Сүүлийн үед халдварт өвчний тархалт ихэсч байгаатай холбогдуулан нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Халдвар судлагч эмч С.Өлзийжаргалтай ярилцлаа.
-Халдварт өвчин, тэр дундаа гэдэсний халдварт өвчнийг бохир гарын өвчин гэдэг. Гэтэл сүүлийн үед гар дээрээс баталгаагүй хүнс авч хэрэглэснээс үүдэн энэ өвчин ихсэх болсон гэж эмч, мэргэжилтнүүд хэлж байна?
-Гэдэсний халдварт өвчнүүдэд вируст гепатит А, цусан суулга, балнад, сальмонелёз, хоолны хордлогот халдвар, холер, бусад суулгат халдварууд хамаарагддаг. Эдгээр халдварт өвчнүүд нь нь өөр өөр төрлийн бичил биетээр үүсгэгдэх боловч бүгд хоол болвсруулах эрхтний замаар дамжин халдварлаж, энэ эрхтнүүдийг өвчлүүлж гэмтээдгээрээ ижил байдаг. Гэдэсний халдварт өвчнүүдийн үүсгэгчид нь ундны ус, хоол хүнсний бүтээгдэхүүн, бусад эд материал зэрэг гадаад орчинд удаан хугацаагаар хадгалагдан өвчин үүсгэдэг төдийгүй дулааны улиралд газрын хөрс, хүнсний бүтээгдэхүүнд өсч үржиж байдаг. Үүнийг хүмүүс тэр болгон анзаардаггүйгээс дээрх өвчнүүдээр өвчлөх нь элбэг. Гепатит А гэдэг нь бидний хэлж заншсанаар бол бохир гарын шар өвчин.
-Халдварт шар хэрхэн халдварладаг вэ?
-Энэ өвчний үүсгэгч нь өвчилсөн хүний өтгөнөөр ялгарч, хоол, хүнс, усыг бохирдуулан, хоол боловсруулах замаар хүнээс хүнд дамжина. Хамгийн гол нь эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл муу байх нь халдвар тархах гол нөхцөл болдог.
-Хоол хүнсээр халдварлах боломжтой юу?
-Бохирлогдсон гол, ус болон түүнээс агнасан загас, загасан бүтээгдэхүүн, угааж цэвэрлээгүй ногоо, жимс жимсгэнэ, хоол хүнсийг бэлтгэж боловсруулсны дараа бохирлогдсон тохиолдолд халдварлах боломжтой.
-Дээрх өвчнөөр бага насныхан өвчлөх нь элбэг байдаг. Ер нь өвчлөх эрсдэлтэй бүлэгт ямар хүмүүс хамаардаг вэ?
-Шар өвчнөөр өвчилсөн хүүхдийн гэр бүл, цэцэрлэгийн насны хуүхдүүд, сургуулийн бага ангийнхан, биеийн дархлаа суларсан хүмүүс ихэвчлэн өвчлөх эрсдэлтэй.
-Өвчилсөн, халдвар авсан тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Өвчилсөн дөрвөн хүн тутмын гуравт нь шинж тэмдэг илэрдэг. Ихэвчлэн гэнэт халуурах, ядарч сульдах, хоолонд дургүй болох, огих, бөөлжих, гэдсээр өвдөх, шээс өтгөрөх, нүдний салст болон арьс шарлах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
-Ер нь урин дулааны үед халдвар ихээр тархдаг гэдэг. Энэ үнэн үү?
-Улирал хамаарахгүйгээр дээрх шинж тэмдэг илрэхийн өмнө болон илэрсэн эхний долоо хоногт хамгийн халдвартай байна. Зарим тохиолдолд халдвар авсан хүнд шинж тэмдэг илэрдэггүй.
-Тэгвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?
-Хамгийн найдвартай энгийн арга бол гараа бохирдсон тухай бүрд нь угаах, хувийн эрүүл ахуй, ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. Мөн энэ өвчний тархалт ихтэй улс оронд аялах гэж байгаа бол түүхий ус, цэвэрлээгүй жимс, ногоо хэрэглэхээс зайлсхийх нь чухал. Мөн сүүлийн 50 хоногийн дотор бохир гарын шараар өвчилсөн хүнтэй хамт байсан, сэжигтэй хоол хүнс хэрэглэсэн бол биеийн байдлаа ажиглаж, дээрх шинж тэмдэг илэрвэл өрхийн эмчдээ хандаж, үзлэг шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.
