Ерөнхийлөгчийн санаачилсан “Цаг гаргая” Үндэсний аян эхэллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 03

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Цаг гаргая” биеийн тамирын үндэсний аян өнөөдөр улс орон даяар нээлтээ хийлээ.

Энэхүү аян нь Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөн, Биеийн тамир, спортын тухай хууль, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маяг бүхий иргэн, гэр бүлийг дэмжих, биеийн тамир, спортоор хичээллэх ач холбогдлыг ойлгуулах зорилготой юм.
 


"ЦАГ ГАРГАЯ" үндэсний аян улсын хэмжээнд 2023 оны дөрөвдүгээр сарын 3-наас зургаадугаар сарын 23 хүртэл үргэлжилнэ. 
 


Аяны нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Болд, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ-ны даргын үүргийг түр гүйцэтгэгч О.Баттулга болон спорт холбоодын төлөөлөл оролцлоо.
 


Аяны үеэр,
 

  • Гэр бүл, хамт олонд эерэг хандлагыг бий болгох, уриалга гаргаж, ярилцлага, уулзалт зохион байгуулах
     
  • Биеийн тамир, спортын танхим, талбай өглөө 06.00-08.00 цагт иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх
     
  • Албан газар, байгууллагууд ажилтнуудынхаа дунд биеийн тамираар хичээллэх бололцоо бүрдүүлж, тэмцээн уралдаан зохион байгуулах
     
  • Спортын нээлттэй өдөрлөг зохион байгуулах
     
  • Биеийн тамир, спортын ач холбогдлыг цахимаар сурталчлах зэрэг олон арга хэмжээ болно.
     


Мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит сорилын аян, гүйлт, алхалт, йог, гимнастик, дугуй, гийр өргөлт, нийтийн бүжиг, шугаман бүжиг, фитнесс, спинингийн тэмцээнүүд болно.  
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top