Хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг хуулийн төслийг саяхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Уг хуулийн төсөл УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэн батлагдвал энэ төрлийн гэмт хэргийг зохицуулах эрх зүйн орчин сайжрах бололтой. Саяхан болтол ийм гэмт хэргийг цагдаа, тагнуулын байгууллагынхан хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Тэдгээр хүчний байгууллагууд ихэвчлэн “Энэ төрлийн гэмт хэрэг манайд байхгүй” гэдэг байсан юм. Хэдэн жилийн өмнө НҮБ-ын дэргэдэх хүний эрхийн байгууллагуудаас ОХУ, Турк, Хятад, Тайвань зэрэг улс орнуудад хандан “Хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох талаар дорвитой арга хэмжээ авахгүй байна” хэмээн анхааруулж байсан юм. Тэгвэл одоо манай улс бараг ийм төрлийн гэмт хэргийн зуучлагч орны тоонд ороод явж байна. Монгол дахь хүний эрхийн олон байгууллага гадаадын санхүүжилтээр хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зохион байгуулж байна. Харамсалтай нь Макао, Бээжин зэрэгт биеэ үнэлэгчид болон гэмгүй явсан охид бүсгүйчүүд маань хар тамхи, хүний наймааны золиос болсоор байгаа юм. Мөн дайны хажуугаар дажин гэгчээр тэдний зовлон дээр “тоглож” мөнгө олдог бүлэглэл ч бий болжээ. Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Хүний аюулгүй байдлын судалгааны төв” зэрэг төрийн бус байгууллагууд 3,5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төсөл хэрэгжүүлсэн байна. Энэхүү төслийн ажлаараа “Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлье” гэсэн гоё нэртэй илтгэл гаргажээ. Уг илтгэлд санаатай, санаандгүй нь үл мэдэгдэх алдаа, буруу ташаа тоон үзүүлэлт нэлээд байв. Тухайлбал биеэ үнэлэгч эмэгтэйчүүд, охид тус аймагт 67 байна гэжээ. Тэдний нэлээд хэсэг нь бага ангийн багш нар, өрх толгойлсон эмэгтэйчүүд гэсэн байв. Харин цагдаагийнхан үүнийг нь няцаажээ. Нарийн тооцоо хийгээд үзсэн чинь биеэ үнэлэгч гэх эмэгтэй тэнд арав гаруйхан байсан байна. Мөн тэнэмэл хүүхдүүд 270 бий гэсэн нь ч бас санаатай гэмээр гуйвуулга байв. Цагдаагийн хэлтсийнхэн энэ тоог нягталж шалгаад 10 гаруй ийм хүүхдийг л олж асрамжийн газар болон хүүхдийг ивээх байгууллагын хараа хяналтанд өгсөн байх жишээтэй. Гадаадын өндөр санхүүжилтийг зарим хүний эрхийн гэх нэр хаягтай төрийн бус байгууллагууд аваад мөнгө угаах ажил болгож хувиргадаг нь эндээс анзаарагдаж байна. Тэдгээр байгууллагууд хуурамч судалгаа хийж, гадаадын хандивлагчид болон дотоодын төр, засаг, төрийн бус байгууллагуудыг хууран мэхлэх замаар мөнгө олдог гэхэд хэтрүүлэл болохгүй болов уу. Нийслэлд төвтэй “Хүний эрх хөгжил төв” гэдэг төрийн бус байгууллага бий. Эндээс зохион байгуулсан ажил, хийсэн судалгаа, авсан санхүүжилт, тэдгээрийн зарцуулалтыг шалгадаг аудитын байгууллага гэж бас байдаггүй юм шиг байна лээ.
Х.Тулга
Сэтгэгдэл ( 0 )