Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг шиг зүйл болж байна цаана чинь. Үсрээд л хоёр сарын өмнө дизель түлшний нийлүүлэлт ховордож сүүлдээ бензин түгээх станцуудаар дизель түлш тасарч картаар бензин түлш олгоно гэсээр хэрэглэгчдийг карт авахаас өөр гарцгүй болгосон. Харин тэрхүү картыг худалдаж авсан хүмүүст карт нь үнэгүй хог болон хохироод үлдлээ. Хэдийгээр хэрэглэгчид картаа буцаагаад мөнгөө авна хэмээн ШТСтанцуудад очиж бослого гаргаад байхгүй ч хэрэглэгчид мөнгөөр хохироод үлдлээ. Энэ нь нэг бус нийт хэрэглэгчдийг хамарсан болохоор маш их мөнгөн дүн болох учиртай. Гэтэл үүнээс хойш АИ92 литр тутамд 90 төгрөгөөр нэмэгдлээ. Энэ талаар Газрын тосны хэрэг эрхлэх газрын мэргэжилтэн уг нь 40-50 төгрөгөөр нэмэх ёстой гээд л сууж байх нь хачирхалтай. Харин Өмнөговь, Дундговь зэрэг аймгуудад дизель түлш өнөөгийн байдлаар нэг литр нь 2000-2100 төгрөгийн үнэ хүрч байна. Өнөөдөр Улаанбаатар хотод Taxi нэг км нь 600-700 төгрөгөөр иргэдэд үйлчлэх боллоо. Энэ бүхнийг зохицуулах хүн олддоггүй бурхангүй газрын бумба галзуурна гэдэг нь жинхэнэ утгаараа болж байна. Хариуцлагатай төртэй улсад Засгийн газрын сайд нь алдаатай үг хэлснийхээ төлөө төрийн хүний хариуцлагаа ухамсарлаад албан тушаалаасаа сайн дураараа огцордог юм билээ. Эсвэл хариуцсан ажилдаа эзэн болж холбогдох байгууллагуудад хийх ёстой ажлаа хий шударга ажилла гэсэн шаардлага тавьж иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг юм билээ. Энэ байдал Монгол Улсад бол харин ч эсэргээрээ. Салбарын сайд нь иргэд өөрсдөө хэрэглээнээсээ илүү түлш нөөцлөөд үнийн зохиомол хөөрөгдөл үүсгээд байна. Түүнээс биш түлш байна гэж мэлздэг. Сүүлдээ асуудал олны өмнө ил болоод түлш байхгүй гэдэг тодорхой болсоор байтал мөн л иргэд өөрсдөө хиймэл хөөрөгдөл үүсгээд байна хэмээн гүрэлздэг. Харин одоо хөдөө орон нутгаар дизель түлш 2000-2100 хүрээд байна энэ талаар салбарын сайд нь юу гэх бол. Эсвэл бас л иргэд нь хэрэглээнээсээ илүү түлш хэдэн зуун литрээр нь нөөцлөөд үнийн хөөрөгдөл үүсгээд байгаа гэх болов уу. Одоогоор нөхцөл байдлыг хэвийн болгох ажлыг ЭБЭХЯ, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар, Иргэний эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Мэргэжлийн хяналтын газар зэрэг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахын төлөө үйл ажиллагаа нь чиглэх ёстой олон байгууллагаас хэн нь ч арга хэмжээ аваагүй хараагүй мэдээгүй мэт байна. Салбарын яамыг толгойлж байгаа Д.Зоригт сайд мөн л чимээгүй суусаар байна. Энэ хооронд бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр шатахуун импортлогч компаниуд хот хөдөөгүй үнийн хөөрөгдөл үүсгэж иргэдийг хохироосоор байна.
Б.Анар
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )