Английн Лондон хотын Хитроу нисэх онгоцны буудлаас өнгөрөгч оны есдүгээр сарын 17-ны өдөр баривчлагдан одоог хүртэл хоригдож байгаа Үндэсний аюулгуй байдлын ажлын албаны дарга Б.Хурцыг тус улсын шүүхээс Германы талд шилжүүлэх эцсийн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээс хойш түүний талаар болон шийдвэрийн талаар янз бүрийн мэдээлэл хэвлэлээр гарах болсон учир Ажлын хэсгээс албан ёсны мэдээлэл авахаар Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос тодруулга авсан юм.
-Манай улсын зүгээс нааштай шийдвэр гарах байх гэж их найдаж байсан. Гэтэл эсрэг шийдвэр гарчихлаа. Манай талаас бэлтгэж өгсөн баримт хангалттай байсан уу?
-Манай улсын талаас хангалттай гэхэд дэндүү хангалттай үндэслэлүүд бүхий баримт өгсөн. Олон ч материал бүрдүүлсэн. Гэтэл Англи улсын шүүх манай үндэслэлүүдийн нэгд нь ч хариу өгөөгүй төдийгүй Гадаад харилцааны яамнаасаа гаргаж өгсөн ганц хоёрхон өгүүлбэрт тулгуурлаад шийдвэр гаргачихлаа гэж манай өмгөөлөгчид үзэж байгаа. Үүнээс харахад хөгжсөн орны шүүх засаглал төр засгаасаа хараат бус шийдвэр гаргадаг гэдэгт эргэлзэхэд хүрч байна.
-Гэхдээ тус улсын шүүх нэмэлт баримт нотолгоо хэрэгтэй гэсэн шалтгаанаар л хуралдааныг удаашруулаад байсан шүү дээ?
-Тийм. Ер нь бол их эргэлзээтэй хэрэг учраас шууд шийдвэр гаргачихаж чадахгүй байсан юм. Гэхдээ эцсийн эцэст тус улс нь засаг, шүүх хоёрын гадаад бодлого нэг байх ёстой гэсэн байр суурин дээрээс ханддаг юм байна гэсэн ойлголтонд бид хүрсэн. Шүүгчийн өөрсдийн цахим хаягтаа гаргасан байсан дүгнэлтийг харсан ч ийм ойлголт авахаар байсан.
-Төр засгаасаа хараат байдлаар шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж буй хэрэг үү?
-Манайханд тийм ойлголт байна л даа. Соёлтой орны шүүх шударга шийдвэр гаргадаг гэж яриад, тэр хүн буруутай учраас ингэлээ гэх мэтээр яриад байна. Тэр бол буруу. Монгол ч гэсэн бас тусгаар тогтносон улс. Гадаад улс соёлтой, манайх болохоор соёлгүй биш шүү дээ. Манай Засгийн газар 2003 оны үйлдэл дээр Монгол улс Герман, Франц, Бельгийн Засгийн газраас албан ёсоор уучлалт гуйчихсан. Тийм байхад Английн тал өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлаж, өнөөгийн тусгай конвенц, дипломат эрх энэ бүх зүйл дээр тулгуурлаж шийдвэр гаргах ёстой байхад хэт өөрсдийгөө өмгөөлсөн байдлаар хандлаа. Бидний тавьсан үндэслэлүүдийг хэрэв шудрага авч үзсэн бол ийм шийдвэр гарах ёсгүй ч хэрэв шилжүүлэхгүйгээр шийдвэрлэчихвэл Б.Хурцыг хуурч аваачсанаа хүлээн зөвшөөрсөн болох гээд байсан учир ингэлээ.
-Англид байхад манай тал дипломат халдашгүй дархан эрх гэж байсан. Үүнийг үгүйсгэсэн зүйл нь бизнес ангиллын виз байсан уу?
- Үгүй. Ер нь бидэнд дипломат халдашгүй дархан эрхээс гадна тусгай үүргийн конвенц гэж байгаа. Улсынхаа ажлаар Англид явж байгаа гэдэг нь бүр дипломатаа болиод өөр тусгай үүргийн конвенцоор хамгаалагддаг юм. Гэтэл Английн тал виз яриад байгаа нь зүгээр л шалтгаан. Өмнө нь ч гэсэн тусгай үүрэг болон дипломат аялал зэрэгт бизнес ангиллын виз дарж байдаг байсан. Гэнэтхэн л Б.Хурцын визийг "бариад авсан" нь эхнээсээ л зохион байгуулсан хэрэг гэж үзэхэд нөлөөлж байгаа юм.
-Ер нь анх Германы тал баривчлах санал гаргасан учир Англи баривчилж хорьсон. Энд анхнаасаа учир байсан юм болов уу?
-Германы талын баривчлах бичигт Европын холбооны бүрэн эрхт гишүүний хувьд Англи улсын нутаг дэвсгэр дээр зорчвол баривчлахыг хүссэн байсан. Гэхдээ ер нь Англи ч гэлтгүй Европын холбооны гишүүн улс бүр ялгаагүй барих л байсан. Гэхдээ Англи ямар байдлаар, яаж баривчилсан нь гол асуудал болж байгаа юм. Тэд өөрсдийн зохион байгуулалттай үйл ажиллагааг зөв гээд Герман руу шилжүүлж байна. Гэтэл Английн талд бол Герман руу шилжүүлэх ямар ч үндэслэл байхгүй. Олон улсын экспертүүд хүртэл "шүүхийн шударга шийдвэр гаргавал танай тал ялна" гэж байсан. Харин одоо гаргасан шийдвэрээс харахад цэвэр төр засгаасаа хараат байдлаар шийдвэр гаргалаа гэж дүгнэж байна.
-Герман улс руу шилжвэл ямар зүйл ангиар эрүү үүсгэгдэх бол?
-2003 оныхоо хэрэг дээр эрүү үүсчихсэн байгаа.
-Хүн хулгайлсан хэргээр ял төлөвлөнө гэж хуульчаас сонсож байсан юм байна?
-Тийм байх. Гэхдээ өмгөөлөгч нар зүйл ангийг арай зөөлрүүлэх тал дээр ажиллана.
-Англид ажилласан өмгөөлөгч хэвээр байх уу?
-Үгүй. Герман улсад герман өмгөөлөгчөөр өмгөөлүүлнэ.
-Эрүү нэгэнт үүсгэсэн учир өмгөөлөгчөө эртхэн авах хэрэгтэй байгаа байх?
-Бид өмгөөлөгчтэйгөө холбогдсон байгаа. Тус улсдаа нэр хүндтэй, олон жилийн туршлагатай өмгөөлөгчийг сонгосон.
-Б.Хурцыг хэзээ шилжүүлэх вэ?
-Тэрийг Английн тал өөрсдөө зохион байгуулж, дотоод журмаараа шийдвэрлэн шилжүүлэх байх. Бидэнд хугацаа мэдэгдээгүй. Гэхдээ их л хүнд сурталтай ажилладаг юм шиг ажиглагдлаа.
-Германд дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдвэл нэлээн олон жилийн хорих ял авдаг гэж сонссон?
-Ажлын хэсэг өмгөөлөгчидтэйгөө хамтраад зүйл ангийг нь сайн судална. Ямар ч байсан шүүх хурал болно.
-Англид давж заалдаад нэмэргүй, хэрэв шилжвэл байдал арай өөр байх болов уу гэсэн дүгнэлт бас байгаа. Хоёр улсын хооронд ялтан шилжүүлэх гэрээ бий билүү?
-Манай хоёр улсын хооронд ялтан шилжүүлэх гэрээ байгуулагдаж байгаагүй. Гэхдээ бидний хувьд Европын холбоотой түншлэл, хамтын хэлэлцээр байгуулж байгаагийн үндсэн дээр ялтан шилжүүлэх боломж бүрдэж эхэлж байна. Герман улс Европын холбооны улс учраас энэ тал дээр яриа хэлэлцээр эхлүүлж, бид санал тавьж болно.
Англид ч давж заалдаж болох л байсан. Гэхдээ хувь хүний хүслийг хүндэтгэж үзээд бид давж заалдахгүйгээр шийдсэн.
-Б.Хурц өөрөө давж заалдахгуй гэсэн хэрэг үү?
-Тийм. Засгаасаа ямар нэгэн байдлаар хамаарахгүйгээр бие даасан шийдвэр гаргадаг гэдэгт шүүхийн хоёр шийдвэрийг харахад эргэлзэхэд хүрлээ. Тийм учраас даваад ч гэсэн ялгаагүй үр дүн гарна гэж өөрөө дүгнэсэн байх.
-Германы талд "үүрэг гүйцэтгэсэн" гэдэг талыг барьж ажиллах болов уу?
-Олон талаас нь судална даа. Дээр дурдсанчлан манай Засгийн газар уучлалт гуйсан байгаа.
-Ажлын хэсэг шинэчлэгдэж байгаа гэсэн. Энэ талаар?
-Одоогийн байдлаар хуучнаараа байгаа. Гэхдээ шинэчлэгдэнэ, шинэчлэгдэхээс өөр арга байхгүй. Герман руу шилжээд эрүүгийн тал руугаа орчих учраас ХЗДХЯ-нд түшиглэсэн ажлын хэсэг байгуулна.
-Энэ асуудлаас үүдэн Англи, Монгол хоёр улсын харилцаанд ямар нэг ан цав гарах болов уу?
-Гадаад харилцаа, хамтын ажиллагаанд өөрчлөлт гарахгүй байх гэж бодож байгаа.
-Англиас манайд элчин томилогдож ирсэн үү?
-Манайд элчин сайд томилогдож ирсэн байгаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )