Бразилын Тэнгисийн цэргийн хүчин нисэх онгоц тээвэрлэгч “NAe São Paulo” цорын ганц хөлөг онгоцоо Атлантын далайд живүүлжээ.
Хөлөг онгоцыг энэ сарын 3-нд эргээс 350 км зайд, таван мянган метрийн гүнд живүүлсэн байна. Хөлгийн эцсийн зогсоолыг сонгохдоо байгаль орчин болон усан онгоцны хөдөлгөөн, загасчлал, экосистемийн аюулгүй байдлыг харгалзжээ.
“NAe São Paulo” нь Бразилын тэнгисийн хүчний цорын ганц нисэх онгоц тээвэрлэгч хөлөг байсан аж. Ашиглалтаас гарсан хөлгийг 2021 онд Туркийн “Sök” компанид 1.9 сая ам.доллароор зарсан байна. 2022 онд хөлгийн шинэ эзэн Турк руу хөдөлгөсөн ч Газар дундын тэнгист ирэх үед орон нутгийн эрх баригчид зогсоолд орох зөвшөөрлөө цуцалсан байна. Учир нь мэргэжилтнүүд хөлөгт их хэмжээний хортой, аюултай бодис илрүүлжээ. Тиймээс хөлгийг Бразил руу буцаасан ч Бразилын тал мөн хүлээн авахаас татгалзсан байна.
Хөлгийн ихэнх хаалтыг 600 тонн шөрмөсөн чулуугаар хийсэн нь ийн асуудал үүсгэсэн байна. Энэ материалыг хорт хавдар үүсгэгч гэж үздэг байна.
Сэтгэгдэл ( 0 )