Амьдралын шоглоом \өгүүллэг\

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 06

Түүний жижигхэн амь ангалзаж, зад тавьчих шахан түнхэлзэж байсан цээж нь хөдөлгөөнгүй болчихов. Жижигхэн шар толгой нь гулжгасхийн унаж, амьгүй болсон бие нь цог адил халуун байх шиг санагдана. “Хүүе, өөдөс, өөдөсхөн минь. Намайг хар л даа. Би ирчихсэн байна. Чи намайг хар л даа. Би чамд гоё амттан авчирсан. Бас чамайг зөндөө их эрлүүлэхээр ирсэн” хэмээн Гэрлээ бачимдан хашгирснаа, “Сараа тэр үхчихлээ” хэмээн цурхиртал уйлж эхэллээ. Энэ гэнэтийн үхэлд Сараа ч самгардаж, үнэхээр Өөдөс байхгүй болчихлоо гэж үү гэж үл итгэсэн нүдээр харж, уйлж байгаа найзыгаа харан чимээгүйхэн мөрийг нь түшлээ. Түүний бяцхан бие бүрмөсөн хөдөлгөөнгүй болчихож. Улаанхан ам нь хагас аниатай Өөдөсхөн жижигхэн хөлөө огцом жийж, үхэлтэй хэр чадлаараа тэмцэлдээд ялагдал хүлээчихэж.

Хаалга тогшилгүй орж ирсэн энэ үхэл Өөдөсийг бүрмөсөн аваад явчихаж гэдэгт сая л итгэсэн Сараа нулимсаа барьж чадалгүй цурхиртал уйлж эхэллээ. Дахиад тэр хэзээ ч хөөрхөн жижигхэн Өөдөсхөнийгээ харж чадахгүй. Тэр дахиад хэзээ ч Сараад, Гэрлээд эрхэлж чадахгүй гэж бодохоор л харамсал, хагацлын нулимс энгэрийг нь норгож, Гэрлээ ч, Сараа ч тайвширч чадахгүй байлаа. Ялангуяа Сараа өөрийгөө уучилж чадахгүй байлаа. “Би түүнд өндөр газар үзүүлэх гэж яах гэж цонх руу аваачив аа” Хэрвээ тэгээгүй бол тэр үхэхгүй л байсан ш дээ” хэмээн цурхиртал уйлж байлаа.

“Өөдөсхөн байхгүй болчихож” гэдэг мэдээ тэр дороо л  тарав. Батаа, Тайван, Урнаа гээд л найзууд нь уван цуван ирцгээж, уйлж, нулимсандаа халтардсан Гэрлээг тайвшруулах гэж гэж хэр чадлаараа оролдоцгоов. Тэгэх тусам Гэрлээ улам бүр цурхиртал уйлж, “Би л түүнийгээ алчихлаа. Тийм өндөр цонхон дээрээс унагаачихлаа ш дээ” хэмээн орь дуу тавьж байлаа. Тайван, Батаа хоёр чив чимээгүйхэн сууж, Урнаа Гэрлээг тайвшруулах гэж ядаж, бүр аргаа бараад “Чи буруутай л юм бол одоо дуугай байгаач. Талийгаачийн хойноос ингэж их уйлж болдоггүй юм гэсэн. Муу байдаг гэсэн. Харин Өөдөсхөний буяны ажлын талаар бодохгүй юм уу” хэмээн ширүүхэн харц шидэв. Түүний энэ үг бүгдийг цочирдуулав. Гэрлээ нулимсанд түлэгдэж халтардсан нүүрээ шударснаа “Өөдөсийнхөө буяны ажлыг яг ном дүрмийн дагуу хийнэ. Батаа, Тайван хоёр хаана оршуулах вэ гэдгийг яваад мэдээд ир. Харин Сараа чи манайханд хэл дуулгаарай. Урнаа хоол унд яах билээ” хэмээн царайчилсан нүдээр хэдэн найзуудыгаа харж байснаа дахиад л уйлж эхэллээ. Түүний нүдэнд хөөрхөн жижигхэн Өөдөсхөн харагдаад болсонгүй. Удалгүй Сараагийн бүхий л таньдаг, мэддэг найзууд цугларчээ. Буяны ажил ч нүсэр болж өнгөрлөө. Хайрцаг савыг нь хойд гудамжны Баагий бэлдэж, Сараа Өөдөсхөний зургийг зуруулж, Тайван, Батаа хоёр нутаглуулах газрыг нь бэлдэв.

Өөдөсхөнийг яг хайрцганд хийгээд  газар луу хийх гэтэл Гэрлээ часхийтэл хашгирч, "би түүнийг сүүлчийн удаа хармаар байна” хэмээн уйлж найз нараа баахан сандаргав. Гэвч буяны ажил сайхан болж өнгөрчээ.

Сараа тэр шөнөжин, эгдүүтэй жаахан, эрх хөөрхөн Өөдөсийгөө зүүдлэв. Өндөр дээрээс унаж үхсэн жижигхэн тахианы дэгдээхэй газарт бус, тэнгэрт нисч байна гэж зүүдлэв. Тэр чихрийн хайрцагнаасаа аль хэдийнээ гарчихсан, цэв цэнхэр тэнгэрийг зүсч, эрх дураараа нисч байх юм. Тэгснээ тахиа нисдэггүй ш дээ хэмээн гайхаж, “Өө. Миний өөдөсхөн тахиа шиг газарт үхээгүй, тэр тэнгэрт дүүлж үзсэн шүү дээ” хэмээн бодож инээмсэглэв.
Нүүрээ үрчилзүүлэн зүүдлэх охиноо харсан ээж нь “Өвгөөн. Маргаашнаас Гэрлээг хөдөө эмээ, өвөө рүү нь явуулахаас. Нөгөө Долгор гуайн дэлчгэр шар бас л охиныг минь шоглосон байх. Өдөр уйлсан, халтар юм л ирсэн” хэмээн ярьж байлаа. Гэхдээ ээж нь жижигхэн охиноо амьдрал хэмээх дүрсгүй хүүхдийн гарт шоглуулж, нулимсандаа халтардсаныг тааварласан ч үгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top