-Вируст гепатитаас гадна гэдэсний халдварт өвчин их байна. Учир нь түүхий самар, жимс худалдаалагдаж эхэлсэнтэй холбоотой гэх ч яриа байна. Ер нь гэдэсний халдвар ямар замаар яаж тархдаг юм бэ?
-Хоносон, удсан хоол, бялуу, аарц, айраг, ундаа, пиво, жимс жимсгэнийг идэж уух, гар дээрээс худалдаалж байгаа хүнс, нийтийн хоолны газруудаар үйлчлүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Мөн гэртээ ч болсон, түүхий хүнсний бүтээгдэхүүнийг нэг тавиур, ширээн дээр тавьж хадгалах, бэлтгэхгүй байх нь зөв. Түүнчлэн бие зассаны дараа, хоол хүнс бэлтгэхийн өмнө болон дараа, ямар нэгэн цэвэрлэгээ үйлчилгээ хийсний дараа гараа угааж занших, орчны хөрсний бохирдол их, хог хаягдлыг тухай бүр нь ачиж зайлуулдаггүйгээс дулааны улиралд ялаа батгана ихээр үржиж халдвар тараах нөхцлийг бүрдүүлдэг. Мөн гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн хүмүүс эмчид эрт үзүүлж эмчлүүлэхгүй байх, дутуу эмчлүүлэн гарах зэрэг нь ахуй, хавьтлын замаар гэр орныхондоо болон ойр орчныхоо хүмүүст халдварыг тараах нөхцөл болдог. Үүнээс гадна хоол хүнснийхээ бүтээгдэхүүнийг зөв сонгож худалдан авч хэрэглэж сураагүй зэрэг нь гэдэсний халдварт өвчнөөр өвчлөхөд нөлөөлдөг.
-Гэдэс өвдөж, базлаад байвал гэдэсний халдварт өвчний шинж тэмдэг гэж үзэж болох уу?
-Гэдэсний халдварт өвчнүүд ихэнхдээ хөнгөн явцтай байдаг боловч халуурах, бөөлжих, суулгах, шингэн алдах, өтгөн цус залхагтай гарах, гэдэс базалж өвдөх, дүлүүлэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс хүн бүр хувийн ариун цэврийг чанд сахих, ус хадгалах савыг тогтмол таглаатай байлгаж ундны усыг 1-2 хоногоос илүү хугацаагаар хадгалахгүй байх, савыг бүрэн суллаж, угааж, цэвэрлэсний дараа усаа шинээр авч байх хэрэгтэй. Мөн түүхий болон буцалгаагүй усыг уухгүй байх, түргэн муудаж гэмтэх хиам, өндөг, бяслаг, сүү, тараг, цөцгий, бусад хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг баталгаатай газраас хугацааг харан худалдан авч, зөв хадгалан хэрэглэхийг сануулж байна. Түүнчлэн шууд хэрэглэдэг ногоо жимсийг сайн угааж, цэвэрлэн хэрэглэх хэрэгтэй. Хүүхдийнхээ хоол тэжээлийг зөвхөн хооллох тухай бүрт нь бэлтгэн хийж өгч байхаас гадна угж хөхдөг сав суулгыг тухай бүрт нь угааж ариутган хадгалж байх нь зүйтэй. Хэн, хэзээ, хаана, хэнийх нь үл мэдэгдэх хүнсний бэлэн бүтээгдэхүүнийг авч хэрэглэхгүй байх нь тун чухал. Хэрвээ гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн тохиолдолд өөрсдөө дур мэдэн эм уулгүй өрхийн эмнэлэгтээ эмчийн зөвлөгөөний дагуу бүрэн гүйцэд эмчлүүлж байх нь цаашлаад эмэнд дасалтай нянг биедээ хадгалахгүй байх нөхцөл болно. Эдгээр энгийн хялбар аргуудыг амьдрал ахуйдаа бүрэн хэрэгжүүлбэл гэдэсний халдварт өвчнөөр өвчлөхгүй, халдварыг бусдад тараахгүй байх бүрэн боломжтой.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )