Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Европ дахь айлчлалынхаа хүрээнд Лондонд Их Британийн Ерөнхий сайд Риши Сунактай уулзлаа. Үүнээс өмнө Зеленский Итали, Герман, Францад айлчилсан. Лондонд Зеленськийтэй уулзах үеэрээ Риши Сунак Их Британийн Киевт үзүүлэх цэргийн тусламжийн шинэ багцын талаар ярьсан байна.
Лондон Киевийн дэглэмд олон тооны агаарын довтолгооноос хамгаалах пуужин, нисгэгчгүй агаарын нэмэлт систем, түүний дотор алсын тусгалт (200 гаруй км) олон зуун шинэ цохилт өгөх нисгэгчгүй онгоц нийлүүлнэ гэж амласан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Зеленський ийм байдлаар Европын холбоотнуудаасаа нэмэлт цэргийн тусламж авахыг оролдож байгаа аж.
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунакийн ажлын албанаас “Украин улс Оросын түрэмгийллийн эсрэг эсэргүүцлээ нэмэгдүүлэхээр бэлтгэж байгаа энэ үед зэвсгийн нийлүүлэлт нь ирэх саруудад хийгдэнэ” гэж мэдэгдсэн байна. Ирэх саруудад Украин улс Оросын хүчнийг эсэргүүцэх цэргийн хүчин чармайлтаа эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа тул эдгээр тусламж тус улсад дэмжлэг болохыг дээрх мэдэгдэлд онцолсон байна.
Үүнээс гадна Их Британийн эрх баригчид энэ зун Украины нисгэгчдийг нислэгийн үндсэн курст хамруулж сургах бодолтой байгаа гэнэ. Үүний тулд Их Британийн нисгэгчдийн сургалтын хөтөлбөрийг тохируулах аж. Үүний зорилго нь Украины нисгэгчдэд янз бүрийн төрлийн нисэх онгоцтой харьцах ур чадварыг олгох явдал юм. Энэхүү сургалт нь Украинд илүүд үздэг “F-16” сөнөөгч онгоцыг нийлүүлэх асуудлаар Их Британи бусад улстай хамтран ажиллаж байгаатай холбоотой гэж шинжээчид дүгнэсэн байна. Мөн Украин улс байлдааны эрчимтэй үйл ажиллагаанд бэлтгэж байгааг онцолжээ.
Тэгвэл Лондоны төлөвлөгөөний талаар Москвагийн зүгээс “Их Британи Украиныг зэвсгээр шахаж буй орнуудын тэргүүн эгнээнд байдаг. Энэ нь цэргийн тусгай ажиллагааны үйл явцад ямар ч чухал, үндсэн нөлөө үзүүлж чадахгүй гэдгийг бид дахин хэлье. Гэхдээ мэдээжийн хэрэг энэ нь цаашдын харилцааны сүйрэлд хүргэнэ. Цаашид хариу арга хэмжээ авахад хүргэнэ. Украины хувьд энэ түүх нь илүү хэцүү болж байна гэсэн үг” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков онцлон тэмдэглэв.
Украины Ерөнхийлөгч Их Британийн Ерөнхий сайд Риши Сунактай хэлэлцээ хийсэн тухайгаа Телеграм хуудсаараа дамжуулан Их Британи бол Украины Зэвсэгт хүчний чадавхыг газар болон тэнгэрт өргөжүүлэх тал дээр “удирдагч” гэдгийг онцолсон юм.
Ром - Берлин - Парис
Сануулахад, В.Зеленськийн Европ дахь айлчлал Италиас эхэлж, Украинд нэмэлт зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлэх талаар тохиролцож чадсан.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський “Хатагтай Ерөнхий сайд Жоржа Мелони бид нар хамтарсан батлан хамгаалах шинэ алхмыг хүлээн зөвшөөрч байна. Тэнгэрийг хамгаалахын тулд бид хамтдаа хийж чадах сайн зүйлс бий. Дэлхийгээ хамгаалахын тулд бидэнд хамтдаа хийх сайн зүйлс бий. Зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах системийн талаар бид тохиролцсон” гэж украинчуудад хандан хэлсэн үгэндээ дурджээ.
Үүний дараа Украины Ерөнхийлөгч ХБНГУ-д очиж, Германы канцлер Олаф Шольц Киевийн дэглэмд цэргийн дэмжлэг үзүүлэх зорилгоор дахин 11 тэрбум евро илгээнэ гэж амлав. Энэ тухай Украины удирдагчийн Берлинд хийсэн айлчлалын дараа цахим хуудсанд нийтэлсэн Украин, Германы хамтарсан тунхагт дурджээ. Тунхагт “Герман улс Украинд цэргийн тусламжаа үргэлжлүүлэхийн тулд 2023 он болон түүнээс хойшхи хугацаанд нийтдээ 11 тэрбум гаруй евро нөөцөлсөн. Герман улс цэргийн шинэ техник хэрэгслийн тусгай багцаар хангах замаар батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэхэд нь Украинд дэмжлэг үзүүлсээр байх болно” гэж өгүүлсэн байна.
В.Зеленський Украины Зэвсэгт хүчинд үзүүлэх дээрх тусламжийн багцыг цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойшхи хамгийн том тусламж гэж нэрлэв. Гэсэн хэдий ч энэ нь Киевт хангалтгүй байсан бололтой. Украины удирдагч Германы канцлертай хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Украинд сөнөөгч онгоц нийлүүлэх тухай ярьсан билээ.
