А.БАТ-ЭРДЭНЭ: Ард түмнийхээ тархины ядаргааг тайлсан бүтээл хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 31




А.Бат-Эрдэнэ хэмээх үргэлж нүдээрээ инээж явдаг энэ эрхэм дандаа цүнх үүрч явдаг хачин зуршилтай нэгэн. Түүний цүнхэнд хүмүүсийн давтагдашгүй агшныг харуулсан шог зураг байдгийг саяхан мэдээд их гайхаж билээ. Шог зураач хүний сэтгэлгээнд шог л юм бодогддог байх. Тиймээс хийсэн бүтээлүүд нь хүмүүсийн алжаалыг цайнаас илүүтэй тайлдаг биз ээ. Ингээд эрхэм Таныг А.Бат-Эрдэнэтэй уулзуулъя.
-Инээдмийн баярын өдөр хаяанд ирлээ. Шог зураачийн хувьд энэ өдрийг ямар бүтээлтэй угтаж байна даа? 
-Олон баярын дараа хамгийн сүүлд нь хошин шогчдын баяр буюу дөрөвдүгээр сарын нэгэн болдог. Баяраа угтаад олон сайхан бүтээл хийлээ. Сүүлийн үед би хошин шогийн жүжигчдийн зураг цувралаар зурж байна. 20 гаруй жил шог зураг зурлаа. Хошин шог, аж байдал, хүүхдийн цуврал зургаараа зургадугаар сараас өмнө үзэсгэлэн гаргана гэсэн төлөвлөгөөтэй явна. 
-Таны бүтээлүүд бодит эзэнтэй байдгаараа онцлог юм шиг санагддаг. Тухайлбал, УИХ-ын гишүүд байна? 
-Энэ чиглэлээр олон жил дагнан зураг зурсан хүн байхгүй. Миний хувьд УИХ-ын 76 гишүүнийг анги ангиар нь буюу дөрвөн жилээр нь зурсан байх жишээтэй. Бас байгууллага, олон нийтийн газраар их явлаа. Сүүлийн үед хийснээ багцалж үзэсгэлэндээ оруулах, ном бүтээх санаатай. Энэ нь монгол хүүхэлдэйн кино хийх зорилгоор хүүхдийн дүр гаргаж байгаа. Үүнийг сурах гэж Өвөрмонголд хоёр жил ажиллалаа. Зохиол, дүрээ гаргачихаад явж байна. 
-Олонд хүрсэн ямар бүтээл байна? 
Олонд хүрсэн нь 76 гишүүүний зурагтай хөзөр. “Гишүүдийг зурдаг зураач уу” гээд л хүмүүс угтана шүү дээ. Тэр хөзрөөр тоглохоор их сонин тоглолт болно л доо. Зарим нь “Чи болиоч юу гэж Л.Гүндалайг Н.Алтанхуягаар даруулах юм” гэх жишээтэй. Гилийн боол, цэцгийн ноён гэж ярихаасаа илүү Ц.Нямдорж, Д.Арвин гэж хөзрөө нэрлээд л тоглож байгаа харагддаг. Зарим нь хадганд боож нандигнаад авдартаа хийчихсэн байхтай таарч байсан. Би таньдаг малчиндаа хөзөр өгсөн юм. Гэтэл нэг өдөр “Дорж гэдэг юм Н.Энхбаярыг авч явчихаад авчирч өгөхгүй юм” гээд л яриад байна. Тэгсэн нөгөө хөзрийнх нь улаан хүнийг л аваад явчихсан хэрэг. Тухайн үед улаан хүнийг нь Н.Энхбаяраар, хар хүнийг нь Ц.Элбэгдоржоор зурчихсан байсан юм. Хүмүүс их сонин юманд дуртай л даа. Тэр үед манай оронд суугаа гаднын элчингүүд хүртэл утсаар ярьж надаас хөзөр худалдан авч байлаа. 
-Та хүнийг дүрээр, дүрсээр их элэглэдэг. Зарим хүнийг хийсэн бүтээл шигээ сэтгэлгээтэй гэдэг дээ. 
-Бидний амьдрал өөрөө шог зураг, зохиол шиг марзан гэж хэлж болно. Юу ч гэмээр юм бэ дээ. Хүүхэд шиг этгээд сонин, содон юм анхаарч, анзаарч явдаг хүмүүс бий. Энэ нь ч зөв. Тасалгаанд суучихаад ямар ч үнэтэй цаас, харандаа хэрэглэсэн шог хошин юм гарахгүй шүү дээ. Ардын дундаас л уран бүтээлийнхээ санааг олж авдаг. Шог зураг өөрөө үнэн байх хэрэгтэй. Хамгийн гол нь хүний нүд их юмыг тайлдаг учраас нүдийг нь гаргаад л туслах дүрд нь хамар, гар, хөл, өмссөн хувцасных нь хэлбэрийг зурна шүү дээ. 
 
-Бүтээлээсээ болж шүүмжлэлд өртөнө биз? 
-Шүүмжлэлт зураг дээр тийм юм их гардаг байсан. Социализмын сүүл үе л дээ. Тухайн үедээ их зөрчилдөнө. Тухайлбал, би тролейбусыг яст мэлхийн дээр зурчихсан чинь “Монгол зөвлөлтийн найрамдлаар бүтсэн тролейбусыг удаан гэж шүүмжилж, гаж юм зурсан байна. Ирж хурлаар ор” гэж дуудаж байлаа. Мөнхбат бид хоёр П.Жасрай гуайг сармагчин болгоод зурчихсан чинь жаахан эсэргүүцэлтэй тулгарсан шүү. П.Жасрай гуай ухаантай хүн байсан учраас биднийг аварч байсан юм. Одоо бол өөр шүү. Бүх юм ил задгай, эрх чөлөөтэй болж. 
 
-Олон улсад үнэлэгдсэн бүтээлүүд бий юу? 
-Гаднын жуулчид худалдаж авсан бүтээлүүд байдаг л юм. Манай зураачид олон улсад нэвтэрч чадахгүй, гарц боломжоо олохгүй явна даа. 
-Өөрийнхөө зургийг хүмүүс хэр худалдаж авах юм бэ дээ? 
-Миний амьдралыг ганц залгуулж байгаа юм чинь л наадах чинь. Энэ олон баяраар чинь хамт олон, гэр бүл, найз нөхөд, амраг хосууд толгойгоо нийлүүлж байгаад л зуруулах жишээтэй. Хуучин бол шог зургийг доромжлол гэж ойлгодог байсан бол одоо зөв талаас нь хүлээж авч байна. Гэхдээ хошин урлагийн зарим салбар хэт мөнгөнд ороод байгаа нь онцгүй л дээ. Хошин урлагийн жүжигчдийн тоглолт 75 мянган төгрөгт хүрч байна гэсэн сураг сонсогдсон. Үнэн бол буруу л зүйл байгаа юм. Хамаагүй мөнгөнд шунавал урлаг өөрөө мөхөх аюултай. Ард түмнээ мөнгөтэй мөнгөгүй гэж ялгаварлан гадуурхаж байгаа гэсэн үг. 
-Ер нь нэг зургаа хэдэн төгрөгөөр зарж байна?
 -Тогтсон үнэ ханш гэж юу байх вэ. Өгсөн хүний сүжиг мэднэ гэдэг л болно. Зарим нь тав арван төгрөг өгнө. Бид чинь адилхан л амьдралтай хүмүүс. Зургийг үнэлэх үнэлэмж бага. 
 
-Хүний зургийн таталбар хийхэд хугацаа их ордог уу?
-Ширүүхэн юмтай тулгарна шүү. Би нэг байгууллагын шинэ жилийн үйл ажиллагаанд дээд тал нь 50 гаруй хүний зураг зурж байсан. Хоёр цагийн хооронд л гэсэн үг шүү дээ. Босгоод л, суулгаад л зурна. Гол нь зураг чанартай байх ёстой. Энэ бол шог зураачдын дээд амжилт юм. 
-Шинэ жил, баяр ёслол, байгууллагын ойгоор зурдаг зургийг чинь халтуур гэх үү, бүтээл гэх үү? 
-Ер нь халтуур гээд хэлчихэд болно. Гэхдээ би бүтээлээ хэзээ ч муу хийж байгаагүй. Нэг шог яриа байдаг юм. “Та хүүхэн хардаг уу гэж асуусан чинь сэмхэн харчихдаг шүү” гэдэг шиг мөнгө олох хэрэгтэй биз дээ /инээв/. 
-Хүүхдийн таталбар зураг их зурна биз? 
-Хүүхэд зурах дуртай. Саяхан шог зураач Цогтбаярын гавьяатын найран дээр хоёр ачтай нь хамт зурсан. Дүр нь Цогтбаяраасаа илүү болж байсан. Хүүхдийн хоёр хөөрхөн болцгор хацар, өөрийнх нь унаган зан чанар зурган дээр яг илэрдэг юм. Том хүмүүс чинь зуруулах болохоороо будаж шунхдаад гоё болчихдог. Гэтэл хүүхэд бол тэс өөр. Яг л байгаагаараа. Зарим нь зуруулахгүй гээд уурлаж хошуугаа унжуулчихна, нөгөө нь баярлаад инээнэ. Ер нь хүүхдийн дүр дүрслэл чинь хамгийн амьд бүтээл. 
-Нийгмийн шүүмж шог зургаар илэрхийлэгддэг. Та нийгмийг аль талаас нь шүүмжилдэг вэ? 
-Тайлагдах бүтээлүүд л хийх нь зөв байх гэж боддог. Алсдаа тийм бүтээлүүд хийнэ. Одоо бол мөнгө шаардлагатай болоод л халтуур хийж байна. Юунд ч санаа зовохгүй сэтгэлийн бүтээл хийх юмсан гэж хичээдэг. Тэр ч утгаараа хэд хэдэн зураг зурсан. Цаашдаа уран бүтээл олон зүйлийг илэрхийлж, шог зураг сонирхогчдын төдийгүй Монголын ард түмний тархины ядаргааг тайлсан бүтээл хийх болно. 
В.Нэргүй
www.UNEN.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top