Манжуур ганцхан тохиолдлын улмаас хөл хорио тогтоолоо

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 17

Өвөр Монголын Манжуур хотын захиргаа өчигдөр буюу 16-ны Мягмар гарагийн шөнөөс хатуу хөл хорио тогтоолоо. Учир нь тэр өдөр Манжуурт коронавирусний халдварын нэг тохиолдол илэрсэн байна. Ингээд хавьтагчдыг тогтоох аян эхэлжээ.

Өчигдөр шөнө 23,00 цагт хотын захиргаанаас халдвар гарсан байр орших хороог бүрэн хааж, оршин суугчдыг гэрээсээ гарахыг хориглосон байна. Хотын бусад хэсэгт шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг анхааруулжээ.

Нийтийн тээврийг зогсоож, нисэх буудлаа хаалаа. Хотоос гарах, орох замд эргүүл гаргаж, ямар ч тээврийн хэрэгслээр хотоос гарах, орохыг хатуу хоригложээ. Сүм хийд, төрийн байгууллага, худалдааны төв, кафе, ресторан, хоолны газруудын үйл ажиллагааг зогсоож, барилгын ажлуудыг зогсоов. Одоогоор хүнсний дэлгүүр, эмийн сан л ажиллаж байна.

Ахмадын асрах газар, хорих газруудад эргэлт оруулахыг хориглож, хурим, найр, урлагийн арга хэмжээг цуцаллаа.

Өнөөдрөөс эхлэн Манжуур хотын бүх иргэн гурван удаа шинжилгээнд хамрагдана. 150 мянган хүнтэй тус хотын хатуу хөл хорио хэдий хүртэл үргэлжлэх нь шинжилгээний дараа тодорхой болох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өөө(66.181.169.6) 2022 оны 08 сарын 19

Коронагаас сэргийлэхээс гадна Манжуур хотын дарга, коммунист намын дарга нар муу ажилласан гэж ажлаас халагдаж арга хэмжээ авхуулахаас үхтлээ айж байгаа байх аа. Тэгээд л ганц халдвар дээр ингэж сүржигнэж бүх хотоо хааж хүмүүст төвөг чирэгдэл учруулж байгаа гэмээр л байна. 1 халдвараас хотын бусад 149999 иргэн хэлмэгдчих юмаа.

0  |  0
Top