Далай лам Их Британийн шинэ ерөнхий сайд Риши Сунакт баяр хүргэв

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 28

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Их Британийн ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, Риши Сунакт захидал илгээжээ.

Түүний захидалд "Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд би Нэгдсэн Вант Улсад тогтмол айлчлах боломжтой болсон бөгөөд нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийн энэрэл, нөхөрлөл надад үргэлж гүн сэтгэгдэл төрүүлж байсан билээ. Мөн хүн төрөлхтний нэгдмэл байдал, шашин хоорондын эв найрамдлыг бэхжүүлэхийн төлөөх миний хүчин чармайлтыг дэмжиж байсан нь надад урам зориг өгдөг байлаа.

Үүний зэрэгцээ би энэ завшааныг ашиглан Төвөдийн ард түмний эрх чөлөө, нэр төрийг эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзлийг тууштай дэмжиж ирсэн Их Британийн ард түмэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

Эдүгээ хэцүү цаг үеийг бид туулж байна. Өнөөдрийн харилцан хамааралтай ертөнцөд дэлхийн аль нэг хэсэгт болж буй үйл явдал бид бүгдэд нөлөөлдөг. Тиймээс Нэгдсэн Вант Улсын ард түмний итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлэхэд тулгарч буй сорилтуудыг даван туулж, илүү энх тайван дэлхийг цогцлоох үйлсэд тань өндөр амжилт хүсье” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top