“Мэргэжлийн редакциуд сонгогчийн боловсролд эерэгээр нөлөөлдөг”

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 03 сарын 21

 

Тойргоо томсгож, холимог системээр явуулах энэ удаагийн сонгууль олон онцлогтой. Нэр дэвшигч том тойрогт сурталчилгааны хэдхэн хоногт багтаан өөрийгөө таниулахад хэцүү. Зардал мөнгөнөөс эхлээд уулзалт хийх, сурталчилгаа хийхэд төвөгтэй.

Энэ нь эмэгтэйчүүд, залуус, улс төрд орж ирж буй шинэ хүмүүст хатуу сонгууль боллоо гэлцэж буй. Нөгөө талаар техникийн дэвшлийг дагаад “сонгуулийн дажин” сошиалд өрнөдөг. Мэдээллийн үнэн, эсэхэд иргэд төөрөлддөг.

Тэгвэл хамгийн ул суурьтай мэдээллийг уламжлалт хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд хүргэж байдаг. Дэлхий нийт, НҮБ-аас ч гэсэн цахим орчинд тарж байгаа худал ташаа мэдээлэлтэй тэмцэх нэг гол субьект бол мэргэжлийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудын редакциуд, мэргэжлийн сэтгүүлчид гэдгийг онцолж байгаа юм. Тиймээс сэтгүүлчдэд оногдуулах үүрэг, хариуцлага алхам бүр тод болж байна гэдгийг судлаач, мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Энэ талаар холбогдох байгууллагууд, төлөөллийн байр суурийг хүргэе.


 

Г.Гүнжидмаа: Цахим орчин дахь ташаа мэдээлэлтэй тэмцэх  гол субъект нь мэргэжлийн редакциуд

 

-Хэвлэл, мэдээллийн зөвлөлд сонгууль, улс төртэй холбоотой ямар гомдлууд  ирдэг вэ?

-Сонгууль бол маш онцгой үе. Сэтгүүлзүй онцгой үүргээ гүйцэтгэх ёстой. Олон нийтэд тэнцвэртэй мэдээллийг хүргэх ёстой чухал үе нь. Гэвч бодит нөхцөл байдалд сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаа явуулах хүн хүч болоод нөөцийн хязгаарлагдмал нөхцөл байдалд шилждэг. Ихэвчлэн төлбөртэй мэдээллүүд цагийг нь дүүргэчихдэг. Олон нийтийн болоод сонгогчдын боловсролыг дэмжихэд  зориулсан нийтлэл, нэвтрүүлгийн цаг маш хомс  байдаг. Нийтлэл, нэвтрүүлэгт явах, бэлдэх сэтгүүлчийн хүрэлцээ хязгаарлагдмал болж эхэлдэг гээд олон хүчин зүйл байна. Тухайн сонгуулийн үеэр хэвлэл, мэдээллээр гарч байгаа мэдээллийн агуулгатай холбоотой мэдээллийг эрх нь зөрчигдсөн хүмүүс гаргахад цаг хугацааны хувьд бас хэцүү байдаг. 18-хан хоногт бүх үйл явц өрнөөд явж байгаа учраас тэр хүн гомдлоо гаргаж, буцаагаад нэр төрөө сэргээлгэхэд цаг хугацааны хувьд маш  хязгаарлагдмал. Гэсэн хэдий ч өнгөрсөн сонгуулиар Хэвлэл, мэдээллийн зөвлөлд цөөнгүй гомдол орж ирж байсан. Тэр нь голдуу улс төрийн намуудаас орж ирж байсан шууд дамжуулалт, хэвлэлийн бага хуралтай  холбоотой байсан.

-Нийтлэг алдаанаас редакциуд хэрхэн зайлсхийх вэ?

-Мэргэжлийн редакциуд цахим орчноос ялгарч, тодорч, ялангуяа манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай байна. Ялангуяа дэлхий нийтээрээ, НҮБ-аас ч гэсэн цахим орчинд тарж байгаа худал ташаа мэдээлэлтэй тэмцэх нэг гол субъект бол мэргэжлийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудын редакциуд юм, мэргэжлийн сэтгүүлчид юм гэж бас онцолж байна. Тиймээс сэтгүүлчдэд оногдуулах үүрэг, хариуцлага бол алхам бүр тод болж байна. Тэгэхээр редакциудыг мэргэжлийн гэдгээ илүү тодотгож харуулах, редакцийн бодлоготой байх, хэвлэл, мэдээллийн ёс зүйн дүрмээ ягштал мөрддөг байх, мэдээллийг нягтлан шалгах үйл ажиллагааг маш нямбай хийх, дээр нь ялангуяа сонгуулийн үеэр худал ташаа мэдээлэл маш их газар авдаг. Иймд нягтлан шалгах ажиллагааг давхар хийж, энэ үнэн, тэр нь худал гэдгийг редакциуд хэлж өгөх нь сонгогчийн мэдлэг боловсролд, сонголтод тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлнэ. Тэгэхээр мэргэжлийн байх талд анхаарах, дээр нь мэргэжлийн бус ёс зүйн нийтлэг гардаг алдаанууд, хүүхэдтэй, хувь хүнтэй, хохирогчтой хэрхэн яаж харилцахаас, олон талт эрх ашгийн маргааны үед тэнцвэртэй дундын байр суурьтай байх гэсэн бүх үндсэн зарчмуудаа мөрдөж ажиллаасай гэж бодож байна.Сошиалд байгаа жирийн иргэдийг худал ташаа мэдээллийг хуваалцахгүй, түгээхгүй байхад нь илүү мэдлэгжүүлж ажиллах шаардлагатай. Үүнд хэвлэл, мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо өндөр юм.

 

Д.Бат-Эрдэнэ: Сонгуулийн үеэр албан ёсны эх сурвалжаас нь мэдээлэл авдаг байгаасай

 

-СЕХ-ноос сонгуультай холбоотой ямар мэдээллийг сэтгүүлчдэд өгөхийг зорьж байна вэ?

-Энэ онд УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгуулиуд болно. Сонгуулийн хууль тогтоомжуудад  өөрчлөлт орсон. Мөн зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхийн бусад улс орны сонгуулийн байгууллагад тулгамдаж байгаа нэг асуудал нь цахим орчин дахь олон нийтийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр мэдээллийн эх сурвалжийг нягтлан шалгахгүйгээр энд тэнд түгээдэг, энэ нь эргээд сонгогчдын саналд нөлөөлдөг хүчин зүйл болсон. Иймээс үүнд сэтгүүлчдийн оролцоо маш чухал юм. Сонгуулийн үеэр мэдээллийг түгээхдээ албан ёсны эх сурвалжаас нь мэдээлэл авдаг байгаасай. Мэдээллээ авахдаа үнэн зөв авах хэрэгтэй. Дээрээс нь мэдээллийг бусдад түгээхдээ нягтлах шаардлагатай гэдгийг сэтгүүлчид  өөрсдөө хэрэгжүүлээд зогсохгүй сонгогчдод тайлбарлаж таниулаасай.

-Сонгуулийн үед худал мэдээлэл тараавал ямар хариуцлага тооцох вэ?

-2016 оноос хойш СЕХ бол нэгдсэн удирдлагаар хангаж, сонгуулийг зохион байгуулдаг төв байгууллага болсон. Зөрчил, гомдол, маргааныг шийддэг байгууллага биш. Сонгууль зохион байгуулах 31 төрийн байгууллага бий. Үүнээс ес нь сонгуультай холбоотой зөрчил, маргааныг хянан шалгадаг. Харилцаа холбооны зохицуулах хороо цахим орчинд сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлж байгаа харилцаанд хяналт тавьж оролцдог.

 

Т.Батболд: Хууль, журмыг зөрчсөн агуулгыг “Мета” шууд устгадаг

 

-Сонгуультай холбоотой цахимд тарсан ташаа мэдээллийг устгах боломж хомс байдаг. Энэ чиглэлд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Сонгуулийн сурталчилгаандаа нам, эвсэл, нэр дэвшигчид хиймэл оюуныг ашиглаж болно. Технологийн дэвшлийг ашиглах эрх нээлттэй. Гагцхүү “Хиймэл оюун ухаан ашиглан бүтээв” гэсэн шошгыг заавал тавих хэрэгтэй”. Бусад улсуудад ч энэ шаардлагыг тавьдаг жишиг бий. Ирэх сард “Мета” компанийн Сингапур дахь төлөөлөгчид Улаанбаатарт ирнэ. Өмнөх сонгуулийн сурталчилгааны үеэр бид тус компанитай хамтран ажиллаж, Ногоон суваг байгуулсан. Нүүр номд нийтэлсэн, нэр дэвшигчидтэй холбоотой худал, нэр төрд халдсан гэх мэт мэдээллийг шуурхай шалган тогтоох ажлыг энэ жил үргэлжлүүлнэ. Тус компанийн мөрддөг хэм хэмжээг зөрчсөн, манай улсын Сонгуулийн хууль болон бусад журмыг зөрчсөн агуулгыг “Мета” шууд устгадаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top