АНУ-д оршин суудаг монголчууд нэгдсэн улсын нийт хүн амын 0.02%-ийг бүрдүүлж байна

2025 оны 11 сарын 20

Гадаад харилцааны яамны 2023 оны тооцооллоос үзэхэд Монгол Улсын нийт хүн амын 6.1% буюу 211.6 мянган иргэн хилийн чанадад оршин сууж байна. Үүнээс 43,430 иргэн АНУ-д оршин суудаг аж. Энэ нь хилийн чанадад амьдарч буй иргэдийн 20 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна. Америк дахь монголчуудын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа учир Америк дахь Монголчууд, Хойд Америкийн цахим өртөө холбоо ТББ  АНУ дахь хүй элгэний монголчуудын буюу монгол үндэстний аж байдал, санаа бодлын талаар санал асуулгын бичил судалгаа явуулсан байна.

 

 

Санал асуулгыг явуулахдаа судлаачдын боломж нөхцөлөөс хамаарч магадлалт бус түүврийн аргаар 2024 оны 9 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 15-ныг дуустал 2 сарын хугацаанд нийгмийн сүлжээнд нээлттэй байрлуулж 104 хүнээс асуулгадаа бүрэн хариултыг авсан. Асуулга нь Ерөнхий хэсэг, Монгол руу илгээдэг мөнгөн гуйвуулга, АНУ дахь монголчууд эх нутагтайгаа холбоо харилцаагаа хэрхэн хадгалдаг тухай, Сонгох, сонгогдох эрхийн тухай болон АНУ дахь монголчууд хоорондоо хэрхэн холбогддог тухай хэсгүүдээс бүрдэнэ. Судалгаанд дурдагдах аливаа дүгнэлт, дэвшүүлсэн санаа нь зөвхөн хувь судлаачдын байр суурийг илэрхийлэх бөгөөд Хойт Америкийн цахим өртөө холбоо ТББ-ын байр суурийг илэрхийлэхгүй. 

Монголчууд хэзээнээс Америкт зорчиж, сууршиж эхлэв?

Охайо мужийн Еллоу Спринг хотын Антиок коллежид суралцахаар 1922 онд ирж,1923 онд нутаг буцсан Чулуунгэрэлийн Хурлаатыг АНУ-д хөл тавьсан анхны Монгол хүн (Serge M. Wolff, 1945; Б.Энхцэцэг, 2020; М.Саруул-Эрдэнэ, 2024) гэж үзвэл түүнээс хойш даруй 103 жил өнгөрчээ. Ч.Хурлаатын дараа АНУ-д очсон дараагийн монголчуудын төлөөлөл бол 1946 оны 8 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Нью-Йорк хотод болсон Монгол Улс (хуучнаар БНМАУ)-ын НҮБ-д элсэх өргөдлийг хэлэлцэх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд ажиглагчаар томилогдон очоод буцсан албаны төлөөлөгчид болох Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Юмжаагийн Цэдэнбал, Гадаад явдлын яамны орлогч сайд Номттайширын Лхамсүрэн, хэлтсийн дарга Баярын Жаргалсайхан нар байв.

Дараа нь Хангины Гомбожав, Ононы Өргөнгөө, Дилав хутагт Башлуугийн Жамсранжав нар 1948-1949 онд АНУ-д хөл тавьсан нь байнга оршин суухаар очсон анхны монголчуудын төлөөлөл байсан юм. Дилав хутагтыг АНУ-д очсоноос хойш 3 жилийн дараа дэлхийн 2 дугаар дайн, түүнээс үүдэлтэй ЗХУ-ын хэлмэгдүүлэлтийн их хядлагаас дүрвэн очсон 571 халимаг (Ц.Баатар, 2000) ахан дүүс 1951-1952 оны хооронд Нью-Жерси мужийн Фрийвүүд Акресд (Needham, 1968) төвлөрч, улмаар тэндээ буддын сүм хийд байгуулж, сүмийнхээ тэргүүнээр Дилав хутагтыг өргөмжилж, угсаа гарвал-хүй элгэнээрээ ойртон амьдрах болсноор АНУ дахь монголчууд үнэт зүйлээрээ нэгдэх эхлэл тавигджээ.

Дээрх үйл явдлаас хойш 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр (Монголын цагаар 28-ны өдөр) Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэж дэлхий нийтэд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсний дараахан 11 дүгээр сарын 17-нд НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчийн газраа Нью-Йорк хотод нээж 12 хүний орон тоо бүхий нэгж ийг суулгахаар тогтсоны 64 дэх жилтэйгээ золгож байна.

АНУ-тай 1987 онд дипломат харилцаа тогтоож, улмаар АНУ-аас Монгол Улсад 1988 оны 4 дүгээр сарын 17-нд, Монгол Улсаас АНУ-д 1989 оны 3 дугаар сард Элчин сайдын яамдаа харилцан нээснээр хоёр талын харилцаа идэвхитэй хөгжиж эхлэсэн. Элчин сайдын яамдаа харилцан нээсний дараа Монгол Улсад 1990 оны Ардчилсан хувьсгал ялснаар улс үндсэн хууль соёрхон батлагдаж иргэд “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” болов.

АНУ дахь Монголчуудын тоо

Монголчууд 1992 оноос өмнө АНУ-д маш цөөн тоогоор, ингэхдээ төрийн хатуу хараа хяналт дор, албан ажлаар зорчдог байсан бол улс хоорондын харилцаа, хууль эрхзүй, техник технологи, хил гаалийн зохицуулалтад гарч буй дэвшлийн үрээр сүүлийн 30 гаруй жилд АНУ-д оршин суух монголчуудын тоо мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг статистикийн тоо баримтууд илтгэнэ.

АНУ-д хэдэн монгол хүн амьдардаг вэ?

- Монгол Улсын Үндэсний статистикийн хороо: Монгол Улсын хүн ам орон

сууцны 2020 оны тооллогоор АНУ-д 19,970 иргэн тоологдсон.

- Монгол Улсын Гадаад харилцааны яам: 2024 оны 11 дүгээр сарын байдлаар

“АНУ-д амьдарч буй монголчуудын тоо 43,510 байна. Харин хууль бусаар 10,000

гаруй иргэн оршин сууж байгаа гэсэн тойм тоо бий. Гэхдээ энэ нь багцаа тоо

бөгөөд хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоог нарийн гаргах

боломжгүй”.

- АНУ-ын Тооллогын товчоо:

-2023 оны 1-р улирлын байдлаар нийтдээ 51,954 (±7965) монгол (монгол гэж бүртгүүлсэн хүмүүс)-чууд АНУ-д оршин суудаг. Энэ  нь АНУ-ын нийт хүн амын 0.02%-ийг бүрдүүлж байна. АНУ-ын Тооллогын товчооны статистик мэдээллээс үзэхэд даян дэлхийн өнцөг булан бүрээс АНУ-д шилжин сууршсан монголчууд нийлээд 51,954 орчим байдаг аж. Үүнд: өөрсдийгөө монгол хэмээн бүртгүүлсэн бүх хүмүүс хамрагдсан гэж ойлгож болно. Үүнээс Монгол Улсаас очсон нь 43,510 орчим байна. Эдгээр нь зөвхөн бүртгэлтэй иргэдийн тоо юм. Монголоос шилжин сууршигчдын тоотой харьцуулбал Халимаг, Хятадын зарим бүс нутаг, дэлхийн бусад хэсгээс АНУ-д шилжин суурьсан монголчуудын тооны өсөлтийг харьцангуй бага буюу нийлээд 1000-аас хэтрэхгүй гэдгийг доктор Ц.Баатар 2000-аад оны үед хэвлүүлсэн нэгэн өгүүлэлдээ дурдсан байдаг. Тухайн үеийн тооцооллоор АНУ дахь нийт монголчуудын тоо ойролцоогоор 2000 орчим байв.

Албан ёсны эх сурвалж болох АНУ-ын Тооллогын товчооны цахим хаягт нийтлэгдсэн тоо баримтаас үзэхэд одоогоор Калифорни мужын Лос Анжелес, Аламеда, Иллиной мужийн Күүк дүүргүүдэд монголчууд хамгийн олноор оршин сууж байна.

Харин судалгаанд оролцогчдоос АНУ-ын аль мужид оршин суудаг тухай асуухад дийлэнх нь буюу 42.3% нь Калифорни мужид, 19.2% нь Иллиной мужид, 9.6% нь Виржиниа мужид оршин сууж байгаа бол Нью-Йорк, Индиана, Флорида, Вашингтон, Юта, Колорадо, Айова, Мэрилэнд, Пэнсилван, ДС, Техас, Арканза, Канзас, Монтана, Невада, Оклохама, Орегон мужуудад оршин суудаг Монголчуудын төлөөлөл нийлээд бусад 28.9%-ийг бүрдүүлж байв.

Судалгаанд оролцогчдоос аль мужид анх ирж байсан тухай асуухад оролцогчдын 34.6% нь Калифорни, 15.4% нь Иллиной, 11.5% нь Виржиниа, 6.7% нь Нью-Йорк мужид гэж хариулсан бол Индиана, Флорида, Вашингтон, Юта, Колорадо, Айова, Мэрилэнд, Пэнсилван, ДС, Техас, Арканза, Канзас, Монтана, Невада, Оклохама, Орегон мужид анх ирж байсан гэж хариулсан нь нийлээд бусад 31.8%-ийг бүрдүүлнэ. Эндээс дүгнэхэд судалгаанд хамрагдагсдын дийлэнх нь анх ирсэн муждаа суурших хандлагатай байдаг байна.

 

 

Өөрөөр хэлбэл, монголчуудын дийлэнх нь Калифорни, Иллинойс, Виржиния мужуудад анхлан ирж, дийлэнх нь мөн тэндээ сууршсан байна.

АНУ-ын аль мужид амьдарч, аялаж үзсэн тухай асуухад оролцогчид Виржиниагийн арлууд, Гуам, Умард Марианы арлууд, Америкийн Самоагаас бусад бүх мужид аялаж, амьдарч үзсэн гэж хариулсан нь монголчууд Америкийн өргөн уудам газар нутгийн өнцөг булан бүрт амьдарч, зорчдог болох нь харагдана. Хүйсийн хувьд судалгаанд оролцогчдын 63.5% нь эмэгтэй, 36.5% нь эрэгтэй байв. Насны бүлгийн хувьд 18-28 насныхан 8.7%, 29-39 насныхан 31.7%, 40-50 насныхан 39.4%, 51-ээс дээш насныхан 20.2%-ийг бүрдүүлж байв. Боловсролын түвшингээр нь авч үзвэл судалгаанд хамрагдагсдын 91.4% нь дээд боловсролтой, үүнээс 38.5% нь магистр, 6.7% нь докторын зэрэгтэй аж. Үлдсэн 8.7% нь бүрэнд дунд боловсролтой байгаагаас үзэхэд судалгаанд оролцогчдын боловсролын түвшин өндөр байна. Өөрөөр хэлбэл, нийт оролцогчдын 91.4% нь дээд боловсролтой байв. АНУ-д оршин сууж буй шалтгааныг тодруулахад нийт оролцогчдын 77.9% нь ажил хөдөлмөр эрхлэх гэж хариулсан бол 10.6% нь сурахын хажуугаар ажилладаг, 7.7% нь ажилгүй, тэтгэвэрт, гэртээ байдаг бол үлдсэн 5.8% нь зөвхөн суралцдаг гэжээ. Эрхлэж буй ажил, суралцаж буй чиглэлийг тодруулахад нийт оролцогчдоос 21.5% нь тээвэр, агуулахын салбарт, 15.4% нь эрүүл мэнд, нийгмийн хамгаалаллын салбарт, 11.5% нь төрийн бус байгууллагад, 7.7% нь боловсролын байгууллагад, 6.7% нь төрийн байгууллагад, 6.7% нь мэдээлэл технологийн салбарт ажилладаг гэсэн бол 5.8% нь барилгын салбарт, 4.8% нь үл хөдлөхийн салбарт, 4.8% нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт, 3.8% нь санхүү, даатгалын салбарт нь ажилладаг бол үлдсэн 11.3% нь хөдөө аж ахуй, ой, загас агнуур, урлаг,уран сайхан, аялал жуулчлал, үйлдвэрлэл, уул уурхай, бөөний болон жижиглэнгийн худалдаа, бусад худалдаа үйлчилгээний салбарт ажилладаг гэжээ.

 

 

Гэр бүлийн байдлаар нь авч үзвэл нийт оролцогчдын 63.5% нь гэрлэсэн (нөхөр, эхнэр монгол хүн, АНУ-д байдаг), 14.4% нь гэрлээгүй, 6.7% нь гэрлэсэн (нөхөр, эхнэр гадаад хүн, АНУ-д байдаг), 4.8% нь хамтран амьдрагчтай, 4.8% гэр бүлээс салсан, 4.8% гэрлэсэн (нөхөр, эхнэр монгол хүн, Монголд байдаг) гэсэн бол үлдсэн 1% нь гэрлэсэн (нөхөр, эхнэр монгол хүн, өөр улсад байдаг) гэж хариулжээ. Гэр бүл болоод хэдэн жил болж байгаа тухай асуухад гэрлээд 1 жил болоогүй 2.9%, 2-5 жил болсон 6.7%, 6-10 жил болсон 13.5%, 11-ээс дээш жил гэж хариулсан нь 61.5% байсан бол үлдсэн 15.4% нь гэрлээгүй, эсвэл гэрлэх насанд хүрээгүй хэмээн хариулжээ.

Хүүхэдтэй гэр бүлийн хувьд 1 хүүхэдтэй 12.5%, 2 хүүхэдтэй нь 44.3%, 3 хүүхэдтэй 28%, 4 хүүхэдтэй 7.9%, 5 буюу түүнээс олон хүүхэдтэй нь 3.4%-ийг бүрдүүлж байв. Нийт оролцогчдын 18.3% нь хүүхэдгүй, эсвэл гэрлээгүй, гэрлэх насанд хүрээгүй хэмээн хариулжээ.

Америк дахь монголчуудын гэр бүлийн байдлыг 2009, 2019, 2024 оны судалгаатайжишиж, товч харуулая. 2009 онд эхнэр, нөхөр хоёулаа монгол гэр бүл 50.30% эзэлж байсан бол 2019 онд Aмерикад суугаа монгол гэр бүлийн 64.84% нь монгол эзэн, эзэгтэйтэй гэр бүл байхад 2024 онд гэрлэсэн нөхөр, эхнэр монгол хүн, АНУ-д суудаг гэж судалгаанд оролцогсдын 63.5 хувь нь хариулжээ. Эндээс харахад судалгаанд хамрагдаж байгаа хүмүүсийн гэр бүлийн тавиас дээш хувь нь монгол хүмүүсийн бүрдүүлсэн гэр бүл байна гэж хэлж болно.

Орчин үеийн гэр бүл судлалд ажиглагдаж байгаа нэг шинэлэг үзэгдэл бол гэр бүлийн гишүүд орон зайн хувьд алслагдмал байх явдал. Ийм тохиолдолд салангид гэр бүл гэсэн өвөрмөц хэв шинж бүрдэнэ. Ийм гэр бүлийн эрмэлзэл нь хамтдаа нэг дор байх, ялангуяа гадаадад хамтдаа амьдрах явдал байна. Гэвч амьдралын зохицуулалт тэр бүр хүссэнээр болдоггүй болохоор салангид байх хугацаа уртсах, элдэв саад, бэрхшээл тохиолдвол ийм гэр бүл салж сарних магадлал өндөр байдаг. Гадаадад монголчуудын дотор салангид гэр бүлийн тоо 11.60% (2009) – 1.47% (2019) хооронд байсан бол 2024 онд Америк дахь монгол гэр бүлийн 1.0% нь гэрэлсэн, нөхөр, эхнэр монгол хүн өөр улсад байдаг бол 4.8% нь гэрлэсэн, нөхөр, эхнэр Монголд байдаг салангид гэр бүл аж. Монгол гэр бүлд хоёр үндэстний гэр бүл (Bi-national family) бий болох нь гадаадад ч, дотооддоо ч элбэгшиж байна.

Гадаадад суугаа монголчуудын 14.5% (2009) – 15.38 % (2019) нь хоёр үндэстний гэр бүлтэй гэсэн судалгаа бий. 2024 онд АНУ-д амьдарч буй монгол иргэдийн дунд хийсэн судалгаагаар ийм гэр бүл 6.7% орчим байна.

AНУ-ын Индианагийн их сургуулийн профессор Brian Powell хоёр үндэстний гэр бүлийг судлаад ийм гэр бүлд хүүхдэдээ тавих халамж нэг үндэстний гэр бүлээс илүү ойр дотно, элгэмсэг, үр дүнтэй байдаг тухай өгүүлсэн нь сонирхол татдаг. Тэгэхлээр эхнэр,нөхрийн хэн нэг нь гадаад хүн байгаа гэр бүлийн нэг давуу тал бол гэр бүлийн гишүүд, ялангуяа хүүхдүүд олон соёлд хурдан нэвтрэх, дасан зохицох гүүр буюу зөөлөн хүч болж өгдөгт оршино гэсэн судалгааны таамаглал дэвшүүлжээ.

Эдийн засгийн нөхцөл байдал, цаг зуурын, биологийн хэрэгцээ шаардлагаас үүдэж Монголын уламжлалт гэр бүлийн үүднээс авч үзвэл монгол гэр бүл судлалд шинэ гэж үзэж болох, даяаршиж байгаа нийгэм хийгээд хөгжиж буй орнуудад бол төдийлөн ач холбогдол өгдөггүй нэг ойлголт бол ураг төрлийн холбоогүй болон гэрлэлтээр баталгаажаагүй хосууд хамтран аж төрөх нь монголд болон гадаадад оршин суугаа нутаг нэгтний дунд байна. 2009 онд гадаад дахь монголчуудын дунд хийсэн судалгаагаар тэдний 3.90% нь хамтран амьдрагчтай гэсэн бол 2019 оны Aмерикт суугаа монголчуудын 2.2% нь хэн нэгэнтэй хамтран амьдардаг гэжээ. 2024 онд энэ тоо 4.8% байгаа юм. Монголд оршин байгаа монгол гэр бүл үүссэн цагалбараасаа хамааран уламжлалт аж төрөхүйг илүү эрхэмлэх, бас гэр бүлийн хөгжлийн шинэ өөрчлөлтөд мэдрэмжтэй хандах, гадаадад аж төрж байгаа гэр бүл тухайн улсынхаа соёл, аж төрөх ёсонд илүү дасаж,амьдралын монгол маягийн хэм хэмжээнээс хөндийрч байгаа зэрэг дүр төрх харагдана. Ялангуяа бага насны хүүхдүүд монгол хэлээр хэлд орохгүй, монгол бичиг үсэгт суралцахгүй байгаа нь Америкт амьдарч буй монголчуудын хувьд тулгамдсан асуудал болдог байна.

Монгол руу илгээж буй мөнгөн гуйвуулга

Бүлгийн үр дүнг эхлүүлэхийн өмнө АНУ-д амьдарч буй монголчуудын ядуурлын үзүүлэлтийг судласан нэгэн судалгаанаас иш татахад “2019 оны байдлаар АНУ-д амьдарч буй монголчуудын 25% нь ядуу амьдарч байна. Энэ нь Америкчуудын ядуурлын дундажаас 2 дахин ядуу байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл Америкчуудын 13% ядуу ангилалд багтах болАНУ дахь монголчуудын 25% амьжиргааны түвшингээр ядуу ангилалд багтаж байна” гэсэн нь анхаарал татаж байна.

Хэдий тийм боловч шилжүүлж буй мөнгөн дүнгийн талаарх “Монгол Улсын иргэдийн гадаад шилжих хөдөлгөөн ба гадаад хувийн шилжүүлэг, тэдгээрийн үр нөлөө” хэмээх 2024оны судалгааны дүнгээс үзэхэд АНУ дахь монголчууд БНСУ-д амьдарч буй монголчуудын дараа хамгийн их дүнтэй тусламж дэмжлэгийг эх нутаг, элгэн садандаа үзүүлдэг байна. Бидний энэ удаагийн судалгаанд оролцогчдоос Монгол руу ах дүү, хамаатан садан, найз нөхдөдөө мөнгө илгээдэг эсэхийг асуухад оролцогчдын 84.6% нь тийм, 14.4% нь үгүй гэжхариулсан бол үлдсэн 1% нь мэдэхгүй гэжээ.

Шилжүүлгийн давтамжыг тодруулахад 27.9% нь сард 1-2 удаа, 29.8% нь улиралд 1-2 удаа, 13.5% нь жилдээ 1-2 удаа илгээдэг бол үлдсэн 28.8% нь тодорхой хариулж мэдэхгүй, хэрэгцээ гарсан үедээ л шилжүүлдэг гэжээ. Харин оролцогчдын дунд 7 хоног тутамд мөнгө шилжүүлдэг гэж хариулсан хүн байгаагүй.

Нэг удаагийн шилжүүлгээр хэдий хэмжээний мөнгө гуйвуулдгийг тодруулахад $1-100 шилжүүлдэг нь 8.7%, $101-$500 шилжүүлдэг 43.3%, $501-1000 шилжүүлдэг 26%, $1001-2000 шилжүүлдэг 16.3%, $2001-3000 шилжүүлдэг 2.9%, $3001-5000 шилжүүлдэг 1%, $5000-с ихийг шилжүүлдэг нь нийт оролцогчдын 1.9%-ийг бүрдүүлж байв. Мөнгөн гуйвуулгын хүлээн авагчыг тодруулахад 59.6% нь аав ээждээ, 44.2% нь төрсөн ах, дүү нартаа, 25% нь хамаатнууддаа, 20.2% нь найз нөхдөдөө, 15.4% нь өөртөө, 13.5% нь үр хүүхдэдээ, 10.6% нь хадмууддаа, 3.8% нь эхнэр, нөхөртөө гэсэн бол үлдсэн 18.3% нь бусад гэж хариулжээ. Монгол руу шилжүүлдэг мөнгөө ямар аргаар гуйвуулдаг тухай асуухад оролцогчдын 50% нь MoneyGram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ ашигладаг бол 43.3% нь АНУ-д доллар өгч Монголд төгрөг авах байдлаар хувь хүмүүсээр дамжуулдаг, 16.3% нь Sendly, Zelle, Venmo, PayPal зэрэг мөнгөн гуйвуулгын аппликэшнээр,8.7% нь Монголын банкны мөнгөн гуйвуулгын үйлчилгээ ашигладаг, 6.7% нь АНУ-ын банкны мөнгөн гуйвуулгын үйлчилгээ ашигладаг, 5.8% нь АНУ дахь Монгол компаниар дамжуулдаг, 1% нь олон улсын картаар гүйлгээ хийдэг бол 7.7% нь бусад аргаар гэж хариулжээ.

Гуйвуулсан мөнгөний зарцуулалтыг тодруулахад 76% нь хувийн хэрэгцээнд, 42.3% нь хандив, тусламж, буяны үйлсэд, 17.3% нь орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад,17.3% нь зээл төлөхөд, 10.6% нь сургалтын зардалд, 5.8% нь бизнесийн хөрөнгө оруулалтад, 4.8% нь банканд хадгалдаг гэсэн бол үлдсэн 13.5% нь бусад үйл ажиллагаанд зарцуулдаг гэжээ.

Судалгаанд оролцогчдоос гэр бүлийн сарын орлогын тухай асуухад нийт оролцогчдын 1% нь орлогогүй, 5.8% нь $1-$2000, 12.5% нь $2001-$4000, 17.3% нь $4001-$6000, 13.5% нь 6001-$8000, 11.5% нь $8001-$10000, 14.4% нь $10001-$15000, 18.3% $15000-аас дээш ам.долларын орлоготой гэсэн бол үлдсэн 5.8% нь хариулаагүй байна.

 АНУ дахь Монголчуудын эгэх холбоо

Гадаадад байгаа монголчуудын эх нутаг, элгэн садантайгаа хэрхэн холбоо харилцаагаа хадгалдаг талаар бид энэ удаагийн асуулгын хүрээнд сонирхлоо.

Асуулгад оролцогчдын 2.9% нь ирээд 1 жил болоогүй гэсэн бол 18.3% нь ирээд 1-2 жил, 10.6% нь 3-5 жил, 16.3% нь ирээд 6-10 жил, 16.3% нь ирээд 11-15 жил, 18.3% нь ирээд 16-20 жил гэж хариулсан бол үлдсэн 17.3% нь АНУ-д ирээд 21-ээс дээш жил амьдарч байна.

Эдгээр хүмүүсээс АНУ-д ирэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийн тухай асуухад нийт оролцогчдын 49.5% нь ажил эрхлэх, өсөж хөгжих, 47.5% нь суралцах, 39.6% нь хүүхдэдээ сайн боловсрол олгох, 23.8% нь байгаль орчны таатай нөхцөлд амьдрах, 18.8% нь илүү их мөнгө олох, 16.8% нь хувийн бизнес эрхлэх, 6.9% нь эрүүл мэндээ хамгаалах, эмчилгээ хийлгэх, 5% нь ногоон карт хожиж ирсэн бол 3% нь улс төрийн шалтгаанаар орогнол эрж ирсэн гэжээ. Бусад 18.2% нь гэр бүл болох, тэтгэлэгтэй сурах, аав ээж нь нүүж ирсний улмаас гэр бүлээрээ дагаж ирсэн, гэр бүлийн хүн магистрын 1 жилийн сургалтад хамрагдахаар ирсэн, ахуй амьдралаа дээшлүүлэхээр ирсэн, орлогоо нэмэгдүүлэх, мэдлэг боловсролоо тэлэх, дэлхийн нөгөө талд юу байдгийг үзэх гэж, АНУ-тай танилцаж газар үзэж нүд тайлах гэж, сургуулиа төгсөөд ажилд орсон, Монголд амьдрал хүнд, стрессээс холтаатай амьдрах, хүүхдүүдийн боловсролд анхаарах зэрэг шалтгаануудыг дурджээ.

Эдгээр хүмүүсээс АНУ-д ирэхдээ тавьсан зорилгодоо хүрсэн эсэхийг тодруулахад дараах байдлаар хариулсан байна. Хилийн чанадад амьдарч буй монголчуудын хувьд эх хэлний хэрэглээ, боловсролын асуудал ихээр хөндөгддөг тулгамдсан асуудлын нэг байдаг билээ. Тэгвэл АНУ-д ажиллаж амьдарч буй монголчуудаас эх хэлний хэрэглээтэй холбоотой асуултад хэрхэн хариулсныг сонирхож үзье.

Гэртээ гэр бүлийн гишүүдтэйгээ ихэвчлэн ямар хэлээр харилцдаг тухай асуултад нийт оролцогчдын 61.5% нь монгол хэл, 7.7% нь англи хэлээр хоорондоо харилцдаг бол үлдсэн 30.8% нь аль алинаар нь харилцдаг гэжээ. Төрөлх монгол хэл, соёл уламжлалаа өвлөн уламжлахад гэр бүлийн орчин, сургуулийн орчин, ажлын орчин, амьдарч буй орчин, монгол хэл соёлын нэмэлт сургалт үйл ажиллагаа, монголчуудын холбооны үйл ажиллагааны аль нь хамгийн их нөлөөтэй вэ? Гэсэн асуултад нийт оролцогчдын 82% нь гэр бүлийн орчин хамгийн их нөлөөтэй гэжээ. Харин гэр бүлийн орчноос бусад орчинг их нөлөөтэй ч хамгийн их нөлөөтэй нь биш гэснээс үзвэл гэр бүлийн орчин эх хэлний боловсролд хамгийн их нөлөөтэй гэж ихэнх эцэг эхчүүд үзэж байна. Оролцогчдоос эх нутаг болон нутаг нэгтнийхээ талаарх мэдээ, мэдээллийг хаанаас авдаг тухай асуухад 94.2% нь Facebook, 56.7% нь найз нөхдийн яриа, 51.9% нь гэр бүлийн яриа, 37.5% нь монголын мэдээ мэдээллийн сайтууд, 24% нь Instagram, 15.4% нь X (хуучин нэрээр Twitter), 3.8% нь Америкийн сонин, хэвлэлээс авдаг бол үлдсэн 9.6% нь бусад эх сурвалжаас авдаг гэжээ.

 

 

Эх нутаг болон нутаг нэгтнийхээ талаарх мэдээ, мэдээллийг ямар хугацааны давтамжтай авдаг тухай асуухад орлцогчдын 41.3% нь өдөр бүр, 24% нь 7 хоног тутамд авдаг бол үлдсэн 34.6% нь хааяа, сонирхсон үедээ энэ талын мэдээ мэдээлэл авдаг байна. Бидний сонирхсон дараагийн асуулт бол иргэншилтэй холбоотой асуулт байсан юм. Оролцогчдын 88.5% нь Монгол Улсын иргэн хэвээр байгаа бол 14.4% нь АНУ-ын иргэншилтэй, 2.9% нь бусад гэж хариулжээ.

Эх нутаг руугаа буцах эсэх тухай нь асуухад нийт оролцогчдын 47.1% нь буцна, 16.3% нь буцахгүй гэж хариулсан бол үлдсэн 36.5% нь яваандаа буцаж магадгүй, одоогоор мэдэхгүй байна гэж хариулжээ.

Монгол руу буцахад эдгээр хүчин зүйлсийн аль нь танд хамгийн их нөлөөтэй вэ? гэсэн асуултад 80.7% нь Амьдрах орчин, 69.2% нь Авилга, хээл хахууль буурсан шударга нийгмийн орчин, 67.3% нь Хүүхдийн боловсрол гэж хариулжээ. Мөн илүү цалинтай ажил эрхлэх боломж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, Ардчилал, улс төрийн тогтвортой байдал гэсэн хариултыг оролцогчдын 55-58% нь сонгосон байна. Дүгнэхэд амьдрах орчны нөхцөл иргэдийг хилийн чанадад амьдрах шийдвэр гаргах, Монгол руу буцахгүй байх нэн тэргүүний нөлөөлөх хүчин зүйл болдог нь илэрхий харагдаж байна. Амьдрах орчны дараагаар авилга, хээл хахууль буурсан шударга нийгмийн орчин, хүүхдийн боловсрол гэсэн хоёр үзүүлэлтийг мөн оролцогчдын дийлэнх олонх нь буюу 67-69% нь сонгожээ.

Тоймч Д.Жаргалсайханы “Эх орондоо сайхан амьдрах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх  чин хүсэл байвч нийгэмд бугшсан "авлига" хэмээх өвчин, сэтгэлгээний ядуурал, дээд үеийнхний хэт хүлцэнгүй байдал бидний хөгжлөөс хойш татаж, хийж бүтээх тэмүүлэлтэй залуусыг эх орноосоо дайжихад хүргэж байна” гэх дүгнэлт ч судалгаанд оролцогчдын хариулттай таарч байна.

Монгол руу хэдий хугацааны давтамжтай зорчдог тухай асуухад нийт оролцогчдын 1.9% нь жилд 2 удаа, 18.3% нь жилд 1 удаа, 17.3% нь хоёр жилд 1 удаа, 16.3% нь таван жилд 1 удаа, 1% нь 10 жилд 1 удаа, 24% нь одоогоор буцах шаардлага гараагүй гэсэн бол үлдсэн 21.2% нь одоогоор буцах боломжгүй, буцвал эргэж орж ирэхэд асуудалтай хэмээн хариулжээ.

Монгол руу ирж, очин амьдардаг хүмүүсээс ямар зорилгоор буцаж ирдэг тухай асуухад 56.4% нь амралтаараа, 48.9% нь гэр бүл, найз нөхдийндөө зочлохоор, 21.3% нь гэрбүлийн арга хэмжээнд оролцохоор (хурим найр, оршуулга), 17% нь эмчилгээ сувилгаа хийлгэхээр, 5.3% нь бизнесийн зорилгоор, 2.1% нь гадаад паспорт, визээ сунгуулахаар ирдэг гэсэн бол үлдсэн 28.7% нь бусад зорилгоор Монголдоо ирдэг гэж хариулжээ.

Монгол Улсын хөгжилд хувь нэмэр болохоор сайн санааны тусламж дэмжлэг үнэ төлбөргүй үзүүлж байсан эсэхийг асуухад нийт оролцогчдын 43.3% нь тийм, 15.4% нь үгүй, 33.7% нь хааяа дэмждэг, 7.7% нь мэдэхгүй гэж хариулжээ. Тийм гэж хариулсан хүмүүсээс аль салбарт дэмжлэг үзүүлж байсан тухай асуухад оролцогчдын дийлэнх нь буюу 55.7% нь хүүхдийн хөгжлийг дэмжих үйлсэд гэж хариулсан бол 31.8% нь боловсрол, шинжлэх ухаан, 22.7% нь эрүүл мэнд, 15.9% нь байгалийн гамшиг /ган, зуд, түймэр гэх мэт байгалийн гамшигт үзэгдлийн хохирлыг даван туулахад/, 14.8% нь байгаль орчныг хамгаалахад, 13.6% нь хөдөө орон нутгийн хөгжилд, 12.5% нь асрамж, сувиллын газруудыг дэмжихэд, 11.4% нь спортын хөтөлбөр, арга хэмжээ, 8% нь эмэгтэйчүүд, залуучуудын хөгжлийг дэмжих, 5.7%нь хүн амын хүнс тэжээлийн хангамжид чиглэсэн тусламж, дэмжлэг үзүүлсэн байна.

Америк дахь Монголчуудын сонгох, сонгогдох эрх

Бидний судалгааны асуулгын дараагийн хэсэг иргэдийн сонгох, сонгогдох эрхтэй холбоотой асуултууд байв. Судалгаанд оролцогчдоос улс төрийн аль намыг илүү дэмждэг тухай асуухад нийт оролцогчдын 61.5% нь алийг нь ч дэмждэггүй, 21.2% нь Ардчилсан намыг, 12.5% нь ХҮН намыг, 4.8% нь Монгол Ардын намыг, 1% нь Иргэний зориг, ногоон намыг, 1% нь Үндэсний эвслийг дэмждэг гэсэн бол үлдсэн 6.7% нь бусад гэж хариулжээ. Дээрхээс үзвэл оролцогчдын дийлэнх олонхи нь Монголын улс төрийн намуудыг дэмждэггүй, эсвэл бодлого үйл ажиллагаа нь таалагдаггүй гэж дүгнэж болохуйц дүр зураг харагдаж байна.

Оролцогчдоос Монгол Улсын 2024 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулахдаа гадаадад байгаа иргэдийн саналыг зөвхөн улс төрийн намын нэрийг сонгох байдлаар авсан энэхүү хувилбарыг дэмжиж байгаа эсэхийг асуухад 51.9% нь үгүй, 21.2% тийм гэсэн бол үлдсэн 26.9% нь энэ талаар сайн мэдэхгүй байна гэжээ.

УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхийн мэдлэгийг тодруулах зорилгоор асуусан асуулгад оролцогчдын 89.4% нь санал өгөх эрхтэй гэж хариулсан бол 1.9% нь санал өгөх эрхгүй гэжээ. Харин үлдсэн 8.6% нь энэ талаар бодож байгаагүй, сонирхдоггүй, эсвэл мэдэхгүй гэж хариулсан байна. Дүгнэхэд оролцогчдын 10% орчим нь сонгуулийн талаар ойлголт, мэдлэг дутмаг байдаг эсвэл сонгуулийн идэвхигүй байдаг аж.

Оролцогчдоос хэрэв та сонгуульд санал өгөх эрхтэй бол яагаад? гэж асуухад 84.3% нь бид адилхан Монгол Улсын иргэн, 35.3% нь бид Монгол орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулдаг, 13.7% нь бид Монголд байгаа иргэдийг бодвол илүү их мэдээлэлтэй, боловсролтой гэх хариултыг сонгосон бол үлдсэн 5.9% нь энэ талаар хариулж мэдэхгүй, эсвэл хариултын аль ч хувилбарыг сонгоогүй байв.

Сонгуульд санал өгөх эрхгүй гэж хариулсан хүмүүсээс Яагаад? гэж тодруулахад оролцогчдын 19% нь зайнаас санал өгөх боломж хязгаарлагдмал учраас сонгуулийн санал авах байранд очиж санал өгөх хүн цөөн, тиймээс илүү зардал гаргах шаардлагагүй гэсэн бол\ 12.7% нь гадаадад байгаа иргэдээс санал авбал сонгуулийн будилаан гарах магадлалтай, 1.6% нь бид Монголд амьдрахгүй байгаа учраас сонгуульд оролцох шаардлагагүй гэсэн бол үлдсэн 69.8% нь энэ талаар мэдэхгүй гэжээ.

Сонирхуулахад АНУ-ын зарим муж, тухайлбал Калифорни мужид12 Иргэдийн санал өгөх эрхийн тухай хуулинд тодорхой нөхцөл байдалд (хэлний цөөнхийн бүлгийн гишүүн, сонгуулийн насны нийт иргэдийн тоо 10,000-аас дээш буюу 5% нь бичиг үсэг тайлагдаагүй, англи хэл төдийлөн сайн мэддэггүй нутаг дэвсгэрт) англи хэл дээр байгаа сонгуулийн материалыг тухайн цөөнхийн бүлгийн хэлээр бэлтгэж өгөхийг хуульчилсан байдаг. Уг хуулийн 203 дугаар хэсэгт зааснаар улс төрийн үйл явцаас гадуурхагдаж ирсэн эдгээр хэлний цөөнх, тухайлбал, Испани, Ази (түүний дотор Монгол), Америкийн уугуул, Аляскийн уугуул иргэдийг нэр дурджээ.

