Японы эрх баригчид Фүкүшимагийн ослын цацраг туяаны хор хөнөөлийн талаар үнэн бодит мэдээллийг олон нийтээс нууж байжээ. The New York Times сонинд бичсэнээр атомын цахилгаан станцын ойролцоох Намиэ (Namie) хотын зүг цацраг туяа тархаж болзошгүй талаар огт хэлээгүй байв. Уг нь цацраг тархах мэдээллийг компьютерийн тусгай системээр хянаж байсан гэнэ. Цацрагийг салхи атомын цахилгаан станцаас урьд зүгт тууж яваа гэж найдсан хотын захиргаа станцын хойд талд байх тус хотынхонд анхааруулга өгөөгүй ажээ. Энэ нь хариуцлагаас айсан албан тушаалтнуудын хийсэн ажил байжээ. Японы засгийн газар орон нутгийн эрх баригчдын тэрхүү үйлдлийг мэдээгүй байсан байна. Ослын үеэр дүгнэлт хийх системийг 1986 онд 140 сая доллараар бүтээжээ. Одоо япончууд цацрагийн хор хөнөөлийг арилгах ажлыг улам эрчимтэй зохиож байгуулж эхэллээ.
Японд болж буй энэ үйл явдалтай бараг зэрэгцээд тус улсын цөмийн энергийн мэргэжилтнүүд Монголд 2017 он гэхэд Атомын цахилгаан станц барьж ашиглалтанд оруулах боломжтой хэмээн мэдээлсэн нь манай мэргэжлийн шинжээч нарын анхаарлыг татлаа. Цөмийн энергийн газрынхан үүнд няцаалт өгөхдөө “Монголд ийм боломж хараахан байхгүй боловч урьдчилсан төлөвлөлтөөр 2021 онд атомын цахилгаан станц барьж ашиглалтанд оруулж болохоор байна. Үүний тулд судалгааны ажлыг таван жилийн турш хийх шаардлагатай” гэжээ.
Харин атомын цахилгаан станц нь аюулт уршигтай гэдгийг Германы засгийн газар нотолж, ирэх оноос цөмийн бүх реакторуудаа зогсоохоор шийдээд байна. Оронд нь цахилгааны өөр эх үүсвэр, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах болжээ. Ингэхдээ тус улс 300 гаруй тэрбум ам.долларын алдагдал хүлээх хэдий ч ийм эрсдэлийг даван туулна гэж найдаж байна.
Монголчуудын хувьд нутаг дэвсгэрийнх нь эргэн тойронд буюу хойд, өмнөд хоёр хөрш оронд ойрын жилүүдэд 60 гаруй атомын цахилгаан станц ажиллах төлөвтэй байгаа. ОХУ-ын Буриад улсад ураны олон орд газрууд бий. Эндээс бид наад зах нь ямар дүгнэлт хийж болох вэ. Эргэн тойрондоо цөмийн цацрагийн болзошгүй аюул дунд байгаа гэж болно. Дээр нь бид өөрсдөө ураны орд газруудыг шинээр ашиглаж эхэлнэ. Цөмийн түлш экспортлоно. Экспортолсон түлшийг маань авч ашигласан улс орон атомын станцынхаа хаягдлыг буцааж манайд өгөөд “Та нар үүнийг Монголдоо булшил” гэсэн шаардлага тавина. Өнөөдөр ийм л зарчим үйлчилж байгаа.
Цөмийн хаягдлыг Монголд авчирч булах гэж байгаа тухай өнгөрөгч хавраас эхлэн Япон, Америк, Хятадын сэтгүүлчдээс бид анх сонссон. Японы “Майничи” сонин энэ талаар удаа дараа мэдээлсэн. Мөн саяхан Оросын “Известия” сонин “Монголд цөмийн хаягдал булшлах гэрээний төслийг Монгол улстай үндсэндээ тохиролцсон” гэжээ. Хятадын хэвлэлүүд бас бичиж эхлэв. Үнэ ханшийг нь ч зарлаж байна. Хятадын нэгэн хэвлэлд “Монгол улс гадаадын цөмийн хаягдлыг нутагтаа хадгалаад 10 тэрбум доллар авахыг хүсч байна” гэсэн байна. Нэг килограмм цөмийн хаягдал хадгалахад 500 ам. долларын өртөг төлдөг гэсэн дэлхийн жижиг байдаг бололтой. Өнөөдөр цөмийн хаягдлаа хаях газаргүйгээс баахан хуримтлал бий болгочихсон улс орон зөндөө олон болжээ. Тайваньд 10-20 мянган тонн цөмийн хаягдал хуримтлалдсан мэдээ байна.
Монголд цөмийн хаягдал булшлах цогц үйлчилгээний талаар Монгол, Америк, Япон улсын гурвалсан гэрээ хэлцлүүд хийгдэж байна. Энэ тухай Японы “Киодо цүшин” сонинд бичсэнийг Zindaa.mn сайт урьд нь мэдээлж байсан юм. Энэ удаа үүнийг дахин товч мэдээлэх нь зүйтэй болов уу. Гурван улсын уг гэрээнд:
-Цаг агаарын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал, хэрэгцээний өсөлт их байгаа тул дэлхий даяар цөмийн эрчим хүч хэрэглэхийг дэмжих.
-Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх гэрээг дахин хянасан 2010 оны хуралдаанаас цөмийн түлшний асуудалд олон талаас хандаж, хөгжүүлэх хэрэгцээ байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдлыг анхаарах.
-Ашигтай ажиллах цогц үйлчилгээг хөгжүүлэхийн тулд хурал зөвлөлгөөн хийж, харилцан үйл ажиллагаагаа зохицуулах.
-Монголд цөмийн хаягдал хадгалах агуулах барихын тулд хэрэгцээтэй техник технологийн туслалцааг Олон улсын эрчим хүчний агентлагаас авах.
-Цогц үйлчилгээг эсэргүүцэн гарч болох нийгэм, олон нийтийн санал бодлыг тооцоолох.
-Цөмийн эрчим хүчний эрсдэлээс хамгаалах олон улсын байгууллага байгуулан цогц үйлчилгээнд элсэх магадлалтай орнуудыг нэгдэхийг уриалах зэргийг уг гэрээний заалтуудад дурьдсан байна. Арабын нэгдсэн Эмират улсад уран нийлүүлэх гэрээг манай төр, засгийн удирдагчид хийсэн гэх мэдээлэл бас бий. Ийнхүү монголчууд цаашдаа цөмийн хог хаягдалын дунд амьдрах нь бололтой. Энэ бол үхлийн авс л гэсэн үг юм.
Тиймээс энэ сарын 11-нд Америкийн Лос Анжелос хотод монголчуууд эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгууллаа. Жагсагчид Америкийн төр, засагт хандан “Монгол улс цөмийн хаягдлын цэг болох ёсгүй” гэсэн шаардлагыг тавьжээ. Энэ удаагийн жагсаал цуглааны талаар Лос Анжелост амьдарч байгаа монголын иргэн Энхтөр хэлэхдээ “Бид эх орондоо хайртай. Монголчууд их гүрнүүдийн хорт санаархалын цолиос болж болохгүй. Цөмийн хаягдлыг эх оронд маань булах төлөвлөгөөг бид эрс эсэргүүцэж байна. Цөмийн хаягдалыг Монголынхоо тал нутагт булшлах нь хэзээ нэгэн цагт дэлбэрэх цөмийн бөмбөг булж байгаатай огт ялгаагүй юм” гэжээ. Эх орноосоо алс хол байгаа монголчууд маань ийнхүү тэмцэж эхэллээ. Тэгвэл Монголдоо байгаа иргэд маань эрх баригчдад тодорхой асуулга тавьж, тоймтой хариу авсан юмгүй л байна. Атомын цахилгаан станц л барчихвал эрчим хүчээр санаа зоволтгүй болно гэсэн мугуйд байр суурьтай дарга нар олон байгаа нь иргэдийн сэтгэлийг зовоох боллоо. Геманчууд шиг сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар ярьж, төлөвлөж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах дарга мяндагтан тун ховор байгаа нь хачирхалтай. Ийм нөхцөлд эх нутагтаа амьдарч буй жирийн иргэд маань Лос Анжелосын монголчуудынхаа дуу хоолойг дэмжих л хэрэгтэй болж байна даа.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )