Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс санаачлан зохион байгуулдаг “Гэгээн Муза” наадам Дэлхийн театрын өдөр болж өндөрлөв. Наадмын дуулалт жүжгийн төрөлд гурвын гурван жүжгээ /Баянхонгор аймгийн С.Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт драмын театрын бүтээл “Арван тавны сар”, Говь-Сүмбэр аймгийн Боржигон чуулгын бүтээл “Боржигон сэцэн”, Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын бүтээл “Жанжин заан”/ уясан манлай уяач гэвэл Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч, зохиолч Д.Төрбат байлаа. Гэтэл “Гэгээн Муза”-г зохион байгуулагчид зохиогчид цом өгөх нь бүү хэл урилга ч илгээгээгүй гэнэ. Тэр байтугай гурван жүжгийн найруулагч, зураач, хөгжмийн зохиолч, жүжигчдийнх нь нэрийг ярайтал бичсэн мөртлөө зохиолчийн нэр огт байсангүй. Д.Төрбат шиг ширүүн дүрийн эр, өдийд ойж бууж байгаадаа гэж бодсон чинь Драмын эрдмийн театрын лоожны хамгийн арын суудалд тухалчихсан хэдэн шавь нараа тойруулаад инээд алдан “Гэгээн Муза” үзэж суув. “Гэгээн муза”-д өөрийнхөө бүтээлээр олон хүнийг шагналын эзэн болгосон эрхэм зохиолчтой уулзлаа.
...“Зохиолчгүй жүжиг гэвэл ямар жүжиг байх бол” хэмээн асуухад “Дүү хүү, ахынхаа гурван жүжгийг үзсэн биз дээ. Тэр чинь зохиолгүй, зохиолчгүй жүжиг шүү дээ” гэж хэлээд инээсэн юм. Аугаа их Пушкины “Баяртай ч байна, гунигтай ч байна” гэж хэлдэг шиг сэтгэгдэл төрлөө...
-“Гэгээн Муза-2011” наадмын гэрэлтсэн гэгээн үдшийн мэнд хүргэе.
-Баярлалаа. “Гэгээн Муза” бурхан л юм бол гэрэл гэгээ нь хэнийг ч ялгалгүй ивээж байгаа байх аа.
-Таныг ялгачихсан юм биш үү?
-Үгүй, үгүй. “Боржигон сэцэн” жүжгийн минь хөгжмийн зохиолч, зураач хоёр “Гэгээн Муза” хүртлээ.
-“Арван тавны сар” чинь бас шагнал хүртэж байгаа харагдсан?
-С.Лувсанвандан багшийгаа бид “Луу бандгай” гэж авгайлдаг байлаа. Багшийн минь нэрэмжит театрын хамт олны хоёр сайхан жүжигчин Цэцэнцэцэг, Хангарьд нарын дүрээр “Гэгээн Муза” авлаа.
-Таны жүжгийн баатруудын нэр их сонин юм. Түй Түнжин, Цэцэнцэцэг гээд?
-Өвгөнтэнгэр гэж сайхан дүр бий. Энэ дүрийг бүтээсэн Бямбаадаа баяр хүргэе. Ер нь “Гэгээн Муза” авсан бүх жүжигчин, уран бүтээлчид баяр хүргэе. Надад ямар алтан тайзан дээр алхаж гарах завшаан олдсон биш. Чи ярилцлага авдаг чинь сайн боллоо. “Гэгээн Муза” авсан, аваагүй 10 бүтээлийн 60 гаруй уран бүтээлчдэд амжилт хүсье.
-Унасан бөх ууртай байдаг. Харин Та баярлаад суугаад байх юм?
-Яалаа гэж би гомдох юм. Драмын эрдмийн театрын алтан тайзан дээр долоо хоногийн дотор гурван жүжгээ тоглуулна гэдэг чинь манай С.Удвал гуайн хэлдгээр “Их хувь заяа”.
-Тийм ч юм уу?
-Ийм их хувь заяа аугаа их Л.Ванган, Ч.Чимид, Д.Намдаг, өнөөдөр миний хүндэлж явдаг Б.Лхагвасүрэн ахад олдсон ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд.
-Бичсэн жүжгийн тань уран бүтээлчид шагнал авсан болохоор баяртай суугаа юм байна?
-Одоо л чи ахынхаа сэтгэл санааг ойлгож эхэлж байна. “Боржигон сэцэн” гэхэд 30 гаруй, “Жанжин заан”-д 10 гаруй, “Арван тавны сар”-д 20 гаруй уран бүтээлч “Гэгээн Муза”-д ирж, Монгол Улсын мэргэжлийн том театрын тайзан дээр тоглолоо. Энэ үйл явдал тэр уран бүтээлчдийн хувьд нэг насны баяр бахдал юм шүү. “Гэгээн Муза” дээр авахуулсан нэг зураг гэрэл зургийнх нь цомогт гэгээ татуулаад байж л байгаа.
-Энэ бодол чинь Таныг гэрэлтүүлж байгаа гэж ойлгож болох уу?
-Ер нь наадмыг зохион байгуулагч, шүүгч, жүжигчин, зохиолч бидний зам ертөнцийн хаа нэгтээ огтлолцож байдаг жамтай. Бид нэг ертөнцөд амьдарч байгаа юм чинь. Би энэ жижигхэн дэлхийг яриагүй. Уран зохиол, урлагийн их ертөнцийн зам харгуй хаа нэгтээ учралдан золгоно гэж бодож байна. Миний хайртай зохиолч Александр Дюмагийн Монте-Кристо гүн “… Хүн төрөлхтний цэцэн мэргэний туйл нь найдах, хүлээх гэдэг хоёрхон үгэнд байдаг” гэж хэлдэг. Үүнтэй адил “Гэгээн Муза”-гийн гэрэл гэгээ хэнийг ч ялгаж тусах ёсгүй.
-Таны нэрийг хөтөлбөр болон сонин хэвлэл дээр бичсэн үү?
-Үгүй. Харин уран бүтээлийн минь нэрийг, түүнийг амилуулсан уран бүтээлчдийн нэртэй бичсэн байна билээ.
-Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч С.Дашням “Гэгээн Муза” авч байгаа харагдсан. Таны жүжгээр авчихаад нэрийг чинь дурдсангүй дээ?
- Миний найз юм чинь яаж хэлэх юм бэ /инээв/. -Ардын жүжигчин Б.Мөнхдорж гуай бас авч байсан. Зохиолчоо мартсан бололтой? -Миний багш юм чинь яаж хэлэх вэ дээ /инээв/.
-Танд “Муза” өгөхөө байг гэхэд урилга явуулж болно доо?
-Надад байтугай Д.Нацагдоржид урилга өгөөгүй түүх байгаа шүү.
-Их Д.Нацагдоржид уу?
-Тэгэлгүй яахав. Д.Намдаг гуайн “Шинэ Монголын шинэ театр” дурсамжийн номонд байдаг юм. 1934 онд Бөмбөгөр ногоон театрт “Учиртай гурван толгой” жүжиг нээхэд зохиолчоо урихаа мартчихсан юм билээ. Тэгээд Д.Нацагдоржийг хараад “Үгүй чи яаж орж ирэв” гэхэд “Яахав билет аваад орж ирлээ” гэж Д.Нацагдорж хариулсан байдаг юм.
-Гунигтай түүх юм?
-Энэ их хүний тухай би “Монгол ардын суут” гэдэг дуулалт жүжиг бичиж байгаа.
-Ингэхэд Та хэдэн жил “Гэгээн Муза”-д зодоглож байна вэ?
-2009 онд “Цагаан гарьдын цадиг”, 2010 онд “Бодончир сэцэн”, энэ жил гурван жүжигтэй оролцлоо.
-Гурван жил дараалан оролцсон зохиолч хоосонгүй дээ?
-Тэгэлгүй яахав. “Монгол костюмс” надад сайхан шар торгон дээл, хантааз оёж өгсөн. Бас малгай хийж өгсөн юм байна /инээв/.
-“Гэгээн Муза”-г зохион байгуулагчид жаахан хачин зан гаргаад байх шиг?
-Тийм юм байхгүй ээ. Энэ олон уран бүтээлчид урам зориг хайрладаг сайхан наадам шүү дээ.
-Эсвэл Танд дайсан байна уу?
-Дайсан биш дайснууд надад бий. Константин Симонавын “Гуйлга” гэж шүлэг мэдэх үү. Бурхнаас ганц юмыг гуйя Алт, эрдэнэс, амраг хайр Албан тушаал бүгдийг нь ав Харин ганцхан дайсныг минь л үлдээж хайрла гэж…
-Тэгвэл Та найдаад, хүлээгээд дэмий юм биш үү?
-Даравч далдайж, булавч бултайж амьдрах нь ухааны ундарга нэмдэг юм. Тэгээд ч миний анд О.Дашбалбар, Доромжлох тусам би Долоон бурхан од шиг гялалзана гэж хэлсэн. Үнэн үг шүү.
Ийн өгүүлээд мань хүн тайз уруу харахад драмын төрлийн номинац эхэлж байлаа. Энэ цагийн бичгийн нэгэн нэрт төлөөлөгч тасалбар аван бичсэн жүжгээ үзэж суугаа нь сонин санагдсаныг нуух юун. Сүүлийн асуулт болгож “Зохиолчгүй жүжиг гэвэл ямар жүжиг байх бол” хэмээн асуухад “Дүү хүү, ахынхаа гурван жүжгийг үзсэн биз дээ. Тэр чинь зохиолгүй, зохиолчгүй жүжиг шүү дээ” гэж хэлээд инээсэн юм. Аугаа их Пушкины “Баяртай ч байна, гунигтай ч байна” гэж хэлдэг шиг сэтгэгдэл төрлөө. Ийнхүү Монголын урлаг зохиолчийг нь мартчихаад жүжиг тавьж буй нь эмгэнэлтэй санагдана. Д.Төрбат шиг ухаанаараа өөрийгөө дарж уран бүтээлээ мөнгө төлж үзэх авьяастан олон олдох болов уу даа.
В.Нэргүй
www.UNEN.mn
Сэтгэгдэл ( 0 )