Бурхан болоочийг хүндлээд ЁС ЗҮЙТЭЙ БАЙГААЧ, улс төрийн намууд аа...

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 06 сарын 17

 

Өвөрхангайд  нутгийн иргэд “танай нам, манай нам” хэмээн  хоорондоо муудалцаж, нэг нь нөгөөгийнхөө аминд хүрсэн харамсалтай хэрэг гарлаа. 

126 гишүүнтэй парламентын  анхны сонгуулийн түүхийн  хуудас  хар толботой эхэлж байна. Амиа алдсан нь Өвөрхангай аймгийн Сант сум дахь АН-ын дарга байсан бол  нөгөө  этгээд нь МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн штабтай  гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байж.

Энэ даруйд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-ын төв байранд очиж эмгэнэл илэрхийлсэн. Улмаар Ардын нам нэр дэвшигчээ эргүүлэн татаж,  улс төрийн хариуцлага хүлээлгээд байна.

Үүнийг улс төрийн шинэ жишиг гэж ойлгож хүлээж авч буй нэгэн байхад хүний амь эрсэдсэн дээр  дөрөөлөн “Манай намын ялах боломж”, одоо л өрсөлдөгчөө дэвсэлье, унагаая хэмээн давшилж буй нэр дэвшигч, гишүүд АН-д  нэг  бус байна. Тухайлбал  нэр дэвшигч Ц.Уянга, АН-ын гишүүн Ц.Монголхүүгийн хамт  намын дарга Л.Гантөмөрт  энэ явдал АН-д ялах боломжийг авчирлаа, одоо л ашиглах хэрэгтэй гэсэн утгатай үг хэлж,  түүндээ бусдыг турхирч лайв хийж сошиалд цацав. Харин Л.Гантөмөр “Төрийн сонгууль явж байна, ярьж хэлэх үгээ бод, популизмаа зогсоо, лайв хийхээ боль. Чи нэр дэвшигч хүн шүү”  хэмээн анхааруулсан. Ингэж олон нийтийг өдөөн  турхирсан, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэргээр шоу хийж, оноо цуглуулах гэсэн оролдлого гарч байгаа нь өөрөө эмгэнэлтэй юм. 

Улс төрийн намууд ч, нэр бүхий нэр дэвшигчид ч хүний амь эрсэдсэнийг “ялах боломж” гэхээ боль, ядаж хүн чанартай байгаасай. Цаашлаад ийм үйлдлүүд нь сонгуулийг үймүүлэх, үймээн самуун дэгдээх, 2008 онд болсон долоодугаар сарын 1-ний хар үйл явдалд татан оролцуулах санаа зорилго агуулж байж болзошгүйг холбогдох байгууллагууд анхааралдаа аваасай. Ер нь бол Өвөрхангайд гарсан харамсалтай явдал нь улс төрийн намуудыг  хойшид ийм зүйл гаргуулахгүй байхын төлөө  нэгдэж хамтарч ажиллах ёстойг ухаарууллаа.

Нэр дэвшигчид, улс төрийн намууд  ухуулагч, гэрээт  ажилтан авч ажиллуулахдаа  судалгаатай хандах учиртайг харууллаа. Цаашлаад нэр дэвшигчдэд тавих шалгуурыг улам нарийсгах ёстой гэдэг нь харагдаж байна. Тэр ч бүү хэл, хэрэгт холбогдсон О-гийн эхнэр энэ үйл явдлыг улстөржүүлэхгүй байхыг хүсч байгаагаа цахим хуудсаараа уламжилсан нь талцал, хагарал бүү гараасай гэдэг үүднээс хийж буй мэдэгдэл болов уу.

Мэдээж,  амь эрсэдсэн болон энэ хэрэгт холбогдогч хэн хэнийх нь ар гэр, үр хүүхдэд хүнд тусаж буй. Монгол хүн хэнбугай ч  уг нь ийм зүйлд ёс төртэй ханддаг сан. Ёс зүйтэй байх сан даа, цөөхүүлээ шүү, монголчууд минь.

Top