Өндөр төрөлтийн жилүүдэд төрөгсөд 2015 оноос тэттэвэртээ гарч эхлэхэд улсын төсөв болон нийгмийн халамж, тэтгэврийн тогтолцоонд хүндрэл учирна. Иймээс тэрхүү эрсдлээс урьтаад Тэтгэврийн хуульд өөрчлөлт оруулахаар НХХЯ-н дээр ажлын хэсэг ажиллаж байна. Ингээд олон нийтийн анхаарлыг татаж буй энэ асуудлаар НХХЯ-ны Мэдээлэл хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга Ш.Отгонхундагатай ярилцсанаа хүргэе.
-Монгол Улс тэтгэврийн тогтолцоондоо эрс өөрчлөлт хийнэ хэмээн албаны хүмүүс мэдэгдэж байна. Ямар шинэчлэл хийх гэж байгаа юм бэ?
-Тэтгэвэр, тэтгэмжийн талаар Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд нэлээд олон шинэчлэлийг хийхээр телөвлөж байна. Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг гурав дахин нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. НХХЯ-наас тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан 1990-2010 оны хэрэглээний үнийн индекс, даатгуулагчийн шимтгэл төлсөн дундаж цалингийн өсөлт зэргийн нөлөөг тусгасан тооцоо судалгаа хийж, хэд хэдэн хувилбарыг боловсруулсан. Үүний нэг нь олон шатлалт тэтгэврийн тогтолцоог бий болгох хувилбар. Тэгээд ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ийм тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх талаар тусгагдсан. Олон улсын жишиг дээрх тогтолцоо руу шилжиж байгаа тул ийм сонголт хийсэн. Энэ тогтолцоо нь Монголд шинэлэг ойлголт. Иймээс товч тайлбарлах нь зүйтэй болов уу. Эхлээд суурь тэтгэвэр байх юм. Үүнд бүх хүн хамрагдахаар яригдаж байгаа. Энэ нь шимтгэлд суурилсан юмуу, эсвэл төрөөс шууд даадаг тогтолцоо юм. Бүх хүн ижил хэмжээтэй, амьжиргааны баталгаажих доод түвшинтэй уялдуулна. Хоёрдугаарт, шимтгэлд суурилсан буюу шимтгэлээс хамааралтай тэтгэвэр. Ажил, хөдөлмөр эрхэлж буй хүн заавал шимтгэлээ төлснөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ гэсэн зарчмыг баримтална. Өөрөөр хэлбэл, ажилчин, ажилтнууд өөрсдийн орлогоосоо тэтгэврийн даатгалд давхар шимтгэл төлнө. Гуравдугаарт, өндөр орлоготой хүмүүст зориулсан давхар даатгал хийх, нэмүү тэтгэврийн эх үүсвэр бий болгох зорилгоор хийдэг тогтолцоо. Улсын тэтгэврийн тогтолцооноос гадна хувийн хэвшлийн тогтолцоо байж болно. Энэ нь нэлээд судалгаа, тооцоо хийж, ард иргэдийн саналыг авахын зэрэгцээ судлаачид, үйлдвэрчний эвлэл болон ажил олгогчдын үгийг сонсох шаардлагатай. Иймээс эдгээр түвшний холбоодын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
-Тэтгэврийн шинэчлэлийн салшгүй хэсэг нь бага тэтгэвэртэй иргэд. Учир нь Монголын тэтгэвэр авагсдын ихэнх нь бага тэтгэвэртэй. Хэдэн хүн энэ ангилалд багтаж байгаа бол?
-Монголд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй 300 гаруй мянган иргэн бий. Тэдэнд жилдээ 460 тэрбум төгрөг зарцуулдаг. Тэдний 180.4 мянга нь бүрэн тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэр авдаг. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 103500 төгрөг. Өөрөөр хэлбэл, нийт тэтгэвэр авагсдын 60 гаруй хувь нь бага тэтгэвэртэй. Тэтгэвэр авагчдын гар дээрээ авч буй мөнгө бага байгаагийн нэг шалтгаан бол Монголын ихэнх тэтгэвэр авагч 2000 оноос өмнөх цалингаар тэтгэврээ тогтоолгодогтой холбоотой. Учир нь шинээр тэтгэвэр тогтоолгож буй хүмүүсийн 70 орчим хувь нь 1995 оноос цалинд суурилж тэтгэврээ тогтоолгодог. Гэтэл 2000 оноос өмнөх цалингийн үнэлэмж одоогийнхоос хамаагүй бага байсан.
-Бага тэтгэвэртэй холбоотойгоор тэтгэврийн зөрүүтэй холбоотой асуудал яригдаж таарна. 1995 оноос өмнө болон хойно тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн зөрүү их байгаа тул өндөр настнууд шударга бусаар тэтгэвэр авч байна гэж их бухимддаг. Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд энэ зөрүүг яаж арилгах вэ?
-Тэтгэврийн зөрүүг тайлбарлахын тулд 1960 оноос өмнө болон хойно төрсөн хүмүүст тэтгэврийн өөр тогтолцоо Монголд үйлчилдгийг хэлэх хэрэгтэй. Тэтгэврийн өсөлт цалин хөлсний өсөлтийг гүйцэхгүй байгаагаас иргэдэд тэтгэврийн зөрүү их болж харагдаад байгаа. Тэтгэврийг хувиар буюу хувилан өсгөсөн нь зөрүүг улам нэмэгдүүлсэн. 2001 оноос хойш үнэ болон цалингийн өсөлтөөс хамааралтайгаар тэтгэврийг 26 удаа нэмэгдүүлсэн. Тэтгэврийг 2007 онд 7500-11250 төгрөгөөр, 2008 онд 20 хувиар, 2010 онд 30 хувиар нэмэгдүүлсэн. Үүнээс гадна тэтгэврийг хувиар буюу хувилан өсгөсөн нь зөрүүг улам нэмэгдүүлсэн. Хамгийн сүүлд 2010 оны аравдугаар сарын 30-нд тэтгэврийг 30 хувиар нэмсэн. Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэвэр авагчдын дунд үүсээд буй тэтгэврийн зөрүү гэсэн ойлголт тэтгэвэр бодох цалин хөлсний индексжүүлэлттэй холбоотойгоор үүссэн. Тэтгэвэр бодож байгаа цалингийн итгэлцүүрийг өөрчлөх шаардлагатай.
-Тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг яаж өөрчлөх гэж байна?
-Цалингийн итгэлцүүр гэдэг нь тухайн хүний 1995 оноос өмнөх үеийн цалинг өнөөгийн нөхцөл байдалд тодорхой жишгийг харгалзан авч ирэх тооцоог хийх гаргалгаа юм. Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэвэр тогтоох итгэлцүүрийг 1997 оноос хойш таван удаа шинэчлэн тогтоож, тэтгэврийг ойртуулах арга хэмжээг Засгийн газраас авсан. Олон нийтийн дунд их яригддаг тэтгэврийн зөрүүг цэгцлэх зорилгоор НХХЯ-наас тэтгэврийн индексийг өөрчлөх чиглэлээр ажиллаж байна. Тэтгэвэр бодох итгэлцүүрийг шинэчилнэ гэдэг нь Монголд тэтгэврийн тогтолцоонд эрс шинэчлэлт гарна гэсэн үг. Итгэлцүүрийг шинэчлэн тогтоосноор нийт иргэдийн тэтгэврийг авч байсан цалинтай нь уялдаатайгаар, харьцангуй шударга аргачлалаар нэмэх бололцоо бүрдэнэ. Итгэлцүүрийг өөрчлөх хүрээнд Үндэсний статистикийн хорооноос гаргасан цалингийн болон инфляцийн өсөлтөөс хамааралтайгаар итгэлцүүрийг шинэчлэн тогтоох үйл ажиллагаа явуулж байна. Мөрдөж буй итгэлцүүрийг одоогийн түвшинд хүргэх талаар тооцоо судалгаа нарийвчилсан байдлаар хийнэ. Итгэлцүүр өөрчлөгдсөнөөр нийт тэтгэвэр авагчдын тэтгэвэр өөрчлөгдөнө. Тухайн хүний тэтгэврийг авч байсан цалинтай нь уялдуулснаар тэтгэврийн зөрүү арилна. Гэхдээ хүмүүсийн тэтгэвэр ерөнхийдөө адил байх зарчим байж болохгүй.
-Яагаад болохгүй гэж?
-Яагаад гэвэл цалин, төлсөн шимтгэл нь ондоо хүмүүс ялгаатай л тэтгэвэр авах ёстой. Би бага тэтгэвэртэй байна, тэр өндөр тэтгэвэртэй, адилхныг авмаар байна гэсэн хэл ам заримдаа гардаг. Энэ бол тогтолцооны хувьд буруу. Харин авч байсан цалин, ажиллаж байсан албан тушаал, мэргэжил, ажилласан жил нь ойролцоо хүмүүсийн тэтгэвэр л ойролцоо тогтоогдох зарчмыг баримтлах ёстой.
-Гадаадад ажиллаад эх орондоо ирж буй хүмүүсийн хувьд яаж тэтгэврээ тогтоолгох вэ?
-НХХ-ийн сайд өнгөрсөн зургадугаар сард Унгарт ажиллах үеэрээ нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь тэнд ажиллаж буй монгол иргэдийн тэтгэврийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдсэн алхам болсон. Одоогийн байдлаар 2000 гаруй иргэн, 1990 оноос хойших байдлаар 8000 гаруй иргэн Унгарт тодорхой хугацаагаар ажиллаж байсан гэсэн статистик үзүүлэлт байдаг. Тэд 12 сараас дээш хугацаанд ажилласан бол тэтгэврийн даатгалын шимтгэлээ Унгарын талд төлнө. Унгарын талд төлж байгаа жил Монголд ажилласанд тооцогдох юм. Манай улсад ажиллаж буй Унгарын гадаад мэргэжилтнүүд ч шимтгэлээ энд төлөх ёстой. Энд төлсөн хугацаа нь Унгартаа ажилласан жилд тооцогдоно. Ийм хэлэлцээрийг БНСУ, ОХУ, Казахстантай ээлж дараагаар хийж байгаа. Цаашдаа ч монголчууд олноор ажилладаг АНУ, БНЧУ, Герман зэрэг улстай нийгмийн хамгааллын чиглэлээр хэлэлцээр хийх зорилттой байна. Ийм гэрээ Монгол Улсад их үр дүнтэй. Яагаад гэвэл тэнд монголчууд голдуу ажилладаг, харин Монголд ажиллаж буй гадаадын мэргэжилтнүүд тооны хувьд цөөхөн.
-Тэтгэврийн нас нь болсон ч ганц нэг жил дутах явдал гардаг. Энэ тохиолдолд зөрүү тэтгэврээ хувиасаа төлж, тэтгэврээ тогтоолгох уу?
-Тэтгэврийн даатгалын тухай хуульд тодорхой ажилласан жилийг заадаг. Бүрэн тэтгэврээ авах бол хамгийн багадаа 20 жил ажилласан байх ёстой гэсэн шалгуур тавьж байгаа. Ажилласан жил нь хүрээгүй хүн шимтгэлээ сайн дураараа төлөөд жил нь гүйцсэний дараа тэтгэврээ тогтоолгож авах эрхтэй. 20 жил хүрэхгүй хугацаанд даатгал төлсөн бол хувь тэнцүүлсэн тэтгэврийн эрхийн харилцаа үүсдэг.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
тэтгэврийн насыг улсад 30 жил ажиллад дараа жилөөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гармаар байна.