Луйварчдын халаасанд багтсан Монгол Цагаан cap

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 17

Монголчууд бид хэдхэн хоногийн дараа уламжлалт баяраа тэмдэглэнэ. Зах, дэлгүүрүүд төрөл бүрийн зүйл хайсан, сурагласан хүмүүсээр дүүрэн. Зарим нэг нь бэлэг эрж, нөгөө хэсэг нь мах хайж хөлтэй нэг хөлхөж, хөлгүй нэг мөлхөх шахаж байна. Жилд ганцхан удаа тохиодог урин цагийн эхлэл болсон энэ баярыг муу амлаж, муухайгаар өнгөрөөхийг манайхан хэзээнээс цээрлэсээр ирсэн.

Тиймээс ч байгаагаа барьж, цагаан сардаа бэлддэг. Иргэдийн энэ хүсэл, эрэлт наймаачид цаашлаад Эрээнд хөрөнгө оруулалт болдог нь хэн бүхний нүдэнд ил болсон зүйл. Цагаан cap дөхөхөөр л хот, хөдөөний наймаачид хуйгаараа Эрээнийг зүглэдэг. Замын Үүдийн боомтыг бараг л түйвээх шахдаг наймаачдын энэ их нүүдэл жил бур хөвөрсөөр л.

Харин энэ их нүүдэл жирийн Монгол иргэнд хэр хаялгатай байдаг нь сонин. Энд хаялга гэдэг үгийг буяны байгууллага шиг бараа бүтээгдэхүүнээ үнэ мөнгөгүй тараана гэсэн утгаар хэрэглэсэнгүй. Харин Эрээний барааны үнэ хэр уян хатан байдаг билээ гэдгийг бодож үзлээ. Бидний брэнд гэж шүтдэг бүтээгдэхүүнүүд Эрээний зээл дээр ёстой л хогоороо байна даа.

Захын дэлгүүрт 4000-5000 төгрөгийн үнэтэй байдаг керасис шампунь гэхэд Эрээнд 20 юанийн үнэтэй байх юм. Дэлхийн брэнд гэж зарим нэгэн нүдээ ухаж өгөх нь холгүй байдаг “L’Oreal”-ын сормуусны будаг 2 юанийн өртөгтэй. Монгол мөнгөөр бол 420 төгрөг гэсэн үг. Гэтэл хорооллын гоо сайхны лангуун дээр мань “L’Oreal”-ын сормуусны будаг 10 мянган төгрөгийн үнэтэй харагдаж байх юм.

Үүнийг Эрээнээс оруулж ирээгүй гэдгийг хэн ч мэдэхгүй. Бас үнэхээр жинхэнэ ориг нь мөн эсэхийг ч тогтоож чадахгүй. За цаашлаад Эрээн дээр найман юанийн үнэтэй хөхний даруулга манайд 5000 дээш үнэтэй. Дэлгүүрүүдэд бол бүр 10 мянга. Эрээн дээр инээд хүрмээр үнээр зарагдаж байгаа зүйлс манайд ирээд уур барам үнэтэй болдгийн жишээ энэ бүхэн.

Хамгийн чухал нь Хятадууд өөрсдөө бараагаа авчраад, манайханд өндөр үнээр шахаад байгаа юм биш. Монголын наймаачид монголыгоо хэмлэж байгаа нь энэ. Харамсалтай нь тэр наймаачдад эх орноо, ард түмнээ гэх сэтгэл байдаггүй. Дээр нь хүн ёсны жудгаа мөнгөөр халхалчихсан. Тэгэхээр ганцхан өөрөө л баяжиж байвал ядуу монголчуудыг яаж шулах нь хэнд ч падгүй. Бид наймаачдыг хүйтэнд хөрч, халуунд халж хэцүү хөдөлмөр эрхэлдэг гэж өрөвддөг.

Гэтэл яг үнэндээ бол тэр халж, хөрөөд байгаас нөхдүүд бол зөвхөн өнгөлөн далддалт. Тэдний ард жинхэнэ боссууд нь Ланд унаж, хауст амьдарч байна. Тэд долоо хоног алгасахгүй Эрээн, Бээжин явж бараагаа татдаг ажилтай. Дундуур нь цавчаа орно гээд өөрсдөө бараандаа явах нь ойлгомжтой. Ирээд тэнгэрт хадсан үнээр газрын монголчуудад бараагаа дамлана.

Энэ бол монголоо гэх сэтгэлгүй манай наймаачдын үнэн төрх. Уг нь бол тэд 20 жилийн өмнөх ганзагын наймаачдаас нэг битгий хэл хэд хэдэн шатаар дэвшсэн байх ёстой. Гэтэл оюун ухааны ядууралд орж, дэвших биш харин ч ухарчихаад байна. Бусдыг шулах гэсэн амьдралын зарчимтай мэт аашлах. Мөнгөний амт мэдрэх тусмаа хүн улам шунадаг гэдэг. Тэгэхээр нэгэнт шуналаа өөрөө ч дийлэхээ больсон наймаачдыг бага ч гэсэн цензурдах эрхтэй байгууллага манайд байхгүй биш бий.

Тэр бол “Хадны мангаа” гэж нэрлэгдсэн шат шатны мэргэжлийн хяналтын байгууллагууд. Дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс эхлээд нийслэлийн, ерөнхий гээд ажлаа хийдэг л юм бол хангалттай хүч байна. Цагаан сарын бууз баншхан ярьж суухаар гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж, ядаж ориг, хулхийг нь ялгаж салгаад сууж баймаар юм.

Дэлгүүрийн лангуун дээр байгаа “L’Oreal” гэсэн бүхэн Францын ориг уу, Эрээний хулхи уу гэдгийг ард түмэндээ ялгаж салгаж өгөх нь мэргэжлиин хяналтынхны хийх ёстой ажил. Хүнд суртал гаргадаг шигээ ажлаа хийдэг бол өнөөдөр манайх ингэж хуурамч, баталгаагүй бараа бүтээгдэхүүний агуулах болохгүй л байсан. Манай хөгшид ярьдаг даа, тэхийн шээс үнэрлэчихсэн юм шиг гэж.

Яг л тэр шээсийг нь үнэрлэсэн мэт яравгар хэдэн авгай ширээний бөглөөс болоод сууж байхаар хотын гудамжаар явж хаанаа юу зарж, хэнийг хордуулж алах гээд байгааг тогтоож баймаар юм. Дүүрэг, нийслэл, ерөнхий газар гэхгүй мэргэжлийн хяналтынхан гэж яравгар, хүнд суртлаараа алдартай энэ хүмүүст яг өнөөдөр хийх ажил мундахгүй их байна, уг нь.

Гадаа задгай зарж байгаа бараа бүтээгдэхүүн тоймоо алдаад байхад тэд дулаан өрөөндөө шигдэж суусаар л байна. Хэн нэгэн хордож, ямар нэг асуудал үүссэн хойно “манайх албан даалгавар өгсөн” эсвэл бид анхааруулсан гэсэн тэнэг юм яриад зогсож байдаг. Хааж, хураахаас эхлээд хэмжээлшгүй эрх мэдэл эдэлдэг хүмүүс шүү дээ, тэд.

Мөнгөнд донтсон ганзагын наймаачид нь чанартай, чанаргүй бараан бүтээгдэхүүн тэнгэрт хадсан үнээр зарж байхад мэргэжлийн хяналтынхан нүдэн балай, чихэн дүлий сууж л байдаг гажиг тогтчихож.

Тиймээс ч наймаачид нь амандаа орсон тоог хэлж, ядуу монголчуудыг авбал ав, байвал бай гэсэн доогтой нүдээр ширтэх. Хэрэв мэргэжлийн хяналтынхан ажлаа хийх сэтгэлтэй байсан бол хэрэглэгчдийн төлөөх байгууллагуудтай хамтраад Эрээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгаа хийж, эх захаа алдсан ганзагын наймаачдын хязгаар нь xapai дахгүй үнэнд бага ч гэсэн нөлөолж болно шүү дээ.

Төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа тэдэнд ийм эрх мэдэл нь бий. Миний ойлгож байгаагаар мэргэжлийн хяналтын байцаагч нар ширээний ард суух биш гадуур явж ажлаа хийх ёстой. Хэн нэгэн сайн дураараа барааныхаа чанарыг шалгуулах гээд тэдэн дээр ирэхгүй. Тэгэхээр явж байж л үндсэн ажлаахийж, төрийн албан хаагчдын үүргээ биелүүлнэ, юун төлөө улсын байцаагч гэсэн нэр зүүсэн билээ.

Түүнээс ширээний ард сууж, компьютерийн гар тогшоод үнэн худал мэдэгдэхгүй дүгнэлт гаргахыг бичиг үсэг тайлагдсан л бол захын хүн хийнэ. Байгууллагын нэрнээсээ эхлээд л уг нь хяналтыг мэргэжлийн түвшинд тавина гэж байдаг. Гэтэл мэргэжлийн хяналтынхан хэрхэн ажиллаж байгааг хотын гудамжнаас бэлээхэн харж болно.

Хаанаас хэн авчирсан, ямар гарал үүсэлтэй, хэдэн хоног хадгалах гээд хэрэглэгчид хэрэгтэй ямар ч мэдээлэлгүй хоол хүнс, бараа бүтээгдэхүүн хаа сайгүй хэвтэх хотын хог шиг л хөглөрч байна шүү дээ. Мөнгө олохыг хүсч байгаа хүнд чанар энэ тэр ямар хамаатай. Тэгэхээр иргэдийн эрүүл мэнд цаашлаад амь насыг мэргэжлийн хяналтынхан л хамгаалах ёстой.

Өнөөдөр хэн нэгэн зах, дэлгүүрээс авсан бүтээгдэхүүндээ хордлоо гэхэд тэр нь мэргэжлийн хяналтынхны ажлаа хийж чадахгүй байгаагийн илрэл.
Юун төлөө нүсэр том бүтэцтэй, шат шатны байгууллага татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгдэж, ажиллаж байгаа билээ, иргэдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах ёстой. Цагаан cap болох өдөр хоног ойртсоор, иргэд болсон болоогүй бүтээгдэхүүнд мөнгөө үрэн байж авсаар л байна.

Хэн юугаа хаанаас авах нь мэргэжлийн хяналтынханд хамаагүй. Хамгийн чухал нь тэр авсан бараан бүтээгдэхүүн ямар ч аюулгүй байх ёстой. Энэ сэтгэл амар худалдан авалтыг мэргэжлийн хяналтынхан бүрдүүлж өгөх ёстой. Жингийн цуваа явж л байг, жингэр нохой хуцаж л байг гэж мэргэжлийн хяналтынхныг хэнэггүй суусаар байтал Монгол Улс чанаргүй бараа бүтээгдэхүүний агуулах болох нь.

Ямар сайндаа л хүнсний аюулгүй байдал үндэсний хэмжээнд яригдахав дээ. Ийм болтол нь мэргэжлийн хяналтынхан юу хийж байсан нь сонирхолтой. Тэгэхээр маргааш гэж алгуурлалгүй ажлаа хийвэл яасан юм бэ, мэргэжлийн хяналтынхаан. Цагаан cap ч хаяанд ирчихлээ.

В.Хэрлэн
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top