Монголын төр хүнээрээ хүн бариулаад, эцэстээ гадны улсаар эх орноо шантаажлуулах нөхцөл байдалд орчихсон нь хөөрхийлэлтэй. Олон улсын тагнуулын жишигт “Чи хамаагүй зөвхөн эх орны эрх ашиг сөхөгдөнө” гэдэгчлэн арчаагүй төрийн явуургүй бодлогын үр дүнд Б.Хурц гацаанд орсон. Гэхдээ түүнийг өмгөөлж хамгаалах үндэслэл байхгүй нь өнгөрсөн есөн сарын хугацаанд болж өнгөрсөн бүхнээс илхэн харагдана.
Б.Хурцын холбогдсон хэргийг эргэн саная. Тухайн үед буюу 2003 онд Засгийн газрын тэргүүнээр Н.Энхбаяр, Монгол Улсаас Герман улсад суугаа Элчин сайдаар одоогийн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллаж байжээ. Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга Б.Хурц, С.Зориг агсны хэргийг хариуцан ажиллаж байсан бөгөөд түүнтэй хамт Б болон тагнуулын албанд ажилладаг Э гэсэн хүмүүс Франц руу нисчээ.
Улмаар талийгаач Дамирангийн Энхбатыг “Макдональд” зоогийн газар байхад нь эхнэрээр нь дуудуулан баривчлав. Б.Хурцтай “ажиллагаа” гүйцэтгэсэн хүмүүс Д.Энхбатыг зодож, тарчлаасны эцэст унтуулдаг тариа хэрэглээд Бельги улсаар дамнан өнгөрөөд Германд газарджээ. Ингээд ЭСЯ-нд Д.Энхбатыг нууж байгаад онгоцоор гав гинжээр дөнгөлөөд авчирсан гэдэг. Тухайн үед Англи, Герман болон Европын холбооны улс орнууд манайхны энэ үйлдэлд туйлын ихээр эгдүүцжээ. Тусгаар тогтносон улсын газар нутгаас хүн хулгайлсан, дотоод хууль дүрэм ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр манай улсын Засгийн газраас тэдгээр хүмүүсийн нэрийг гаргаж өгөхийг хүчтэй шаардсан байдаг.
Харин эрх баригчид тэднийг Европын холбоонд “ховолсон” гэдгийг одоо болж буй үйл явдлууд харуулна. Хэрэг явдлаас хойш таван жилийн дараа Англи улсаас манайд суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Диксон тэргүүтэй Английн эрх баригчид Б.Хурцыг ижил мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагаат уулзалтад урьжээ. Гэхдээ Английн тал бүх нууц ажиллагааг цогцоор нь шийдсэн байх юм. Өөрөөр хэлбэл, манайд албан ёсоор урилга ирүүлээгүй. Зөвхөн Б.Хурцтай утсаар тохирсон гэдгийг баталсан юм.
Үүний дараа түүнд албан ажлын бус бизнес буюу аяллын ангилалын виз олгосныг хожим мэджээ. Ингээд “Хитроу” нисэх буудалд газардсан Б.Хурц Европын холбооны хуулийн дагуу сэжигтнээр татагдсан байдаг. Болж өнгөрсөн үйл явдал манай Засгийн газрын арчаагүй байдлыг харуулах бөгөөд түүнийг нь гүйцэтгэсэн этгээд Англи, Германы хуулийн өмнө хариуцлага хүлээх дээр тулж иржээ.
Б.ХУРЦ ГЭЖ ХЭН БЭ
Б.Хурц Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргаар томилогдохоос өмнө МИАТ компанийн Сөүл дэх төлөөлөгчөөр гурван жил ажиллажээ. Тухайн үед МИАТ-ийн захирал н.Бат-Эрдэнэтэй нийлж Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгийн ачаа тээвэрлэлтэд мөнгө унагаасан гэх хэл аманд орж байсан аж. Үүнээс болж Б.Хурц ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Харин дараа нь МИАТ-ийн төлөөлөгч асан хүн Үндэсний аюулгүй байдлын албанд ажилд оржээ. Зарим нь түүнийг хүчний чиглэлээр сургууль төгссөн учраас уг албанд ирсэн ч гэж ярьдаг.
Улмаар Б.Хурц Тагнуулын ерөнхий газарт өндөр албан тушаал хашиж явжээ. Энэ ч утгаар өөрийгөө Н.Энхбаярын үед тагнуулын байгууллагад байсан хэмээн ярьдаг байж. Тэрбээр Сөрөг тагнуулын газрын даргаар томилогдож гаалийн Х.Баатарын хэргийг гардан шалгаж, илрүүлжээ. Ер нь Б.Хурцыг гүйцэтгэх ажлыг чамгүй сайн гүйцэтгэдэг байсан гэх. ОХУ-д Аюулгүй байдлын академийн их сургуулийг дүүргэсэндээ ч юм уу ур чадварын хувьд бусадтай харьцуулашгүй нэгэн гэнэ. Гэтэл ийм туршлагатай, чадвартай хүнээ Тагнуулын ерөнхий газар ажлаас нь чөлөөлсөн учир юунд байв.
