Б.Жагар: Туул голынхоо амийг таслуулчихгүй юмсан

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 09 сарын 27

“Туул голын сав газар барилга барих болон хайрга олборлох зөвшөөрөл өгч, бургасыг нь их хэмжээгээр сүйтгэж байна” гэх мэдээллүүд гарах болсон. Энэ асуудлаар иргэний нийгмийн дуу хоолой болж, “Хатан Туулаа аваръя” ТББ байгуулан тэмцж байсан, 2020 оны сонгуулиар Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй Б.Жагартай ярилцлаа.


-Туул голын усны судалгаа хийлгэсэн байна. Ямар хариу гарсан бэ?

-Сүүлийн жилүүдэд Туул гол байнга шахам тасалдаж, усны нөөц хомсдож, ундарга нь багассан. Хүмүүс бороо хур орсон үед үерлэж байгаа усны төвшинг хараад байгаа болохоос гүний усны нөөц нь багасч, хомсдолд орох эрсдэл үүссэнийг тэр болгон анзаардаггүй. Үүний тод жишээ нь 2005-2014 онд Туул голын урсац үе үе тасалдаж, зарим хавар тэр чигтээ тасарч байсан удаатай. “Хатан Туулаа аваръя” хөдөлгөөнийг санаачлан  байгуулснаар нийслэлийн иргэд, оюутан залуус идэвхтэй оролцож, Нийслэлийн цагдаагийн газар, есөн дүүргийн бүх хэлтэс  дэмжиж, 2013-2015 онд эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэж байсан. Энэ чиглэлд олон ажил зохион байгуулсан. Одоо ч зарим нь үргэлжлээд явж байгаа.

Ер нь бол эрчимтэй дэвшил гарч байна. Үе үеийн салбарын сайд гарч ирээд ярьдаг болсон. Б.Бат-Эрдэнэ сайдын хувьд залуу хүн болохоор олон ажлыг эхлүүлж, хийж хэрэгжүүлэхээр хичээж байгаа. Юуны өмнө барилга байшин барих явдлыг зогсоомоор байгаа юм. Ундны усныхаа эх үүсвэрийг бохирдуулж, тэжээгдлийн мужийг нь гэмтээн барилга бариад байж болохгүй. Хэрэв энэ хэвээр байвал эрт орой хэзээ нэгэн цагт нийслэлчүүд ундны цэвэр усгүй болж, зовлонд унаж нулимсаа урсгах болно. Тийм нөхцөл байдал ойрхон байгаа учраас судалгаа хийж, олон эрдэмтэн судлаачтай хамтран ажилласны дүнд одоогоос сарын өмнө Шинжлэх ухааны академиас дүгнэлт гаргуулсан.

Туул голын эрэг дагуу хамгаалалтын бүс болон тэжээгдлийн мужид барилга байшин нягтаршиж барих юм бол хүн амын ундны усанд сөргөөр нөлөөлнө. Бохирдол байх ёстой хэмжээнээс давна гэсэн дүгнэлт гарсан. Шинжлэх ухааны академи бол бидний хүрээлэн буй орчин, амь амьдралын бүх юмыг судалдаг газар. Тэгэхээр бид нэгдүгээрт, Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр, Зайсангийн гүүрнээс Маршалын гүүр, Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр, баруун тийшээ Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр гэсэн бүсэд голынхоо хойд урд эрэг дээр, хамгаалалтын бүс, тэжээгдлийн муж дотор газрын зөвшөөрөл олгож болохгүй. Хоёрдугаарт, барилгын зөвшөөрөлд цэг тавих хэрэгтэй байна.

-Олон нийтийн анхааралд орсон хэрнээ асуудал эцэслэгдэхгүй байгаа нь юутай холбоотой вэ?

-Энд нэг зөрчил үүсээд байгаа юм. Тэр нь Нийслэлийн газрын алба зөвшөөрөл олгочихоор “А” даалга­вар буюу Нийслэлийн ерөнхий төлөв­лөгөөний газраас зөвшөөрөл авах эрх нь үүсээд байдаг. Тэгэхээр энэ хоёрын байрыг солих ёстой. Өөрөөр хэлбэл, газар олголтын асуудал хоёрдугаарт байх ёстой. Нэг ёсондоо төлөвлөлт гэдэг зүйл энд алдагдаад байна.

-Яармагаас Зайсангийн гүүр хүртэл барилга нэмэгдээд байна?

-Энэ хэсэгт нэгэнт бий болсон  орон сууцны хороолол дээр нэмээд бариад байвал авто зогсоол байхгүй, ногоон байгууламж байхгүй гэхчлэн давхар асуудлууд  л үүснэ. Тиймээс болиосой гэж байна шүү дээ. Одоо хот гадагшаа тэлэх хэрэгтэй. Ингэж байж бид ундны  цэвэр усны гол нөөц болсон  Туул голоо хамгаална.

-БОАЖ-ын сайд Туул голын дагуух газар олголтыг  шалгах үүрэг  өгсөн. Зөрчилтэй барилгуудыг нураана гэсэн үг үү?

-Нэгэнт баригдаж, ашиглалтад ороод оршин суугчид нь  ордероо аваад орчихсон барилга, байшингуудыг нураах тухай яриагүй. Хамгийн гол нь айлуудын цонхны харалдаа нарыг нь хаасан, авто зогсоол, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын тал­байг нь сүйтгэх замаар битгий барилга бариач гэж шаардаж байгаа юм.

-Их хэмжээний бургас сүйтгэж байна гэсэн мэдээлэл байнга гарах юм? 

-Наад асуудал чинь ХУД-ийн 11, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт яригдаж байгаа. Тухайлбал, Зайсангийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл Туул голын хамгаалалтын бүс буюу усны ундарга, тэжээгдлийн муж дээр 20-30 компанид зөвшөөрөл өгөгдчихсөн. Тэр компаниуд бургасан төглийн дээрээс шороогоор булж хиймэл газар үүсгээд тэрэн дээрээ барилга барих гээд байна. Иргэдийн зүгээс  бургас огтлоод байна гэж хэл ам хийхээр дээрээс нь шууд шороогоор булж  байна шүү дээ. “Нүглийн нүдийг гурилаар хуурсан” ийм тогтолцоо Монголд амь бөхтэй оршиж байна. Гэтэл  нэг ширхэг бургас өөртөө 10-20 литр усыг агуулж, хүн амын эрүүл мэндийг хамгаалж байдаг. Тэгэхээр хүмүүс өөрсдөө байгаль эхээ хамгаалж, байгаль дэлхий хүн төрөлхтнийг хамгаалж ирсэн шүтэн барилдлагыг бид өөрөө, өөрсдөөсөө улам холдуулаад байна.

-Барилгын компаниуд гэр хороололд орон сууц барих гэхээр иргэд газраа чөлөөлж өгдөггүй. Тохирох гэхээр тэнгэрт тулсан үнэ хэлдэг. Тэгээд ч тэнд  хөрсний бохирдол их  тул сул газар авахыг илүүд үздэг гэж сонссон?

-Энд аж ахуй нэгжүүдийг буруутгах аргагүй. Чөлөөт зах зээлийн үед хүн болгон боломжтой байрлалд газар авахыг хүснэ. Гол нь нийтийн эрх ашгийг хамгаалах замаар, Үндсэн хууль болон УИХ-аас гарсан хууль тогтоомжийн дагуу явах ёстой. Гэтэл хууль, тогтоомж зөрчиж тэнд “А” даалгавар өгөгдөөд,  ямар ч төлөвлөлт хийхгүйгээр асуудал яваад байна. Уг нь ХУД-ийн 18, 20, 17 дугаар хороонд УИХ-аас батлагдсан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны тогтоол гарсан байгаа. Энэ нь тодорхой ногоон байгууламжуудыг Туул голын эрэг дагуу бий болгох тухай. 18, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт  бол ногоон зурвас гаргасан. Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр  хүртэл хурдны зам тавих асуудал үүнд  багтсан. Энэ мэт төлөвлөлтийн тогтоолууд гараад байдаг. Гэтэл тэрийг нь зөрчөөд, хэрчээд “А” даалгавар өгөөд байна шүү дээ. Монголын улс төрд ард түмэндээ таалагдах гэж нэг гараараа хууль баталж, хоосон баахан популизм хийгээд, нөгөө гараараа хууль зөрчиж, гарын үсгээ үнэлж авлига авдаг бүлэглэл  байна.

-Богд уулын ам болгон эзэнтэй. Ой дотор хаус бариад сууцгаадаг гэх юм?

-Энд тэндгүй л барилга баригдаж, Л.Гүндалай мэтийн хүмүүс байшин бариад модыг нь хядаад сууж байх жишээтэй. Ер нь бол Монгол Улсад хэдхэн хүн, улс төрийн цөөхөн бүлэглэл, эсвэл эрх мэдэлтнүүдтэй ойр байдаг цөөнх бүхэл бүтэн уул эзэмшиж байна. Булаг шанд эзэмшиж байна. Ийм асуудал олон байгаа. Тэгэхээр би юу бодож байна гэвэл, Туул голыг хамгаалалын төлөө олон жил зүтгэж, тэмцэж ирсэн иргэдийн тэмцэл, хөдөлгөөнүүд талаар бүү  өнгөрөөсэй. Хүмүүс мэднэ дээ, 2-3 парламент дамжин УИХ-ын бүх гишүүн л Туул голын тухай ярьж ирсэн.

Гол нь тэд шийдэл олохын тулд, ажил хийхийн тулд бус нэр хүндээ өсгөх гэж, иргэдийг өөрсдөдөө татах гэж л ярьдаг. Тэнд Жагар уу, өөр залуус байна уу, хэн нэгэн Туул голыг хамгаалах тухай идэвхтэй хөөцөлдөж, дуу хоолойгоо гаргаж ирснийг улстөрчид дундаас нь өөртөө наагаад шоудаад явчихдаг. Толгойд нь зөвхөн оффшор, авлига, луйвар, бохир мөнгө л эргэлддэг хүмүүс өөрийнхөө огт санаачлаагүй, тэр байтугай зүүдэнд нь ч ороогүй зүйлийг өөрөө хийсэн, ярьсан, эхлүүлсэн, шийдүүлсэн мэтээр яриад давхичихдаг. Бидний хийсэн, уриалсан, шаардсан зүйлүүдийг 00 дотроо сууж уншиж байгаад, заримыг нь цээжилж байгаад пиар хийдэг. Гэхдээ өөрөө санаачлаагүй болохоор УИХ дээр яаж ч попорсон баригдаад байдаг л даа. Ер нь манай үе үеийн УИХ-ын гишүүдийн дийлэнх нь нийгмийн сайн сайхны төлөө гэхээс илүүтэй түр зуур нийгэмд яаж таалагдах вэ гэсэн богино бодлоор балчир шийдвэр гаргаж ирсэн.

Энэ хүмүүсээс бид Туул голоо аваръя, уул усаа хамгаалъя, хохирсон иргэд нь эрх ашгаа хамгаалуулъя гэж ямар нэгэн юм хүлээх хэрэггүй. Харин хүн болгон дор бүрдээ хөдлөх цаг нь болсон. Бид өөрсдөө л үүнийг өөрчилж чадна. Хүмүүс гэр доторх хог шороогоо цэвэрлэж, уутанд боож гадагш хаячихаад санаа амар суугаад байж болохгүй. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нэг сарын хугацаанд 1400 гаруй тонн хогийг цэвэрлэсэн байна шүү дээ. Тэр хогийг хүн л хаяж байгаа шүү дээ. Тэгэхээр ууж байгаа цэвэр усны ундарга, амьсгалж байгаа агаар, аялж зугаалж байгаа гол орчин, өвөл гулгаж тоглож байдаг Туул голоо бид өөрсдөө л аюултай байдалд оруулж байна. Тэгээд аврах, хамгаалах талаар юу ч боддоггүй. Иймд бид хийж байгаа хүнээ дэмжээд явах л чухал.

-Нийслэлд хэрэгжсэн сайн жишиг  байна уу?

-Их, Бага  тэнгэрийн ам, хувийн хэвшлээс ХУД-ийн 19-20 дугаар хороонд байрлаж байгаа аж ахуй нэгжүүд хамтран “Мишээл экспо”-гийн урд нэлээн олон га газрыг тохижуулсан. Төр өөрөө татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авах ажиллагаа хийж, өөрсдийн “Цүнхний компани”-аар чанаргүй бүтээн байгуулалт, ногоон байгууламж хийж байснаас аж ахуй нэгжүүдэд, тухайлбал Туул голын сав газарт 10-20 га газрыг нийгмийн хариуцлагын хүрээнд хариуцуулж өгөөд тохижилт хийх боломжтой юу гэсэн санал дэвшүүлж, тэрийг нь аж ахуй нэгжүүд хүлээж авбал тэдгээр аж ахуй нэгжүүдийн ажилчдынх нь НДШ, ЭМД-ын  50 хувийг хөнгөлөх боломж олгоод явбал илүү үр дүнд хүрнэ. Тэгэхгүй бол ТӨК, ТӨҮГ гэх байгууллагууд бүтээн байгуулалт нэрийн дор төрийн мөнгөөр ямар ч хяналтгүй тоглож, асар их  хулгай хийж байна.

Нийгмийн хяналт өндөрсөөд ирэхээр захиргааныхан нь төсөв идэж чадахгүй, төрийн өмчит компани, орон нутгийн өмчит компани байгуулж, хэдэн тэрбумаар нь цөлмөж байна. Энэ байдлыг өөрчлөх ёстой. Бүх юмыг төр хийдэг байж таарахгүй. Сүүлийн үед манай улс коммунизмыг санагалзаж, эргээд тэр үе рүү орох гэж байгаа юм уу, бүх юмыг төр хийдэг боллоо. Иргэдээ халамж аваад зүгээр сууж бай гэдэг болсон. Халамж нэг талдаа зорилтот бүлгийнхэнд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ бид ногоон байгууламж гэх мэт зарим бүтээлч ажлуудаар дамжуулж халамжаа өгөх юм бол улс оронд  илүү хэрэгтэй. Хан-Уул дүүрэгт л гэхэд нийслэлийн ундны усны 90 хувийг хангадаг Туул гол урсч өнгөрдөг. Тиймээс үүнийг бодох хэрэгтэй.

-Туул голын бохирдол ямар үзүүлэлттэй байна вэ?

-Туул гол 714 км газар урсдаг. Үүний 280 км нь гүн бохирдолтой. 150 км-ийг нь хүн, мал амьтан, үйлдвэр аж ахуй нэгжүүд ашиглахыг хатуу хориглодог. Гэтэл бид уудаг цэвэр усандаа  маш хайнга хандаж байна. Бидний уудаг усны 40 хувь нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн дүгнэлт гарсан. Манай улс 2013 онд усны тооллого явуулсан, арван жилд нэг удаа тоолдог. Тухайн үеийн тооллогоор 1500 булаг шанд ширгэсэн байсан. Үүнээс бид нэг зүйлийг бодох хэрэгтэй.

Манай улс зөвхөн төдөн булаг, гол, нуур цөөрөм  ширгэжээ. Үүнээс төдөн хувь нь дахин сэргэхгүй гэсэн, өөрөөр хэлбэл хорлон сүйтгэсэн тухайгаа  л тэмдэглээд яваад байдаг. Түүнээс хамгаалсан, урьдчилан сэргийлсэн арга хэмжээ авдаггүй. Ингэж бүх юмыг араас нь цохиж унагадаг. Манай төрийн бодлогын зарим шийдвэр ийм. Энд төрийн бүтцийн асуудал байгаа юм. Нэгдүгээрт, төрийн удирдлага, хоёрдугаарт захиргааны удирдлага, гуравдугаарт мэргэжлийн удирдлага гэж бий. Бид мэргэжлийн алба хаагчдаа ажлаас халж, оронд нь намын цүнх барьсан, ямар ч мэдлэг чадваргүй, бялдууч мулгуу хүмүүсээр төрийн бүх шатанд томилгоо хийж байгаа учраас ийм байгаа юм.

Сүүлийн үед бүр амар болсон, бичгийн цаасан дээр Ардын намын төддүгээр үүрийн гишүүн тийм ажилд томилогдоно гэсэн нууц бичгүүдээр томилгоо хийгдэж байна. Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, нийтийн эрх ашиг хаачив. Дарга нар хууль биелүүлэхгүй, зөвхөн иргэд л хуулиа ягштал мөрдөж байна. ийм байж болохгүй. Өнөөг хүртэл манай улс 880 орчим хууль баталсан байна. Хууль үйлдвэрлээд байдаг, түүнийгээ мэддэг хэдэн УИХ-ын гишүүн байгаа юм. Хэрэгжүүлдэг нь хэд байгаа юм бэ. Яг өөрөө судалгаа авч нийтийн эрх ашгийг хамгаалсан хууль өргөн барьсан гишүүн хэд байгаа вэ. Зарим нь 20 сая төгрөг авах гэж хэрэгцээгүй хууль үйлдвэрлээд байна уу. Тоолоод үзэх хэрэгтэй.

-Голын урсац тасалдахад нөлөөлж буй өөр ямар хүчин зүйл байна?

-Олон хүчин зүйл бий. Жишээ нь, 100 гаруй хайрга, дайрганы үйлдвэр байна. Тэднийг буруутгах боломжгүй. Гол нь Туул голын савд түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл өгчихөж байна. Энэ асуудлаар би 2013 оноос хөөцөлдөж, хэвлэлээр ярьж, сэтгүүлчдийг дагуулж очиж байсан. Ямар ч зөвшөөрөлгүй хулгайгаар хайрга олборлодог хэсэг хүн байна. Нэг лицензтэй хэрнээ түүнийгээ 4-5 аж ахуй нэгжид түрээслэдэг, эргээд нөхөн сэргээлт хийдэггүй нь ч байна.

Туул гол бол тодорхой хуультай. 50 м-т онцгой хамгаалалтын бүс, 100 м-т эрүүл ахуйн, 200 м-т энгийн хамгаалалтын бүс гэж бий. 2018 онд БОАЖ-ын сайд, БХБ-ын сайдын байгаль орчны дэглэм мөрдүүлэх тогтоол шийдвэр гарсан. Барилга, байшин барихыг хориглосон мөртлөө хайрга дайрга, алт олборлох, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл өгөөд байна. Иргэд ийм зөвшөөрөл авахгүй байгаа. Түрүүнд хэлсэнчлэн тодорхой улс төрийн бүлэглэл богино хугацаанд, хялбар аргаар, зардал багатай, гэхдээ олон нийтийг хохироох замаар цөөн хүн хөрөнгөжих ийм л асуудлаас болж тэнд  байгаль эх сүйдэж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.85) 2022 оны 09 сарын 27

Hudlaa gar

0  |  0
Top