“Ногоон” хөдөлгөөний тэргүүн, доктор А.Саруул: Цөмийн хаягдлыг магтаж буй О.Чулуунбатыг би эрүүл хүн мөн үү, биш үү гэж ихээхэн эргэлздэг

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 01


-Монголд цөмийн хаягдал булшлах тухай яриа, хэлэлцээ огт хийгдээгүй. Энэ бол үндэслэлгүй зүйл гэж Засгийн газраас албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл та “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа баримт нотолгоотой зүйл гэсэн байна лээ?

-Энэ дарга нар чинь буруу зүйл хийснээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй шүү дээ. Миний олж авсан мэдээллээр бол өнгөрсөн оны 10 дугаар сард Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд А.Ундраа, “Мон-Атом” компанийн захирал, УИХ-ын гишүүн асан Бадамдамдин нар Америкт очиж цөмийн энергийн газрын нөхдүүдтэй нь уулзаад цөмийн хамтын ажиллагаа, цөмийн хог хаягдлын менежментийн талаар ярилцсан байсан. Би тэднийг гүтгээгүй. Америкчууд уран баяжуулахад ашиг багатай, харин цөмийн түлш үйлдвэрлээд түүнийгээ гадагш нь гаргавал илүү сайн байх болно гэсэн хариу өгсөн. Тэд дараа нь Японд очиж бас л цөмийн хаягдлын талаар холбогдох хүмүүстэй нь уулзаж ярилцсан байлаа. Ингээд удалгүй Фүкүшимагийн атомын станц дэлбэрч энэ яриа түр хойшилсон. Фүкүшимагийн аваар бол Хирошимагийн атомын бөмбөгийн дэлбэрэлтээс бараг 30 дахин их хор хөнөөл тарих хэмжээнд хүрсэн шүү дээ. Цөмийн түлш үйлдвэрлэж байна гэдэг бол хог хаягдлыг нь эх орондоо л булшилна гэсэн үг юм. А.Эйнштейн нас барахынхаа өмнө маш их харамсаж байсан, би ер нь хүн төрөлхтөнд үхлийн зэвсэг хийгээд өгчихөж гэж.

-Японд дараа нь бас нэг дипломат ажилтан очсон гэл үү. Тэр нь хэн юм бол оо?

-Луузан гэдэг хүн очсон гэсэн. Тэгээд тэдний яриаг үргэлжлүүлсэн. Үр дүн нь хараахан гараагүй байгаа байх. Би энэ хүнийг сайн танихгүй. Францад дипломат үүрэг гүйцэтгэж байсан юм гэнэ лээ. Энэ хүн Францын “Арева” гэдэг цөмийн эрчим хүчний алдартай компанид ажиллаж байгаа.  “Арева” бол жилд 100-гаад цөмийн түлш үйлдвэрлэдэг. Түүнийгээ атомын станцуудтай газруудад шахдаг юм. Дэд бүтцийн хөгжлөөр тааруухан Арабын орнуудад хүртэл түлшээ нийлүүлсэн л байсан.

-Тэр чинь тэгээд цөмийн мэргэжлийн хүн юмуу?

-Луузан бол дипломатчаар л ажиллаж байсан хүн шиг байгаа юм. Ер нь энд заавал цөмийн мэргэжилтэн байх албагүй шүү дээ. УИХ-ын гишүүн О.Чулуунбат цөмийн мэргэжилтэн биш байж цөмийн хаягдлын талаар яриад явж байгаа биз дээ. Гэхдээ тэр хүн дан ганц мөнгөний сонирхлоороо яриад байна. Хор хөнөөл нь хэдэн сая жил үргэлжлэх тийм аюултай зүйлийг Улаанбаатар хотоос холгүйхэн авчраад булж болно гэж байгаа нь харин их сонин санагддаг юм. Эрүүл хүн мөн үү, биш үү гэж би О.Чулуунбатад өөрийн эрхгүй эргэлзэж байна.

-А.Ундраа сайдыг хувьдаа уран баяжуулах үйлдвэртэй болох гээд хөөцөлдөөд явна гэсэн яриа бас гарсан байсан. Энэ талаар та сонирхож үзэв үү?

-А.Ундраа чинь Америкт их нэр хүндтэй юм байна лээ. Нөхөр нь цөмийн мэргэжилтэй. А.Ундраа өөрөө ч бас МУИС-ийг цөмийн физикч мэргэжлээр төгссөн хүн гэж сонссон юм байна. Энэ хоёр хүн уранаар хөлжих гээд байгаа юм байлгүй дээ. Ер нь энэ хүнтэй хариуцлага тооцох л ёстой. Түүнийг УИХ-ын гишүүн С.Оюун анх Гадаад харилцааны сайд байхдаа олж авчирч тусгай үүргийн Элчин сайд болгож байсан юм билээ.

-А.Ундраа ямар ч буруугүй, цөмийн хог хаягдлын талаар гэрээ хэлэлцээр хийгээгүй гээд байна шүү дээ?

-Тэр хэзээ ч үнэнээ хэлэхгүй байх. Түүний нэг муухай бүдүүлэг үг бий. Тэр яасан гэхээр Фүкүшимагийн ослын дараахан “Энэ чинь нэг жижигхэн станцын бага зэрэг гэмтэл л байна шүү дээ. Иймхэн зүйлийг япончууд янзалж чадахгүй байна” гэсэн. Элчин сайд хүн ийм хариуцлагагүй юм ярьж байсан. Тэр зөвхөн ингэж хэлснийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой байлаа. 

-“Арева”-гийн нөлөө ер нь Монголд аль зэрэг байгаа вэ?

-Өнөөдөр олон улсын түвшинд цөмийн энергийн мэргэжлээр маш цөөн эрдэмтэд ажиллаж байна. Тэдний бараг 95 хувь нь Олон улсын цөмийн энергийн газар болон “Арева”-гийн нөлөөнд байгаа. “Арева” бол Монголд хүчтэй байна. Гагцхүү муу талаасаа шүү. Тиймээс миний бодлоор бол “Арева”-г Монголоос хөөж явуулмаар байгаа юм. Дорнодын уран дээр энэ компани ажиллаж эхэлсэн. Дулаан уул гэдэг газарт олдворлолт явуулах гэж байх шиг байна. Энэ компани 1993 онд орж ирээд 1996 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. УИХ-аар цөмийн эрчим хүчний тухай хуулийг хоёрхон цагийн дотор  баталсан шүү дээ. Уг хуулийн төслийг “Арева”-гийнхан хийсэн гэж би боддог юм.

-Тэгээд Америкийн цөмийн эрчим хүчний газартай санамж бичиг байгуулсан нь үнэн юмуу?

-Г.Занданшатар сайд санамж бичигт гарын үсэг зурсан гэдэгт би их итгэлтэй байгаа. Мэдээж эх сурвалжаа хэлэхгүй шүү дээ. Ер нь цөмийн түлш үйлдвэрлэж байна гэдэг чинь тун аюултай. Уран баяжуулах үйлдвэрлэл нь өөрөө хэзээ ч энхийн зориулалттай байж болохгүй. Яахав, цөмийн энергийг энхийн зориулалтаар ашиглана гэж ярьдаг л юм. Гэхдээ энэ бол худлаа. Фүкүшимагийн ослоос хойш  дэлхийн бодлого эрс өөрчлөгдсөн. Үүнийг бид анзаарах ёстой. Ихэнх атомын станцтай улс орнууд одоо цөмийн эрчим хүчнээс татгалзаж эхэллээ. Манай өмнөд хөрш Хятадад атомын станцууд нь үеэ өнгөрөөчихсөн, балрах гэж байна. Манайд өнөөдөр нэг ч улс орон атомын цахилгаан станц барьж өгнө гэж хэлээгүй байгаа. Манайхан худлаа шоудахдаа их сайн юм. Япончууд санал тавилаа л гэнэ. Үгүй шүү дээ. Тэд зөвхөн цөмийн хаягдлаа булах газраа хайж байна. Олон улсын цөмийн мэргэжилтнүүд хэлэхдээ танай улсад атомын цахилгаан станц барих ямар ч шаардлага байхгүй гэдэг юм билээ. Дэд бүтэц, бусад юу юу нь ч байхгүй юм чинь. Харин санамж бичиг байгуулж байгаа хүмүүс цөмийн энергийн мөн чанарыг янз бүрийн гоё нэрээр халхавчлахыг оролдож байна. Цөмийн түлшийг магтаж яриад байгаа хүмүүсийг бид гэмт хэрэгтэн гэж үзэхээс өөр аргагүй юм. Академич Чадраагийн нэр энэ хүмүүсийн дунд бас яригдаж л байна. Тэр чинь 1980-аад онд изотоп алдаж, сүүлдээ шоронд суугаад гарсан биз дээ. Одоо тэр нь олдоогүй байна. Хаана ч юм нэг газар аваачаад булсан байх.

-Г.Занданшатар сайд энэ оны тавдугаар сарын 12-нд “Майничи” сонинд захидал илгээсэн гэсэн. Энэ талаар та сонссон биз дээ. Тус сониноос ямар хариу ирсэн бол? 

-Тэгж мэдэгдэж  байсан. “Майничи” сонинд гэхдээ захидал огт явуулаагүй юм шиг байна лээ. Тус сониныхон хэлэхдээ манайд ямар ч захидал ирээгүй гэсэн байсан. Биднийг худал хуурмаг мэдээлэл түгээсэн гэвэл “Майничи” сонинг бас шүүхэд өгөх хэрэгтэй байх. Интернетийн бүх сайтуудыг шүүхээс дуудаж таарна. Жулиан Ассанжигийн үүсгэн байгуулсан цахим хуудастай ч тооцоо бодохоос өөр аргагүй болно. Америк төдийгүй дэлхий дахинаа нэрд гараад байгаа Жулиан Ассанжигийн "Викилийкс" цахим хуудсаар дамжин Монголыг цөмийн хог хаягдлын цэг болгох гээд байгаа тухай мэдээлэгдэж  байсан шүү дээ. Ер нь ураны салбар бол дэлхийн хэмжээнд хамгийн их авлигатай, гэмт хэрэг, аллагатай салбар юм. Бүх юм нь нууц далд явагддаг. Маш их мөнгө эргэлдэж байдаг. Манайд энэ чиглэлийн нууц төрийн бус байгууллагад төрсөн ах, дүү хоёр хүн  ажиллаж, Америкаас санхүүждэгийг би саяхан олж мэдсэн. Энэ талаар одоохондоо дэлгэрэнгүй яриад дэмий байх. Аяндаа мэдэгдэнэ.

-Таныг Хонгор сумын иргэдэд тохиолдсон гамшигт явдлын мөрөөр нэлээд хөөцөлдсөн гэсэн. Гэтэл одоо болтол тэнд өвчлөл байсаар байна. Шинжилгээний хариунууд нь зөрүүтэй хэвээрээ бололтой. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Хонгор сумын асуудлыг бид дахин сөхөж тавихаас өөр аргагүй байгаа юм. Тухайн үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид буруу дүгнэлт гаргасан байсан. Үүнийг би өөрийн биеэр хөөцөлдсөн. Тэдний дүгнэлтээр  Хонгорт хоргүй гэж гарсан байхаар нь би уг дүгнэлтийг нь аваад Германд очиж, энэ талаар өндөр мэргэжил эзэмшсэн, туршлагатай хүмүүст үзүүлсэн. Ингэхдээ газар дээрээс нь авсан бүх зураг, бичлэгүүдийг авч очсон юм. Тэд үзээд маш их гайхсан. Яах аргагүй мөнгөн уснаас шалтгаалах хор илэрсэн. Мөн өөр нэг үл мэдэгдэх зүйлээс үүссэн хордолтын шинж тэмдэг илэрч байсан юм. Гэтэл манайхан “Хамуу” гээд л байлаа шүү дээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 10 гаруй шинжээчдийг нь интернетээр хайж үзсэн чинь гурав, дөрвөн хүн л байсан. Бусад нь хаанаас ирсэн, ямар хүмүүс болохыг би мэдэж чадаагүй. Энэ бүхнээс харахад тэдгээр хүмүүс зүгээр л хөлсний хүмүүс байсан байх. Засгийн газраас мөнгө аваад хуурамч дүгнэлт гаргасан гэдэгт би итгэлтэй байгаа. Ингээд нэлээд хожуу Хонгорынхон хордсон нь үнэн юм байна гэж үзсэн шүү дээ. Тэр бүү хэл, Хятад руу авч явсан малын цусны шинжилгээ нь буруу гарсан. Буруу гаргасан нь санаатай гэмээр үйлдэл юм шүү. Яасан гэхээр, ямар ч амьтны цусыг шинжилгээнд авч явахдаа онгоцоор маш шуурхай явах ёстой. Гэтэл тухайн үеийн шинжилгээний цус авч явсан хүмүүс нь вагоноор яваад замдаа 14 хоног саатсан байлаа. Тэгээд тэндээс Хонгорт хордолт болоогүй гэсэн дүн ирсэн. Энэ мэтээр бүтэлгүй зүйл их гарсан даа. Хонгорт хордсон хүмүүсийн ихэнх нь цаг бусаар үхэж үрэгдсээр байна. Өвчлөл буурахгүй байгаа. Мөнгөн усны хордлогоос гадна бас химийн өөр элементээс үүсэлтэй хордлого ч байгаа байх. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд Говь-Сүмбэр аймгийг ер нь анх яах гэж байгуулсан юм бэ. Хамгийн цөөн сумтай. Газар доороо усгүй гээд Засаг дарга нь байнга ярьдаг. Гэтэл энэ аймгийн Баянтал гэдэг газарт цөмийн хаягдал булшлах гээд яриад л явж байна шүү дээ. Энэ мэтээр анхаарал татсан маш их юм бий.

Ярилцсан: Б.Отгонбаяр 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top