БСШУЯ, Кембрижийн их сургуультай хамтран Улаанбаатар зочид буудлын Хархорум танхимд Кембрижийн сургалтын хөтөлбөрийн талаар сургалт семинар зохион байгууллаа. Сургалт семинарт хот, хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулиудын захирал, багш нар оролцлоо. Сургалтыг Кембрижийн их сургуулийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Жилл Жонсон удирдан явуулав. БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр Кембрижийн хөтөлбөрийн талаар мэдээлэл хийв.
Монгол Улсын Засгийн газраас ерөнхий боловсролын стандарт хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн ерөнхий боловсролын олон улсын хөтөлбөртэй нийцүүлэн шинэчлэх, Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр хичээлийг хос хэлний сургалтын системд оруулахаар Кембрижийн их сургуультай хамтран ажиллаж байна. БСШУЯ бага, дунд боловсролын стандарт хөтөлбөрийг шинэчлэх туршилтын ажлыг 2011, 2012 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх бөгөөд аймаг бүрээс нэг сургууль, Улаанбаатар хотын 9 сургууль нийт 30 сургуулийг сонгож туршилтын ажлаа эхэлнэ. Сонгогдсон 30 сургуульд 5, 10 дугаар ангийн математик, англи хэл, байгалийн шинжлэл, хими, физик, газарзүй, биологи, түүхийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх туршилтыг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусах юм. 2014, 2015 оны хичээлийн жилээс эхлэн Монгол Улсын бүх ерөнхий боловсролын сургуулиуд олон улсын жишигт нийцсэн, өрсөлдөх чадвартай ерөнхий боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэнэ. Шинэчилсэн стандарт хөтөлбөртэй уялдуулж ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах, багш бэлтгэх дээд сургуулиудын сургалтын агуулга хөтөлбөрийг шинэчлэх, ерөнхий боловсролын сургуулиудын сурах бичгийг шинэчлэх, боловсролын үнэлгээний системийг өөрчлөх, багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог шинэчилж боловсронгуй болгох ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн жил хос хэлээр хичээл заадаг төрийн өмчийн "Шинэ эрин" сургуулийг Улаанбаатар хотод байгуулсан нь үр дүнтэй болох нь харагдсан. Хос хэлээр хичээлээ явуулдаг төрийн өмчийн хоёр сургуулийг энэ хичээлийн жилд нээх юм. Эдгээр сургуулийн 7, 8 дугаар ангид сурах 160 сурагч, 9 дүгээр ангид сурах 105 сурагч болон тухайн сургуульд ажиллах багш нарын сонгон шалгаруулалтыг энэ сарын 27-нд хийнэ хэмээн мэдээллээ. Мөн энэ үеэр БСШУ-ы сайд Ё.Отгонбаяраас тодруулга авлаа.
-Шинэ хичээлийн жил эхлэх гэж байна. Сурах бичиг хангалттай юу. Бага ангийн сурагчдад үнэ төлбөргүй тараадаг нь хэвээрээ юу?
-Нийт 65 нэр төрлийн нэг сая 227 мянган сурах бичгийн ханган нийлүүлэлт дууслаа. 33 нэр төрлийн сурах бичгийг шинээр, 32 төрлийн сурах бичгийг дахин хэвлэсэн. Бүх сурах бичгүүд долдугаар сарын 15-ны дотор аймаг, дүүргүүдийн Боловсрол соёлын газар, хэлтсүүдэд хүргэгдсэн. Одоогоор сургуулиудад тарааж байна. Бага ангийн сурагчдад сурах бичгийг үнэ төлбөргүй өгнө. Дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувьд сурах бичгийг төрөөс үнэ төлбөргүй түгээх юм. Дунд ахлах ангийн 40 хувийн хангалтыг төрийн дэмжлэг туслалцаа үзүүлэх зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд олгоно. Үлдэж буй 20 хувьд нь сурах бичгийг худалдан авах нөхцлийг бүрдүүлж хэвлэлийн компаниудтай гэрээ хийсний үндсэнд үнийн дээд хязгаарыг тогтоосон. Сурах бичгийн нэгжийн үнэ 2008 онтой харьцуулахад 60-70 хувь, 2010 онтой харьцуулахад 20-30 хувь буурсан үзүүлэлттэй байгаа. Одоогоор сурах бичгийн дундаж үнэ 2000 төгрөг байгаа юм.
Сурах бичгийг нэмэгдүүлэх зорилготой сурах бичгийн түрээсийн тогтолцоог нэвтрүүлэх туршилт хийж байгаа. 2011-2012 оны хичээлийн жилд Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Увс, Дундговь, Булган аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан, Налайх, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 12 жилийн 8, 9 дүгээр ангийн сурагчдыг хамруулан хэрэгжүүлж байгаа. Энэ ажлыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан. 8, 9 дүгээр ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс нийлүүлэх ажлыг 9 дүгээр сард багтаан хэрэгжүүлнэ. Сурах бичгийн түрээсийн тогтолцоо гурван жилийн хугацаанд сурах бичгийнхээ өртгийг түрээсийн хэлбэрээр буцаан авч эргэлтийн сан үүсгээд тухайн жилд дутагдаж алга болсон сурах бичгийг эргэлтийн сангаас хөрөнгийг нь гаргаж хэвлүүлж байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр цаашдаа улсын төсвөөс сурах бичигт зарцуулах зардлыг бууруулах давуу талтай.
-Сургуулиудын засварын ажил дуусч байна уу?
-Өнгөрсөн долоо хоногоос эхлээд засварын ажлаа шалгаж эхэлсэн. Засварын ажил 70 гаруй хувьтай. 9 дүгээр сарын 1-нээс өмнө дуусна гэж найдаж байна.
-Оюутнуудын сургалтын төлбөрт хүний хөгжлийн сангаас өгч буй 500 мянгыг энэ жил олгоно, үгүй гэх яриа гараад байгаа. Их, дээд сургуулиуд төлбөрөө бүгд нэмчихлээ?
-2012 оны төсөв бүрдүүлж эхэлж байна. Улсын төсөв бүрдүүлж байж дараа нь Хүний хөгжлийн санд суулгах байх. Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар тодорхой шийдвэр гарах юм. Оюутнуудын сургалтын төлбөрт 500 мянган төгрөг олгогдоно гэж бодож байна. Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэх санал ирж байгаа. Манай яамнаас 2010 оны 9 дүгээр сарын 1-ээс 2011 оны 6 дугаар сарын 1 хүртэл үнэ ханшийн өсөлтийн мэдээллийг Статистикийн төв газраас албан ёсоор авсан. 9.4 хувь гэсэн тоо өгсөн. Төрийн өмчийн бүх их, дээд сургуулиудад энэ жилийн сургалтын төлбөрийг 9.4 хувиас хэтрүүлэхгүй байх чиг өгсөн. Одоогоор сургуулиуд амарч байгаа учраас төлөөлөн удирдах зөвлөлүүд нь хуралдаагүй байх шиг байна. Наймдугаар сарын дундаас эхлээд сургууль цуглаад жигдрээд ирэхээр төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж сургалтын төлбөрийн талаарх тодорхой шийдвэр нь гарах болов уу. Бид гаргасан шийдвэрээ бүх их, дээд сургуулиудад явуулна.
-Энэ хичээлийн жил үдийн цай нь үдийн хоол болох уу, нэг хүүхдэд оногдох мөнгөн хэмжээ нэмэгдэх үү?
-Үдийн цай хөтөлбөр нэг хүүхдэд 400 төгрөг зарцуулдаг. Үдийн хоол хөтөлбөр рүү шилжихтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанаас туршилтын журмаар зарим сургуульд эхлэх чиг өгсөн. Ирэх жил Улаанбаатар хотод анхны хүнсний комбинат байгуулна. Энэ ажил амжилттай болох юм бол цаашдаа бүх сургууль үдийн хоолтой болж болно.
-Зарим их, дээд сургуулиудыг нэгтгэж заримыг нь хаасан гэж дуулдсан. Улсын хэмжээнд хичнээн их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна вэ?
-154 их, дээд сургуультайбайсан. Яг өнөөдрийн байдлаар 102 сургуультай болсон. Өнгөрөгч 5, 6 дугаар сард их, дээд сургуулиудад аттестатчилал явуулсан. Зургаан дээд сургуулийн үйл ажиллагааг хааж, зургаан дээд сургуулийн элсэлтийг хязгаарласан. Батлан хамгаалахын дээд сургууль дангаараа үйл ажиллагаа явуулна. Яагаад гэвэл манай яамны харьяанд байдаггүй. Харин Хилийн цэргийн дээд сургууль, Цагдаа, Тагнуулын академийг нэгтгэж Дотоодын цэргийн их сургууль болгох шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарсан.
-Сургалтын төрийн сангийн журамд ямар өөрчлөлт орсон бэ. Төрийн сангийн зээл тусламжийг хэн хүртэх юм бол?
-Сургалтын төрийн сангийн санхүүжилтыг тодорхой ангилалтай хийж байгаа. Гадаад, дотоодын олимпиадад байр эзэлсэн оюутан, сурагчдад олгоно. Хүний хөгжлийн сангаас оюутны төлбөрт 500 мянган төгрөг өгч эхэлснээс халамжийг давхардуулахгүй гэж үзээд Төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төлдөг байсан нь зогссон. Засгийн газрын хуралдаанаас тодорхой шийдвэр гарна байх аа.
-Оюутнуудад 70 мянган төгрөг олгоно гэсэн юу болсон бэ?
-70 мянган төгрөгийн хувьд хууль нь наадмын өмнө батлагдсан. Хэрэгжүүлэхийн тулд эхлээд улсын төсөвт мөнгө нь суух ёстой. Хэрэгжүүлэх журам гарах учиртай. Төсөвт мөнгө нь сууж, журам нь гарсны дараа хэрэгжих асуудал.
-Энэ жил төрийн сангийн зээл, тусламжаар хичнээн оюутан гадаадын улс оронд сурах вэ?
-Улсын хэмжээнд 1000 оюутан гадаадын их, дээд сургуульд суралцана. БНХАУ-д 400, ОХУ-д 300, Туркт 165 гэх мэт. Яг сургалтын төрийн сангийн зээлээр жилд 100 орчим оюутан явдаг. Одоогоор шалгалтад 40 орчим оюутан тэнцээд байгаа. Шалгалт үргэлжлүүлж авна.
-Оюутнууд хэзээ хотхондоо төвлөрөх вэ?
-Оюутны хотхоны ерөнхий төлөвлөгөө гараад дууссан. Одоо техник, технологийн хэсэгчилсэн төлөвлөгөө дуусч байна. Холбогдох шинжилгээ судалгааны ажил хийсэн. БНХАУ-д Ерөнхий сайдын хийсэн айлчлалын үеэр энэ хотхоны санхүүжилтийн асуудлаар бичиг баримтад гарын үсэг зурсан байгаа. Одоо холбогдох шийдвэрийг УИХ-д танилцуулах юм билээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )