Илья Колмановский биологийн ухааны доктор /PhD/, шинжлэх ухааны сэтгүүлч, “Сохор номин” подкастын хөтлөгч, аялагч. Түүнийг төрсөн эх оронд нь /ОХУ/ гаднын агент гэдэг. Тэрбээр эрдэмтдийн сүүлийн үеийн ололт, амжилт, шинжлэх ухаан бизнесийн үйл явцыг хэрхэн зохицуулж, Нобелийн шагнал хүртсэн сонирхолтой нээлтүүдийн тухай ярих дуртай. Колмановский “Шинжлэх ухааны нээлтүүд-2020”, “Яагаад шувуу унадаггүй вэ?”, “Лийр хэрхэн тархинд хүрдэг вэ?” зэрэг хэд хэдэн сонирхолтой ном бичжээ. Түүнийг Британийн Хааны хүрээлэнгийн дэргэдэх Фарадейн музейд лекц уншихаар Лондонд ирсэн үед ВВС агентлаг ярилцлага авсныг хөрвүүлэн хүргэж байна. Ярилцлагадаа Илья Колмановский хүний хувьсал ямар түвшинд хүрсэн, зогссон уу, хиймэл оюун ухааны аюул зэрэг сэдвийг хөнджээ.
ВВС: Саяхны нэгэн ярилцлагадаа та хүн Дарвинд ямар ч өргүй, бидний биологийн хувьсал хэдийн зогссон гэж ярьсан байсан. Энэ үнэхээр тийм үү?
Илья Колмановский: Тийм шүү. Бид хувьслын механикийн үзэл баримтлалыг санал болгосон Дарвины эх оронд байна. Би таны урмыг хэр их хугалахыг мэдэхгүй байна. Гэхдээ бид бүгд хүссэнээрээ спортоор хичээллэж, эрүүл эсвэл буруу хооллож, гаднын хэл сурч, мэдээлэл цуглуулсан ч дараагийн үед юу ч мэдэхгүй нялх хүүхэд л төрдөг. Учир нь олдмол шинж чанар өвлөгддөггүй. Зөвхөн хоёр нөхцөл хосолсон үед л биологийн хувьсал явдаг. Энэ нь санамсаргүй мутац болон байгалийн шалгарал юм.
Шалгарлын үйл явцын үед гарах ихэнх өөрчлөлтүүд санамсаргүй, хэрэггүй эсвэл хортой байдаг хэдий ч бидэнд хэрэгтэй өөрчлөлтүүд гарах боломж бас бий. Тэр үед л хувьсал, өөрчлөлт гарна. Харин сүүлийн 100 мянган жилээс хойш эл хувьсал, өөрчлөлт бидэнд гарахаа больсон. Хүн төрөлхтөн үргэлж л байгалийн хүч болон балмад устгалд өртсөөр ирсэн. Хамгийн сүүлд гэхэд 100 мянган жилийн өмнө энэ нь тохиосон. Тэр үед бид “лонхны хоолой”-оор гарч байсан.
Бид Дарвинд ямар ч өргүй гэдэг нь хүн бол соёлт амьтан гэдэг санааг хэлж байгаа юм. Бид соёл иргэншлийг бүтээсэн. Бид амьд үлдэх боломжийг өөрсдөдөө бүтээсэн. Энэ бол сайн мэдээ. Суут санааны тухай тусад нь ярих учиртай.
Эгэл бус хүн хэрхэн, яагаад ховор буюу нэг саяд нэг төрдөг вэ гэсэн асуулт биологичдын анхаарлыг татсаар ирсэн. Энэ ямар үзэгдэл вэ? Яагаад вэ? Мутант уу? Тэдгээр нь маш ер бусын хүмүүс үү?
Гэхдээ тэд ийм ховор төрдөг ч харин бид найман тэрбум гэж бодвол өнөөдөр түүхэнд хэзээ ч байгаагүйгээр олон суутан нэгэн зэрэг амьдарч байна гэсэн энгийн тооцоол гарна. Байгальд тэд хэзээ ч тэсэж амьд үлдэж чадахгүй байх байсан. За бид ч мөн адил амьд гарахгүй л байсан байх. Бид чинь байгалийн шалгарлын асар их дарамт олон мянган жилийн турш үгүй болсон тэр үйл явцын бүтээгдэхүүн юм.
ВВС: Энэ нь бидний хувьд ямар ач холбогдолтой вэ? Өнөөдөр маш олон хүүхэд агт араагүй төрдөг болсныг судалгаа харуулсан. Агт араа шүд бидэнд хэрэггүй болсон юм уу? Тэр бүү хэл шүдний эмч нар агт араагаа авхуулахыг зөвлөдөг болсон. Бидний хувьд биологийн хувьсал зогссон нь ямар үр нөлөө авчрах вэ? Техникийн хувьд бид киборг болох чиглэлд явж байгаа юу? Үүнд хиймэл оюун ухааны оролцоо бий юу, тэр бидэнд өөрсдийнхөө шинэ хувилбар болоход туслах уу?
Илья Колмановский: Энэ бол сонголтын асуудал. Өөр юу гэх үү? Хүн төрөлхтөн ямар ч асуудлаар ямар нэгэн нэгдмэл стратеги боловсруулах чадваргүй гэдэгт би итгэлтэй байдаг.
ВВС: Бид ер нь үүнийг хянадаг уу?
Илья Колмановский: Үгүй. Хүн төрөлхтнийг технологийн эрчимтэй дэвшил хийх чадвар нь ялгаруулдаг. Аль ч үед суут ухаантнууд хүний амьдралыг хэрхэн илүү сайхан, үр бүтээлтэй, өвчингүй болгох тал дээр ухаанаа уралдуулж ирсэн. Хүчирхийллийг хэрхэн бууруулах, бидэнд өөрсдийгөө хөгжүүлэхэд саад болж буй тэр бүх зүйлийн тоог хэрхэн бууруулах вэ гэж. Үүнтэй зэрэгцэн хүмүүст ямар нэгэн шийдвэрийг хамтран гаргах чадвар хэзээ ч байгаагүй.
ВВС: Ямар хувилбар байгаа вэ? Хүн амын тоог энэ удаад хэрхэн зохицуулах бол?
Илья Колмановский: Энэ бол энгийн. Бид давлагаалан устаж үгүй болно. Тэгэхдээ бүр хурдан хугацаанд. Энэ дүгнэлтийг анх магадлалын онолын салбарын шинжээч Мальтус хийж байсан. XVIII зуунд тэр магадлалыг тооцоолж байхдаа хүмүүс үржсээр байх бол тариалангийн талбайн нөөц хурдан дуусаж, бүх хүнсийг идэж дууссанаар өлбөрч үхнэ гэсэн санааг дэвшүүлж байсан. Гэхдээ тэр соёл иргэншил бий болсон газарт төрөлт багасаж эхэлдгийг тооцоолоогүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үнэлгээгээр, 20-40 жилийн дараа бид тэр түвшинд тулж ирнэ. Тэр үед бид өсөхөө больж, хөгширч эхэлнэ. Энэ утгаараа надаас залуу хүмүүс хүн амын хэт өсөлтийн талаар биш харин над шиг хүмүүсийг хэрхэн тэжээх талаар санаагаа чилээх ёстой. Тэд тэтгэврийн санг хэрхэн санхүүжүүлэх вэ?
ВВС: Олон улсын өвчний ангилалд хөгшрөлтийг оруулна гэсэн одоогоор батлагдаагүй мэдээлэл явж байгаа. Ингэхгүй ч гэсэн биологи, анагаах ухааны үүднээс нэгэн цагт хөгшрөлтийг эмчлэх ёстой эмгэг хэмээн хүлээн зөвшөөрөх тэр чигт бид явж байгаа гэж хэлж болох уу?
Илья Колмановский: Маш романтик бодол байна. Жишээ нь ялаа гэхэд гурван долоо хоног, нохой 12 жил, сармагчин 30 жил амьдардаг. Магадгүй тухайн төрөл зүйлийн үе солигдох мөчлөгийг кодолсон ген байдаг байх. Учир нь төрөл зүйл бүрд асар их мутац хуримтлагдахаас сэргийлэх үүднээс үе солигдох нь ашигтай. Хэт өндөр настай хүн амьдрах хугацаандаа маш олон мутац хуримтлуулж, залуусын алтан үеэс хумсалж, нөөц баялгийн төлөө өөрсдийнхөө үр удамтай өрсөлдөхгүйн тулд намайг зүгээр л үгүй хийдэг ямар нэгэн механизм генд бичигдсэн байдаг байх. Энэ бол самурай маягийн таамаг. Би генийхээ хуулбарыг тээгчдийн сайн сайхны төлөө өөрөө өөрийгөө хөнөөж байна гэсэн үг.
ВВС: Өөрөөр хэлбэл бид эрүүл мэнддээ анхаарч, амьдрах насаа уртасгаж байгаа нь өөрөө өөртэйгөө тэмцэлдэж байна гэсэн үг үү?
