Гурван улсын үлгэр | 85 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ -  85 ДУГААР БҮЛЭГ

ЛЮ СЯНЬЖУ ГЭРЭЭС ЗАРЛИГААР ӨНЧИН ХӨВГҮҮНИЙГ НАЙДСАН ЖУГӨ ЛЯН АМАР СУУСААР ТАВАН ЗАМЫГ ТӨВШИТГӨСӨН

Өгүүлэх нь: Сүрийг бадруулагчийн хоёрдугаар оны зургаан сард Зүүн Ү улсын Лүсюнь, Шу улсын цэргийг Сяотин, Илингийн газарт ихэд дарсан хойно Сяньжу эзэн Бай Дичэн хотод орсонд Жао Юнь цэрэг авч бэхлэн сахив. Гэнэт Малян хүрч ирээд цэрэг дарагдсаныг сонсоод гэмшивч гүйцэхгүй. Кунмингийн үгийг Сяньжу эзэнд айлтган хэлсний хойно Сяньжу шүүрс алдаж өгүүлрүүн: “Би язгуураас Чансангийн үгийг авсан болбоос энэ өдрийн дарагдахад хүрэхгүй бөлгөө. Би ямар нүүрээр дахин Чөндүд эгэж олон түшмэдэд золгомуй” хэмээн даруй зарлиг буулагаад Бай Дичэн хотод цэрэг буугаад өртөө гэрийг халж Юн Ань гүн ордон болгов. Хүн ирж мэдүүлрүүн: “Фөнси, Жан Нань, Футүн, Чөнзи, Ша Мокө нарын зэрэг жанжид цөм эзний төлөө үхэв” хэмээсэнд Сяньжу эзэн сонсоод гасалж зогсохгүй. Бас ойрх түшмэд айлтган өгүүлрүүн: “Хуан Цуань мөрний хойд цэргийг аваад Вэй улсад дагахаар одов. Хаан түүний гэрийн бүхнийг цаазын яаманд хүргэж ял асууваас зохимуй”. Сяньжу эзэн өгүүлрүүн: “Хуанцуань Ү улсын цэрэгт мөрний хойд хөвөөг таслагдаад эгсүгэй хэмээвч зам олохгүй тул аргагүй дахин Вэй улсад дагасан нь болой. Би Хуанцуанийг үтээрснээс Хуанцуань намайг эсэргүүлсэн нь бус бөлгөө. Юу хэмээн түүний гэрийн бүхнийг ял хиймүй? Уг ёсоор пүнлүү, амууг өгч тэжээгтүн!” хэмээв. Тэндээс Хуанцуань Вэй улсад дагасан хойно олон жанжин нар дагуулан Вэй Ван Цаопэйд золгуулсанд Цаопэй өгүүлрүүн: “Чи надад дагасан нь Чэньпин, Ханьсин89-ийг дуурйсан уу?”.

Хуанцуань уйлан өгүүлрүүн: “Сайд би Шу улсын хааны хишигт хүртээд онцгой зузаан аваачиж, надаар мөрний хойдод олон цэргийг захируулсан бөлгөө.

89 Энэ хоёр хүн угтаа цөм Сян Юй-ийн доорх хүмүүс байсан боловч сүүлдээ цөм Любанд оржээ.

Лүсюньд замыг таслагдаад Шу улсад буцах замгүй болсонд Ү улсыг дагаж болохгүй тул хааныг дагахаар ирэв. Дарагдсан цэргийн жанжин үхэхээс хэлтэрвээс хишиг болой. Ямар аймшиггүй эртний хүнийг нэхэж дуураймуй?”. Цаопэй ихэд баярлаж даруй Хуанцуанийг өмнөдийг төвшитгөх жанжин болгосонд Хуанцуань хатуу маргаж хүлээн авсангүй. Гэнэт ойрх түшмэд айлтгаж өгүүлрүүн: “Тагнуулч Шу улсаас ирээд хэлрүүн “Шу улсын эзэн Хуанцуаньгийн гэрийн бүхнийг цөм алав” хэмээмүй”. Хуанцуань өгүүлрүүн: “Би Шугийн эзэн лүгээ харилцан бат итгэмжтэй бөгөөд миний уг сэтгэлийг мэдэх тул хэрхэвч миний гэрийн бүхнийг алахгүй бөлгөө” гэхэд Цаопэй: “Тийн буй за” хэмээжээ.

Хожмын хүн Хуанцуанийг буруушаасан шүлгийн үг:

“Ү улсад дагаж үл болох тул Цаопэйг дагав

Үнэнч шударга эрдэмтэн хоёр улсыг хэрхэн үйлчилмүй

Хуанцуань үхэх амийг хайрласан тул

Зы Ян хууль бичигтээ хөнгөнөөр хэрхэн хэлтрүүлэх аж”

Түүнээс Цаопэй Зясюйгийн зүг: “Би дэлхий дахиныг нэгтгэсүгэй хэмээмүй. Урьд Шу улсыг авна уу? Урьд Ү улсыг авна уу”. Зясюй өгүүлрүүн: “Любэй баатар эрдэмтэйн дээр Жугө Лян улсыг засаж чадмуй. Ү улсын Сүньцуань үнэн ташааг мэдэх бөгөөд Лүсюньгийн цэрэг эдүгээ цухал хавцал газарт буудаллаад мөрнийг алсалж тэнгист халхалсан тул цөм бодолхийлэхүйеэ бэрх болой. Сайд миний үзлээр манай олон жанжин нарын дотор Любэй, Сүньцуаньтай тэнцэх нь үгүй. Хэдий хааны тэнгэрийн сүрээр одовч түмэнд бүрнээ болохыг магадлахуйяа бэрх болой. Ганц бэхлэн сахиж хоёр улсын хувьсахыг хүлээвээс зохимуй”. Цаопэй өгүүлрүүн: “Би гурван замын их цэргээр Ү улсыг байлдахаар илгээсэнд дийлэхгүй ёс буюу?”. Шаншу түшмэл Лю Е өгүүлрүүн: “Эдүгээ Зүүн Ү улсын Лүсюнь шинэхэн Шу улсын далан түмэн цэргийг дараад дээдэс дордос сэтгэл нэг болжээ. Нэнд бас мөрөн тэнгисийн хориглол байхад нуурлаваас болохгүй. Лүсюньгийн бодлого үлэмж тул эрхгүй бэлтгэл буй амуй” хэмээсэнд Цаопэй өгүүлрүүн: “Чи урьд нь намайг “Ү улсыг байлд!” хэмээн хөгжөөгөөд эдүгээ бас зогсоох нь юун болой?”. Лю Е өгүүлрүүн: “Цаг адилгүй бөлгөө. Эрт Ү улс удаа дараагаар Шу улсад дарагдаад түүний сүр буурчээ. Тийнхүү байлдаж болох бөлгөө. Эдүгээ бүрнээ дийлээд хүч зуун хувь нэмэгдсэн тул байлдаж үл болмуй”. Цаопэй өгүүлрүүн: “Миний санаа нэгэнт тогтов. Чи жич битгий өгүүл!” хэмээгээд даруй шадар цэргийг биеэр өмөглөхөөр одсугай хэмээхэд хэдийн гурван замын цэргээс мэдүүлэн ирсэн нь: “Зүүн Ү улс бэлтгэл буй. Люфаньд цэрэг өгч Дункоуд Цаосюйг тулуулан Жугө Зиньд цэрэг өгч Наньзюний газарт Цаожэнг тулуулж Жухуаньд цэрэг өгч Русюйд Цаорэнийг тулуулав” хэмээсэнд Лю Е өгүүлрүүн: “Нэгэнт бэлтгэл буй болохул очивч тусгүй!” хэмээвээс Цаопэй дагахгүй цэрэг авч одов.

Тэндээс Ү улсын жанжин Жухуань сая хорин долоон настай бөгөөд маш цөстэй тул Сүньцуань ихэд өршөөмүй. Тэр үес цэрэг авч Русюйд бүхийд “Цаорэнь цэрэг авч Сяньсиг авахаар ирэв” хэмээн сонсоод даруй цэрэг салган Сяньсиг сахихаар одов. Гагц таван мянган цэргийг үлдээж хотыг сахиулжээ. Гэнэт нэгэн хүн ирж хэлрүүн: “Цаорэнь их жанжин Чандяог илгээж Жугө Цянь, Ваншуангийн хамт таван түмэн шилсэн цэрэг авч нисэх мэт Русюй хотын зүг ирмүй” хэмээхэд олон цэргийн хүн цөм эмээх өнгөтэй болжээ. Жухуань илд барьж өгүүлрүүн: “Дийлэх дийлдэгдэх нь жанжинд байхаас цэргийн үлэмж цөөхөнд үгүй. Цэргийн бичигт өгүүлсэн нь: “Дайсны цэрэг нэг хувьд тулан авах цэрэг хагас хувь байваас тулан авах цэрэг дайсны цэргийг дийлмүй” хэмээжээ. Эдүгээ Цаорэньгийн цэрэг мянган газрын холоос ирээд хүн морь цөм зүдсэний дээр би та бүхний хамт өндөр хотод суугаад, өмнөдөд их мөрөн ойр бөгөөд ард бэрх уулыг арлан, амгалан биеэр зовж зүдэгсдийг хүлээж эзэн нь зочныг угтах тул энэ нь зуун зэрэг байлдваас зуун зэрэг дийлэхийн байдал болой. Хэдий Цаопэй биеэр ирэвч харин эмээхэд хүрэхгүй атал нэнд Цаорэньгээс юунд айх аж” хэмээгээд Жухуань цааз тархаан туг хэнгэргийг нуугаад хүн сахисангүй адил болгов.

Тэндээс Вэй улсын гавшгай жанжин Чандяо шилсэн цэргийг авч Русюй хотыг авахаар ирэхэд холоос анхаарваас хотын дээр огт цэрэг морь үгүй тул Чандяо цэргийг хөөж урагшлан хотын ойр хүрэхүйеэ нэгэнтээ буун дуу гарч туг хиурыг цөм босгон Жухуань дам илдийг хөндлөн бариад нисэх мэт гарч ирэн шууд Чандяог ирж орон байлдсаар гурван удаа болсонгүй. Жухуань нэгэнтээ цавчин Чандяог мориноос унагав. Ү улсын цэрэг тэр хүчинд нэгэн зэрэг дайран ороход Вэй улсын цэрэг дарагдаж үхсэн нь тоогүй. Жухуань ихэд дийлээд тоогүй туг хиур, зэр зэвсэг, морь олжээ. Цаорэнь цэрэг авч дагалдаагаар хүрч ирсэнд Ү улсын цэрэг Сяньсигээс гарч алсанд Цаорэнь бас дарагдан эгээд Вэй Ванд золгон дарагдсан үйлийг нарийвчлан хэлсэн хойно Цаопэй ихэд гэлмэж хараахан зөвлөх дунд харуулын хүн бас ирж хэлрүүн: “Цаожэнь, Ся Хоушан Наньзюнийг хаасанд Лүсюнь дотооддоо цэрэг бүгүүлж Жугө Зинь гадаадад цэрэг бүгүүлээд дотор гаднаас хавчин байлдсанаар ихэд дарагдав” хэмээн хэлж дуусахын урьд бас харуулын хүн ирж хэлрүүн: “Цаосю бас Люфаньд дарагдав” хэмээмүй. Цаопэй, гурван замын цэрэг цөм дарагдсаныг сонсоод шүүрс алдаж өгүүлрүүн: “Би Зясюй, Лю Егийн үгийг авсангүй тул үнэхээр энэ мэт дарагдав” хэмээв. Тэр цагт зуны халуун цаг тул хижиг өвчин дэлгэрч явган морьт цэрэг арваас зургаа долоо нь цөм үхсэн тул даруй цэрэг авч хойш Луо Янд эгэв. Үүнээс Ү улс, Вэй улс лугаа нийцгүй болов. Тэндээс Сяньжу эзэн Юн Аньгүнд өвчин олоод босож чадахгүй улам хүндэрч сүрийг бадруулагчийн гуравдугаар оны зуны тэргүүн сард хүрээд Сяньжу эзэн өвчний хор дөрвөн мөчинд орсныг мэдээд бас Гуань, Жан хоёр дүүгийн тул уйлахад тэр өвчин нэн нэмэгдээд хоёр нүд харанхуй болж хажуугийн хүнийг үзэх дургүй, цөм зандран гаргаж, гагцаар хэвтэж асанд гэнэт жигтэй салхи үүсэж зулыг унтраан бөгөөд дахин гэгээн болжээ. Үзвээс зулын доор хоёр хүн зогсож амуй. Сяньжу эзэн хилэгнэж өгүүлрүүн: “Би дотроо амаргүй тул та нарыг гарагтун хэмээсэн атал юун учирт бас ирсэн болой” хэмээн зандравч эгэхгүй тул Сяньжу эзэн босож үзвээс дээд этгээдэд Юньчан, доод этгээдэд Жанфэй бөлгөө. Сяньжу эзэн ихэд хиртхийж өгүүлрүүн: “Хоёр дүү үзвээс бас буй ажгуу.” Юнь Чан өгүүлрүүн: “Бид хүн бус чөтгөр болой.

Хан Хурмаст сайд бид хоёрыг амьд бүхийдээ бат журмыг алдсангүй хэмээн цөм зарлигаар сахиус болгов. Ах дүү нар лугаа хуралцах нь холгүй болов” хэмээсэнд Сяньжу эзэн татаж аваад ихэд уйлсаар гэнэт сэрвээс хоёр дүү үзэгдэхгүй болсон тул даруй дагах хүнийг дуудаж асууваас гуравдугаар жингийн үес болжээ. Сяньжу эзэн шүүрс алдаж өгүүлрүүн: “Би ертөнцөд удахгүй болов” хэмээгээд даруй Чөндүд элч заран Жугө Лян, Шаншу Ли Янь нарыг шөнө дөл Юн Аньгүнд ирж “Гэрээс зарлигийг сонс!” хэмээн илгээв. Кунмин нар Сяньжу эзний хоёрдугаар хөвгүүн Люван Лю Юн, гуравдугаар хөвгүүн Лянван Люли лугаа хаанд золгохоор ирээд, тайз Лючанийг үлдээж Чөндү хотыг сахиулав.

Тэндээс Кунмин Юн Аньгүн ордонд ирж Сяньжу эзний өвчин хүндийг үзээд яаран тавцангийн өмнө сөгдсөнд Сяньжу эзэн зарлиг буулган Кунминийг тавцангийн хажууд суулгаад арыг дэвшиж өгүүлрүүн: “Би Чансанг олсноос завшаанаар хаан төрийг бүтээжээ. Мэдэл ухаан гүехэн болоод Чансангийн үгийг авсангүй тул өөрөө дарагдахыг эрээд гэмшин зовсоор өвчин болов. Үхэх нь өглөө үдэш болсноор залгамжлах хөвгүүн үхээнц буурай тул их хэргийг найдан тушаахгүй болбоос болохгүй!” хэмээн үг дуусаад нулимс нүүр дүүрэн урсав. Кунмин бас уйлж өгүүлрүүн: “Хаан луугийн биеийг сайхан хамгаал! Хишгийг дэлхий дахинд ханатал үзүүл!” хэмээв. Сяньжу эзэн дараалан үзвээс гагц Малянгийн дүү Масу хажууд байжээ. Сяньжу эзэн “Түр эгэгтүн!” хэмээгээд Масуг гарсан хойно Сяньжу эзэн Кунминд хэлрүүн: “Чансан Масугийн эрдмийг үзэхэд ямар буй?”. Кунмин өчрүүн: “Энэ хүн бас ч энэ үеийн эрдэмтэн болой”. Сяньжу эзэн өгүүлрүүн: “Тийм бус, би энэ хүнийг үзвээс үг үнэнээс хэтрээд их үйлд хэрэглэвээс болохгүй. Чансан гүн байцааваас зохимуй” хэмээн өгүүлээд зарлиг буулган олон түшмэдийг харшид дуудаад цаас бийр авчран гэрээсийн бичиг бичүүлж Кунминд өгөөд шүүрс алдаж өгүүлрүүн: “Би бичиг уншсангүй боловч их төлбийг бүдүүвчлэн мэдмүй. Богд хүмүүний өгүүлсэн нь: “Шувуу үхэх ойртсонд түүний дуугарах нь уяралтай, хүн үхэх шахваас түүний үг бас ч сайн” хэмээжээ. Би язгуураас олон түшмэдийн хамт Цаопэй хулгайг сөнөөгөөд Хань улсыг тэтгэсүгэй хэмээсэн бөлгөө. Хишиггүй дунд замаас

салмуй, гуйх нь Чансан зарлиг бичгийг хунтайз Лючаньд тушаан өгч битгий ерийн үгс болго хэмээгтүн!” хэмээгээд цааш залгуулан “Алив үйлд цөм Чансангийн сургаж өгөхийг эрмэлзмүй” хэмээсэнд Кунмин нар уйлан сөгдөөд өгүүлрүүн: “Хаан луугийн биеийг амуулахыг хүсмүй. Бид нохой морины хүчийг гаргаж хааны өршөөсөн ачид хариулсугай!”. Сяньжу эзэн гучихаа нараар Кунминийг түшиж босгоод нэгэн гараар нулимсыг арчин нэгэн гараар Кунмингийн гарыг барьж өгүүлрүүн: “Би эдүгээ үхмүй. Нэгэн сэтгэл зүрхний үгийг хэлсү!”. Кунмин өгүүлрүүн: “Хаанд ямар зарлиг амуй?”. Сяньжу эзэн уйлж өгүүлрүүн: “Чиний эрдэм Цаопэйгээс арван хувь илүү тул эрхгүй улсыг тогтоож төрийг амуулан, их үйлийг бүтээж чадмуй. Залгамжлах хөвгүүнд тусалж болох болбоос тусла! Хэрвээ тэр эрдэмгүй болбоос чи өөрөө Чөндүгийн эзэн бологтун!”. Кунмин сонсож дуусаад бүх биеийнх нь хөлс урсаж гар тантар мөнтөр болоод уйлан сөгдөж өгүүлрүүн: “Түшмэл би хэрхэн хэмээн гар хөл мэт хүч гаргаж шударга ариун журмыг гүйцэтгэн үхэн үхтэл зүтгэхгүй аж” хэмээн өгүүлж дуусаад цус гартал мөргөв. Сяньжу эзэн бас Кунминийг тавцанд суулгаж хөвгүүн Лүван Лю Юн, Лянван Люлиг өмнөө дуудаж авчраад сургаж өгүүлрүүн: “Та нар миний үгийг сайтар ойлгогтун! Намайг үхсэний хойно танай ах дүү гурвуул цөм Чансанг эцэг мэт ачилж баахан хэмээн осолдож болохгүй!” хэмээгээд хоёр ванг Кунминд мөргүүлэв. Хоёр ван мөргөсөний хойно Кунмин өгүүлрүүн: “Түшмэлийн тархийг газарт будагдавч хэрхэн өршөөсөн ачид хүргэж чадмуй” хэмээв. Түүнээс Сяньжу эзэн олон түшмэдийн зүг өгүүлрүүн: “Би нэгэнтээ өнчнийг Чансанд найдаад залгамжлах хөвгүүнийг эцэг мэт ачил хэмээсэн бөлгөө. Танай олон түшмэд бас битгий осолдож миний тушаасныг үтээрэгтүн!” хэмээгээд бас Жао Юньгийн зүг хандан өгүүлрүүн: “Би чам лугаа зовох зүдэхийн дотроос хамт явсаар эдүгээд хүрч ирсэн бөлгөө. Санамсаргүй энэ газарт харилцан салалцмуй. Сайд чи над лугаа хуучин нөхөрлөснийг санаж өглөө үдэш миний хөвгүүдийг харгалзагтун! Битгий миний үгийг умарт!” хэмээсэнд Жао Юнь сөгдөж уйлан өгүүлрүүн: “Түшмэд би ямар аймшиггүй нохой морины хүчийг гаргаж туслахгүй буй”. Сяньжу эзэн бас олон түшмэдийн зүг өгүүлрүүн: “Танай олон түшмэдийг би нэг нэгээр сургаж чадахгүй тул цөмөөр өөрөө хайрлахыг хүсмү!” хэмээн үг дуусгаад халив. Жаран гурван настай асан бөлгөө. Сүрийг бадруулагчийн гуравдугаар оны зуны тэргүүн сарын хорин дөрөвний өдөр болой.

Хожмын Дүфүгийн гуньхран шүлэглэсэн үг:

“Ү улсыг хялайн гурван хавцал тийш цэрэглэсэн Шу улсын эзэн

Өнгөрөх жилдээ мөнхүү бас Юн Аньгүндээ байжээ

Тогосын лавир дүрслэн санагдахад хоосон уулын гадна болж

Хасын харш оргүй болоод хээрийн сүмд амуй

Эртний сүмийн цөөрс нарсанд усан тогоруу үүрлээд

Оны улирлын халуун хүйтэнд хөгшид зугаацмуй

Үхоугийн сүм лүгээ ойролцоо зэрэгцээд

Өнө үүрдийн эзэн түшмэдийг хамт дайж тавигламуй”

Тэндээс Сяньжу эзэн хальсны хойно олон бичиг цэргийн түшмэд эс уярч уйлсан нь үгүй бөлгөө. Кунмин олон түшмэдийг дагуулан хааны шарилыг залж Чөндүд эгэхэд тайз Лючань хотоос гараад шарилыг угтаж оруулан төв дунд харшид тавиад уяран уйлж, гэрээсийн бичгийг нээж үзвээс түүний үг нь:

“Би анхан өвчин олоход гагц суулгасан болой. Хожим бус өвчин давхцаж засваас болохгүй болжээ. Мөхөс би сонсвоос хүн тавин насанд хүрвээс насан хутгийг охор хэмээхгүй хэмээжээ. Би эдүгээ жар илүү насалсан тул үхэхэд юун хорсох газар буй. Гагцхүү танай ах дүүгийн тул зовмуй. Та сайхан зүтгэ! Битгий мууг бага хэмээн үйлдэгтүн! Битгий сайныг өчүүхэн хэмээн үл үйлдэгтүн. Гагц сайн мэргэн эрдэмтэй болбоос хүнийг дагуулж болох болой. Чиний эцгийн эрдэм нимгэн тул дуурайваас үл болмуй. Намайг үхсэний хойно та Чансанд дагаж эцгийн адил үйлчил! Битгий осолд, битгий умарт! Танай ах дүү нар алдаршуулахыг хичээ хэмээн дахин давтан сургав” хэмээжээ.

Түшмэд гэрээс бичгийг уншиж дууссаны хойно Кунмин өгүүлрүүн: “Улсад нэгэн өдөр гэмээнэ эзэнгүй байж болохгүй тул даруй дараа эзнийг байгуулж Хань улсын төрийг залгамжилсугай!” хэмээн хунтайз Лючанийг хааны сууринд суулгаж, оныг халж Жяньсин (дахин бадруулагч) хэмээв. Жугө Лянд Ү Сянхоу хэмээн нэмэн өргөмжлөн Ижоуг захируулав. Сяньжу эзний хүүрийг Хүйлин (Нигүүлсэхүй) онгонд оршуулж, нэхэж Жаоле (Гэгээн жавхлант) хаан хэмээн өргөмжилжээ. Хуанхоу90 Ү овогтыг Хуан Тайхоу91 болгоод Гань хатанг нэхэж Жаоле хатан хэмээн өргөмжлөв. Ми хатанг нэхэж хааны хатан цол өргөмжлөөд олон түшмэдийг дэвшүүлэн шагнаж дэлхий дахины ялтанг ихэд хэлтрүүлэв. Түүнээс хэдийн Вэй улсын цэрэг энэ мэдээг олоод Жун Юаньгийн газар хэлэхээр одсоны хойно ойрх түшмэд Вэй улсын эзэнд айлтгасанд Цаопэй ихэд баярлаж өгүүлрүүн: “Любэй үхсэн болбоос би одоо зовохгүй болов. Юу хэмээн улсад эзэнгүй тухайд цэрэглэж дайлахаар одохгүй аж” хэмээхэд Зясюй хориглож өгүүлрүүн: “Любэй хэдий үхэвч эрхгүй Жугө Лянд өнчнийг тушаасан бөлгөө. Жугө Лян Любэйгийн өршөөсөн ачид сэтгэлийг цутган хүчийг дуусгаж бага эзэнд туслах болой. Хаан хөнгөлөн дайлж болохгүй!” хэмээн хараахан хэлэлцэхэд олны дотроос нэгэн хүн гарч өгүүлрүүн: “Энэ тухайг завшиж цэрэг орохгүй ямар цагийг хүлээмүй” хэмээжээ. Олон үзвээс Сыма И болой. Цаопэй ихэд баярлан Сыма Игээс арга асууваас Сыма И өгүүлрүүн: “Хэрвээ гагц дундад улсын төдий л цэргийг хөдөлгөвөөс даруйд дийлж чадахгүй. Таван замын цэрэг үүсгэж дөрвөн этгээдээс хавчин байлдаж Жугө Ляныг тэргүүн сүүлээ хамгаалж чадахгүй болгосны хойно сая их гавьяа бүтмүй” хэмээв.

90 Хатан

91 Эх дагина

Түүнээс Цаопэй асууруун: Аль таван замын цэрэг буй”. Сыма И өгүүлрүүн: “Нэгэн бичиг хийж Ляодунгийн Сяньби улсад илгээж улсын эзэн Кө Бинөнд золгож алт торгоор хахуулилан түүнийг Ляосигийн Цян аймгийн цэргийг арван түм гаргаж урьд хуурай замаар Си Пингуань боомтыг байлдуулмуй. Энэ нь нэгэн зам болой. Жич нэгэн бичиг хийж элч заран Гаомөн хийгээд шагнах эдийг бариулан Наньмань аймагт илгээж Маньван Мөнхуотой золгож, түүнийг арван түмэн цэрэг авч Ижоу, Юнчан, Занкө, Юэ Зюний дөрвөн хошууг байлдуулж Сычуаньгийн өмнөд зовхисыг авуулсугай! Энэ хоёр зам болой. Жич нэгэн элч зарж Ү улсад янаглаад “Газрыг хуваан өгсү!” хэмээн амалдаж, Сүньцуаньгаар арван түмэн цэрэг гаргуулан газар Чуаньгийн хавцал амыг байлдуулж, шууд Фучэн хотыг авуулсугай! Энэ гурван зам болой. Жич нэгэн элчийг дагасан жанжин Мөндагийн дэргэд илгээж Шан Юньгийн цэргийг арван түм цэрэглүүлэн “Баруунш Ханьжунг автугай!” хэмээгтүн. Энэ дөрвөн зам болой. Түүний хойно их жанжин Цаожэнийг их Дүдү болгоод арван түмэн цэрэг дагуулан Жинжаогоос гарч Ян Пингуань боомтоор өнгөрөн Сычуанийг байлдуул! Энэ таван зам болой. Бүгд тавин түмэн их цэрэг таван замаар хамт орсонд Жугө Лянд Лювангийн мэт эрдэм буй боловч хэрхэн үүнийг тулж чадах ажгуу” хэмээхэд Цаопэй ихэд баярлаж даруй нууцаар үгэнд хурц мэргэн дөрвөн түшмэдийг элч болгон явуулаад, бас Цаожэнийг их Дүдү болгон арван түмэн цэрэг өгч “Ян Пингуань боомтыг авагтун!” хэмээн илгээв. Тэр цагт Жанляогийн зэрэг хуучин жанжин нарыг Хоу өргөмжлөөд, цөмийг Зижоу, Сюйжоу, Цинжоу, Хофэй зэргийн газарт боомт амыг сахиулж байх тул дахин улируулан хэрэглэсэнгүй бөлгөө.

Тэндээс Хоужу Лючань сууринд сууснаас хуучин түшмэдийн олонхис өвчнөөр үхсэнийг нарийвчлан хэлэхгүй. Аливаа улс төрийн үйл, эд орц жич заргалахын хэргийг цөм Жугө Чансангийн таслан шийтгэхийг сонсмуй. Тэр Хоужу хатан аваагүй тул Кунмин олон түшмэдийн хамт айлтгаж өгүүлрүүн: “Асан Чөци жанжин Жанфэйгийн охин ихэд цэцэн мэргэн ухаантай. Эдүгээ арван долоо насалжээ, авч төв ордны хатан болгож болмуй” хэмээсэн хойно Хоужу авав. Дахин бадруулагчийн тэргүүн он намрын дунд сард зах хязгаараас айлтган хэлсэн нь “Вэй улс таван замын их цэргийг авч Сычуанийг байлдахаар ирэв. Нэгдүгээр замд Цаожэнь их Дүдү болж арван түмэн цэргийг авч Ян Пингуань боомтыг байлдмуй. Хоёрдугаар замд урвасан жанжин Мөнда, Шан Юньгийн цэрэг арван түмийг авч Ханьжуныг байлдмуй. Гуравдугаар замд Зүүн Ү улсын Сүньцуань арван түмэн шилдэг цэргийг авч Сякоу амаар орж ирмүй. Дөрөвдүгээр замд мань ван Мөнхуо арван түмэн цэрэг авч Ижоугийн дөрвөн хошууг авахаар ирмүй. Тавдугаар замд Фаньван Кобинөн Цян аймгийн цэрэг арван түмийг авч Си Пингуань боомтоор Сычуаньгийн зүг ирмүй. Энэ таван замын цэрэг ирэх нь асар хүчирхэг бөлгөө. Нэгэнтээ урьд Чансанд хэлсэн боловч Чансан ямар учирт гарч хэрэг шийтгэхгүйг мэдэхгүй” хэмээсэнд Хоужу сонсоод ихэд гэлмэж даруй гучихаа нарыг зарж Кунминг “Бараалхалд ирэгтүн!” хэмээн дуудахаар илгээсэнд зарсан хүн хагас өдөр болоод хойш ирж хэлэх нь: “Чансан өвчин эмгэгтэй тул гарч ирэхгүй хэмээмүй”. Хоужу ихэд сандраад жич өдөр Хуанмэнь Шилан түшмэл дүн Юнь, Зя И дайфү Дүцюн нарыг “Чансангийн хэвтэх ширээний өмнө одож энэ их үйлийг хэлэгтүн!” хэмээсэнд дүн Юнь, Дүцюн хоёул Чансангийн гэрт хүрвээс цөмийг оруулсангүй тул Дүцюн өгүүлрүүн: “Урьд хаан бага хааныг Чансанд тушаасан бөгөөд эдүгээгийн эзэн сая сууринд суутал, Цаопэй таван замын цэргээр хязгаарт дайлахаар иржээ. Цэргийн үйл ихэд бачим атал Чансан юунд өвчинд түлхэж гарч ирэхгүй аж” хэмээн асуусанд нэлээд удсаны хойно үүд харагч Чансангийн захиа хэмээн өгүүлрүүн: “Өвчин илаар болсон тул маргааш эрт яаманд хүрч хэрэг зөвлөсүгэй хэмээв” хэмээсэнд дүн Юнь, Дүцюн хоёул шүүрс алдаж эгэв. Жич өдөр олон түшмэд цөм Чансанг яаманд ирж хүлээгээд өглөө эртээс наран шингэтэл хүлээвээс бас гарч ирэхгүй болсны хойно олон түшмэд гасалж аргагүй эгэв. Дүцюн хааны дэргэд одож айлтгаж өгүүлрүүн: “Хаан биеэр Чансангийн гэрт одож аргыг асуусугай!” хэмээхэд Хоужу даруй олон түшмэдийг авч дотоод ордонд ороод эх дагинад айлтгасанд эх дагина гэлмэж өчрүүн: “Чансан ийм болбоос урьд хааны гэрээсэлсэн санааг үтээрсэн болой. Би биеэр одсугай!” хэмээсний хойно Дүн Юнь өгүүлрүүн: “Хатан эх хөнгөлөн одож үл болмуй. Сайд би бодоход Чансанд эрхгүй эрхэм арга буй. Эзэн хаан урьдаар одоод хэрвээ дагахгүй болбоос хатан эх та сая өвгийн сүмд Чансанг авчирч асуухад эс хожимдмуй” хэмээсэнд эх дагина үгийг дагав. Жич өдөр Хоужу тэргэнд сууж Чансангийн яаманд хүрсэн хойно хаалганы түшмэд хааны тэргийг үзээд яаран сөгдөж угтав. Хоужу асууруун: “Чансан хаана буй” хэмээсэнд хаалганы түшмэд өчрүүн: “Байх газрыг мэдэхгүй. Гагц Чансангийн захисан нь олон түшмэдийг хориглож битгий оруулагтун!” хэмээжээ. Хоужу тэрэгнээс буугаад ганцаар орж гуравдугаар хаалганд хүрч үзвээс Кунмин таяг бариад ганцаар бага нуурын хажууд загас үзэж амуй. Хоужу хойно нь удтал зогссоны эцэст сая алгуураар: “Чансан амгалан сайн уу?” хэмээн асуухад Кунмин хойш хандаж үзвээс Хоужу мөн тул санд мэнд таягийг гээж газарт сөгдөж өгүүлрүүн: “Сайд би түмэн зэрэг үхвээс зохимуй” хэмээсэнд Хоужу түшиж босгоод асууруун: “Эдүгээ Цаопэй цэргийг таван замаар хувааж зах хязгаарт ирэх нь ихэд шахамдуу атал Сян Фү эцэг юуны учирт гарч хэрэг шийдэхгүй аж?”. Кунмин ихэд инээж Хоужуг дотоод гэрт авч ороод суулцсаны хойно айлтгаж өгүүлрүүн: “Таван замын цэрэг ирэхийг би хэрхэн мэдэхгүй буй. Сайд би загасыг үзэх нь бус санагалзах хэрэг буй болой”. Хоужу өгүүлрүүн: “Тийм болбоос хэрхсү” хэмээсэнд Кунмин өгүүлрүүн: “Цян аймгийн Ван Кө Бинөн, Маньван Мөнхуо, урвасан жанжин Мөнда, Вэй улсын Цаожэнь энэ дөрвөн замын цэргийг сайд би цөм эгүүлсэн бөлгөө. Гагц Ү улсын Сүньцуаньгийн нэгэн замын цэргийг эгүүлэх арга олсон боловч нэгэн үгэнд сайн хүнийг элч болгон зарсугай хэмээгээд олоогүй. Тийнхүү хараахан санаж ажгуу. Хаан юунд зовмуй”.

