“Индиана Жонс”-ын мартагдсан хүүгээс ОСКАРЫН ЭЗЭН болсон Ке Хюи Куан

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 14

Вьетнам гаралтай Америкийн жүжигчин, 51 настай Ке Хюи Куан “Everything Everywhere All at Once” кинонд бүтээсэн дүрээрээ Шилдэг туслах дүрийн төрөлд Оскар гардсан билээ.

Түүний талаар сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ.


Ке Хюи Куан нь Өмнөд Вьетнамын Сайгонд 1971 оны наймдугаар сарын 20-нд төрсөн. Хүүг долоон настай байхад тэдний гэр бүл Вьетнамын арми ялагдал хүлээсний дараа дүрвэхээс өөр аргагүй болж, АНУ-д орогнол авчээ.

Ке Хюи Куан эхээс наймуулаа. 12 настайдаа “Индиана Жонс”-д тоглож, жүжигчин болсон. Куан тус дүрийн шалгаруулалтад орох дүүгээ дэмжихээр хамт очсон ч найруулагч түүнийг ч мөн шалгаруулалт өгөхийг ятгаснаар хүүхэд байхдаа од болжээ.

Тэрбээр хүүхэд байхдаа “Индиана Жонс”, “The Goonies” зэрэг алдартай кинонд тоглоод сураггүй болж, мартагджээ. Холливудад хэрэггүй болсныхоо дараа тэр кино урлагаас татгалзсан байна.

Өсөж том болохын хэрээр киноны санал бага авах болсон тэрбээр орлон тоглогч, найруулагчийн туслах хийж байв.

Харин одоо гайхамшигтай эргэн ирэлт хийж, Оскарын эзэн боллоо. Ке Хюи Куан Оскарын Алтан баримал гардаж авахдаа “Ийм түүх кинонд л гардаг гэж ярьдаг. Ийм зүйл надад тохиолдож байгаад итгэж чадахгүй байна. Энэ бол Америк мөрөөдөл” гэж нулимстайгаар хэлсэн юм.

Түүний 84 настай ээж нь Оскарын шагнал гардуулах ёслолыг гэрээсээ үзэж байгаа талаар Куан хэлээд “Би дөнгөж сая Оскар авчихлаа” гэж сэтгэл хөдлөлтэйгөөр өгүүлж, алтан баримлыг үнссэн билээ.

Тэрбээр “Миний зам завин дээр эхэлсэн. Дүрвэгсдийн хуаранд нэг жилийг өнгөрүүлсэн би одоо ямар нэг аргаар Холливудын хамгийн том тайзан дээр зогсож байна” гэсэн юм.

Жаахан байхдаа Вьетнамаас дүрвэсэн нь түүний сэтгэлзүйд маш хүнд туссан тухай Куан ярьсан байдаг. Хэнд ч хэрэггүй дүрвэгч болсон тэднийг дунд сургуульд нь шоолж, шоглож байсан нь хүүхдийн сэтгэлзүйд яаж тусах нь мэдээж.

Тэрбээр Оскарын шагнал гардахдаа эхнэртээ амьдралаараа өртэй тухайгаа хэлсэн бол "Алтан бөмбөрцөг" наадмаас Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг гардахдаа "Амьдралынхаа хамгийн чухал хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Надад итгэхээ хэзээ ч болиогүй цорын ганц хүн бол миний эхнэр Echо. Би чамд чин сэтгэлээсээ хайртай" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top