
Өвчнийг эрт үе шатанд нь илрүүлэх, оношилгооны нарийвчлалыг сайжруулах, эмчилгээний зөв тактикийг богино хугацаанд тодорхойлох боломжийг нэмэгдүүлсэн дэвшилтэт технологийг Улсын гуравдугаар төв эмнэлэг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд тус эмнэлэг хиймэл оюун ухаанд суурилсан, өндөр хүчин чадал бүхий Neusoft NeuViz Epoch 512 зүслэгт компьютер томограф төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн дүрс оношилгооны тусламж үйлчилгээг авах боломж өргөжиж байна.
Дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлийг шингээсэн энэхүү төхөөрөмж нь зүрх судас, тархи мэдрэл, гэмтэл болон бусад эрхтэн тогтолцооны эмгэгийг богино хугацаанд өндөр нарийвчлалтай оношлох хүчин чадалтай. Тухайлбал, зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор тавхан секундын хугацаанд гүйцэтгэх боломжтой бөгөөд энэ нь яаралтай тусламж, хүнд болон хүндрэлтэй тохиолдлын оношилгоонд чухал ач холбогдолтой юм.
Мөн төхөөрөмжид суурилсан хиймэл оюун ухааны дэвшилтэт алгоритмууд нь амьсгал болон хөдөлгөөний улмаас үүсдэг дүрсний алдагдал, артифактыг бууруулж, судасны бүтэц болон эмгэг өөрчлөлтийг илүү тод, өндөр нарийвчлалтайгаар дүрслэх боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр оношилгооны чанар сайжирч, өвчнийг эрт үед нь илрүүлэхээс гадна эмчилгээний тактикийг илүү оновчтой төлөвлөх нөхцөл бүрдэж байгаа юм.
Түүнчлэн бага тунгийн цацраг ашиглан өндөр чанарын дүрс гаргах технологи нь өвчтөний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ олон улсын стандартад нийцсэн, түргэн шуурхай, найдвартай оношилгооны үйлчилгээг үзүүлэх боломжийг нэмэгдүүлж байна.
Улсын гуравдугаар төв эмнэлэг энэхүү дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр иргэд гадаад улс орныг зорихгүйгээр эх орондоо дэлхийн түвшний дүрс оношилгооны үйлчилгээ авах боломж бүрдэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ шатанд гаргах томоохон алхам хийж байна.


Сэтгэгдэл ( 0 )