Индонезийн Дорнод Калимантаны ширэнгэн ойд Индонезийн шинэ нийслэл болох Нусантра хотын барилга, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.
Тус улсын эрх баригчдын мэдэгдсэнээр, шинэ хот байгаль орчныг тэргүүн зэрэгт тавьсан экологийн цэвэр хот болно. Хэмжээгээрээ Нусантра Нью Йорк хотоос хоёр дахин том байх аж. Нусантра хотод олон тооны цэцэрлэгт хүрээлэн, баян бүрд байгуулна. Хотын барилгууд эрчим хүчний хэмнэлттэй байх бол эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөжээ.
Нийслэлээ Жакарта хотоос Нусантрад шилжүүлэх шийдвэрийг хэд хэдэн шалтгаанаар гаргажээ. Хүн амын хэт төвлөрөлт, дэд бүтэц, экологийн асуудал ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн байна. Түүнчлэн, Жакарта хотод хөрсний эвдрэл үүссэний улмаас тус хот жилд 25 см хурдаар усан дор орж байна. Эрдэмтдийн үзэж байгаар, ойрын 20-30 жилд Жакарта хотын тэн хагас усанд автах аж.
Индонезийн эрх баригчид нийслэл хотыг Ява арлаас Калимантан арал руу нүүлгэснээр тус улсын баруун болон зүүн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангана хэмээн үзэж байна.
Нусантра хотын бүтээн байгуулалт өнгөрсөн онд эхэлсэн. Одоогоор шинэ хотын бүтээн байгуулалтын ажилд долоон мянга гаруй хүн ажиллаж байна. Хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 14 хувьтай явж байгаа ба одоогоор төв замуудыг бариад байна. Ерөнхийлөгчийн ордон болон бусад гол барилгуудыг 2024 оны намар гэхэд барьж дуусгахаар төлөвлөж байна.
Ирэх оны наймдугаар сарын 17-нд буюу Индонезийн Тусгаар тогтнолын өдөр Нусантра хотын албан ёсны нээлт болно.
Сэтгэгдэл ( 2 )
Шинэ хархорумаа баринаа бид
Утаанбаатар удахгүй нүүнэ. Уух усгүй хүчээр нүүхээс аргагүй