Б.Хурцад гаалийн хэргийг шалгах явцад энэ хэргийг хаагаад өгөөч хэмээн 50 сая төгрөг амлажээ. Гэтэл тэр мөнгийг нь мань хүн авчихсан байгаа юм. Өөрөө тайлбарлахдаа “50 сая төрөг чухам хэн өгсөн гэдгийг нь мэдэхийн тулд энэ мөнгийг түр авсан. Тагнуулын ерөнхий газрын даргын зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэх ажил явуулахаар тэр мөнгийг баримт болгон өөртөө байлгасан. Энэ мөнгийг ТЕГ-ын аж, ахуйд бүрэн зарцуулсан” хэмээн тайлбарласан байдаг юм.
Авлига өгсөн цаад эзнийг нь тогтоосон үед уг нь 50 сая төгрөгийг байгууллагаас буцааж гаргах нөхцөлтэй байсан гэдэг. Гэхдээ бүх зүйл Б.Хурцын төлөвлөснөөр болсонгүй. ТЕГ өөрөө асуудалд орооцолдох гээд ирэхийн цагт Б.Хурцыг авлига авсан нэрээр ажлаас нь чөлөөлжээ. Энэ бүгдээс болж тухайн үеийн ерөнхийлөгч Н.Энхбаяртай харилцаа муудсаныг үгүйсгэхгүй. Тэрчлэн, Д.Энхбатыг авчруулах хэрэгт зориуд Б.Хурц тэргүүтэй хүмүүсийг явуулсан байж магадгүй аж.
Сөүлд МИАТ компанийн төлөөлөгчөөр ажиллаж байх үед Н.Энхбаяр найман боть ном хэвлүүлж, МИАТ-ийг шахаанд оруулан үнэгүйгээр тээвэрлэж авчирсан булхайг нь тэр дэлгэж байсан удаатай. Б.Хурцыг хөрөнгө орлогоо худал мэдүүлснээс гадна дээр дурдсан элдэв хэргээр шалтаглан Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн. Н.Энхбаярын томилсон Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа ч Б.Хурцыг шалгаж мөрдөх даалгавар өгсөн нь зүгээр нэг хэрэг биш. Цаанаа нарийн учиртайг эх сурвалжууд үгүйсгэдэггүй.
Мөн Б.Хурцыг асуудалд хэдий орооцолдсон ч эргээд ямар нэг албан тушаалд торолгүй залардаг гэлцдэг. Дээдсийн хэрэглэдэг бүхэн түүнд бий. Тансаг хаус, үнэтэй машин, хувийн бизнес эрхэлдэг гээд чамгүй байр сууриа олж авсан нэгэн гэж ярьдаг. Зах зээлд шилжсэнээс хойш тэрбээр бусадтай адил ганзагын наймаа эрхэлж түүгээрээ хөлжсөн нэгэн гэнэ.
ЗАСГИЙН ГАЗАР ЮУ ХИЙСЭН БЭ
Үнэнийг хэлэхэд өнгөрсөн хугацаанд Засгийн газрын зүгээс Б.Хурцыг суллуулах дорвитой ажил хийсэнгүй. Харин ч эсрэгээрээ Англи, Германд тал засч зах зээлийн хүрээндээ багтаахаар гүйж явна. Мэдээж Англитай манай улс төдийлөн олон жил дипломат харилцаатай байгаагүй нь үнэн. Тэр ч утгаар Б.Хурцаар шантаажилж өрөвдөлтэй эрх баригчдыг үймрүүлж байгаа юм. Хоёр орны харилцаа хүн хулгайлсан хэргээс үүдэж урьд байгүйгээр муудаад байна. Бид том улсуудын дэргэд чухам ямархуу байр суурьтай байгаа Б.Хурцын жишээ тод харуулсан гэхэд болно.
Арчаагүй төрийн бодлого хүндээ хэрхэн хүрч буй нь ийм л өчүүхэн байна. Коммунист засаглалаа орхисон гэж байгаа ч өдийг хүртэл тэр үзлээрээ амьсгалсаар байна. Ардчилсан нийгэмтэй байтлаа хэд хэдэн улс дамнуулан иргэнээ хулгайлаад байхав. Одоо Б.Хурцыг Монголын төр мартсан гээд хатуухан хэлчихэд буруудахгүй. Б.Хурц хүн хулгайлсан гэдэг нэг өөр хэрэг. Үүрүүлэх хариуцлага нь ч ондоо. Харин Үндэсний аюулгүй байдалд хамаарах стратегийн ордуудыг эзэмшихийн тулд биднийг энэ мэт хэргүүдээр дарамталж байгаа нь бас л хөндөх нэг хэрэг. Тиймээс Монгол Улсын хувь заяа хэний гарт байгааг хэлэх хүн байна уу гэж асуумаар байна.
“Чи хүн хулгайлсан. Тиймээс ялаа өөрөө л үүр” гэж амаараа биш үйлдлээрээ хэлээд буй Засгийн газрын арчаагүй байдлыг харуулах бус уу. Хэдий хүн ам багатай, зах зээлийн хүрээ муу, эдийн засгийн чадавх тааруу ч гэлээ ядуу улсууд иргэнийхээ төлөө яаж тэмцдэгийг олон орны жишээ харуулдаг. Б.Хурцтай тун адилхан хэрэгт буруутгагдаад байсан Словакийн тагнуул гэх эмэгтэй 1995 онд ОХУ-д саатуулагджээ. Түүнийг Кристан Морд гэдэг байснаар нь хүмүүс анддаггүй. Зургаан жил хойд хөршид ял эдэлсэн түүнийг Засгийн газар нь буцаан авахын төлөө бүхнийг хийсэн. Бүр Гүрж, Бейрутын байр суурийг хүртэл эсэргүүцэж, шаардлагатай тохиолдолд цэргийн хүчээр туслахаа амлаж байсан гэдэг.
Оросын тагнуултай холбогдох хууль чанга учраас Мордыг 15 жилээр хорих ял оноожээ. Гэсэн ч Словакийн эрх баригчид эдийн засгаар хүртэл найр тавьж эцэстээ олон улсын шүүхэд гомдол гарган янз бүрээр л аашилжээ. Энэ бүхний эцэст НҮБ-ын хүний эрхийн хороонд хандаж Оросоос иргэнээ татсан байгаа юм. Гэтэл манай эрх баригчид ердөө ажлын хэсгийг солино, орчуулагчаа илгээж ЭСЯ-д мэргэжилтэн шилжүүлнэ ч гэх шиг. Энэ бол болох ёстой л процесс. Тэрнээс биш эцсийн дүндээ иргэнээ авах чухал алхмуудын нэг биш шүү дээ. Бас шүүгчийн гаргасан шийдвэрт сэтгэл дундуур байна гэж “тэнэгтсэн”. Есөн сарын хугацаанд Монголын төр эцсээ хүртэл гүйсэн бол ийм бүрхэг байдалд хүрэхгүй байсан. Тиймээс золигт гарсан Б.Хурц эх орондоо ирэх асуудал дэндүү адармаатай.
Дагуул тайлбар: ХАРЬД ХАР СҮҮДЭРТЭЙ МОНГОЛ ХҮН
Манайхан гадаадад ажиллаж, амьдрах туйлын хүсэлтэй. Энэ ч утгаар Солонгос, Чех гэх зэрэг үнэлгээний хангамж өндөртэй улс орон руу хошуурцгааж байна. Хүн бүр мөрөө үлдээдэгтэй адил Монголчууд хаа явсан газраа хар мөр, сүүдрээ үлдээдэг олон жишээ бий. Саяхан Шведэд хоёрын хоёр хүн хутгалж, нэгнийнх нь аминд хүрсэн хэргийн эзэн холбогдогч нь манай улсын иргэн. Тус улсын шүүх гэмт этгээдэд наад зах нь 13 жилийн ял ногдуулах сурагтай байна лээ.
Хүн амины хэрэгт холбогдсон иргэн Б нь аргагүй хамгаалалт хийсэн гэдгээ байцаалтын явцад мэдүүлжээ. Гэхдээ хэрэг гарсан өдөр сагсан бөмбөгийн талбайд биедээ хутга, шөвгө агуулж явсан нь үл бүтэх нэгэн гэдгийг нь илтгэж байна. Одоо тэрбээр өмгөөлөгчөө сонгосон бөгөөд энэ сарын 13- нд шүүгдэнэ. Ямартай ч хийж бүтээх ид насандаа хүний нутгийн хүйтэн торны цаана суух тавиланг бурхан лав зураагүй л байлтай.
Үүнээс гадна манайхан хар тамхины хэрэгт тогтмол холбогддог тогтолцоо сүүлийн хэдэн жилд нэлээд бүртгэгдлээ. Тэр дундаа урд хөршид буюу мансууруулах бодистой хамгийн хатуу аргаар тэмцдэг Хятадын газар нутгаар дамжуулан бусад орон руу авч гардаг аж. Хамгийн ойрын жишээ бол гэр бүлээрээ Шинжаан Уйгурын Үрүмчид баригдсан Ж.Дамдин гэх залуу. Тэрбээр цаазаар авахуулах байсан ч тус улсын шүүхээс хоёр жил харзнахаар шийдвэрлэсэн. Энэ хугацаанд Ж.Дамдины хүмүүжлийн үр нөлөө өөрт болон гадаад орчинд хэр тусах вэ гэдгийг сайн харах аж.
Монголын төр иргэнээ дээдэлдэггүй учир энэ мэтчилэн гадны улсад эх орныхоо нэрийг булингартуулж яваа цөөнгүй иргэн бий. Солонгосын хар зах дээр түрийвч суйлахаас өгсүүлээд Францын нутаг дэвсгэр дээрээс амьд хүн хулгайлдаг авьяаслаг хүмүүс манайхаас өөр оронд лав байдаггүй биз.
Эх сурвалж: Нийгмийн толь
Сэтгэгдэл ( 0 )