Тэрбээр “Одоо бид сөнөөгч онгоцнуудын эвсэл байгуулахаар ажиллаж байгаа. Миний Европын нийслэлд хийсэн айлчлалын нэг хэсэг нь яг үүнд чиглэж байна. Бид амжилтанд хүрнэ гэж бодож байна” гээд энэ асуудлыг О.Шольцтой үргэлжлүүлэн ярилцаж, ялангуяа Германы эрх баригчдад Украиныг дэмжихийг уриалах болно гэж нэмж хэлсэн байна.
Үүнээс гадна ХБНГУ-ын Засгийн газрын гишүүдтэй канцлерынх нь оролцоотойгоор хэлэлцээ хийх үеэрээ Украины удирдагч Киевийн дэглэмд зэвсэг нийлүүлэхэд тавьсан бүх хязгаарлалтыг цуцлахыг уриалжээ.
Дараа нь Зеленський Франц руу явсан. Тэрбээр явахынхаа өмнө Парист айлчлах бүрд Украины хамгаалалт, довтолгооны хүчин чадал нэмэгдэж байгааг тэмдэглэжээ. Зеленський Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзсаны дараа Елисейн ордны хэвлэлийн алба хоёр удирдагчийн хамтарсан мэдэгдлийг гаргаж “Парис Украины Зэвсэгт хүчний хэд хэдэн батальоныг олон арван дугуйт танкаар хангана” гэж мэдэгдсэн байна.
Мөн тус мэдэгдэлд “Мөргөлдөөн эхэлснээс хойш Украинд өөрийгөө хамгаалах боломжийг олгохын тулд Францын үзүүлж буй цэргийн тусламж одоог хүртэл хийгдэж байна. Батлан хамгаалахын тулд Украины хамгийн яаралтай бөгөөд тулгамдсан хэрэгцээг харгалзан шинэ хангамжийг бэлтгэж байна. Франц улс бүх салбарт шаардлагатай хэмжээний санхүүжилтийг бүрэн хангахыг эрмэлздэг. Ирэх долоо хоногт Франц хэд хэдэн батальонд сургалт явуулж, “AMX-10C” зэрэг олон арван хуягт машин, хөнгөн танкаар тоноглох болно” гэж дурджээ.
“Ээлжит шоу”
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар В.Зеленськийн Европ дахь айлчлалын гол зорилго нь Европын тэргүүлэгч орнууд дахь холбоотнуудаасаа нэмэлт цэргийн тусламжийг авах явдал аж.
В.Зеленський сүүлийн саруудад дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг өөртөө татах гэсэн оролдлого нь хүссэн үр дүнд хүрээгүй тул дахин шоу зохион байгуулахаар шийджээ. Европын нийслэлд хийсэн айлчлал нь Европын холбооны гол орнуудыг Киевийн дэглэмд дараагийн тусламжийг хуваарилахад өдөөх зорилготой гэнэ.
Украины Ерөнхийлөгч Европын нийслэлд ирэхэд Европын орнуудын удирдагчид Киевт зэвсгийн хувьд ямар нэгэн зүйл өгөх ёстой. Хэрэв ямар нэгэн үйлдэл хийхгүй бол энэ нь Киевийн дэглэм болон түүний ивээн тэтгэгч Вашингтонд үнэнч бус байдлын дохио болно гэж шинжээчид тайлбарлажээ.
Түүнчлэн Лондон, Парис, Берлин, Ромоос Киевийн дэглэмд үзүүлсэн цэргийн тусламжийг дутуу үнэлж болохгүй гэдэгтэй шинжээчид санал нэг байгаа аж. Жишээ нь, Их Британи, Германы зэвсгийн нийлүүлэлт нэлээд ноцтой юм. Итали, Францын эрх баригчдын оруулсан хувь нэмэр тийм ч их биш, гэхдээ энэ нь мөргөлдөөнийг хурцатгаж, сунжруулахад нөлөөлж байгаа аж.
Зеленський өмнө нь айлчилж, дараагийн зэвсгийн багцаа зарлаад байсан Их Британи, Франц, Герман, Итали улс Киевийн дэглэмийн “терроризмыг” ивээн тэтгэгчид гэгдэж буй. Украины Зэвсэгт хүчнийг Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх боломжтой нөөцөөр хангахын тулд алсын тусгалтай зэвсгийг нийлүүлж байгаа тэд зарцуулсан хөрөнгийнхөө талаар Баруунд тайлагнана. Киев Оросын эсрэг томоохон хэмжээний цэргийн ажиллагаа явуулах бэлтгэл ажлын хүрээнд энэ нь дэмий хоосон хийгдсэн зүйл биш аж.
Оросын шинжээчид Украины удирдагчийн Европт хийсэн айлчлалын тухайд “Украины удирдагч цэргийн нэмэлт дэмжлэг авахын тулд Европ дахь түншүүдээ биечлэн тойрох шаардлагатай болсон нь бага зэрэг PR кампанит ажил юм” гэж дүгнэжээ. Тэдний дүгнэлтээр, нэгдүгээрт, Зеленський бол улстөрч биш, харин хүлээн зөвшөөрүүлэхийг шаардаж буй жүжигчин тул олны анхаарлын төвд байх нь түүний хувьд маш чухал аж. Үүнээс гадна ийм “аялал” нь Украины суртал ухуулгад тустай гэв. В.Зеленскийн Европын аяллын зорилго нь зэвсэг гуйхаас гадна Украиныг мартуулахгүй байх, жүжгийг халуун хэвээр байлгах явдал гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )