Улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалахад цэрэг, цагдаагийнхан чухал үүрэгтэй. Тэр дундаа Тагнуулын ерөнхий газрынхан онцгой үүрэг хүлээх учиртай. Гэтэл Тагнуулынхан учирч болзошгүй үймээн самууныг мэдэхийн дээдээр мэдэж байсан хэрнээ өдөөн турхирсныг зарим эх сурвалж баталдаг.
Тухайлбал, долоодугаар сарын 1-ний үймээнд тагнуулынхан гар бие оролцсон байх магадлалтай аж. Тухайн үеийн нөхцөл байдлыг эргэн саная. Сонгуулиас үүдэлтэй бухимдсан иргэд, иргэний хөдөлгөөнийхөн эсэргүүцлээ илэрхийлэн Сүхбаатарын талбайд жагсч байсан. Жагсагчдыг дэмжсэн иргэд олон байснаас гадна, юу болох гээд байгааг сонирхогчид цөөнгүй байсан юм. Тэр дундаа энгийн хувцас өмссөн, цагдаа тагнуулынхан байдлыг ажиглаж, бүх үйл явдлыг баримтжуулж байсныг дурьдах нь зүйтэй.
Гэтэл үйл явдал хурцдаж, үймээн самуун болоход тэд өдөөн турхирагчид болж хувирсан. Цөс нь хөөрсөн иргэдийг уухайлж байсан гэдгийг зарим иргэд ярьдаг юм билээ. Энэ нь ч үнэний ортой байж мэднэ. Долоодугаар сарын 1-ний үймээн самуун болсноос хойш гурван жилийн хугацаа өнгөрчээ. Гэвч байдал бахь байдгаараа. Үймээний үеэр таван хүний амийг хөнөөсөн гэх цагдаагийн удирдлагууд, үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн албан хаагчид, үр хүүхдээ бусдын гарт алдсан таван гэр бүл, эрүүл мэндээрээ хохирч үлдсэн иргэд л хэрэг шийдэгдэхийг хүлээж байна.
Харин өдөөн турхирагчид, үймээн самууныг зохион байгуулагчид нуугдсан хэвээр. Өнөөх тагнадаг, чагнадаг, мөрдөж, мөшгөдөг тагнуулынхан үүнийг илрүүлэх учиртай. Аль эсвэл хэн нэгнийх нь гар хөл болж үнэнийг илчлэхээс айж суугаа юм болов уу.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэвлэл мэдээллийн хэрэгслээр С.Баяр над руу утсаар “Ерөнхийлөгч өө, та онц байдал зарлах зарлигийнхаа төслийг бэлдэж эхлээч” гэсэн санал тавьсан. Онц байдал зарлана гэдэг хүүхдийн тоглоом биш. Олон, тал талын мэдээлэл авч, нөхцөл байдалтай танилцаж, нухацтай хандаж шийдэх ёстой асуудал. Үгүйдээ гэхэд цагдаа, тагнуулын байгууллагын дарга нараас мэдээлэл авч, саналыг нь сонсох хэрэгтэй. Иймээс би тэр үед зөвшөөрөөгүй. Тэгээд тагнуул, цагдаагийн дарга нарыг дуудаж уулзсан. “Ерөнхий сайд С.Баяр онц байдал зарлах тухай санал хэлж байна. Цагдаагийн байгууллага удирдаж байгаа хүний хувьд өөрөө юу бодож байна” гэхэд Ч.Амарболд генерал “Онц байдал зарлах шаардлагагүй, байдлыг энгийн аргаар зохицуулах боломжтой” гэж хариулсан. Энэ нь аль ч талаас нь авч үзсэн дутуу бодсон, улс төрийн хувьд хариуцлагагүй гэж хэлж болох санал байсан тул миний бие Ерөнхийлөгчийн хувьд тэр үед онц байдал зарлаагүй. С.Баяр дарга жагсаал цуглааныг эв зүйгээр зохицуулах талаар хүчний байгууллагын удирдлага, мөн улс төрийн намуудын төлөөлөгчидтэй уулзаж, бичгийг нь хүлээн авч, аль болохоор байдлыг хурцдуулахгүй байх арга хэмжээ авах ёстой байсан” хэмээн ярьсан.
Түүнчлэн албан бус эх сурвалжийн мэдээлснээр Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд С.Баярын дуулгавартан байж болзошгүй. Учир нь Р.Болдыг гадаадад элчин сайд байхад нь С.Баяр дуудаж Тагнуулын ерөнхий газрын даргын албан тушаалд томилсон байдаг. Тэгэхээр эрхмүүд эл үйл явдлыг эртнээс төлөвлөсөн байх хардлага олон түмэнд бий. Маш нарийн төлөвлөсөн “жүжигт” энгийн иргэдийг оролцуулж амийг нь хөнөөж, эцэс сүүлд нь үүрэг гүйцэтгэсэн цагдаа нарыг буруутгасан байвал яах вэ.
Бидэнд ирсэн мэдээллээр талийгаачдын амиа алдсан газарт Хэв журмын хэлстийнхэн тушаалын дагуу ажиллаж байжээ. Ингэхдээ тэд тушаалын дагуу “Туушин” компанийн өмнөх талбайд зургаан автомашинтай 106 офицер, Сонгуулийн ерөнхий хорооны байрны ард 42 цагдаа, хоёр автомашинтай үүрэг гүйцэтгэж байсан аж. Ингээд үймээн самуун хурцдах үед “Туушин” компанийн өмнөх талбайд нэмэлт хүч авчирч 280 гаруй албан хаагч ажилласан байна. Энэ мэтээр нотлох баримтууд хөвөрсөөр.
Харин долоодугаар сарын 1-ний хэргийн ул мөр замхарсаар. Зарим цагдаагийн албан хаагчдын хэлж буйгаар хэрэгт холбогдсон гэх цагдаагийн дарга нарын зүйл ангийг өөрчилсөн аж. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 294.2- оор зүйлчлэн шалгаж байгаа гэнэ. Түүнчлэн долоодугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой мэдээ, мэдээллийг бусдад дамжуулахыг тагнуулынхан хориглосон тухай ярьж байв.
Өдгөө үймээн самууны үеэр үүрэг гүйцэтгэж яваад биедээ гэмтэл авч хохирсон 250 гаруй цагдаагийн ажилтан бий. Тэднээс 90 гаруй хүн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах шаардлагатай болоод байгаа. Гэтэл тэд эмнэлгийн зардлаа дийлэхгүй, албан байгууллагаасаа тусламж хүсч байгааг эх сурвалж онцолсон. Эдгээр цагдаа нараас гадна биедээ бууны шарх авсан хүүхэд, залуус бий. Тэд эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө хөөцөлдсөн төрийн түшээдийн золиос болох учиргүй.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
Сэтгэгдэл ( 0 )