Сүүлийн жилүүдэд байгалийн голомтот халдварт өвчин /БГХӨ/ буюу малаас малд, малаас хүнд халдварлан тархах өвчнүүд ихсэх, шинээр гарах хандлагатай байна. Өмнө нь яригддаг байсан тарваган тахал, боом, шүлхий, галзуу зэргээс гадна гахайн ханиад, шувууны томуу тэр байтугай шинэ төрлийн хачигт халдвар БНХАУ-д гарч, “шинэ ДОХ” гэж хүртэл нэрлэгдэж байв. Манай улсад ч байгалийн голомтот халдварт өвчин их гарч, адууны ханиад, шувууны томуу, боом аюул заналхийлсээр байна.
Манай улсын хувьд он гарсаар хамгийн аюулт өвчин болох тарваган тахал гараагүй байгаа хэдий ч хүн, мал, амьтны боом, галзуу өвчний улмаас нийт зургаан хүн нас бараад байгаа юм.
Энэ дундаас боом нь хүн, мал, зэрлэг амьтад өвчилдөг хурц халдварт өвчин бөгөөд малын тэжээл, мах, сүү, арьс гэх мэт бүтээгдэхүүнээр дамжин хүнд халдварлаж, хүний тунгалагийн зангилаа болон тунгалагийн судлыг гэмтээж, хүчтэй хордлого үүсгэдэг аюултай өвчин юм. Иймээс иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тархвар зүйн секторын мэргэжилтэн Д. Тунгалагтай уулзаж боом өвчны тархалтын талаар ярилцлаа.
-Одоогийн байдлаар манай улсын хэмжээнд БГХӨ-ний тархалт ямар байна вэ?
-Тавдугаар сараас аравдугаар сар хүртэл БГХӨ-ний улиралжилт гэж ярьдаг. Энэ үеэр БГХӨ-ний гаралт тодорхой хэмжээгээр нэмэгддэг юм. Он гарсаар боом өвчний нийт 45 дуудлага ирсэн. Үүнээс 25 нь боомоор өвчилсөн хүн байснаас таван нь нас бараад байна.
Хачигт халдварын сэжигтэй 90 гаран дуудлага ирээд байгаагаас 20 тохиолдол нь өвчилсөн гэж батлагдсан. Галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулсан дуудлага 109 ирсэн. 2004 оноос хойш галзуугийн хүний өвчлөл гараагүй байсан юм. Гэтэл энэ жил Өвөрхангай аймгийн Богд суманд 61 настай иргэн галзуугаар өвчилж нас барсан тохиолдол гарлаа.
Харин өнөөдрийн байдлаар тарваган тахлын хүний өвчлөл гараагүй байна. 2005 оноос хойш жилдээ нэгээс хоёр тохиолдол тасралтгүй гарч байсан. Гэхдээ 1990-ээд оныг бодвол тарваган тахлын өвчлөл эрс буурсан нь авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тарвага агнахгүй байх тушаал, шийдвэртэй холбоотой байх.
-Сүүлийн жилүүдэд боом өвчин нийслэлд гарах нь нэмэгдээд байх шиг?
-Малын гаралтай бүтээгдэхүүнийг хяналтгүйгээр оруулж, хэрэглэж байгаа нь сүүлийн жилүүдэд нийслэлд боомын эрсдэл үүсгээд байна. 2000- 2009 онд Сонгинохайрхан дүүрэгт гурван хүн боомоор өвдсөн байдаг. Гэтэл 2010 онд 11 тохиолдол, энэ жил 17 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Малын гаралтай бүтээгдэхүүнээр дамжиж хотод тархаад хүн өвчлүүлээд байгаа юм. Боомоор өвчилсөн малын арьс, шир Улаанбаатар хотод орж ирсэнийг бид удирдах газруудад нь мэдээллээд арга хэмжээ авсан.
2010 онд Сэлэнгэ аймагт боом өвчний хоёр удаагийн дэгдэлт гарсан. Энэ үеэр 42 хүн өвдсөнөөс 28 нь Сэлэнгэ аймгийн иргэн байсан юм. Хэнтий, Дорнод, Архангай, Булган аймгуудад боом өвчин сүүлийн жилүүдэд их бүртгэгдэж байгаа. Одоогийн байдлаар хамгийн сүүлд Говь- Алтай аймгийн Бигэр суманд гурван хүн боомоор өвчилчихөөд байна. Бигэр суманд 1970-аад оны үед малын өвчлөл гарч байснаас биш хүн өвдөж байгаагүй. Энэ жил Бигэр суманд айлын үхэр сүрэг боомоор өвдөж, дөрвөн нь үхсэн юм. Гэтэл эхний үхсэн үхрийг нь хоол хүнсэндээ хэрэглэчихсэн байсан. Халдвар авсан үхрийг өвчиж, төхөөрсөн гурван хүн нь боомоор өвчилсөн юм. Гэхдээ биеийн байдал нь сайжирч байгаа.
-БГХӨ-ийг тархаахгүй байх талаар ямар, ямар арга хэмжээ авч явуулж байна вэ?
-Өмнөх жилүүдэд боом өвчин зургаагаас наймдугаар сарын хооронд дэгддэг байсан бол энэ жил хоёрдугаар сараас эхэлж гарсан. Дөрөвдүгээр сар гэхэд нийт дуудлагын 80 хувь нь бүртгэгдсэн гээд бодохоор улиралжилт их өөрчлөгдөж байна гэсэн үг юм. Эрүүл мэндийн яамнаас албан даалгавар гарч, бүх аймаг, орон нутагт хүргэгдсэний дагуу бид арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. БГХӨ-ний үеийн бэлэн байдлыг хангуулах, малын өвчлөл гарсан тохиолдолд тухайн өвчний голомтод хүнийг өвчлүүлэхгүй байхын тулд авах арга хэмжээг сайжруулах тал дээр их ажил хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор бид гурван хоногийн өмнө Архангай аймагт мал болон хүний эмнэлгийн байгууллагуудад үзүүлэх сургуулилт, сургалтыг зохион байгуулаад ирсэн. Боом өвчний үед хүн болон мал эмнэлгийн эмч нар хэрхэн хамтран ажиллах, голомтод хэрхэн хурдан хариу арга хэмжээ зохион байгуулах гэсэн сэдвийн дор бүх аймаг орон нутгийн хамарсан сургалт явуулсан.
-БГХӨ-ний вакцин хийгдэж байгаа юу?
-Боомын вакциныг тавдугаар сард БГХӨ-ний улиралжилтийг угтуулж хийдэг. Тарваган тахлын вакциныг Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаалаар долоодугаар сарын гурав дахь долоо хоногт хийгддэг. Нийт 42 мянган хүн тун вакцин бүх аймаг орон нутагт тараагддаг. Одоогийн байдлаар эхний гурав, дөрвөн аймагт 80-аад хувьтай хийгдсэн гэсэн мэдээ ирүүлээд байна. Бусад аймгуудаас хараахан мэдээлэл ирүүлээгүй байна.
-Боомоор хүн өвчлөхөд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Боом өвчин бол мал амьтнаас хүнд халдварладаг. Үүнээс гадна боомоор бохирлогдсон хөрс шороогоор дамжиж халдаж болно. Боомоор өвдсөн тохиолдолд хүний бие дээр ямар нэгэн хэмжээгээр шарх үүсдэг. Хүмүүс ярихдаа “шумуул хазсан юм шиг жижигхэн улаан юм гарсан. Тэгээд маажсан чинь хавдаад, цэврүүтээд, ус гараад сүүлдээ хатиг болчихсон” гэдэг. Хамгийн гол таних тэмдэг нь боомоор өвчилсөн хүний шархалсан газар үү шиг хар тав үүсдэг. Тэр хар тав бол ямар ч өвчин байхгүй байдаг. Энэ тэмдэгээр мэдэж болно.
Өвчилсөн хүн бол үхсэн малд гар хүрсэн, эсвэл хөрс шорооны ажил хийсэн байдаг. Сүүлийн үед уул уурхай, барилга гэх мэт газар сэндийлэх явдал маш их байгаа. Боомоор өвдсөн малыг булсан, боомын нянгаар бохирлогдсон хөрсний ажил хийсэн хүмүүс гар дээрээ эсвэл биеийн аль нэг ил гарах хэсэгтээ шарх, шалбархайтай байсан бол түүгээр дамжиж халдвар авах магадлал маш өндөр байдаг.
Боомын нян газрын хөрсөнд хэдэн арван жилээр хадгалагдан амьдрах чадвартай бөгөөд тохирсон орчин бүрдвэл өвчин үүсдэг байна. Иймээс шалтгаан нь тодорхойгүй болон боомын сэжигтэй үхсэн малын мах, түүхий эдийг ашиглахгүй, худалдаалахгүй байх, мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс яаралтай тусгаарлаж мал эмнэлэгт хандах, мал, амьтны дунд боом өвчин гарсан тохиолдолд сэг зэмийг нь зөв аргачлалын дагуу устгахыг Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна.
Ч.Ариунболд
Эх сурвалж: “Монцамэ”
Сэтгэгдэл ( 0 )