Х.ТАМИР: Босго оноонд хүрээгүй 5000 хүүхэд их, дээд сургуульд элсэх боломжгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир их, дээд сургуулийн элсэлтийн зохион байгуулалтын талаар мэдээлэл хүргэлээ. 

Ингэхдээ шалгалт өгсөн хичээлүүддээ нэгд нь ч 480 хүртэлх оноо авч чадаагүй 5000 орчим хүүхэд байгааг онцолж, тэдгээр сурагчид их, дээд сургуульд элсэх боломжгүйг анхаарууллаа. 

Тэрбээр "Элсэлтийн ерөнхий шалгалт дууссантай холбоотойгоор өнөөдрөөс их, дээд сургуулиудын элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажил эхэлж байна. Ур чадвар шаардсан хичээлүүдийн шалгалтыг өнөөдрөөс Пүрэв гараг хүртэл зохион байгуулахаар ажиллаж байна.

Ур чадвар шалгалт дууссаны дараа элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ёстой. Учир нь дүн гараагүй байхад хураамж төлж ур чадварын шалгалтаа өгөхдөө эргээд ЭЕШ дүн нь оноо нь хүрээгүй бол ур чадварын шалгалтын дүн нь хүчингүй болох эрсдэлтэй. Тиймээс ийм дарааллыг тогтоож, тодорхой чиглэлүүдийг их, дээд сургуулиудад өгсөн.

Нийт 88 их, дээд сургуулиар элсэлтийг зохион байгуулж байгаа. Элсэлтийн эцсийн үр дүн долдугаар сарын 8-ны өдрөөр дуусна.

Элсэгчид болон тэдний эцэг, эхчүүдэд анхааруулахад тухайн шалгуулагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн хичээлүүдээсээ нэг дээр нь ч 480-аас дээш оноо авч чадаагүй бол их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй. 

Тухайлбал,  танай хүүхэд таван хичээлээр ЭЕШ өгөөд бүгдэд нь 480-аас доош оноо авсан бол их, дээд сургуульд элсэх боломжгүй болсон гэсэн үг.

Шалгалт өгсөн нийт хүүхдүүдийн 20 орчим хувь нь босго оноонд хүрээгүй. Аль ч хичээл дээр 480 оноо авч чадаагүй 5000 орчим хүүхэд байна. Босго оноо авч чадаагүй хэр нь намар хичээлийн жил эхлэхэд хүндрэл учруулах нь бий" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Undesnii ih surguuli(98.253.30.34) 2022 оны 06 сарын 29

МҮИС bvgdiig n avchih bhoo.

0  |  0
Top