АНУ-ын Тооллогын товчоо нь 5 жил тутамд тооллогын мэдээлэлд үндэслэн муж, түүнд багтах нутаг дэвсгэрийн харьяаллын тусгай хэлний бүлгүүдийг тодорхойлдог бөгөөд 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн байдлаарх сүүлд шинэчлэгдсэн шийдвэрээс үзэхэд Калифорни мужийн Alameda, Los Angeles county13 -д 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс хойших сонгуулийн материалыг монгол хэл дээр бэлтгэж эхлэсэн байна. Тэгэхээр гадаадад амьдарч буй иргэдийн хувьд нэг талд Монгол Улсын сонгуульд оролцох эрх хязгаарлагдмалхүрээнд нээлттэй боловч хүлээн авагч орны талаас ч сонгуульд оролцох эрхтэй иргэдийнхээ сонгох эрхийг хангах талаар эх хэл дээр нь сонгуулийн мэдээллийг бэлтгэж эхлэсэн нь тухай нутаг дэвсгэрт амьдарч буй монголчуудын тоо төдий хэмжээгээр нэмэгдсэнийг илтгэх бас нэгэн үзүүлэлт юм.

АНУ дахь Монголчуудын хүй элгэний хэлхээ холбоо

Судалгааны асуулгын төгсгөлийн хэсэгт АНУ дахь монголчууд өөр хоорондоо хэрхэн хүй элгэний хэлхээ холбоогоо хадгалдаг талаар сонирхожээ.

Судалгаанд оролцогчдоос монголчуудын зохион байгуулдаг ямар ажил, арга хэмжээнд оролцдог талаар олон сонголттой асуулт асуухад нийт оролцогчдын 84.6% нь Наадам, 50% нь уулзалт, үдэшлэг арга хэмжээнд, 45.2% нь Цагаан сар, 43.3% нь спортын арга хэмжээ, 37.5% нь урлагийн арга хэмжээ, 27.9% нь аялал зугаалгын арга хэмжээнд оролцдог гэсэн бол 10.6% нь аливаа арга хэмжээнд оролцдоггүй гэжээ.

 

 

Дээрхээс бусад, тухайлбал хурим, MNG Summit, DC Наадам, сүмийн уулзалт, утга зохиол яруу найргийн наадам, шагайн харваа, сурын харваа, үсний найр зэрэг арга хэмжээнд мөн оролцдог байна. Санал асуулгын хүрээнд АНУ-д идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг монголчуудын холбоо, олон нийтийн байгууллага, нийгмийн зүтгэлтнүүдийн тухай асуухад эдгээр байгууллага, хүмүүсийг судалгаанд оролцогчид нэр цохон дурджээ. Үүнд, MNG Summit, Лос Анжелесийн монголчуудын холбоо, DC орчмын монголчуудын холбоо, Хойт Америкийн цахим өртөө холбоо, Виржин(ия?) монголчуудын холбоо, МТА, We Together, Utah Mongolian Group, Монгол Буддистууд ба монголчуудын холбоо, Монгол сургууль, Лантуун Дохио ТББ, Mongolian Art Education Center, IQ School, MNG Steam Magnet сургалтын төв, АМУЗН (Америк дахь монголчуудын утга зохиолын нийгэмлэг?), Mongolian American Center, Монгол Мэдлэг Сургууль, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, АНУ дахь Монголын Консул, Чикаго дахь Монголын Консул, Монголчуудын утга зохиолын нийгэмлэг, Mongolian Cultural Center, Indiana University Mongolian Society, Иллиниос утга зохиолын нэгдэл ба Пүүжээ ах, Авираад, Гэрэлээ, Bayarmaa Aleksandr Ph.D, Лос Анжелесын Монгол Номын Сан, Голомт Мөнхтөр, Ө.Пүрэвсүрэн, С.Төрбурам, Б.Ган-Энхбаяр, Цэрэнбат, Батцэрэн, Бат-Энэрэл, Амараа, Амарсанаа, Шагайн холбооны Америк дахь салбар холбоо, Mongolian basketball association in the USA, бусад монголчууд олноор суудаг хот, мужуудын монголчуудын холбоо, Монголчуудын сагсан бөмбөгийн холбоо, Америк дахь монголчуудын воллейболын холбоо, Ширээний теннисний холбоодыг нэр дурджээ.

Америк дахь Монголчууд, Хойд Америкийн цахим өртөө холбоо ТББ

M.Sc. Б.Булганбаяр, LL.M. Б.Баянмөнх, Ph.D. У.Дэлгэржаргал

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zocin (151.225.27.33) 2025 оны 11 сарын 20

burtgelgui haraarheden mjnga ve

0  |  0
zocin (151.225.27.33) 2025 оны 11 сарын 20

burtgelgui haraarheden mjnga ve

0  |  0
Zochin(103.10.23.173) 2025 оны 11 сарын 20

Ч.Хурлат бол Өвөрмонголд төрсөн, БНМАУ-д ирж амьдарсан хүн.\nТүүнээс өмнө Алтны халуурлын үеэр хятадуудыг дагаж америк гарсан өвөрмонголчууд бас цөөнгүй байсан юм билээ.

0  |  0
hh(103.57.94.40) 2025 оны 11 сарын 20

tgd?

1  |  0
hh(103.57.94.40) 2025 оны 11 сарын 20

tgd?

0  |  0
Top