Гээд бас хаанаас л хүн хүнд зовлонгоо тоочиж явах вэ дээ. Зарим нэг танил ч юмуу найз төдий, нэг үгээр хэлбэл сайн нөхөр нь биш бол хэрэгт дурласан асуултад нь “аль хэдийнээ гэрлэчихсэн” гэж ажиггүй хэлээд амыг нь тагласан удаа олоон. Тэгэхлээр бас зовлонтой. Хэн гэдэг юм гэнэ. Хаана, юу хийдэг юм, ямар сургууль төгссөн юм... Арай л хэмжээ дамжаа нь таарч байна уу тэгээд гэх нь холгүй шалгаана. Дордог эхлээд жаахан түгдэрдэг байснаа харсан зүгтээ шагайлгүй буудчихдаг болов. Гэтэл нэг хүнд нэг хүүхнийг зохиож ярьснаа мартаад /хаанаас л аваагүй авгайнхаа нэр ус, ажил мэргэжлийг цээжилж явах вэ дээ/ хэрэгт дуртай нөгөө нэгэнд нь өөр хүүхнийг заасаар нэг мэдсэн чинь, өнөөх Дордог чинь авгай авахгүй явж явчихаад, долоо найман хүүхэнтэй сууж, салжээ. Саяхан л манай Болдод, тийм авгайтай болсон гэж ярьж явсан, дараахан нь Должинд шал ондоо хүүхэнтэй суусан гэсэн байна” гэсэн яриа гарч, хөөрхий Дордог ёстой л хийгээгүй хэрэгт гүжирдүүлж явсан цаг ч бий.
“Ямар авгай авах бол доо. 25 хүрчихлээ шүү дээ. Гэхдээ яарах юун. Өлгүүрт шинээр ирсэн хөөрхөн охиныг эргүүлэх үү, за сургууль соёлгүй түүгээр ч яахав. Зугаалгаар явахад сайхан хоол хийж байсан Тогосбадам нөхөргүй л гэнэ лээ, гэвч ердөө л бичээч юм даа. Өглөө замд тааралддаг тэр голшиг хүүхэн... уг нь сайхан амьтаан. Дээд сургууль төгссөн байж чадах болов уу. Одоо ч ажилчин охид хүртэл дэгжин хувцасладаг болжээ. За ямар ч байсан би өөрөө яарахгүй ээ!” гэж омог бардам, голж шилэн бичсэн өдрийн тэмдэглэлийнхээ он, сарыг хараад Дордог айв. Бүтэн арван жил өнгөрчихжээ. Дахиад хэдэн жил ч өнгөрөх юм билээ. Хэдэн жил байтугай хорвоо тэр чигээрээ өнгөрчих вий дээ. Дордог уйлмаар болов. Хорвоо ямар шудрага бус юм бэ. Би тийм муу муухай, бузар булай амьтан уу. Архичин Ааяа хэчнээн сайхан охиныг бараг архичин болчихоод байхдаа л авч суув даа. Одоо ч архиа уучихаараа тэрнийгээ зодоод, сууж л байна. Тэгэхэд би шал өөр хүн шүү дээ уг нь. Дордог уйллаа. Хэнээс ч ичихэв. Оюутан байхаасаа ганцаараа эзэгнэсэн өрөөнийх нь хаалга бат нягт хаалттай, хажууд нь хань болон торойх хэн ч байхгүй юм чинь.
Гэтэл саяхны нэг өдөр Дордогийг ханийн заяа тэнгэр хоёр харах шиг болов. Юу болов хэмээвэл... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )