Зөвлөлт загварын ШУА

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 22



 Нэг өмчтэй, намын хатуу захиргаадалтаар төвлөрүүлэн удирддаг, тоталитар төр бүхий Зөвлөлтийн коммунизм нь өөрийн гэсэн шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтын зөвлөлт загвар хэмээх өвөрмөц бүтцийг буй болгожээ. Энэ загвараар боловсрол , шинжлэх ухаан хоёр зааглагдаж, боловсролыг их дээд сургуулиуд, шинжлэх ухааныг ШУА дагнан хариуцна. Yйлдвэрлэл нь бүр тусдаа байдаг. Коммунист нам - тэргүүний манлай ажилчин анги – намын бодлогын дагуу боловсорч буй дайчин туслагч залуучууд – намын бодлогын шинжлэх ухааны үндсийг боловсруулагч сэхээтний давхарга гэсэн шаталсан эрэмбэ ийм загварыг буй болгоно. Нийгэм нь нэгдмэл цул тогтолцоо болохыг үл хэрэгсэж, түүний бүрдэл хэсгүүдийн найрал чанарыг үгүйсгэж, бүгдийг коммунист намын үзэл сурталд оруулан дэглэсэн загвар юм. Yүний уршгаар боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэл гурав тус тусдаа ялгарч, хоорондох тохиргоо нь алдагдаж, зөрчилд оржээ. Энэ бол ЗХУ , зөвлөлтийн систем нурсан бодит шалтгаан мөн. 1990 –д оноос өмнө Зөвлөлтийн эвсэлд хамаарах бүх оронд энэ загвар хэрэгжсэн түүхтэй.

Шинжлэх ухааны удирдлагын зөвлөлт загварын бүрэлдэхүүн хэсэг нь зөвлөлт загварын ШУА / товчоор, ЗөШУА / юм. Эдүгээ дэлхий дээр намжсан ЗөШУА Хойт Солонгос, Куба, ОХУ, Монголд байна. ЗөШУА хэт төвлөрсөн удирдлагатай, улс төрийн нэг намын шууд харъяалалд байдаг, агуулгаараа коммунист намын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд намын үзэл суртлын суурийг өрөх үүрэгтэй аж. ЗөШУА явцгүй болохыг амьдрал практик нотолжээ. 20 –р зуунд зөвлөлтийн эрдэмтэд нойр хоолоо хасан ажилласан боловч АНУ тэргүүтэй улсуудтай харьцуулахад шинжлэх ухааны хүрээнд маш чамлам үр дүнд хүрчээ. Yүнийг Зөвлөлтийн шинжлэх ухаан нурсаны гол учир шалтгаан гэх ба уршиг нь он удаан ил үргэлжилж, эдүгээ ОХУ –ыг сөхрөөх хэмжээнд тулаад байна. ОХУ –ын ШУА өдгөө 25000 шинжлэх ухааны докторынхоо шилдэг 16000 –г нь АНУ –д алджээ. Цаана нь 9000 өндөр настан, охид голдуу сулавтар хүмүүс үлдсэн бололтой. Парисаас 3 ухаантан явахад Парис Парис биш болно гэдэг үгтэй. Оросоос 16000 ухаантан нь явчихаар Орос юу болох бол ?.             ЗөШУА олон өвөрмөц чанартай. Юуны өмнө, ЗөШУА оюун ухаанаас ангид, бүр түүний эсрэг байдгийг хэлэх ёстой. Марксизм –ленинизм нь матери анхдагч, оюун ухаан хоёрдогч хэмээх хуурамч төдийгүй нэн аюултай аксиом дээр тогтдог. Тэгэхлээр, оюун ухааныг үзэн ядаж, үлдэн хөөх нь ЗөШУА -н заяагдмал чанар  юм. Материалистууд нийгмийн оюунлаг цөөнхийг хайр найргүй егүүтгэдэг. ЗХУ –ын оюунлаг цөөнхийн гол цөм Сталины дэглэмийн үед баруунруу дүрвэсэн. ЗХУ –ын ШУА академич А.Сахаровыг, манай ШУА өөрийн жинхэнэ гишүүн Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн нарыг яаж хэлмэгдүүлсэнийг бид мэднэ. Коммунист  намууд болон ЗөШУА –н хооронд удирдлагын нягт сүлбээ тогтсон байдаг. Монгол улсад эдүгээ номын ШУА бус намын ШУА байна. Манай ШУА –н удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ МАН –ын бага хурлын гишүүд бөгөөд УИХ, Засгийн газрын өндөр албан тушаалтнууд ШУА –н удирдлагад шууд багтдаг. Тэдний хувьд нам нэгд, ном хоёрт. Ингэхгүй аваас ЗөШУА –г удирдах боломжгүй болно. Энэ бол бодит шалтгаан. Ийм байхад оюунт залуус ЗөШУА -с зугтаж таарна, зугтсаар ч байна. Докторуудынхаа дээрээс нь 64 % - г гадагш алдсан ОХУ –н ШУА “ оюунлаг залуусыг ОХУ –с хөөж, улс орноо сөхрүүлсэн ноцтой хүнд гэмт хэрэг “ - т ороогдож, ард түмний шүүхийн хаалга татаад байна. Оюуны эринд оюун ухааныг өрөөсөө түлхдэг ЗөШУА –н тавилан ийм юм.

