Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний тасалбар олдохгүй, иргэд, зорчигчдоос гадна Эрээнээс бараа зөөдөг наймаачид ихээхэн бухимдаж байна. Учир нь Замын-Үүдийн чиглэл дэх галт тэрэгний тасалбарыг энэ сарын 17 хүртэл бичээд дуусчээ. Иргэдийн зарим нь “Хэд хоногийн өмнөөс урт дараалал үүсч, иргэд вокзал дээр хонон өнжин дугаарлаж, нэг хүн олон тасалбар бичүүлэх байдлаар бужигнаан үүссэн. Гадуур шагийн тасалбар байгаа” хэмээн шүүмжилж байна.
Харин “Улаанбаатар төмөр зам”-ын зорчигч, тээвэр хариуцсан холбогдох албаны хүмүүсийн зүгээс “Тасалбарыг бичихдээ ч, вагонд суухад шалгахдаа ч тухайн зорчигчийн иргэний үнэмлэхтэй тулгаж, хяналт шалгалт тавьж байгаа учраас тасалбар шаглах ямар ч боломжгүй. Ачаалал их байгаа учраас иргэд билетээ урьдчилж бичүүлсээр дараалал үүсч байгаа. Тиймээс зарим нь бухимдаж байна” хэмээв.
Орон нутгийн билетийн тасагт өчигдөр 11 цагийн үед очиход нэлээд урт дараалал үүссэн байлаа. Өглөө бүр ч их байсан, харин одоо овоо шингэрээд байна гэлцэн билет олгох цонхны наана дугаарлагсад бүгд л Замын-Үүд рүү хурдхан яваад ирэх хүсэлтэй гэнэ. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хүүхдүүдийнхээ хувцас, хичээлийн хэрэглэлийг хангаад ирэх бодолтой нэгэн байхад бараандаа яарсан олон хүн дугаарлажээ. Бидний уулзсан иргэн Б “Замын-Үүд рүү хурдан явахын тулд Дорноговь аймгийн төв Сайншанд руу явах билет бичүүлсэн. Вагонд суусан хойноо арга хайх санаатай” гэв. Яаж гэвэл “Тэр нууц” гэж байна.
Замын-Үүд орохын тулд Сайншанд болон бусад өртөөнүүд рүү билет бичүүлж, вагонд орсон хойноо ямар нэгэн байдлаар арга эвийг нь олдог сэргэлэн “туулай”-нуудын хувьд боломж бий бололтой. Улаанбаатар төмөр зам хавиар нөхцөл байдал ийм байна. Харин Замын-Үүдэд ямар байгааг мэдэхээр холбогдох албаныхан руу утас цохиход ачаалал их, манай ажлын оргил үе эхэлсэн учир ярих ч зав алга хэмээв.
Замын-Үүд боомтоор өдөрт 7500-8000 хүн орж гарч байгаа бол том тэрэг 2500, 4000 орчим хүн тээвэрлэдэг жижиг тэрэг, Газ-469 маркийн автомашин байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, хилийн шалган нэвтрүүлэх, гааль, мэргэжлийн хяналтын албаар давхардсан тоогоор өдөрт 7500-8000 иргэн, 6500 гаруй машин үйлчлүүлдэг. Ачаалал их байхаас аргагүй биз. Ачаалал их, ажилтнуудын анхаарал сул байгааг далимдуулан зөрчил гарах магадлал ч бий.
Энэ талаар лавлахад ачаалал их байгаа ч зөрчил гарах нь бага байна. Одоогоор илэрсэн ноцтой зөрчил алга хэмээн мэргэжлийн хяналтын болон гаалийн улсын байцаагч нар хэллээ. Хоёр сая гаруйхан Монголчууд жилийн жилд хичээл, сургууль эхлэхийг дөхүүлэн Эрээн рүү цувж, өмсч зүүх, идэх уухаа базаадаг. Тэр болгонд галт тэрэгний билет олдохгүй, урт дараалал үүссэн тухай хэл ам таталдаг боллоо.
Мөн түүнийг дагасан мөнгөний урсгал урд хөршийн эдийн засгийг сэлбэдэг зуршилтай. Үүнд дүгнэлт хийж, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих талаар бодлого боловсруулдаггүй, нэг ёсондоо төрийн толгой ялзарчихсан учраас нөхцөл байдал бахь байдгаараа үргэлжилж байгаа нь энэ. Дотооддоо үйлдвэртэй болчихвол хүүхдийнхээ дүрэмт хувцасыг авахаар урд хөршийг зорьдог цуваа цөөрнө. Аймаг бүрт будаа тариалж, гурилын жижиг үйлдвэр байгуулчихвал иргэдийн амьжиргаа дээшилнэ.
Ашигт малтмал, түүхий эдээ түүхийгээр нь урд, хойд хөрш рүү ачуулж байснаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулчихвал улс орон хөгжинө. Гэтэл Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх нэрээр УИХ хууль санаачилж, Засгийн газар нь баталж, төрийн түшээд тэр мөнгийг тойрон хүрээлэгчид болон сонгуулийн менежерүүддээ цацаж байдаг нь ч нууц биш.
Өнөөдөр манайхан өмсч зүүх, ууж идэхээ бүгдийг урд хөршөөс зөөдөг. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өмнөд хөршөөс даавуу оруулж ирээд үйлдвэрлэл явуулах гэхээр жижиг аж ахуй нь татварт татагдаж унахад хүрдэг учраас боломжгүй. Тэгээд ч өмнөд хөршийнхний чанаргүй бэлэн хувцас, бараа бүтээгдэхүүнээ манай улс руу шахах сонирхол, Монголын улс төрчдийн ашиг сонирхолтой нийлдэг учраас үйлдвэрлэгчид гараа хумхиад сууж байхаас аргагүй.
“Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй” гэгчээр Монголчууд зуны зунд Замын-Үүдийн галт тэрэгний билет бичүүлэхээр хонон өнжин дугаарлаж, хэдий хүртэл Эрээнээс идэх уух, өмсч зүүхээ зөөх вэ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )