Монгол хэл бичиг, утга уран зохиолын чигийг тодорхойлогч байгууллага 50 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 19

Энэ жил Судар бичгийн хүрээлэнгийн 90 жил болон ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн  50 жилийн түүхэн ой давхцаж  байгаа билээ. Монгол хэл бичиг, уран зохиолын суурь судалгааны байгууллага Хэл зохиолын хүрээлэнд  Монголын сор болсон уран бүтээлчид  болох академич   Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, П.Хорлоо, А.Лувсандэндэв, Х.Сампилдэндэв нар ажиллаж шилдэг бүтээлээ туурвиж байсан бөгөөд одоо тэдний үргэлжлэл болсон эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид  ажилласаар байна.

Өдгөө 50 жилийн ойгоо тэмдэглэж буй Хэл зохиолын хүрээлэн нь 1921 онд Судар бичгийн хүрээлэнг байгуулахад “Дуун ухааны тасаг” нэртэйгээр анх байгуулагдаж байжээ. Дуун ухаан гэдэг нь хэл судлах ухааныг хэлдэг байна. Улмаар тус “Дуун ухааны тасаг”  1930 оноос “Хэл бичгийн кабенит”, 1957 оноос “Хэл бичгийн утга зохиол судлах газар”, 1961 оноос одоогийн нэр болох “Хэл зохиолын хүрээлэн” болж өргөжин хөгжсөөр ирсэн. Одоо тус хүрээлэн  “Хэл шинжлэл”,  “Утга зохиол судлал”, “Хэрэглээний хэл шинжлэл”, “Төвд судлал” “Аман зохиол судлал” гэсэн үндсэн таван сектор, “Алтайн судлалын төв”, “Монголын нууц товчоон судлалын төв” гэсэн хоёр төв, “Дуун ухааны сан хөмрөг”,  “Ц.Дамдинсүрэнгийн гэр музей” зэрэг есөн нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо Хэл зохиолын хүрээлэн нийт 40 гаруй эрдэм шинжилгээний ажилтантай бөгөөд Монгол Улсын төрийн шагналтан нэг, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн гурав, ШУА-ийн академич гурав, шинжлэх ухааны доктор долоо (Sc.D), доктор (Ph.D)15, магистр 13 ажиллаж байгаа билээ.

 

            Судар бичгийн хүрээлэнгийн 90 жил, Хэл зохиолын хүрээлэнгийн 50 жилийн ойг угтан тус хүрээлэнгийн хамт олон  олон арга хэмжээ зохион байгууллаа. Тухайлбал: Өнгөрсөн 90 жилийн түүхийг харуулсан “Судар бичгийн сурвалжит хүрээлэн” баримтат кино, Монгол хэл бичиг судлалын нүүр царай болсон “Хэл зохиол судлал” цувралын шинэ ботийг нийтлүүлж олны хүртээл болголоо. Мөн хүрээлэнгийн түүхийг тэрлэх бичих алс хэтийн зорилгоор “Хэл зохиолын хүрээлэн: Дурсамж тэмдэглэл” хэмээх дурсамжийн түүврийг анх удаа хэвлүүлсэн ба  ШУА-ийн  “Эрдэм” сонины нэгэн дугаарыг хүрээлэнгийнхээ ойд зориулан гаргасан байна. Тус хүрээлэнд ажиллаж байсан эрдэмтэн зохиолчид өнгөрсөн 50 жилийн хугацаанд утга уран зохиол, хэл шинжлэл, эх бичиг судлал, ардын аман зохиолын чиглэлээр нийт  1000 гаруй ном гаргасан бөгөөд тэдгээрийн төлөөлөл  болгон номуудаар хүүхдийн номын ордонд  “1000 номын баяр” үзэсгэлэнг гаргалаа. Үзэсгэлэнгийн үеэр Судар бичгийн хүрээлэнгийн анхны захирал О.Жамъяан, академич Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын ширээнд сууж дурсгалын зураг татуулах, мөн профессор Р.Отгонбаатарын “Бичиг соёлын цуглуулга” үзэсгэлэн гарсан нь хүрэлцэн ирсэн хүмүүсийн анхаарлыг их татаж байлаа. Тус хүрээлэнгийн хамт олон 50 жилийн ойг угтан олон шинэ ном гаргасан байна. Тухайлбал: Б.Катуу “Баяд ардын аман зохиол”, Б.Катуу “Урианхайн аман зохиол”, Б.Мөнхбаяр “Монголын уран зохиолын тайлбар толь”, Ж.Цолоо “Хэл зохиолын хүрээлэнд хагас зуу илүү жил”, Л.Болд “Орхон бичгийн дурсгал IV”,  О.Самбуудорж “Монгол хэлний үгийн дуудлагын толь”, С.Мөнхсайхан “Банзрагчийн төгсгөлийн үг”, С.Байгалсайхан, Д.Сумьяа, Д.Болормаа “Монгол уран зохиолын дээж бичиг” , түвд эхтэй харгуулж хөрвүүлэн буулгасан Б.Няммягмар “Гэтэлгэгч Мяларайвын тууж дэлгэрэнгүй ялгасан бум дуулал хэмээгдэх оршивой” зэрэг ном зохиолуудыг дурдаж болно.

Ойн арга хэмжээ баярын хурлаар үргэлжилж тус хүрээлэнтэй хамтран ажилладаг гадаад, дотоодын байгууллага, судалгааны төвүүд, хувь эрдэмтэн судлаачид баяр хүргэсэн бөгөөд хамгийн чухал нь тус хүрээлэнгийн  захирал, академич Д.Төмөртогоо хүрээлэнгийнхээ туулж ирсэн түүхэн замнал, ололт амжилтыг дүгнэн илтгэж цаашдын зорилго, зорилтоо тодорхойлсон юм.

Ойн хүрээнд болсон өөр нэг томоохон ажлын нэг бол олон улсын эрдэм шинжилгээний нэгдсэн хуралдаан  байлаа. Хуралд гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэг хийж, улмаар хурлаас зөвлөмж гаргасан юм. “Хэл зохиол-90” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өвөрмөц байдлаар зохион байгуулж  “Үгийн урлагийн уламжлал дахь энэрэнгүй үзлийн эсрэг, сөрөг нөлөө”, “Монгол хэл  шинжлэлийн тулгамдсан асуудал” үндсэн хоёр илтгэлийг тойрч монгол хэл  шинжлэл, утга соёлын судалгаанд тулгамдсан олон асуудлыг хөндөн  ярьж шийдвэрлэх арга замыг тодорхойлсноороо ач холбогдолтой боллоо.Энэ хурлын хоёрдахь хэсгээр гадаадын эрдэмтэн судлаачдын илтгэлийг хэлэлцэж   ОХУ-ын Халимаг улсаас профессор Очирова Н.Г, профессор Б.А.Бичеев, профессор Омакаева Эллара,  БНХАУ-ын профессор Баярмэнд, профессор Ван Мандуга, профессор  Оч, ОХУ-ын Буриад улсаас профессор профессор Абаева Юлия, ХБНГУ-аас Оливер Корфф  нарын илтгэлийг сонсож санал шүүмжлэл өрнүүлэв.

Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн 90 жил, Шинжлэх Ухааны Академи, Хэл зохиолын хүрээлэнгийн 50 жилийн ойгоор тус хүрээлэнгийн хамт олны хийж бүтээсэн оюуны хөдөлмөрийг үнэлж  Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор  доктор (Sc.D) профессор О.Адьяа, Шилдэг эрдэмтэн нарийн бичгийн дарга өргөмжлөлөөр  доктор  (Ph.D) Э.Пүрэвжав, Хөдөлмөрийн хүндэт медалиар ЭША Д.Наранцэцэг, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан тэмдэгээр  доктор (Ph.D) О.Самбуудорж, С.Мөнхсайхан, Т.Баясгалан, А.Алимаа,  БСШУЯ-ы жуух бичгээр Г.Гэрэлмаа, Б.Мөнхбаяр, ШУА-ийн жуух бичгээр Б.Дайриймаа, Д.Түвшиндэлгэр,  ШУА-ийн эрдэмтэн зохиолч  өргөмжлөлөөр Д.Сумъяа, алтан гадас медалиар Г.Билгүүдэй нар тус тус шагнагдлаа. Хийж бүтээсэн зүйлтэй байх, бахархах ажилтай байна гэдэг хичнээн сайхан. Ном эрдмийн ухааныг монгол түмэндээ хүргэх, монголыг судлах сонирхлыг дэлхийн түмэнд түгээх тус хүрээлэнгийн их үйлс нь дэлгэрэх болтугaй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top