“Hublot” брэнд кофены капсулаар хийсэн цаг гаргав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 13

Швейцарын алдарт “Hublot” тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч компани “Nespresso” компанитай хамтран кофены хуванцар капсулаар хийсэн цаг танилцуулав.

“Big Bang Unico Nespresso Origin” механик цаг тод ногоон өнгөтэй. “Механик цаг нь дэлхий дээр хамгийн удаан эдэлгээтэй, бөх бүтээгдэхүүн. Экологийг хамгаалах чиглэлд бид шинэ арга зам эрэлхийлж, эх дэлхийгээ хамгаалахын тулд түүхий эдийг дахин ашиглах тал дээр бодох учиртай” хэмээн “Hublot” компанийн гүйцэтгэх захирал Рикардо Гуадалупе мэдэгджээ. Дахин боловсруулсан материалаар хийсэн цаг нь жинхэнэ тансаг бүтээгдэхүүн гэдэг нь түүхий эдийг дахин боловсруулж, хэрэглэх явдал гэдэг санааг илэрхийлнэ хэмээн тус компани үзэж байна.

Цагны 42 мм тойрог бүхий их биеийг “Nespresso” кофены хэрэглэсэн капсулаас гаргаж авсан хөнгөн цагааныг дахин боловсруулах замаар бүтээжээ. Цагны оосрыг мөн л Тайванийн “SingTex” үйлдвэрийн хоёрдогч түүхий эдээр хийжээ. Оосор нь 95 хувийн дахин боловсруулсан полиэстер бол таван хувь нь нунтагласан кофе юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top