Илья Колмановский: Биологийн хувьсал зогссон гэдгийг мэдэхгүй хүн л ингэж хэлэх байсан байх. Гэвч! Хувьсал явагдаж байсан тэр нэгэн цагт хөгшрөлтийн ийм механизмтай байх нь бидэнд ашигтай байсан. Энэ бол хувиа хичээсэн гений санаа. Генд миний хувийн амьдрал огт хамаагүй гэсэн санаа. Генд миний биеийг тодорхой хэмжээнд хүртэл өсгөж, өөрсдийнх нь хуулбарыг сайн үржүүлэн тараах нь чухал. Генд мөн намайг үгүй хийх чадвартай байх нь чухал. Эс бөгөөс би тэр гений хуулбартай өрсөлдөж эхэлнэ. Өөрөөр хэлбэл энэ унтраагуурын үүрэг генд бичигдсэн байна гэсэн үг. Хэрэв бид тэр генийг олох юм бол түүнийг унтрааж, илүү урт насалж, илүү удаан хугацаанд эрүүл байх боломжтой юм. Гэхдээ энэ таамгийг дэмжигчид улам бүр цөөрч байгаа. Бүх учир үүнээс тэс өөр байхыг үгүйсгэх аргагүй. Харин хөгшрөлтийн төв механизм хэзээ ч олдохгүй гэсэн магадлал өндөр. Учир нь ийм механизм зүгээр л байдаггүй. Энэ үзэл санааг дэмжигчид олон байдаг.
Бид залуужих шидэт хандыг хэзээ ч олж чадахгүй, хэзээ ч 200 жил насалж чадахгүй байж магад. Гэхдээ эмч эцэг, эхтэй хүний хувьд бага ч гэсэн ялалт, амжилтууд миний анхаарлыг татсаар ирсэн. Би амьдарч буй энэ цаг үед нөхцөл байдал гайхамшигтай өөрчлөгдөж байгааг харж байсан. Стент, статин эм зүрх, судасны өвчтэй хүмүүсийн насыг уртасгаж буйг харж байна. Үүний сацуу маш олон төрлийн хорт хавдрыг эмчлэх боломж гарч ирж буйг мөн харж байна. Нийгмийн эрүүл мэндэд чухал амжилт, дэвшил гарч байна. Тухайлбал, хорт хавдрыг эрт үед нь оношилж, олон төрлийн хорт хавдрыг эмчилж сурсан. Үнэхээр гайхалтай.
Энэ утгаараа хүн төрөлхтөн Альцхаймерын өвчнийг хэзээ, хэрхэн эмчилж, хорт хавдрыг бүрэн ялж, эд эрхтэн ургуулан, хүнийг үхсэнийхээ дараа эд эрхтнээ хандивладаг болгох зэрэг асуудал миний сонирхлыг илүү татдаг.
ВВС: Бүтээлч хиймэл оюун ухаан гарч ирснээр технологи зөвхөн механик ажил төдийгүй оюуны хөдөлмөрийг бидний өмнөөс хийдэг болсон. Энэ тохиолдолд юу хүнийг хүн болгож байна вэ?
Илья Колмановский: Энэ бол маш чухал асуулт. Бидэнд ямар хувь оногдож байна вэ? Бидэнд хүн байх хувь л оногдож байна. Бидэнд хийж чадах зүйлээ л хийх үлдэж байна. Илүү сайн хийж чаддаг зүйл гэвэл зөв байх. Тэгвэл “тэр нь юу вэ?” гэсэн асуулт гарч ирнэ.
Хүн байх нь энэ ертөнцөд “цэвэр цаас” шиг ирж, маш богино хугацаанд бидний үл мэдэх аргаар маш олон зүйлийг сурч, нэг л тархинд багтаах боломж юм. Хоёрт, бид уйдаж чаддаг. Ямар нэг зүйлийг санаж, шинэ хязгаарын эрэлд цааш явах тухай ойлголт юм. Энэ утгаараа “хамгийн хүний” гэсэн зүйл бол загварын хувьсал, банзлын урт юм.
ВВС: Тэгвэл яагаад ихэнх хүмүүс хиймэл оюун ухаанаас тэгтлээ их айна вэ?
Илья Колмановский: Шинэ бүхнээс айдаг шиг л байх. Ямар нэгэн том, шинэлэг зүйл гарч ирэхэд байгалийн хариу үйлдэл төрж байдаг. Ямар ч хэрэгсэл хоёр талтай байдаг. Тэр хэрэгсэл хүчтэй байх тусам нөгөө тал нь бас хүчтэй байдаг. Хиймэл оюун ухаан бидний бүтээмжийг ихээхэн нэмэгдүүлэх, эрүүл мэндийг сайжруулах ёстой. Бид илүү ухаантай болж, дэлхий ертөнцийн талаар илүү ихийг мэдэх болно. Эсвэл бид улам тэнэг, улам залхуу, улам хараат болно. Ийм ирээдүй биднийг айлгах нь мэдээж хэрэг. Энэ чинь туйлын энгийн, жам ёсны асуудал юм.
Сэтгэгдэл ( 2 )
Ийм хэрэггүй юм унших гэж, хайран цаг боллоо.
Nice!. Эх үүсвэрийн х нь линк ийг тавина уу