УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээс цаг алдалгүй шийдэх шаардлагатай байгаа зарим асуудлыг хэрхэн шийдэх боломж байгаа талаар тодрууллаа.
-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах уу?
-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах асуудал одоогоор ярьж шийдэгдээгүй байна. Ер нь хэлэлцэх ёстой асуудлууд байгаа. Төсвийн тодотголтой холбоотой асуудал байна. 2011 оны төсвийн орлого тал гүйцэд хангагдахгүй байгаа учир төсөв дээр зохицуулалт хэрэгтэй байна. Гэхдээ төсвийн тодотголын асуудлыг Засгийн газар өргөн барина. Өргөн барьсны дараа ээлжит бус чуулганаар хэлэлцэх үү, ээлжит чуулганаар хэлэлцэх үү гэдгийг тухайн үед нь шийднэ.
Дараагийн асуудал нь Тавантолгой. Энэ асуудал өөрөө төсвийн орлоготой ч холбоотой, нэлээн хүлээлттэй байгаа чухал асуудал. УИХ-ын дарга одоогоор орон нутагт ажиллаж байгаа. Орон нутгаас ирээд шийдэх байх. Одоогоор төдийд хэлэлцэнэ гэсэн товын асуудал яригдаагүй байна. Ер нь миний хувьд, Тавантолгойн асуудал болон төсвийн тодотголыг нэлээн сайн бүрэлдэхүүнтэй байж хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Мэдээж асуудал бүхэн чухал. Гэхдээ энэ хоёр дээр гишүүдийн бүгдийнх нь санал бодлыг авч байж хамгийн зөв шийд гаргах ёстой. Тэр дундаа Тавантолгой бол нэг жилийн төсвийн тодотголтой дүйцэх асуудал биш, улс орны хэмжээний цаашдын ирээдүй, хувь заяа гээд олон талтай, үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой. Тийм учраас энэ асуудал дээр нэлээн нухацтай хандах ёстой . Ер нь бараг л намрын чуулганы асуудал болж хэлэлцэгдэх байх гэж бодож байна.
-УИХ-ын сонгуулийн хууль гацаанд ороод байгаа?
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг гишүүд ч их ярьж байна. Сэтгүүлчид ч их асууж байгаа. Та нар санаж байгаа байх. УИХ-ын хаврын чуулганы хаалт дээр УИХ-ын дарга, намрын чуулганы хамгийн эхний асуудал сонгуулийн хууль байх ёстой гэж хэлсэн. Сонгуулийн хуулийг хоёр жил гаруй ярьж байна. Ажлын хэсэг ч гарсан, намын бүлгүүдээс ажлын хэсэг гарч ажиллаж байна. МАН-ын бүлэг энэ асуудлыг шуурхайлахын тулд бүлгийн удирдлагын бүрэлдэхүүнээ хүртэл сольсон. Тэгэхээр энэ бол намрын чуулган эхний асуудал мөн. Сонгуулийг ойлгомжтой цэгцтэй болгох хэрэгтэй. Улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалдаа тохирсон сайн хувилбарыг олж шийдэх ёстой. Аль нэг намын эрх ашиг, хэн нэг нь сонгогдох боломж гэхээсээ илүү, Монгол Улсыг дэлхий даяар сонирхон, анхаарлыг нь татаж байгаа энэ үед төр найдвартай тогтвортой байх нөхцлийг хангах ёстой. Сонгуулийн хууль бол аль нэг намын бүлгийн шийдвэр болохоосоо илүү УИХ дахь гишүүдийн олонхийн шийдвэрээр гарах ёстой. Түүнээс биш аль нэг намын бүлгийн шийдвэр дээр хатуу зогсоод байж болохгүй. Одоогоор энэ асуудлаар АН-ын бүлэг завсарлага аваад байгаа. Энэ нь бүлгийн гэхээсээ илүү УИХ-ын олонхийн шийдвэр байх гэж бодож байна.
Сонгуулийн нөхцөл байдал, бидний авч явсан олон хуулийг аваад үзэхэд мажоритар, пропорционалийн аль алинд нь сайн ч тал байсан, дутагдал ч байсан. Манай намын бүлгийн байр суурь, ер нь гишүүдийн олонхийн байр суурь бол аль алинаас нь Монголын нөхцөлд тохирсон холимог тогтолцоог хангасан хуультай болоё гэж байгаа. Сонгуулийн хуулиас гадна сонгуулийн процессийг боловсронгуй болгох ёстой. Сонгуульд ямар эрх зүйн баримтаар оролцох вэ, яаж сурталчлах вэ, яаж хяналт тавих вэ, үр дүнг нь ямар хугацаанд яаж гаргах вэ, сонгогчдыг оролцуулах ямар хөшүүрэг хэрэглэх вэ гэх мэт. Сонгуульд ирцийн асуудалд онцгой анхаарахгүй бол болохгүй. Ирц өндөр байх тусам сонгууль үнэн зөв байх магадлал өндөр байдаг. Олон хүн хамрагдах боломжийг процессийн хуулиар зохицуулах ёстой. Идэвхгүй хүмүүсийг идэвхжүүлэх, ямар нэг хөшүүрэг хэрэглэх ёстой. Намрын чуулганаар сонгуулийн хууль шийдэгдэнэ. Үүний хажуугаар процессийн хуулийг батлах ёстой.
- Сонгуулийн хуультай холбоотой бүх ард түмний санал асуулга явуулах тухай яригдаж байсан. Энэ дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Сонгуулийг ямар хэлбэрээр явуулах вэ?, эсвэл 50:26 юу? гэх мэт асуудлаар санал асуулга явуулах нь утгагүй зүйл. Нэгдүгээрт маш их зардал гарна. Хоёрдугаарт сонгуульдаа ирж санал өгөхдөө зарим газар их төвөгтэй байдаг. Гэтэл энэ тоон дээр санал өгөхөөр ирнэ гэдэг бодитой биш, бүр утгагүй болж, олонхоороо санал өгч чадахгүй болчих байх гэж бодож байна. Ер нь бол УИХ-ын гишүүн 76 гишүүн 26 тойргийн ард түмний төлөөлөл. Та нар бидний өмнөөс энэ асуудлыг шийд гээд томилоод явуулсан байхад тэр тооны харьцааны асуудлыг шийдэж чадахгүйгээр санал асуулга явуулбал УИХ өөрөө бүрэн эрхээ хэрэгжүүлэх бололцоо муу байна гэж ард түмэн дүгнэх байх.
Тийм учраас УИХ нэгэнт тэр төлөөллийг хангаж байгаа учир өөрөө шийдвэр гаргах бололцоо байгаа. Мэдээж сайн хэлэлцэж, ярих ёстой. Гэхдээ энэ шийдвэрийг УИХ гаргах ёстой. Харин сонгуулийн явцад Үндсэн хуулийн асуудлаар санал асуулгыг хамт явуулж болно. Үндсэн хуультай холбоотой асуудал бол бүх ард түмний санал асуулгаар шийдэх, тэдний санал бодлыг сонсох тухай заалт Үндсэн хуульд байдаг учир тэрийг нь 2012 оны сонгуулийн үйл явцтай нэг зэрэг явуулбал илүү зардал гарахгүй, бас олон хүний санал авах бололцоо гарах юм. Энэ бол миний хувийн байр суурь.
Эх сурвалж: “Монцамэ”
Сэтгэгдэл ( 0 )