“Аминмаргад” эмнэлгийн ерөнхий эмч Алтангэрэл: Эмэгтэй хүний эмнэлэгт хандах үндэс нь эр хүнээс шалтгаалж байдаг

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 29


 

-          Хоёулаа яриагаа хувийн эмнэлэг байгуулах санаа анх яаж төрсөн талаар эхлэе.  Аминмаргад эмнэлэг хэзээ байгуулагдаж байв? Одоо хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна?

-          Миний хувьд хувийн эмнэлэг байгуулна гэдэг оюутан цагийн маань хүсэл сонирхол байлаа. Хувийн эмнэлэг байгуулж өөрийнхөө хүч чадлыг сорьж үзэх битүүхэн бодолтой байлаа.Төгсөнгүүтээ Польш руу уламжлалын эмчээр явж нэг жил ажилласан. Тэнд байхдаа хувийн  эмнэлгүүдээр нь явж үзээд  Монголд яагаад ийм эмнэлэг байж болохгүй гэх бодол толгойноос гарахаа больсондоо. Польш бол социалист гэгдэх орнуудаас хамгийн анх зах зээлд шилжсэн орнуудын нэг, тэнд монгол эмч нар ч олноороо ажилладаг байлаа. Би анагаахын уламжлалын анги төгссөн хүн шүү дээ. Ажиллахын зэрэгцээ хувийн эмнэлгүүдтэй нь танилцаж байлаа. Хувийн эмнэлэг гэдэг тэнд жинхэнэ утгаараа хөгжсөн байсан. Их ч юм сурч мэдсэн, хамгийн гол нь хувийн эмнэлэг ямар байх вэ гэдгийг, эмнэлгээр мөнгө олох биш, хүний сэтгэл санаанд яаж хүрэх вэ гэдгийг ойлгосон. Өвчтөнийг эм тариагаар эмчлэхээс гадна сэтгэлээр дэмжих гэдгийг мэдэж авсан даа. Монголд эргэж ирэнгүүтээ эмэгтэйчүүдийн эмч болохыг зорилгоо болгож  мэргэжил дээшлүүлэх курсэд 2 жил суралцах үедээ   1999 онд хадам аавтайгаа хамтарч эмэгтэйчүүдийн эмнэлэг байгуулсан. Хадам маань их сайн эмч байсан, тухайн үед олон эмнэлэг ч байгаагүй, курсээ төгсөөд 2001 оноос 10 ортой, жинхэнэ эмнэлэг болгож,   эмнэлгээ  хөгжүүлэхийн тулд гадагш дотогшоо нэлээд явж,тоног төхөөрөмжөө сайжруулж байлаа. Тухайн үед эх нялхас, хатагтай эмнэлэгээс өөр газар үтрээний эхо гэж юм байхгүй байхад шинэ технологи оруулж ирж оношлогооны дэвшил гаргаж байсан, мөн москвагийн эх нялхас эрдэм шинжилгээний төв эмнэлэг дээр очиж, хамтран ажиллах, эрдэм шинжилгээний ажил хамтран хийх, мэргэжилтэн солилцох, мэргэшүүлэх, үр шилжүүлэн суулгах талаар сонирхож  2002 онд тэнд очиж суралцаж ирээд  2003 онд эмнэлэг дээрээ анхны үр шилжүүлэх аргаар төрсөн хүүхдээ эх барьж байлаа. Тэгээд 2004  өөрөө бие дааж “Аминмаргад”  эмнэлгээ байгуулсан, ийм л түүхтэй явж ирлээ дээ

-          Аминмаргад гэж их сонсголонтой сайхан нэр юм, ямар нэгэн утга агуулж байна уу?

Энэ  нэг их түүх өгүүлэх учир утга агуулаагүй л дээ, миний том охин Аминаа гээд одоо анагаахын 4-р курсын оюутан, Маргад гэж дунд охины маань нэр, тухайн үед 2 охинтой байсан, тэгээд л охидынхоо нэрийг нийлүүлээд эмнэлгээ нэрлэчихсэн юм л даа. Сайхан сонсогдож байсан, түүнээс хойш 2 ч хүүхэд нэмж төрсөн.

-          Танай эмнэлгийг олон юмны анхдагч гэж сонслоо, сүүлийн үед том том клиник эмнэлгүүдийн хийж амжаагүй байгаа эмчилгээ, үйлчилгээ, ажилбаруудыг хийдэг гэнэ. Таны хувьд яг юун дээр анхдагч байв?

Монголд хамгийн анх үр шилжүүлэн суулгах ажилбарыг хийж байлаа, москвад суралцаад  /оросын шинжлэх ухааны академийн сертификат үзүүлэв, сурв/  төгсөж ирээд анхны хүүхэд мэндэлсэн, зарим хүн үүнийг битгий сүржигнэ гэх байх л даа, гэхдээ энэ бол үнэндээ монголд цоо шинэ зүйл байсан, энэ бол мэргэжилтнүүдийн дунд л сураг төдий байсан зүйлийг ажил болгож байлаа, жирийн хүмүүсийн хувьд мэддэг ч үгүй байсан. Анхны ажил шууд үр дүнгээ өгч маш амжилттай болж хүү мэндэлсэн, миний гол гавъяа бол энэ үр шилжүүлэн суулгах аргуудыг монголд анх удаа хийж, аргачлалыг хийж байсан. Тухайн үед эрүүл мэндийн яамнаас ирж шалгасан  комисс танай эмнэлэг сайн байна гээд,  дэмжигдэж байсан, түүний дараа би эмнэлгээ салгаж тусдаа гарсан, манай эмнэлгийн талаарх мэдээллийг МОНЦАМЭ сурвалжилж, улмаар оросын болон олон улсын хэвлэл, сайтууд дээр  мэдээлэл нийтлэгдэж байв. Үүнээс улбаалж манайд маш олон эмнэлэг дээр энэ ажлыг хийж эхэлсэндээ.

-          Гадуур байгаа эмнэлэгүүд ихэвчлэн эмэгтэйчүүдийн эмнэлэг гэж нэрлэгдсэн байдаг, харин танайх гэр бүлийн клиник гэсэн хаягтай юм,  онцлог нь юу байна?

Эмэгтэйчүүдийн эмнэлэг гэхээр л дан ганц эмэгтэй хүн л үйлчлүүлээд байдаг гэж ойлгож болохгүй л дээ, эмэгтэй хүн гэдэг чинь энэ ертөнцийн оршин тогтнох цорын ганц маш чухал бодгаль юм. Нөхөн үржихүйн гол субьект, эрчүүд бол үр тогтоох үндсэн үүрэгтэй байдаг бол эмэгтэйчүүд нөхөн үржихүйн хувьд физиологийн асар нарийн тогтолцоо явагдаж байдаг.Бүр мөчлөг мөчлөгөөрөө явагдаж байдаг сонин организм. Орчин үеийн биотехнологийн өндөр түвшинд авч үзэх юм бол эмэгтэй хүний өндгөн эс дээр ........гэхдээ мэдээж ганц эмэгтэй хүн дээр нөхөн үржихүйн талаар ойлгож болохгүй юм, жишээ нь үргүйдлийн тухай гэхэд жирэмслэхгүй байхад ганц эмэгтэй хүнээ л үзээд яваад байж болохгүй, цаана нь эрэгтэй хүн орхигдчихно шүү дээ, үргүйдлийн шалтгааны 60 хувь нь эмэгтэйгээс, 40 хувь нь эрэгтэй хүнээс хамаардаг, тиймээс эрэгтэй хүнийг орхигдуулж болохгүй ээ, эмэгтэй хүн гол байдаг гэж би түрүүн хэлсэн,тиймээс би ямар ч эмчилгээ, зөвөлгөө авах гэж ирсэн хүнийг гэр бүлгэйгээ ирж уулзаа гэж хэлдэг л дээ

-          Одоо тэгвэл нэг өрөөсгөл ойлголт байгаад байнаа, үргүйдлийн тухайд зөвхөн эмэгтэйг л голлож үзээд, эмчлэх гэж оролддог, зүй нь гэр бүлийн 2 хамтдаа эмчлүүлж, хяналтад орж байх хэрэгтэй байх нь?

Тиймээ, манайхны нэг том бөгөөд гол нийтлэг алдаа байдаг, амьдралын аливаа асуудлыг эмэгтэй хүнд лаахайшаадаг.”Чамаас болоод хүүхэд гарахгүй байна, чи л гаргаж өгөхгүй байна” гэдэг, ингэж болохгүй ш дээ, ямар эмэгтэй хүн өөрөөсөө хүүхэд ургуулах биш. Тэгээд эрчүүдийг чи нэг шинжилгээ өгөөдхөөч гэхээр би яах гэж өгөхийн, би өөрийгөө мэдэж байна гэдэг. Ийм байж болохгүй. Шинжилгээ өгөхөд хэцүү юм байхгүй, эр хүн болгон л гар хангалга хийдэг, тэгээ л авчихна. Зарим нь  тэрийг чинь яаж өгөхийн гэнэ,  надаар гар хангалга хийлгэх гээд байдаг юм уу хаашаа юм. Энэ мэт манай эрчүүдийн пээдгэр зан байдаг юмуу, эмэгтэйчүүд нь ийм хүлцэнгүй байдаг юмуу, ер нь бол эмэгтэй хүний эмнэлэгт хандах үндэс нь эр хүнээс л шалтгаалж байдаг, эмэгтэй хүний бэлэг эрхтэн бүдүүлгээр хэлэхэд гэр бүлийн дундийн өмч, эр хүн бохир заваан байх, өвчтэй байснаас болж эмэгтэй хүн эмнэлэг ханддаг, гэр бүлийн эмнэлэг гэдгийн гол утга нь энэ.

-          Монголд танайхаас өөр гэр бүлийн клиник эмнэлэг гэж байна уу?

Эмнэлэг гэхээсээ илүү Монголын гэр бүлийн нийгэмлэг гэж бий. Түүнээс клиник гэж байхгүй байхаа.

-          Та 2002 оноос хичнээн гэр бүлд аз жаргал бэлэглэвээ?  Таны хүүхэд хэр олон байна? /инээв, сурв/ 

За одоо бол тоо тоймшгүй болсоон. Энд тэнд явж байхад би танай эмнэлэгт хандаад хүүхэдтэй болсон гээд л уулздаг, одоо бол тоогоо алдсан. Айл гэрд үр хүүхэд хайрлана гэдэг хамгийн их аз жаргал шүү. Үүний зэрэгцээ би нэг юм хэлэхийг хүсэж байна. Манай улс маш том газар нутагтай ч цөөхөн хүн амтай, хөгжлийн гол хүч нь хүн ам гэж боддог. Хэрвээ би шийдвэр гаргагч байсан бол энэ абортын талаар тууштай бодлого барьж зогсоох тал дээр ажиллах байсан. Ор тас хориглодоггүй юмаа гэхэд ямар нэг аргаар бууруулах тал дээр анхаарах байсан гэж боддог.

-          Абортын асуудал сэтгэл эмзэглүүлж байгаа том ауудал шүү дээ?

Харин тийм, үүнийг би маш их эсэргүүцдэг, үүнийг хийгээд байгаа хүмүүсийн тархинд юм хийх хэрэгтэй байна. Залуучуудын хувьд төрөлт гэдэг ямар чухал болохыг тэдэнд итгүүлэх хэрэгтэй, мөн аборт гэдэг юм ямар аймшигтай хор уршигтайг нь таниулах хэрэгтэй, гэтэл одоогийн зарим залуус  үр хөндөлтийг жирэмслэхээс хамгаалах арга гэж аймшигтай эндүүрч ойлгож байна, би энд үр шилжүүлэх замаар хичнээн хүүхэд хийгээд байгаа боловч абортод өртөж байгаа хүүхдийн тоог яаагаад ч гүйцэж чадахгүй байна шүү дээ,

-          Энэ бүхнээс бодоход таны хийгээд багаа ажил үгүйсгэгдээд байгаа харагдаж байна, та зарим гэр бүлд азжаргал өгөх гэж хичээж байдаг, тэнд нэг хэсэг нь устгаж байдаг?

Тиймээ тэгэж хэлж болно. Хүн амын өсөлтийн бодлого маш чухал гэдгийг л ойлгуулах хэрэгтэй байна.

-          Одоо танайд монголд байхгүй ямар эмчилгээ үйлчилгээ хийгдэж байна?

Монголд хийгдэхгүй гэх юм бол байхгүй л дээ, бүгд л хийж байна. Харин шинээр нэвтрүүлж байгаа юм байгаа, удахгүй эхлүүлнэ, энэ тухайгаа би энд дурьдаад хэлчихэе. Сүүлийн үед монголд ургийн гажиг их төрж байгаа, утаа, хүнсний аюулгүй байдал, байгалийн тэнцвэргүй байдал зэргээс шалтгаалаад.  Зарим хүн нь бүр улс төрийн шоу хийж байна. Энэ талаар ургийн гажгийг өрнөдөд ямар байдлаар хандаж байгааг, яагаад энэ ургийн гажиг бий болдог юм, яаж оношлох вэ гэдэг л хамгийн гол асуудал байдаг. Оношлогоон дээр манайхан тун хоцрогдолтой байгаа. Уул нь үүнийг ургийн усанд нь хатгалт хийгээд, гажгийг 100% оношлох арга байдаг л байхгүй юу. Гэтэл манайд огт хийдэггүй, энэ оношлогоог. Тийм болохоор үүнийг би биологийн хүрээлэнтэй хамтарч хийх гээд судалгаа хйих гээд, судлаад, суралцаад л байж байна. Үүнийг энэ ондоо багтааж эхлүүлнэ. Ургийн гажгийг эрт илрүүлэх юм бол дараа нь ийм зовлонтой байдал үүсэхгүй шүү дээ.

-          Монголд  үр шилжүүлэн суулгаж байгаа эмнэлэгүүдийн үйл ажиллагаа дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж чадаж байна уу? Эмчилгээ үйлчилгээ адил түвшинд хүрсэн үү?

Ер нь бол энэ талаар манай эмнэлгүүдийн үйл ажиллагаа тэдэнтэй эн тэнцүүхэн байгаа гэж би бодож байна. Бид энэ тал дээр хийж чадсан гэж боддог, яагаад гэвэл аль наяад оны эхэн үеэс энэ бүхнийг хийж эхэлснээс хойш, алдаатай оноотой зүйл зөндөө байсан. Түүн дээрээ дөрөөлж хэрэгтэйгээ аваад хэрэггүйгээ хаяад аргачлалаа боловсруулаад боловсронгуй болгоод явж ирсэн.  Сүүлийн үеийн дэвшлүүдийг ч шууд нэвтрүүлдэг. Тиймээс бид дэлхийн стандарт ямар байна яг л түүний дагуу үр шилжүүлэн суулгаж байгаа гэж хэлж болно.

-          Тоног төхөөрөмжийн хувьд?

Төхөөрөмжийн хувьд ч ялгаагүй, одоо цаг сайхан болсон, мөнгө нь л байвал хамгийн сүүлийн үеийн хамгийн сайн аппаратуудийг оруулж ирж байгаа, энэ тал дээр манай аль ч эмнэлэг дээр харж болно.

-          Одоо манайд үргүйдэл ихсээд байгаа юм шиг. Энэ юунаас болж, юутай холбоотойгоор ийм байдал их болоод байгаан бол? Бас их залуужсан санагдах юм.  Үүнийг бүрэн төгс      эмчилж болохуу?  Эсвэл төрийн хэмжээнд бодлого байх хэрэгтэй юу? Эсвэл эрүүл мэндийн боловсрол дутмагаас болж байнауу? Таны бодлоор?

Манай улсын хувьд хүн амаа өсгөхийн тулд энэ тал дээр анхаарал тавих ёстой  байх, тавьж ч  байгаа байх гэж бодож байна. Ер нь бол энэ үргүйдлийн ерөнхий шалтгаан дэлхийн экологийн тэнцвэрт байдал алдагдаж, цаг уурын өөрчлөлт маш их байгаа, нөгөөтэйгүүр хүмүүсийн амьдралын хэвшил өөрчлөгдсөнөөс болж үргүйдэлд хүрч байгаа.  Түүний хажуугаар жижиг шалтгаанууд ч бий. Хүмүүсийн дэлхий нийтэд танигдахгүй өвчин их байна, шалтгаан тодорхойгүй үргүйдэл их байгаа. Монголын хувьд цаг агаарын өөрчлөлт ихэд нөлөөлж байгаа. Эрс тэс уур амьсгал нь хүний амьдрах чадварт их нөлөөтэй байдаг. Цаг агаартаа тохируулж хувцаслах, хоол хүнсээ тохируулж хэрэглэх, биеэ авч явах байдал зэргээс их нөлөөлж байгаа юм л даа. Залуучууд маань тэр тусмаа охид бүсгүйчүүд доороосоо даарч хөрөх асуудал их байдаг. Энэ бүхэн маань хүний биеийн эсэргүүцлийг муутгах гол хүчин зүйл болдог. Архаг хууч өвчин сэдрэх, өөр өвчинд өртөмтгий болох асуудлууд үүсээд байдаг. За дээрээс нь нийгмийн стресс бухимдал их нөлөөлж байна. Стресс бол эмэгтэй хүний дааврийн үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг, шууд хамааралтай хүчин зүйл гэж ойлгох хэрэгтэй. Энэ бүхнийг ойлгож мэдрэхгүйгээр үргүйдлийн шалтгааныг зогсоох эмчлэх гэсэн ойлголт байхгүй. Дээрээс нь хорт зуршлийг хаях хэрэгтэй. Хорт зуршил гэдэг нь архи дарс, тамхийг хэлэхээс арга байхгүй, маш хортой нөлөөтэй хүчин зүйл нь гэдгийг хүн бүхэн л мэдэж байгаа. Тэгээд бас харж байхад пиво уудаггүй эмэгтэй хүн гэж байдаггүй болж. Архийг бол хэтрүүлэн хэрэглэж байна, жирэмсэн байхдаа архи ууж байна, энэ маш муу. Үргүйдэлд хүргэх том шалтгаан. Зарим нь би их уугаагүй ээ 100 граммыг л уусан гэдэг. Гэтэл ганцхан дусал архи тэр ирээдүйд нь яаж нөлөөлж байгааг мэдэхгүй байна. Шинжлэх ухаан түүнийг нь аль хэдийнээ баталчихсан байдаг. Дараагийн ургууд нь үргүйдэлд хүрэх аюултай гэдгийг ойлгохгүй байна. Өөрөө ч яахав тэгээд өнгөрнө, үр хүүхдэд нь хүүхдийнх нь үр хүүхдүүдийг үргүйдэлд хүргэх аюултай. Архи, дарс, тамхи, пиво нь яаж хордуулж байгааг л мэдэхгүй байна.

-          Энэ үргүйдлээс болж гэр бүлүүд салж сарних байдал их байна. Үүнийг та юу гэж боддог вэ?

Тэгэлгүй яахав. Энэ бол их том асуудал ш дээ, үүнээс болж маш олон гэр бүлүүд салж байгаа. Энд миний сэтгэл маш их эмзэглэдэг. Түүнээс гарах гарц байсаар байтал гарцыг олж хардаггүй, зарим нь бүр олж харахыг ч хүсдэггүй. Ялангуяа эрчүүд, тэдэнд бүр онцолж хэлмээр байна. Энэ талаар үргүйдлийн эсрэг олон аргууд гарчихаад байхад том асуудал болгоод байдаг. Зарим хуучныг баримтлагчдын хэлдэг үгийг сэтгэлдээ тээж явдаг хүмүүс байдаг, юу гэвэл хүүхэд гаргаагүй эмэгтэй хүн бузар, салхин доогуур нь өнгөрч болохгүй ч гэдэг юм уу, тэр хүнтэй хамаагүй ам мурийж болохгүй гэх мэтчилэн аймаар юм ярьдаг. Зарим эх эцгүүд хүүгээ хүүхэд гаргахгүй хүүхнээс хурдан сал, халхын хүүхнүүд мундсан биш ч гэж хэлдэг хүн байна. Үргүйдэлд ороод байгаагийн шалтгаан ганц эмэгтэй хүнээс шалтгаалаад байгаан биш гэдгийг манай эрчүүд ойлгоосой.

-          Танай эмнэлэгт эрэгтэй хүний үрийн шингэнийг авч угаагаад, үтрээнд цацдаг эмчилгээний арга байдаг гэсэн, энэ хэр үр дүнтэй арга вэ?

Умайн хөндийд хийж өгдөг энэ арга бол их үр дүнтэй арга л даа. Үр шилжүүлэн суулгах, зохиомлоор үр тогтоох энэ аргууд чинь  үргүйдлийн эмчилгээнийы орчин үеийн аргуудын л нэг нэг хэсгүүд нь байх нь байна шүү дээ. Аргачлал тус бүртээ өөрийн гэсэн эмнэлгийн заалттай.  Тухайн гэр бүлийн үргүйдлийн шалтгаан нь юу байна, тэрийг тогтоосны үндсэн дээрээс аль тохирох аргыг нь хэрэглэнэ.

-          Үр шилжүүлэн суулгах хүсэлтэй олон хүмүүс байдаг, гэтэл үнэ төлбөрийн тал дээр өндөр юм гэж ярьдаг. Танай хувьд ямаршуухан байна?

Манай хувьд яг гарах зардлыг тооцоолох юм бол манайхны авдаг цалин хөлс, амжиргааны байдалтай дүйцүүлж бодвол солонгостой адилхан 3-4 саяд болно. Харин өртөг өндөртэй орнуудад бол зөвхөн гарах зардал нь 3-4 мянган доллар болж байгаа ч 20000 долларын төлбөр авдаг. Бидний хувьд үнэлэмжээрээ 3-4 саяд хийдэг. Үүний 2/3 нь эм тариандаа явдаг байхгүй юу, дээрээс нь олон юмны зардал бодогддог.

-          Танайхаас харьцангуй өндөр үнэ хэлээд байгаа эмнэлгүүд байна, тэд яагаад ялгаатай байдаг юм бол?

Тэдний ашиг нь их байна. Надад тэгэх сонирхол алга.

-          Хавар болоод өвчин хууч их их хөдөлдөг. Энэ яагаад ингэдэг юм бол?

Дорнын ухаанд хавар бол юм бүхэн хөдөлдөг, амилдаг гэдэг. Түүн лугаа хүний биен дэх бүх л хууч хөдөлдөг, тэгээд хавар цагт эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй болдог нь ийм учиртай. Энэ үргүйдлийн өвчинд ч гэсэн адилхан. Хавар хийлгэвэл үр дүнгээ сайн өгдөг. Бас сэдэрч буй өвчний эмчилгээг  барихын тулд гам сайн хийх хэрэгтэй.

-          Таньтай ярилцаад сууж байхад мэргэжлээрээ бахархах сэтгэлтэй, өөртөө итгэлтэй байдал ажиглагдаж байна л даа. Таны бусдаас ялгарах чанар юу вэ?

За ялгараад байх ч юу байхавдээ, яахав өөрийн баримталдаг чанар, зарчим гэж бий. Ямар ч хүнтэй харьцахдаа сэтгэлээсээ хандаж, харьцахыг л хичээдэг. Тэр тусмаа асуудлаа яриад ороод ирж байгаа бүсгүйчүүд, гэр бүлүүдийн асуудлыг бүрэн шийдээд өгөх юмсан, дутуу хаячихгүй, ингэс тэгсхийгээд орхичихгүй юмсан гэж боддог. Түүнийгээ ч эрхэмлэхийг хичээдэгдээ.. Бүгдийг нь тайлбарлаж, зөвлөж, жижигхэн зүйлийг ч орхичихгүй хандахыг л хүсдэг. Хувь хүмүүсийн араншин бас их нөлөөлнө. Зарим хүмүүс их хөндий асуухад олигтой ярьж өгдөггүй, ичдэг ч юмуу, тэгэхэд зарим нь нойтон хамуу шиг салдаггүй хүн ч байна. Салдаггүй нөхөд бол амжилтад хүрдэг. Өдөр шөнөгүй утсаар ярьж одоо тийм байна, ийм байна гээд л. Тэр хүн эмчилгээндээ шимтээд өөртөө санаа тавиад байхад би орхиж болохгүй ш дээ, надад тийм эрх ч байхгүй. 11 жил ажиллахад гаднаас  ирж  байгаа хүмүүсийн харцнаас л мэдэрдэг болж байна даа. Гаднаас орж ирэхдээ үл ойшоосон харцтай, ярилцаж байхад үл итгэсэн байдалтай, эмчилгээ эхлээд явж байхад энэ нь ч болохгүй байна, тэр нь ч болохгүй байна гэж харьцаад байдаг хүн байдаг, тэдэнд эмчилгээ нэг л олигтой үйлчилж өгдөггүй, сонин юм шүү, тэгэхээр хүн сэтгэлийн амьтан гэж их үнэн юм шигээ. Би өвчтөнд хэлэхдээ энэ бүхнийг даван туулахад таниас их юм шалтгаална шүү гэж хэлдэг. Хүмүүс хэт материаллаг зүйлдээ буюу эм тариандаа шууд найдаад сэтгэл гэдгээ орхигдуулаад байдаг. Энэ бол маш чухал шүү.

 Д.Ууган

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөөгий(66.181.176.166) 2017 оны 09 сарын 03

Мундаг эмч шүү. Хоёрдогч үргүйдэл гээд энэ эмч дээр 2 жил шахам эмчилгээ хийлгээд 2011, 2012 онд дараалан хүү охин 2 төрүүлсэн

0  |  0
Золо(202.21.118.98) 2016 оны 01 сарын 05

Эмч хүн хүнд амьдрал бэлэглэдэг, алдах эрхгүй мэргэжилтэн байхаа. Гэхдээ таны алдаа эмэгтэй хүнд нэг насны сэтгэлийн шалал, зовлон үзүүлдэг. Танай эмнэлэгт үзүүлэх гээд дугаарлаж байхад нэг эмэгтэй таны өрөөнд уйлаад юм үлдчихсэн юм шиг байна гээд сууж байсан. Харин та үр хүүхэд хүссэн надад дутуу эмчилгээ хийсэн байсан. Эмчийн хяналтанд явж байсан хэрнээ миний үйлийн үр арай хатуу байсан шүү, өдий олон жил өнгөрсөн ч сэтгэлээс гардгүй юм байна даа.

0  |  0
(202.179.20.106) 2015 оны 07 сарын 21

сайхан ярилцлага байна. Очоод уулзаад зовлонгоо яривал ямар байх юм болдоо хөөрхий

0  |  0
wwww(213.114.134.37) 2013 оны 06 сарын 15

Tantai yaj holbogdoh be?

0  |  0
Top