Улс төр, урлаг хоёр чинь яг ижилхэн ш дээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 12

Монгол Улсын шинэ Үндсэн хуульд хүний сонгох, сонгогдох эрхийг хуульчилсан байдаг ч аливаа зүйлд өөрийн гэсэн хэм хэмжээ байх ёстой. Сүүлийн үед өөрийгөө “од” хэмээн цээжээ дэлддэг урлагийн хэдэн нөхөр улстөрч болж, сонгуульд хүч үзэх юм яриад бялзуухай шиг энд, тэнд жиргэж явдаг болж. Гэвч үнэн чанартаа энэ салбарынхан СУИС, Соёлын коллеж гэх мэт дотооддоо урлагийн л сургууль дүүргэсэн байдаг.

Хатуухан хэлэхэд, дийлэнх нь бакалавр, магистраас ахиагүй нь бодит үнэн. Гэтэл үнэн чанартаа ийм хэмжээний боловсон хүчин парламентад сонгогдон улс эх орны амьдралыг залгуулж, төрийн хар хайрцагны бодлого боловсруулахаар сууна гэдэг ёстой л дашийн шог биз дээ. Ер нь тэгээд, урлаг соёлынхонд дууны ая тан чухал болохоос эрэлт нийлүүлэлт, Эрүүгийн хууль, дүрэм журам юуны хамаа байхав. Тиймдээ ч эл салбарынхан нийгмийн амьдралаас хол хөндий, тийм нэг дэврүүн сэтгэлтэй байх нь олонтаа.

Ямартай ч сүүлийн үед урлагийнхан улс төрийг гэгээнээр дүрслэв үү, яав улс төр гэх их айлд хөл тавихаар хошуурах болж. Тэр ч бүү хэл, боломж нь таарвал сонгууль гэдгийг нь горилоод үзэхэд яахав дээ гэсэн “од”-ууд л олширч. Түүнчлэн гадаад, дотоодын бөхийн дэвжээнээ ид бяраараа талхилцаж явсан хүчит бөхчүүд энэ салбарт хэд хэдээрээ хүч үзэхээр аль хэдийнэ шоу-тоглолт хийж эхэлсэн мэдээтэй.

Бүр нэр дэвших тойргоо сонгочихсон аймаг, дүүргийнхээ Засаг болоод хороон дарга нарыг урд зүгт аялал зугаалгад хүртэл амруулж буй юм байх. Тэгэхээр ёстой л тэнгэрийн цээлд нэгэн бүдэгхэн од гарч алгуурхан тодорсоор гэрлээ нэмдэг шиг л тийм сайхан дэврүүн сэтгэлээр урлаг, спортынхон улс төрийг төсөөлөөд байх шиг. Гэхдээ эл салбарын төлөөлөл болсон эдгээр нөхөр зөвхөн эрх баригч хоёр намд элсэн, дөтөлж яваа сонгуулийг МАНАН дундаас тольдож суугаа нь яах аргагүй мөнгөний хүч гэдгийг онцлох хэрэгтэй.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр гэхэд л, нийтийн дууны хан хүү гэгддэг С.Жавхлан бандгар хар “жийп”-ээ өөрөө уначихсан гэр хорооллын замаар тоос татуулан өдөр бүр давхих болсон дуулдана. Учрыг тунгаавал эрхэм гавьяат ирэх сонгуулийн зам мөрөө засч яваа юм болов уу даа. Гэхдээ болоогүй ээ, “Хөх Монголын дэг ёс” хэмээх Их улсын түүхэн замнал, уламжлалыг сануулсан сонин хэвлэл хүртэл хөрвүүлчихсэн, настан буурлуудтай хууч хөөрч явна гэнэ лээ.

Түүнчлэн арлын Японд ид хаваа гайхуулан, эх орныхоо нэрийг цуурайтуулж явсан асашёорюү Д.Дагвадоржийг улс төр сонирхох болсон талаар эл хүрээнийхэн цайны хачир хийсээр нэлээд хугацаа өнгөрчээ. Тэрбээр ирэх сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихээр горилж, намдаа 50 сая төгрөг хандивлажээ. Ямартай ч түүний сонгуульд бэлтгэх эхний ажил 70-н давхрын оршуулгын газрыг цэвэрлэж, эл дүүргийг орон сууцжуулах ажил өрнүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар эх сурвалж мэдээлсэн.

Мөн энэ оршуулгын газарт нутаглаж буй шарилуудыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөхөөр зар тарааж буй юм байх. Гэхдээ Монголчууд бид эрт дээр үеэс шарил хөндөх нь бүү хэл, талийгаачаас үлдсэн ясыг ч байрнаас нь хөдөлгөхийг цээрлэж ирсэн түмэн. Тиймдээ ч эцэг эх, элгэн садныхаа шарилыг авч, зөөвөрлөх зүрх зоригтой хүн одоог хүртэл гараагүй байгаа гэсэн. Харин ирэх сонгуульд нэр дэвшихгүй ч, улс төрийн намд элсэн сэтгэл зүрхээ зориулах урлагийнхан олон бий.

Тухайлбал, зууны манлай эстрадын дуучин МУГЖ Б.Сарантуяа мэргэжил нэгт нөхдийнхөө хамтаар МАН-д элсээд хоёр жил өнгөрчээ. Харин тэрбээр хаврын чуулганы үеэр Төрийн ордноор нэлээд гүйдэлтэй болсон нь тэргүүн хатагтай Л.Болормаагийн “Итгэл хавдаргүй Монгол” нэртэй үндэсний санд элссэнтэй нь холбоотой байсан юм билээ. Тэр ч бүү хэл, сангийн удирдах зөвлөлийн гишүүн болж амжжээ. Тэгэхээр нэгэнт үндэсний хэмжээний байгууллагад нөлөө бүхий албан тушаал хаших болсон нь түүний хувьд улс төр бизнесийн бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн ажиллах боломж бүрдэж байна гэсэн үг.

Харин түүнтэй нэгэн үеийн гавьяатууд хэмээн олноо алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа одоогоор намд элсэж, батлах өвөртлөөгүй ч улс төр сонирхох болсон нь ажиглагдах болсон. Тэрбээр зотерик судлаач З.Бат-Отгонтой хамтран “Монгол хатан ухаан танхим” төрийн бус байгууллага байгуулж, төрийн ордонд томоохон хэлэлцүүлэг хүртэл хийгээд амжсан нь бас л нэгийг бодогдуулахаар...

Түүнчлэн сонгууль болоход ганцхан жил үлдээд байхад “Эра” төвийн захирал Д.Эрдэнэтуяа, драмын Х.Наранбаатар, “Чингис хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан, ая зохиогч, дуучин Д.Дашдондог, Quiza, ВХ, “Номин талст”-ын Хаянхярваа, Эба гэх эрхмүүд уран бүтээлээсээ улс төрийг илүүд үзэх болов. Харин улстөрчид цагаан сар, наадам гээд л үндэсний баяраар сонгогчиддоо зориулан дуулж, клип хийлгэх болж. Өөрөөр хэлбэл урлагийнхан нь улстөрч болж, улстөрчид нь ёстой бүхнийг чаддаг юм шиг царайлах болсноор олон ч жилийг үдэж дээ.

Тэр ч байтугай манай урлаг соёлынхонд урлагийн тайз жижигдэн Төрийн ордонд тоглолт хийж, лекц унших моод дэлгэрээд удаж байна. Харин энэ зуур шинэ гарч ирж буй залуу уран бүтээлчид ч юунаас дутах вэ гэсэн шиг ямар нэг намын залуучуудын байгууллага түшдэг явдал газар аваад байгаа юм. Эцэст нь хэлэхэд, ирэх оны сонгуульд эдгээр урлаг, спортынхны нэр дэвшигчийг ард түмэн таалбал шинэ бүрдэх “ангийнхан” жинхэнэ утгаараа эрээвэр хураавар баг бүрдэх нь лавтай хошин л юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top