"ТВ8" телевизийн ТОЛЬ мэдээллийн хөтөлбөр үзүүлж байна
“СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕС” ГАЗАР АВЧ БАЙГАА НЬ ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН БОЛОН ЦАХИМ ХЭРЭГЛЭЭНИЙ МЭДЛЭГ ДУТМАГААС ШАЛТГААЛЖ БАЙНА
Богино хугацаанд их мөнгөтэй болгоно гэх сүлжээний луйвар манай улсад цөөнгүй бүртгэгддэг. Пирамад тогтолцоогоор явагддаг сүлжээний луйврийн хамгийн сүүлийн жишээ бол FT групп юм. Тиймээс иргэд олон нийтийг сүлжээний луйварт итгэж, мөнгө өгч элсэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сүүлийн үед иргэд FT групп гэх луйврын сүлжээнд олноор элсэн орж мөнгөө алджээ. Энэхүү сүлжээнд элсэхэд тусгай гишүүн болж 20-5000 ам.долларыг жилийн хугацаанд байршуулах нөхцөлтэй байдаг. Улмаар бүртгүүлсэн иргэдийн дансанд өдөрт 30 доллар орж ирэх бөгөөд олон хүн элсүүлэх шаардлагатай байдаг байна. Тус луйврын сүлжээнээс сэрэмжилж, оруулсан мөнгөө татаж авахыг Мэдээллийн технологийн инженер Г.Ирээдүй өөрийнхөө цахим хуудсаар удаа дараа мэдэгдэн, FT групп гээд аюултай понзи схем яваад байгаа шүү. FT групп гэх хайлтыг Монгол улсаас Google дээр хамгийн их хайж байгаа нь өөрөө дэлхийн бизнес байж чадах уу? Дараагийн G-Time, Бэлтэс мөрөн шүү...Танзани, Нигер, Өмнөх Африк гэх улсад дэлгэрч байгаа бололтой" гэх постыг оруулж байсан юм.
Цагдаагийн байгууллагын судалгаагаар сүлжээний бизнест элсч хохирсон хүмүүсийн 16-20 хувь нь ямар үйл ажиллагаанд оролцож байгаагаа мэдэлгүй гишүүнээр бүртгүүлсэн буюу зөвхөн ашиг харсан. Харин 15-20 хувь нь ашиг, урамшуулал хүртэж, 80-85 хувь нь урамшуулал, ашиг хүртээгүй хохирсон байдаг байна. Эндээс харахад сүлжээний луйварт хамгийн эхэнд элссэн цөөхөн хэдэн хүн урамшуулал авдаг бол 80-85 хувь нь хоосон хоцордог байна.
Цахим хэрэглээ ихэссэн энэ үед иргэд хялбар аргаар мөнгө олох буюу өөрт байгаа мөнгөө ихэсгэх гэж сүлжээний бизнест хөл алдах нь элбэг тохиолдох болсон. Тухайлбал 50 мянган төгрөгөөр элсэж, тухайн мөнгөө хамгийн багадаа хоёр нугалж авдаг гэх ятгасан шинжтэй сүлжээний бизнесийн луйвар эрчээ авсаар байна. Гэвч иргэд гэнэн итгэмтгий, санхүүгийн мэдлэг дутмагаас үүдэн мөнгөө алддаг байна.
Цалингаас гадуур нэмэлт орлого олох, эсвэл гэртээ суунгаа мөнгөтэй болох боломж хайсан хүн их бий. Иргэд хөлсөө урсгахгүй амар хялбар аргаар мөнгө олно хэмээн сэтгэж, мөнгөө өгөх төдийд тэр нь өдөр өдрөөр өсөх юм шиг санадаг байна. Тэгвэл иргэдийн энэхүү хүсэл дээр сүлжээний бизнес цэцэглэж, олон хүнийг хохироосоор байна.
ОЛНЫГ ХОХИРООСОН ОНЦЛОХ ХЭРГҮҮД
"ЖИ ТАЙМ"-ЫН 11352 ХОХИРОГЧДОД 7 ТЭРБУМЫГ ХУВААЖ ӨГНӨ
Монгол Улсад хамгийн их дуулиан тарьж байсан сүлжээний бизнес бол “Жи тайм” юм. Энэ луйврын хэрэгт М.Марат гэх Казакстаны иргэн холбогдон шалгагдаж байгаа. Түүнд залилуулж мөнгө өгсөн иргэд өнөө ч хохирлоо барагдуулж чадахгүй, зарим нь бүр хамсаатан болох нь холгүй болсон.
“Жи тайм корпорейшн” ХХК нь 12.365 иргэнийг 27.965 хөтөлбөрт элсүүлж, нийт 11.352 иргэнд 25 тэрбум 805 сая төгрөгийн хохирол учруулсан гэх албан бус тоо бий. Хэрэг гарснаас хойш гурван жилийн дараа буюу 2020 оны долдугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хэлэлцсэн. Улмаар шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шүүхийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн зургаан автомашиныг худалдан борлуулж, борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар тус, тус шийдвэрлэсэн.
906 иргэний хариуцагчийн тухайд “Жи тайм” сүлжээний хөтөлбөрт хамрагдаж сүлжээнд оруулсан мөнгө болон урамшуулал авсан хүмүүсийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл өгсөн мөнгөнөөсөө илүү урамшуулал авсан хүмүүс бөгөөд тэднээс уг 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөг гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн байдаг.
STAMFORD: 7000 ГАРУЙ ИРГЭН 100 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХОХИРСОН
2018 оны наймдугаар сард Ирландын Дублин хотоос гаралтай “Stamford” гэх сүлжээний бизнес дэлгэрч, 7000 гаруй иргэн 100 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон. Тус луйвар нь Монгол Улсад 2018 оны гуравдугаар сард “Stamford” хөрөнгө оруулалтын компани гэх нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.Тэд Казакстан улсаар дамжин Оросоос манай улсад орж ирсэн байна. Уг компани нь 2016 оны сүүлчээр байгуулагдсан ба Ирландын хөрөнгө оруулалтын компаниудын жагсаалтад бүртгэлтэй гэдэг байжээ. Холбогдох албаныхан Ирландын төв банкнаас “Stamford” нь хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгахад тус компанийн санхүүгийн бүртгэл олдоогүй бөгөөд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй болох нь тогтоогджээ. Цагдаагийн газарт өгсөн иргэдийн мэдээллээр интернэт дэх “Forex” арилжаатай ижил төрлийн зарчмаар мөнгө олдог, жилийн хугацаанд гэрээ байгуулж, долоо хоног бүрийн Бямба гаригт ногдол ашгаа авна гэж сэнхрүүлдэг байсан гэнэ.
НАЙМАН ТЭРБУМЫГ ЗАЛИЛСАН Д.ГҮРСОРОНЗОД 10 ЖИЛИЙН ЯЛ ОНООВ
“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз, Д.Дариймаа нар нь 457 иргэнээс байрны урьдчилгаа нэрээр найман тэрбум гаруй төгрөг залилсан хэрэг 2019 оны наймдугаар сард гарсан. Улмаар 2021 оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Гүрсоронзонд 10 жил хорих ял оноож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Д.Одгэрэлд 6 жил хорих ял, шүүгдэгч Б.Батбаярт 6 жил хорих ял шийтгэж тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч нараас мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос үлдэх 7 тэрбум 265 сая 839 мянга 273 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн байдаг.
Улмаар түүнийгээ ашиглан иргэдэд “Хямд байр зарна, урьдчилгаа төлбөрийн дүн ихсэх тусам 1 мкв үнэ багасна, барьцаа хөрөнгө шаардахгүй, өрхийн орлого нотлох шаардлагагүй, жилийн таван хувийн хүүтэй лизингийн гэрээ компанитай байгуулна” гэх мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож “Орон сууц захиалгын гэрээ”-ний урьдчилгаа гэж 457 иргэнээс 8 тэрбум 644 сая 301 мянга 580 төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.
Прокурорын байгууллагаас битүүмжилсэн байсан шүүгдэгч нарын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болон хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, дансны гүйлгээ хязгаарласан арга хэмжээг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах зорилгоор шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэртээ заажээ.
“БЭЛТЭСМӨРӨН” ХХК-ИАС БУЦААН ОЛГОЛТОО АВААГҮЙ 2384 ИРГЭН БАЙНА
Хөвсгөл аймагт Бэлтэсмөрөн гэх компани иргэдээс их хэмжээний мөнгө төвлөрүүлж, хохирол үүсгэх эрсдэлт нөхцөл үүсээд байгаа талаар өнгөрсөн гуравдугаар сард тус аймгийн Засаг даргын Тамгын газраас анхааруулжээ. Тодруулбал, иргэдийн мөнгийг өсгөж өгөх нэрийдлээр 10 сая төгрөгийг дэнчин гэх нөхцөлөөр гэрээ байгуулж, хуулийн зохицуулалтгүйгээр их хэмжээний мөнгө эргэлдүүлж байгаад хянамгай хандахыг иргэддээ сануулсан байна. Бэлтэсмөрөн гэх компани нь Хөвсгөл аймагт 2021 оноос үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тухайн нэр бүхий компани нь иргэдийн мөнгөн хөрөнгийг өсгөж өгөх нөхцөлтэйгөөр их хэмжээний мөнгө эргэлдүүлсэн байжээ. Тодруулбал, нэг сарын дотор 10 сая төгрөгийг 13 сая болгож өгнө гэх зарчмаар гэрээ байгуулсаар иржээ. Үүнд аймгийн олон зуун иргэд мөнгөө өгч хохирогч болох эрсдэл нэмэгдсээр өдийг хүрсэн байна. Өнөөдрийн байдлаар нэг жилийн хугацаанд хаан банкны дансаар 227 тэрбум төргөгийг татан төвлөрүүлсэн байж болкошгүй гэх мэдээллэл байна. Энэхүү татан төвлөрүүлсэн 227 тэрбум төгрөгөөс нэг ч төгрөг Бэлтэсмөрөн гэх компаний дансанд байхгүй бөгөөд тус компаний нэр бүхий хүмүүсийн нэр дээр 12 үл хөдлөх хөрөнгө, зургаан тээврийн хэрэгсэл эзэмшсэн байгааг тогтоож Хөвсгөл аймагт цагдааг, шүүх, прокурорын байгууллагаас ажлын хэсэг гаргаж уг хэрэгт хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.Одоогоор Бэлтэсмөрөн ХХК-иас буцаан олголтоо аваагүй 2384 иргэн байна гэх албан бус мэдээлэл байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ийм тэнэг юманд итгэж мөнгөө өгч байвал өөрсдийнх л нь хохь шүү дээ.