92 Хаан нь Зайсян түшмэлээ туйлаар хүндэтгэн дуудсан хүндэтгэлийн нэр болой.

Хоужу сонсож дуусаад ихэд баярлаж өгүүлрүүн: “Сянфү92 эцэгт үнэхээр сахиусан чөтгөрийн санаж олохгүй арга буй аж. Цэргийг эгүүлэх аргыг сонсохыг хүсмү!”. Кунмин өгүүлрүүн: “Урьд хаан гэрээсэлж хааныг надад тушаасныг сайд би ямар аймшиггүй өчүүхэн төдий осолдмуй. Чөндүгийн олон түшмэд цөм цэргийн үйлийг мэдэхгүй. Тийм болохоор бус хүнд сэрэгдүүлэхгүй нь эрхэм тул, хэрхэн хүнд задруулах ёсон буй. Хөгшин сайд би Фаньван Кө Бинөн цэрэг авч Си Пингуань боомтыг байлдахыг бодвоос Мачаогийн өвөг нь Сичуаньгийн хүн тул Цян аймгийн сэтгэлийг гүн олсон тул Цян аймгийн хүн Мачаог “Сүр жавхлант тэнгэрийн жанжин” хэмээмүй. Сайд би нэгэнтээ хүнд бичиг бариулан шөнө дөлөөр явуулж Мачаогоор Си Пингуань боомтыг бэхлэн сахиулаад дөрвөн замаар цэрэг бүгж, өдөр бүр халалцаж сахьтугай хэмээн илгээсэн тул энэ нэгэн замд зовох зүйл үгүй. Бас Маньван Мөнхуогийн цэрэг дөрвөн хошууг халдахаар ирэхийг би нэгэнт Вэй Яньд бичиг илгээж, нэгэн бүлэг цэрэг авч зүүн этгээдээс гарваас баруун этгээдээр ороод, баруун этгээдээр орвоос зүүн этгээдээр гарч сэжиглэлийн цэргийн арга хэрэглүүлэв. Мань аймгийн цэрэг гагц хүчиндээ итгэх бөгөөд сэжиг ихтэй тул хэрвээ сэжиглэлийн цэргийг үзсэнд лав болгоомжилж урагш орохгүй бөлгөө. Энэ нэгэн замд бас зовох хэрэггүй. Бас Мөнда цэрэг авч Ханьжунгаас гарав хэмээмүй. Мөнда Ли Янь лугаа амьдарваас үхвээс хамт хэмээн ах дүү барьсан тул сайд би Чөндүд эгэх үест Ли Янийг үлдээж Юн Аньгүнийг сахиулсан бөлгөө. Би нэгэн бичиг хийж Ли Яньгийн гарын бичиг хэмээн хүнээр Мөндад хүргэсүгэй. Ийм болохул Мөнда лав өвчнөөр шалтаглаад гарч ирэхгүй. Цэргийн сэтгэлийг осол болгомуй. Энэ нэгэн замд бас зовох хэрэггүй! Бас Цаожэнь цэрэг авч Ян Пингуань боомтыг авахаар ирвээс тэр газар цухал бэрх тул сахиж болмуй. Сайд би Жао Зылунд нэгэн анги цэрэг өгч боомтын амыг сахиулаад гарч байлдах хэрэггүй хэмээсэн бөлгөө. Цаожэнь бидний цэрэг гарахгүйг үзвээс удахгүй өөрөө эгмүй. Энэ дөрвөн замын цэрэгт цөм зовох зүйлгүй. Сайд би бас бүрэн хамгаалан чадахгүй болуузай” хэмээн нууцаар Гуаньсин, Жанбаог тус бүр гурван түмэн цэрэг авч чухал газар буудаллаж олон замд тусал хэмээв. Энэ хэдэн газрын цэргийг цөм Чөндүгээс улируулан зарсангүй тул мэдэх хүн үгүй бөлгөө. Гагц зүүн Ү улсын нэгэн замын цэрэг нь юуны мөн даруй хөдлөх аж. Хэрвээ дөрвөн замын цэрэг дийлээд Сычуаньд эмээлтэй болбоос тэр үес эрхгүй байлдахаар ирмүй. Хэрвээ дөрвөн замын цэрэг дийлэхгүй болоход хэрхэвч цэрэг хөдөлгөхгүй болой. Сайд би бодоход, Сүньцуань, Цаопэйгийн гурван замын цэрэг гаргаж Ү улсыг байлдсан хорслыг санаад хэрхэвч үгийг дагахааргүй. Хэдий тийм боловч нэгэн үгэнд уран хүнийг Зүүн Ү улсад зарж ашиг зовлонг гарган хэлэлцээд урьдаар Ү улсыг зогсоосны хойно тэр дөрвөн замын цэрэгт юун зовох учир юу буй, Ү улсыг хэлэлцэх хүнийг олоогүй тул татгалзаж байсан болой. Харин хааны биеийг зүдээж энд ирүүлжээ” хэмээсэнд Хоужу өгүүлрүүн: “Хатан эх бас Чансантай уулзахаар ирсүгэй хэмээнэм бөлгөө. Эдүгээ би Чансангийн үгийг сонсоод зүүднээс сэрсэн адил болж одоо зовох зүйлгүй” хэмээв. Кунмин Хоужугийн хамт хэдэн хундага архи уугаад Хоужуг үдэж гаргаваас олон түшмэд цөм хаалганы гадна тойрон зогсож асан тул үзвээс Хоужугийн нүүрэнд баярын өнгө буй. Хоужу Кунмингаас салаад тэргэнд сууж ордонд эгсэн хойно олон түшмэд сэжиглэж тогтохгүй. Кунмин олон түшмэдийн дотор үзвээс нэгэн хүн тэнгэрийн зүг харж инээгээд нүүрт баярын өнгөтэй. Кунмин үзвээс И Ян газрын Синь Егийн хүмүүн. Овог Дөн, нэр Жы, өргөсөн нэр Бимяо, өнөө сангийн явдлын яамны Шаншүгийн тушаалд буй. Хань улсын Сыма түшмэл Дөн Юйгийн үр бөлгөө. Кунмин сэмээр хүн зарж олноос хоцруулав. Олон түшмэд тарсан хойно Кунмин дөнжыг бичгийн гэрт залж оруулаад дөнжыгөөс асуун өгүүлрүүн: “Эдүгээ Шу улс, Вэй улс, Ү улс хүлис мэт гурван улс болсон тул хоёр улсыг дийлээд нэгтгэн мандуулсугай” хэмээхэд урьд аль улсыг дийлбээс зохимуй?”. Дөнжы өчрүүн: Мунхгийн санаагаар шүүмжилбээс Вэй улс хэдий Хань улсын хулгай боловч түүний байдал сүр маш их. Мөн даруйд эвдлэхүйеэ бэрх алгуураар дийлбээс зохимуй. Эдүгээ эзэн сая сууринд суугаад иргэний сэтгэл тогтоогүй тул Ү улс лугаа нийлж уруул шүдний адил болж урьд хааны хуучин өсийг арилгах нь энэ өнө уртдын арга болой. Чансангийн эрхэм санаа нь ямрыг мэдэхгүй” хэмээсэнд Кунмин ихэд инээж өгүүлрүүн: “Би мөн ийм санаж удав. Гагц тэр хүнийг олоогүй асан бөлгөө. Энэ өдөр сая олов” хэмээсэнд дөнжы асууруун: “Чансан тэр хүнийг эрж яамуй?”. Кунмин өгүүлрүүн: “Би хүн зарж Ү улс лугаа янагласугай хэмээмүй. Гүн чи нэгэнт энэ санааг ухсан тул эзний зарлигийг гутаахааргүй. Ү улсад очиход гүнгээс бусад чадахгүй болой” хэмээжээ. Дөнжы өгүүлрүүн: “Мунхаг миний эрдэм гүехэн, мэдэл ховор тул энэ хүнд тушаалд тэнцэхгүй болов уу” хэмээмүй. Кунмин өгүүлрүүн:“Би маргааш хаанд айлтгаж Бимяог нэгэнтээ илгээсүгэй! Чи битгий маргагтун!” хэмээсэнд Дөнжы хүлээн авч гарав. Жич өдөр Кунмин Хоужуд айлтган “Дөнжыг зүүн Ү улсад хэлэлцэхээр зарсугай!” хэмээсэнд Дөнжы ёслон салж Зүүн Ү улсын зүг ирэв.

Энэ чухамхүү:

Ү улсын хүн цэрэг тийн сая зогсов хэмээтэл

Шу улсын элч бас хас торгыг нэвтрүүлэв”

Эгнэгт дөнжыгийн энэ очсон нь ямар болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top