөлгөө. Кунмин бас түүний мэргэн ухааныг ихэд биширмүй. Өдгөө мөрний өмнөдөд буй. Яахин хүндээр хэрэглэхгүй аж”. Сүньцуань сонсоод ихэд баярлан, даруй түүний нэр овгийг асуусанд Лүсү өгүүлрүүн: “Энэ хүн Сян Ян газрын хүн. Овог Пан нэр Тун өргөсөн нэр Ши Юань, бумбын цолыг Фөнчү ноёнтон хэмээмүй”. Сүньцуань өгүүлрүүн: “Би бас түүний нэрийг сонсож удав. Өдгөө нэгэнтээ энд буй болбоос даруй залж учирсугай!” хэмээсэнд Лүсү Пантуныг урьж ирээд Сүньцуаньд золгуулсанд ёсолж дууссан хойно Сүньцуань тэр хүнийг үзвээс хөмсөг зузаан, хамар ээтгэр, нүүр хар, сахал охор, овор дүр сонин өөр тул дотроо хэдэн хувь дургүй болоод даруй асууруун: “Гүнгийн ерийн сурсан нь юуг гол үндэс болгов?”. Пантун өгүүлрүүн: “Нэгийг баримтлах хэрэггүй. Тухайд нийлүүлж, хувьсган улируулмуй”. Сүньцуан өгүүлрүүн: “Гүнгийн чадал эрдэм Гунзиньд адилтгаваас ямар буй?”. Пантун инээн өгүүлрүүн: “Миний сурсан нь Гунзинь лүгээ ихэд адилгүй” хэмээжээ. Сүньцуань угаас Жоу Юйг маш бахдах тул Пантунгийн хөнгөлөхийг үзээд дотроо улам баяргүй болж Пантунд өгүүлрүүн: “Гүн түр эгэгтүн! Гүнг хэрэглэх цагт дахин залахаар илгээсүгэй!” хэмээсний хойно Пантун урт шүүрс алдаж гарав. Лүсү өгүүлрүүн: “Эзэн гүн юунд Пан Ши Юанийг хэрэглэсэнгүй буй за?”. Сүньцуань өгүүлрүүн: “Балмад ард болой. Хэрэглэж юунд тус гармуй!”. Лүсү өгүүлрүүн: “Улаан хавцалд зууралдан байлдсан цагт энэ хүн онгоцыг гархилан холбох аргыг өргөж тэргүүн гавьяа бүтээснийг Эзэн гүн мэдэх буй за!”. Сүньцуань өгүүлрүүн: “Цаоцао өөрөө дуртайдаа онгоцыг хадсан бөлгөө. Арай энэ хүний гавьяа бус буйзаа. Би амалдаж хэрэглэхгүй!” хэмээсэнд Лүсү гараад Пантунд өгүүлрүүн: “Би авгайг батлан өргөхгүй нь бус, үхоу гүнг хэрэглэх дургүйг хэрхсүү? Гүн түр сэтгэлийг хүлцэж байгтун!” хэмээхэд Пантун тэргүүнийг дарж өчихгүйд Лүсү өгүүлрүүн: “Гүн харин Ү улсад санаагүй буюу?” хэмээвээс Пантун мөн өчихгүйд Лүсү хэлрүүн: “Гүнд нийтээр залруулах эрдэм буй тул хаана очивч мөн гавьяа нэр бүтмүй? Лүсү надад үнэнээр өгүүл! Үнэнхүү хаана очсугай хэмээмүй?”. Пантун өгүүлрүүн: “Би Цаоцаод дагахаар одсугай хэмээн санажээ”. Лүсү өгүүлрүүн: “Энэ гэгээн сувд харанхуй газарт одох адил болой. Зинжоу мужид одож Лю хааны авгад дагаваас эрхгүй хүндээр хэрэглэмүй”. Пантун өгүүлрүүн: “Миний санаа үнэндээ ийн санажээ. Урьдын үг наадмаар хэлсэн болой”. Лүсү өгүүлрүүн: “Би нэгэн бичиг үйлдэж батласугай. Гүн Cюаньдөд тусалж эрхгүй Сүнь, Лю хоёр гэрийг байлдаангүй болгож, хамтын хүчээр Цаоцаог эвдэлсүгэй!”. Пантун өгүүлрүүн: “Энэ миний угийн санаа бөлгөө” хэмээгээд Лүсүгийн бичгийг нууж шууд Зинжоу мужийн зүг Cюаньдөд лүгээ золгохоор одов.

Тэр үед Кунмин дөрвөн хошууг хянан байцаахаар одоод эгж ирээгүй байв. Хаалганы хүн орж хэлрүүн: “Зян Наньгийн нэрт эрдэмтэн Пантун тусгайлан дагахаар иржээ” хэмээжээ. Cюаньдө хэдийнээ Пантун нэрийг сонссон тул даруй залж ирүүлэн золговоос Пантун Cюаньдө лүгээ золгохдоо гүн мэхийж мөргөсөнгүй. Cюаньдө Пантунгийн царай зүс үзэмжгүй муухайг үзээд дотроо бас ч баярлахгүйгээр Пантунгийн зүг өгүүлрүүн: “Авгай холоос ирсэн нь хялбар бус”. Пантун Лүсү хийгээд Кунмингийн өгсөн бичгийг даруй гаргасангүй өчрүүн: “Хааны авга эрдэмтнийг хураан, мэргэдийг урьж буй хэмээн сонсоод тусгайлан дагахаар ирэв”. Cюаньдө өгүүлрүүн: “Зинчугийн газар цөм тогтсоноор сул тушаал үгүйд гашуудмуй. Эндээс зүүн хойд нэг зуун гучин газрын үзүүрт нэг сум буй. Нэрийг нь Лэй Ян хэмээмүй. Тэнд нэгэн мэдэгчийн орон буй тул гүнг гутаан тэр суманд одож түр хүлээмүй! Хэрвээ ор гарваас хүндээр хэрэглэсүгэй!”. Пантун санаруун: “Cюаньдө намайг хүндлэх нь юун ийм нимгэн ажгуу?” хэмээгээд Кунмин үгүй тул аргагүй салж одов. Пантун Лэй Ян сумд хүрснээс засгийн хэргийг шийтгэхгүй өдөр дуустал архи ууж цэнгэл болгомуй. Алив амуу цалин ба заалдах хэргийг огт хамаарахгүй тул хүн Cюаньдөд мэдүүлж хэлрүүн: “Пантун Лэй Ян сумын үйлийг цөм гээжээ”. Cюаньдө хилэгнэж өгүүлрүүн: “Өчүүхэн бичээч ямар аймшиггүй миний цаазыг самууруулмуй!” хэмээгээд даруй Жанфэйг дуудаж чи харьяат хүнээ дагуулан Зинжоу мужийн өмнө талын олон суманд байцаахаар очигтун! Хэрвээ голчгүй бөгөөд цаазаас осолдон зөрчигсөд буй болбоос тус газарт байцаан асуусугай! Хэрэв үйлд тодорхойгүй газар байхаас эмээвээс СүнЦянь лугаа хамт очвоос болмуй” хэмээв.

Тэндээс Жанфэй захиаг олоод СүньЦяньгийн хамт Лэй Ян суманд хүрсэн хойно бичиг цэргийн түшмэд иргэн лүгээ цөм хотоос гарч угтсан боловч гагц сумын захирагч үзэгдэхгүй. Жанфэй асууруун: “Сумын захирагч хаана буй?”. Нөхөр түшмэл өгүүлрүүн: “Пан сумын захирагч энд ирээд зуун өдөр илүү болтол засгийн хэргийг өчүүхэн ч шийтгэхгүй. Өдөр бүр архи ууж, өглөөнөөс үдэш болтол согтуу явмуй. Энэ өдөр архинд согтож унтаад бас сэрээгүй” гэхэд Жанфэй ихэд хилэгнэж “Баримтласугай!” хэмээвээс СүньЦянь өгүүлрүүн: “Пан Ши Юань болбоос нэгэн гэгээн мэргэн хүн тул хөнгөлж үл болмуй. Түр суманд хүрч асуугаад үнэнхүү ёсонд нийцэхгүй болбоос тэр үес яллахад оройтохгүй” хэмээсэнд Жанфэй сумын төв танхимд орж суугаад сумын захирагчийг дуудсанд Пантун хувцас малгай тэгшгүй согтуугаар гарч ирэв. Жанфэй хилэгнэж өгүүлрүүн: “Миний ах чамайг хүн болгож, сумын захирагчийн хэргэм олгосон атал чи ямар аймшиггүй засгийн хэргийг гээмүй?”. Пантун инээж өгүүлрүүн: “Жанжин намайг сумын ямар үйлийг гээв хэмээмүй?”. Жанфэй өгүүлрүүн: “Чи тушаалд ирээд зуун өдөр илүү болтол өдөр бүр согтуу явчихаад яахин засгийн хэргийг гээсэнгүй хэмээмүй?” Пантун өгүүлрүүн: “Санахад зуун өчүүхэн сумын бага сага албан хэргийг шүүн таслахад ямар бэрх газар буй? Жанжин баахан сууж миний шийтгэхийг үзэгтүн!” хэмээгээд даруй яамны түшмэлийг дуудаж: “Зуун өдөрт цугларсан албан бичгийг цөм авч ир! Шийтгэсүгэй!” хэмээвээс түшмэд дараа дараагаар албан бичгийг танхимд тэврэн ирээд зарга зальхайгийн холбогдогч нарыг яндрын дор тойруулан сөгтгөж, Пантун гараар бичиж цохлон, чихээр учрыг сонсоод амаар шүүн таслан, зөв бурууг ялгаж аваачих нь тодорхой бөгөөд баахан ч ташаарахгүй тул иргэн цөм газарт сөгдөж мөргөмүй. Наран үд болсонгүй зуун өдрийн заргыг цөм шүүн тасалж төгсгөн, бийрийг газарт хаяад Жанфэйгийн зүг өгүүлрүүн: “Гээж саатуулсан хэрэг хаана буй?”. Цаоцао, Сүньцуанийг би үзэх нь алгандаа буй бичгийг унших мэт тул, энэ мэт өчүүхэн сумын хэргийг юунд тоочих хэрэг буй!” хэмээсэнд Жанфэй ихэд цочиж суудлаас босож талархан өгүүлрүүн: “Ноёнтны их эрдмийг мунхаг би мэдсэнгүй, хүндлэлийг алдав. Би ахын өмнө чинээгээр батлан өргөсүгэй!” хэмээсэн хойно Пантун сая Лүсүгийн баталсан бичгийг гаргаж өгөв. Жанфэй өгүүлрүүн: “Ноёнтон урьд ахад золгосонд юунд гаргахгүй аж?”. Пантун өгүүлрүүн: “Хэрвээ даруйд гаргаваас тусгайлан баталсан бичгээр гаран золгосон мэт болмуй?”. Жанфэй СүньЦяньгийн зүг өгүүлрүүн: “Гүн та үгүй бөгөөс нэгэн их эрдэмтнийг алдах болой” хэмээгээд даруй Пантунгаас салж Зинжоу мужид эгээд, Cюаньдө лүгээ золгож, Пантунгийн эрдэм чадлыг бахдан хэлсэнд Cюаньдө ихэд гэлмэж өгүүлрүүн: “Их мэргэнийг хөнгөлсөн нь миний эндүү болой!”. Жанфэй Лүсүгийн батлан илгээсэн бичгийг өргөв. Cюаньдө бичгийг авч үзвээс бичгийн үг нь: “Пан Ши Юань зуун газрын эрдэмтэн бус тул Жижун, Безягийн тушаалд тавьж хэрэглэвээс сая түүний эрдэм чадлыг олж дэлгэрүүлмүй. Хэрвээ овор шинжээр аваачваас түүний сурсныг үтээрч эцэстээ бусдад хэрэглэгдүүлмүй. Тийм болбоос үнэхээр хайран!” хэмээжээ. Cюаньдө үзэж дуусаад гомдож бүхийд гэнэт “Кунмин эгж ирэв!” хэмээн мэдүүлэв. Cюаньдө угтаж, оруулаад ёсолж барсан хойно Кунмин асууруун: “Пан овогт цэргийн багш ойрд сайн байна уу?”. Cюаньдө өгүүлрүүн: “Өдгөө Лэй Ян сумыг засуулсанд архинд шунаж хэргийг саатуулжээ”. Кунмин инээн өгүүлрүүн: “Пан Ши Юань зуун газрын эрдэмтэн бус. Өвчүүнд сурсан нь Жүгө Лян надаас арван хувь илүү, Лян миний гаргаж хэлсэн бичиг Пан Ши Юаньд буй тул эзэн гүнд өргөсөн буюу”. Cюаньдө өгүүлрүүн: “Энэ өдөр сая Зызингийн бичгийг олов. Харин ноёнтны захидлыг үзээгүй”. Кунмин өгүүлрүүн: “Их эрдэмтнийг бага газарт тушааваас олонхи нь архинд орж хэрэг шийтгэхэд осолдмуй!”. Cюаньдө өгүүлрүүн: “Хэрвээ миний дүү хэлсэнгүй бөгөөс арай их эрдэмтнийг алдмуй” хэмээгээд даруй Жанфэйг Лэй Ян суманд илгээж Пантуныг Зинжоу мужид залж ирсэн хойно Cюаньдө яндраас бууж бурууг хүлээсэнд Пантун сая Кунмингийн бичгийг гаргаж өгөв. Cюаньдө бичгийн доторх учрыг үзвээс “Фөнчугийн хүрсэн өдөр даруй хүндээр хэрэглэвээс зохимуй!” хэмээжээ. Cюаньдө баярлаж өгүүлрүүн: “Урьд сыма дөцаогийн өгүүлсэн нь: “Волун, Фөнчу хоёулаас нэгийг олбол дэлхий дахиныг амар болгож болмуй” хэмээсэн бөлгөө. Өдгөө би хоёуланг цөм олсон тул Хань улсыг мандуулж болмуй” хэмээгээд даруй Пантуныг дэд цэргийн багш, Жунлан Зян түшмэл болгоод Кунмингийн хамт арга сүвэгчлэн цэргийг сурган боловсруулж байлдахаар гарахад бэлтгэтүгэй хэмээв.

Түүнээс хүн хэдийнээ Сюйчанд одож хэлрүүн: “Любэй, Жүгө Лян, Пантуныг зөвлөлийн сайд болгоод цэрэг элсүүлэн морь худалдан авч, амуу өвсийг овоолон хураагаад, зүүн Ү улс лугаа нийлж, эрт орой эрхгүй цэрэг байгуулан хойдыг байлдмуй” хэмээжээ. Цаоцао сонсоод даруй олон зөвлөлийн түшмэлийг цуглуулан өмнө байлдахаар очихыг зөвлөхөд Сюнь Ю дэвшиж өгүүлрүүн: “Жоу Юй шинэ үхсэнд Сүньцуанийг авч, дараагаар Любэйг байлдваас болмуй” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Би хэрвээ хол байлдахаар очвоос Матэн, Сүдүг сундлахаар ирэхээс эмээмүй. Урьд Улаан хавцалд буй цагт цэргийн дунд цуу үг буй бөгөөд Силянгаас хулгайлахаар ирэх хэргийг бас ч уламжлан хэлэлцэж байсан тул өдгөө сэргийлэхгүй эс болмуй”. Сюнь Ю хэлрүүн: “Мунхаг миний үзэлд зарлиг буулгаж Матэнд “Өмнөдийг дайлах жанжин” цол нэмж олгоод “Сүньцуанийг байлдагтун!” хэмээн нийслэлд өдөөн авч ирж, урьд энэ хүнийг арилгаваас өмнө байлдахаар одоход зовлонгүй болмуй”. Цаоцао ихэд баярлан тэр даруйд хүн зарж Силян руу Матэныг авахаар илгээв. Матэнгийн өргөсөн нэр шоучэн. Хань улсын Фүбо жанжин Ма Юаньгийн үр, эцгийн нэр Сү, өргөсөн нэр Зышуо, Хуаньди хааны цагт Тяньшүй газрын Ланьгань сумын түшмэл асан бөлгөө. Хожим түшмэлийг байлгасан тулд лунси газарт хэсүүчилж яваад Цян аймгийн хүн лүгээ хамт суусанд даруй Цян аймгийн охиныг авч улмаар Матэн төрсөн ажгуу. Матэнгийн биеийн өндөр найман тохой, овор бусдаас өөр, зан чанар номхон дөлгөөн тул хүн ихэд хүндлэмүй. Линди хааны сүүлийн онд Цян аймгийн хүн ихэд урвасан тулд Матэн иргэнээс цэрэг элсэн хураагаад байлдаж эвдсэн ажгуу. Анх төвшингийн дунд онд хулгайг эвдсэн гавьяагаар “Барууныг дайлагч жанжин” болгож “Өрнийг төвшитгөгч жанжин” Ханьсүй лугаа ах дүү барилдсан бөлгөө.

Тэр өдөр зарлиг бичгийг хүлээн авсанд ахмад хөвгүүн Мачао лугаа зөвлөлдөж өгүүлрүүн: “Би Дунчэн лүгээ дээл бүсний зарлиг бичгийг хүлээснээс хойш энэ Лю Cюаньдөгийн хамт “Хулгайг арилгасугай!” хэмээн болзоод хишиг үгүй дунчэн нэгэнтээ үхэж Cюаньдө дахин давтан дарагдаж, би ч бас хол Силянд суугаад Cюаньдөг тусалж чадахгүй болов. Өдгөө сонсвоос Cюаньдө нэгэнтээ Зинжоу мужийг олсонд би төв хэмээн “Эрт өдрийн зоригийг дэлгэрүүлсүгэй!” хэмээн атал харин Цаоцао намайг урихаар иржээ. “Үүнийг яаваас сайн?” хэмээхэд Мачао өгүүлрүүн: “Цаоцао тэнгэрийн хөвгүүний зарлигаар эцгийг дуудсан тул өдгөө хэрвээ очихгүй болбоос тэр эрхгүй зарлигийг сөрснөөр буруушаамуй. Мөн түүний дуудсанд тохиолдуулан нийслэлд одож мөн дотроос хэрэг үүсгэвээс эрт өдрийн зоригийг явуулж болох болой” хэмээсэнд Матэнгийн ахын хөвгүүн мадай хориглож өгүүлрүүн: “Цаоцао эрхгүй их бодлого өвөрлөж буй тул авга эцэг одвоос түүний хорыг амсахаас аймуй” гэхэд Мачао өгүүлрүүн: “Хөвгүүн би Силянгийн цэргийг дуустал авч эцгийг дагаж Сюйчанд алан ороод дэлхий дахины зовлонг арилган өгөхөд ямар болохгүй учир буй?”.

Матэн өгүүлрүүн: “Чи Цян аймгийн цэргийг захирч Силян газрыг сахигтун! Гагц дэд хөвгүүн Масю, Мате, ач хөвгүүн мадай нар над лугаа хамт очвоос болмуй. Цаоцао чамайг Силянд буй бөгөөд бас Ханьсүйгийн туслагч баймуй хэмээн бодож санахад аймшиггүй намайг хорлохгүй буй за”. Мачао өгүүлрүүн: “Эцэг хэрвээ одвоос яавч омтгойлон нийслэл хотод орж болохгүй. Тухайд нийлүүлэн хувьсгаж түүний хөдөлбөрийг үзэж явуулбаас зохимуй!”. Матэн өгүүлрүүн: “Надад арга буй тул зовох хэрэггүй” хэмээгээд Матэн даруй Силянгийн цэрэг таван мянгыг авч урьдаас Масю, Матегаар өмнө анги болгон мадайгаар хойныг хайгуулуулж, дараа дараагаар Сюйчангийн зүг одов. Сюйчангаас хорин газрын наана хүрч хүрээ буужээ.

Цаоцао Матэнгийн ирснийг сонсоод харьяат шилан түшмэл Хуанкүйг дуудаж өгүүлрүүн: “Өнөө Матэн өмнийг байлдахаар очиход би чамайг явах цэргийн Цаньмоу болгосугай! Урагш Матэнгийн хүрээнд очиж цэргийг шагнаад Матэнд “Силянгийн зам хол тул амуу зөөхөд хялбар бус. Хүн морийг олонтоо дагуулж явж чадахгүй. Би бас их цэрэг илгээн хавсарч урагш давшсугай! Маргааш түүнийг хотод орж хаанд бараглахад намайг амуу өвс салган өгмүү” хэмээн хэлж өгөхтүн!” хэмээв. Хуанкүй захиаг хүлээн авч Матэнд золгохоор ирсэнд Матэн архи бэлтгэж хүндлэн уулцахад Хуанкүй халмагшсан хойно өгүүлрүүн: “Миний эцэг Хуанвань Лизюэ, Гуосыгийн зовлонд үхсэнд би үргэлж заналыг өвөрлөж хорсном бөлгөө. Санамсаргүй энэ өдөр бас эзнийг мэхлэх хулгайд учирчээ!”. Матэн өгүүлрүүн: “Хэн алин нь эзнийг мэхэлсэн хулгай буй?”. Хуанкүй өгүүлрүүн: “Эзнийг мэхлэх нь Цаоцао хулгай бөлгөө. Гүн чи харин мэдэхгүй хэмээн надаас асууна уу?”.

Матэн Цаоцаогийн зарж тэнсэхээр ирүүлсэн хүн болов уу хэмээн болгоомжилж даруй зогсоон өгүүлрүүн: “Чих нүд үүрд ойр тул битгий самуун үг хэлэгтүн!”. Хуанкүй зандарч өгүүлрүүн: “Гүн чи дээл бүсний зарлиг бичгийг умартсан буюу?”. Матэн түүний сэтгэл зүрхний хэргийг хэлж гаргасныг үзээд даруй үнэн учрыг хэлж өгвөөс Хуанкүй өгүүлрүүн: “Цаоцао гүн таныг хотод оруулан эзэнд золгуулах нь лав сайн санаа бус тул гүн чи омтгойлон орж эс болмуй. Маргааш цэргийг хотын дор дагуулан очоод Цаоцаогийн хотоос гарч цэргийг байцаахыг хүлээн тэр цагт албаас их үйл бүтэх болой” хэмээн хоёул зөвлөж тогтоод Хуанкүй гэртээ эгсэнд занал бас ч намхраагүйд түүний эм дахин давтан асуувч Хуанкүй хэлсэнгүй бөлгөө. Санамсаргүй түүний татвар эм Ли Чүньсян хэмээгч Хуанкүйгийн том эхнэрийн дүү Мяозө лүгээ найртай болсноор Мяозө Чүньсяныг өөрийн болгосугай хэмээгээд чив аргагүй байсан ажгуу.

Энэ өдөр татвар эм Хуанкүйгийн занах хорсохыг үзээд даруй Мяозөд хэлрүүн: “Хуан Шилан энэ өдөр цэргийн үйлийг зөвдөж эгээд дотроо ихэд хорсном бөлгөө. Хэн хүн лүгээг мэдэхгүй” гэхэд Мяозө өгүүлрүүн: “Үгээр тэнсэж асуу! “Хүн цөм Лю хааны авгыг өршөөлт эрдэмтэн, Цаоцаог зальхай баатар хэмээн хэлэлцэх нь ямар учир байна буй?” хэмээвээс тэр юу хэмээн хэлэхийг үзэгтүн!” хэмээв. Тэр үдэш Хуанкүй үнэхээр Чүньсянгийн гэрт хонохоор ирэв. Чүньсян үгээр тэнсэж асууваас Хуанкүй согтсон хүчиндээ өгүүлрүүн: “Чи нэгэн эхнэр хүн бөгөөтөл харин гажуу төвийг мэдэх атал намайг юун өгүүлнэм? Миний занах нь Цаоцаог алсугай хэмээх болой!”. Татвар эм өгүүлрүүн: “Хэрвээ алсугай хэмээвээс яахин гар хөдөлмүй?”. Хуанкүй өгүүлрүүн: “Би нэгэнтээ Матэн жанжин лугаа болзож маргааш хотын гадна цэрэг байцаахад алсугай хэмээн тогтов” хэмээсэнд чуньсян тэр үгийг мяозөд хэлж, Цаоцаод мэдүүлсэнд Цаоцао сэмээр Цаохун, Сюйчуг дуудаж “Ийм, тийм!” хэмээж бас Ся Хоу Юань, Сюйхуаныг дуудаж “Ийм, тийм, явтугай!” хэмээсэнд тус бүр захиаг хүлээн очоод нэгэнтээгүүр урьд Хуанкүйгийн нэгэн өрхийн их, багийг цөм баримтлан аваачив.

Түүнээс дэд өдөр Матэн Силянгийн цэрэг морийг дагуулан сая хотын ойр хүрэхэд, өмнө биед нэгэн сөрөг улаан далбааны дотор чансангийн туг үзэгдмүй. Матэн Цаоцаог өөрөө цэрэг байцаахаар ирэв хэмээн морио давхиулан урагшлаваас гэнэт буун дуу дуугармагц улаан далбаа нээгдсэн газраас холхивч нумын зэв нэгэн зэрэг нисэн ирэв. Түүний цаана нэгэн жанжин байх нь үзвээс цаохун болой. Матэн даруй морио эгүүлэн явтал хоёр этгээдээс хашхирах дуу бас гараад зүүнээс Сюйчу, баруунаас Ся Хоу Юань, хойноос сюйхуан алахаар ирээд Силянгийн цэргийг таслаад Матэнгийн эцэг хөвгүүн гурвуулыг хаажээ. Матэн шахам цухал болсныг мэдээд шаламгайлан дайран гартал Мате нэгэнтээ сацлан харвасан зэвд оногдож үхэв. Масю, Матэнг дагаж зүүнш дайран, баруунш мөргөсөн боловч гарч чадсангүй. Хоёул биедээ хүнд шарх олжээ. Унасан морь бас харвагдаж унаснаар эцэг хөвгүүн хоёул цөм баригдав. Цаоцао Хуанкүй хийгээд Матэнгийн эцэг хөвгүүнийг цөм хүлж авч ирүүлсэнд Хуанкүй “Ял үгүй!” хэмээхэд Цаоцао Мяозөг дуудаж ам өчгийг тулгуулсанд Матэн ихэд харааж өгүүлрүүн: “Өчүүхэн бичээч миний их хэргийг саатуулав. Би улсын төлөө хулгайг арилган чадсангүй нь тэнгэрийн тоо болой!” хэмээжээ. Цаоцао Матэнг чирч гаргагтун! хэмээвээс Матэн харааж зогсохгүй түүний хөвгүүн Масю жич Хуанкүй лүгээ цөм хорлогджээ. Хожмын хүн Матэнгийн төлөө гуньхран шүлэглэсэн шүлгийн үг:

“Эцэг хөвгүүн гэрэл алдар төгөлдөр

Энэ үүдэнд шударга бат манджээ

Амийг тэвчиж улсын зовлонг тэнхрүүлээд

Ам өгч эзний хишгийг хариулав

Цусаа ууж тангарагласан үг байсаар бөгөөд

Зальхайг алах журмын бичиг үлдсэн бөлгөө

Силянгийн газар сурвалжит угсаа хэмээн өргөгдөөд

Фубогийн ач болсноо гутаасангүй!”

Мяозө Цаоцаод мэдүүлрүүн: “Шан хишиг хүртээхийг санахгүй. Гагц Ли Чүньсяныг гуйн авч эм болгохыг хүсмүй” хэмээсэнд Цаоцао инээж өгүүлрүүн: “Чи нэгэн эмийн учирт хүргэн ахын нэгэн өрхийг хөнөөсөн тул энэ журамгүй хүнийг байлгаж юу хийх билээ!” хэмээгээд Мяозө, Ли Чүньсян жич Хуанкүйгийн нэгэн гэрийн хөгшин залууг цөм зээлд аваачиж алав. Үзсэн хүн эс хорссон нь үгүй болой. Хожмын хүний шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:

“Мяозө гуяч учрын тул шударга түшмэлийг хорлоод

Чүньсяныг олсонгүй харин биеэ хөнөөжээ

Зальхай баатар бас уучлан хэлтрүүлсэнгүй

Засдаг муу хүн болохыг өөрөө эрсэн нь болой”

Цаоцао Силянгийн цэрэг морийг элсэн амаржуулахад ухуулан өгүүлрүүн: “Матэнгийн эцэг хөвгүүн урвасан болохоос бусад хүмүүст хэрэггүй!” хэмээгээд нэгэнтээгүүр бэрх хавцлыг сахиулж “Битгий мадайг алдаж явуул!” хэмээв.

Тэндээс мадай нэгэн мянган цэргийг авч хотод сууж байтал гэнэт Сюйчангаас буруулан ирсэн цэрэг мадайд болсон хэргийг мэдүүлбээс мадай ихэд цочиж аргагүй цэрэг морийг гээж худалдааны зочны янзаар хувьсгаж шөнөөр оргон гарсан бөлгөө. Цаоцао Матэн нарыг алсан хойно даруй санаа тогтож “Өмнийг байлдахаар очсугай!” хэмээтэл гэнэт хүн ирж хэлрүүн: “Любэй цэрэг боловсруулж зэр зэвсгийг бэлтгэн Сычуанийг авсугай хэмээмүй!” гэхэд Цаоцао цочиж өгүүлрүүн: “Любэй Сычуанийг олбоос жигүүр өд бүрдэх болой. яахан хичээмүү?” хэмээн үг барахын урьд яндрын доороос нэгэн хүн дэвшиж өгүүлрүүн: “Надад нэгэн арга буй. Любэй, Сүньцуань хайхран чадахгүй болоод Зян Нань болон Сычуань газар цөм Чансангийн харьяанд ирэх болой!” хэмээжээ. Энэ чухамхүү:

“Сижоугийн эрэмгий баатар сая хорлогдсон бөгөөтөл

Өмнө улсын аруухан баатар бас гамшгийг эдэлжээ”

Эгнэгт арга өргөсөн хүн хэн болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top