Эрчим хүчний үнэ тарифын нөхцөл байдал нь зах зээл дэх үнийн өсөлтийг гүйцэхгүй байна гэв

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 30

УИХ-ын өнгөрсөн баасан /2023.04.28/ гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас “Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” ирүүлсэн асуулгад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариулт өгсөн.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Монгол Улс баруун, төв, өмнөд болон дорнод бүс, Алтай– Улиастайн гэсэн 5 эрчим хүчний системтэй. Нийт 330 гаруй сум, суурин газруудыг  төвлөрсөн эрчим хүчний системээс хангаж, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг нөөц боломжийнхоо хүрээнд бүрдүүлэн ажиллаж байна. Эрчим хүчний салбар 2022-2023 оны өвлийн их ачаалалд бүх станцуудын 63 зуух, 42 турбоагрегат гэсэн үндсэн тоноглолууд ажиллаж, системийн хэмжээний нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглаж, нөөц тоноглолгүй ажилласан.

Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1387 МВт хүрсэн бол 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1462 МВт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 102 МВт-аар нэмэгдсэн. Энэхүү ачааллыг хангахын тулд импортын эрчим хүчний хэмжээ 166 МВт-аар өссөн ба 50 хүртэл МВт ачааллыг хэрэглээний оргил цагт хязгаарлаж ажилласан.   

Монгол Улсын хэмжээнд 2022 оны гүйцэтгэлээр 10.3 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 9.3 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг түгээсэн. Нийт түгээсэн цахилгаан эрчим хүчний 79.3 хувийг дотоодын эх үүсвэрүүдээс, 20.7 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр тус тус хангалаа гээд  эрчим хүчний хэрэгцээг хэрхэн хангаж буй  эх үүсвэрүүдийг танилцуулав. 

Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын 89 МВт-ын өргөтгөл шинэчлэлт, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 МВт-аар өргөтгөлийн төслүүд дуусч, ашиглалтад орсон нь энэхүү хэрэглээний өсөлтийг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.  2022 онд 2,14 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг импортоор авсан ба 32.5 хувийг ОХУ-аас, 67.5 хувийг БНХАУ-аас авч, импортын эрчим хүчний хэмжээ өмнөх оноос 15-аар өссөн байна.

Эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг эх үүсвэрийн бүтцээр нь авч үзвэл 90.9 хувийг дулааны цахилгаан станцууд, 9.07 хувийг нар, салхи, усны эх үүсвэрүүд, 0.03 хувийг дизель эх үүсвэр тус тус үйлдвэрлэсэн байна. Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хангамжийн нөхцөл байдлаас гадна дулааны хангамжийн хүндрэлтэй байдал тулгамдсан асуудал болсон байна гэв.

Мөн тэрбээр, энэ салбарт хэрэглээний өсөлтөө үйлдвэрлэл нь гүйцэхгүй байгаа хүндрэлийн гол шалтгаан нь эрчим хүчний үнэ тарифын нөхцөл байдал нь зах зээл дэх үнийн өсөлтийг гүйцэхгүй, салбар өөртөө хөрөнгө оруулалт оруулах нөхцөл бүрдэхгүй байгааг хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top