 ЗөШУА, зах зээл хоёр эрдэм оюуны үнэлэмжээрээ зөрүүтэй. Зах зээл эрдэм ухааныг өрсөлдөөний механизмаар үнэлэх бол ЗөШУА эрдэм ухааныг намын бодлогоор үнэлнэ. ЗөШУА эрдэмтдийнхээ оюуны их хүчийг хэрэг бага, үр нөлөөгүй, голдуу улс төрийн өнгө аястай зүйлд ашиглана. Yүний улмаас эрдэмтэд зөвхөн намыг харж, төрийг гуйж, ядуу, ядруу амьдрана. Өөрөөр сэтгэж, өөдтэй амьдрах хориотой. Цөөн хэдэд нь цөөн төгрөг нэмэн амсуулж, намын бууны нохой болгоно. ЗөШУА ядуу хүнийг яаж ч ашигласан болно, ядуу байх тусмаа үгэнд оромтгой, дарлахад амар гэж сэтгэнэ. ЗөШУА бол үнэнхүү хүмүүнлэг бус байгууллага бөлгөө. ЗөШУА –с татгалзаж байж л монголд эрдэм оюуны зах зээл бодит биелэлээ олно. Манай академичид оюуны өндөр чадвартай, даанч ЗөШУА –д хүлэгдэн дарагджээ. Академичдээ чөлөөлөхсөн.

 ЗөШУА ,ардчилал хоёр харш юм. Яагаад гэвэл, ЗөШУА , дарангуйлал хоёр ихэр юм. ЗөШУА –с татгалзаж байж л монголын ардчилал оюун санааны талаасаа амилна. Өөр зам үгүй. Монголд эдүгээ оюуны ардчилал бодитой байхгүй нь ЗөШУА – тай шууд холбогдоно. Ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхийг ЗөШУА үл зөвшөөрнө, учир нь түүний суурь ганхана. Нэг бол ЗөШУА, эсвэл ардчилал.

ЗөШУА , олон намын тогтолцоо хоёр нийцэлгүй юм. Яагаад гэвэл, ЗөШУА –нь нэг намын үзэл суртлын хурц сэлэм билээ. ЗөШУА - с татгалзаж байж л монголд олон намын тогтолцоо бодитойгоор амилна. Өөр зам үгүй. Засгийн эрхэнд МАН –с өөр нам гарвал ЗөШУА яаж амьдрах вэ?,.. дарга, цэргүүд нь бүгдээрээ намаа солих уу?,....эвслийн засагтай болвол ЗөШУА бас эвслийн болох уу?, ..ийм хачин ШУА гэж байх уу?. ЗөШУА -р толгойгоо хийвэл ардчилал нь антиардчилал болно. АН ардчиллыг булшлах ёсгүй гэдэгт итгэнэ.         ЗөШУА өрсөлдөөнийг үзэн ядна. Яагаад гэвэл, ЗөШУА эрдэм оюуны хүрээнд үзэл суртлын намжсан монополийг төрүүлдэг. Оюун ухааныг үзэл сурталжуулахаар ямар гээчийн аюултай муухай юм болдгийг монголын туршлага нотолсон. Монополийн адгийнх нь тэр билээ. ЗөШУА - с татгалзаж байж л эрүүл өрсөлдөөн үүснэ. Өөр зам үгүй. Монголын эрдэмтдийн дунд оюуны эрүүл өрсөлдөөн үгүйлэгдэж байгаад ЗөШУА буруутай.

ЗөШУА, өмчийн олон хэлбэрийг үл зөвшөөрнө. Яагаад гэвэл, ЗөШУА нэг өмчтэй үеийн бүтэц. Хувийн өмчид суурилсан инноваци, ноу –хау гэхээр ЗөШУА –д ойлгомжгүй болно. Манай ШУА шинжлэх ухааны парк гэдэгт зөвхөн төрийн өмчит хятад маягийн паркийг ухаарч, УИХ –р хэлэлцэж буй инновацийн хуулинд түүнийгээ хөндөлсүүлэн тулгаж, гацааж байна. Гэтэл энэ хуулийг их сургуулиуд, хувийн сектор олон жил хүлээсээр байгаа билээ.

ЗөШУА эрдэмтэн хүний эрх, эрдэм номын эрх чөлөө гэхээр үл ойшоож, эрдэмт хүмүүнийг боол мэт дорд үзэж, тэдний бүтээл туурвилыг намын шүүлтүүрээр оруулан “ ариутгана “. Эрдэмтдийг дээрээс тулгасан нам засгийн даалгаврыг хийдэг ажилчин зөгий гэж ойлгодог. Манай ШУА өөрийн ажиллагсадад “ Ажилчин анги манлайлж, малчин ард зонхилж, сэхээтнүүд та нар сүүл барих хувь зохиолтой “ гэж нутад итгүүлсэн. Энэ үзэл ШУА –с хэвлүүлсэн түүхийн ном зохиолуудаар дүүрэн байна. Монголын түүх бичлэгийг манай ЗөШУА гажуудуулсан, одоо ч гажуудуулсаар. Гай нь олон арван жил үргэлжилнэ дээ. Эдгээрийг нэгтгэвээс, дараахь дүгнэлт гармой: Монголын ЗөШУА –нь хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулах үндсэн хуулийн тулгуур заалттай олон сэжмээр зөрчилдөж байна.  

ЗөШУА гүн задралд ороод байна. Зүүн европын орнууд ЗөШУА – тай байсан он жилүүдээ “ гажуудлын үе “ хэмээн нэрлэжээ. Жишээ нь, Чехийн ШУА 228 жилийн түүхтэй бөгөөд 1953 – 1992 оныг хамрах 39 жилээ гажуудлын үе , Зүүн Германд 1946 -1993 онуудыг алдагдсан жилүүд , Унгарын ШУА 187 жилийн түүхтэй ба зөвлөлт загварт өртсөн 1949 – 1988 оны 39 жилийг хохирлын жилүүд гэх аж. 1948 онд 257 гишүүнтэй байсан Унгарын ШУА 126 шилдэг эрдэмтэн, зохиолч, жүжигчдээ коммунист үзлийн шүүлтүүрээр оруулан “ шүүсийг нь шахаж “, эгнээнээсээ хөөснөөр хэзээ ч нөхөж үл барах оюуны алдагдалд орсон байна. Орой дээрээсээ яг хагасаа тайруулж, хохирсон Унгарын ШУА одоо ч сэхэж чадахгүй, зүдэрсээр,... Тэдгээр 126 эрдэмтдийн дийлэнх нь ард түмнийхээ дэмжлэгээр барууны орнуудруу дүрвэсэн аж. Дүрвэгсэдийн нэг, Харвардын профессор, хомсдолын эдийн засаг ба шилжилтийн үеийн нэрт судлаач Янош Корнаи 1990 –д оны зааг үед Унгарын ард түмэнд хэрхэн тусалсаныг бид мэднэ. Манай эдийн засагчид Я.Корнаи-с хуулж, орчуулж лавтайяа 10 жил ярьсандаа.

ЗөШУА мэдрэмжгүй юм. Мэдрэлгүй, үхмэл гэсэн ч болно. ЗөШУА хэт хөшүүн ба гадаад орчны өөрчлөлтийг өөртөө тусгах талаар бараг үл ажиллана, бусдаас үл суралцана, үл өөрчлөгдөнө. Ийм ШУА шинжлэх ухааны ирмүүн өөрчлөлтийн үед амьдрах чадваргүй юм. Монголын шинжлэх ухааны түүхэнд ЗөШУА гэсэн гажуудлын үе үргэлжилсээр байна. Энэ зурвас үе аль болох богино байвал нэн сайн юм. Түүхийн өмнө хүлээх хариуцлага гэж бий шүү, түүнээс хэн ч хэзээ ч мултарч чадахгүй гэдгийг улс төрчид, манай ЗөШУА –н удирдлагад хандан сануулахад илүүдэх юун.

доктор, профессор, Монгол улсын гавъяат багш, Ц. Дэмбэрэл.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top