Москва мужийн шүүх өнгөрсөн долоо хоногт Кремлийн шүүмжлэгч Борис Немцовын охин Жанна Немцоваг цагдан хорих шийдвэр гаргалаа. Түүнийг хууль бус байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулсан хэргээр буруутгажээ. ОХУ-д хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар энэ төрлийн хэрэгт зургаан жилийн хорих ял оногдуулдаг юм.
Жанна Немцова нь “Борис Немцовын нэрэмжит Эрх чөлөөний сан”-гийн үүсгэн байгуулагч бөгөөд Германд төвтэй юм. ОХУ-ын засаг захиргаа 2024 онд тус байгууллагыг “хууль бус” байгууллагын ангилалд багтаасан билээ.
Жанна Немцова өөрийн цахим хуудастаа энэ тухай “Би ч алдартай боллоо” гэж бичжээ. Борис Немцов нь Борис Ельцинийн залгамжлагч гэж тооцогддог байсан ч Владимир Путины хамгийн хүчтэй өрсөлдөгч болсон юм. Улмаар улс төрийн үзэл баримтлалын хувьд Путиныг илт шүүмжилсэн байр суурьтай байсан билээ. Тэрбээр 2015 оны хоёрдугаар сард Кремлийн ойролцоо буудуулж амь хохирсон. Хэдийгээр түүний аллагын хэрэгт таван хүнийг буруутай гэж үзэн ялласан болон түүний дэмжигчид болон гэр бүлийнхэн нь жинхэнэ буруутай этгээд ял зэмгүй өнгөрсөн гэж үздэг юм.

Сэтгэгдэл ( 0 )