Өглөө эрт Дарханаас вагоноор ирсэн найз маань “сая танайх руу ирэх замд зөрсөн 10 хүн тутмын 5-нь оюутан, ажилдаа явж байгаа 5 хүн тутмын 4-нь хүүхэн, ганц эрэгтэй л байх шиг байна” гэсэн мундаг том дүгнэлт хийчихсэн орж ирлээ. Үүнээс санаа аван юу билээ гэж бодлоо.
Уг нь эртний монгол уламжлалаар эрчүүд нь гадагшаа явж олз омог олон ар гэрээ тэжээдэг байсан бол одоо эсрэгээрээ хүүхнүүд нь ажил хийж нөхөр хүүхдээ тэжээдэг болсон бололтой.
Ганзагад явж “гахай” үүрч байгаа хүмүүсийн олонхи нь бас л нөгөө гэрийн эзэгтэй нар. Аавуудыг наймаанд явуулахаар найдваргүй, архи, хүүхэн гээд хамаг ашгаа цацчихаад ирдэг гэлцэнэ. Энэ нь ажил хийж болохгүй нэг шалтгаан нь.
Ажил хийхгүй завтай болохоороо уйдацгаан архи ууцгаана, тэгээд зүгээр ч гүй нөгөө ганц ажилчнаа орой ирэхэд нь агсам тавьж угтана зарим нь. Иймэрхүү маягаар л монголын массын амьдрал өрнөж байна. Энэ хэрээр нийгэмд болон гэр бүлдээ нөлөөлөх эрчүүдийн үнэлэмж бууран, гэр бүл салалт нэмэгдэж, үр хүүхдүүд өнчирч байна.
Архидалттай ахуйн доройтол шууд хамааралтай болохоор зарим нэг эрчүүдийн биеэ авч яваа байдал үнэхээр ой гутмаар. Архи тамхины балиар үнэр биенд нь нэвт шингэчихсэн, өмссөн зүүсэн нь бохиртоод нүд хальтирмаар болчихсон. Ийм хүнд гэр бүл, үр хүүхэд нь хүндэтгэлтэй хандах нь юу л бол.
Гэтэл бидний ярьдгаар “соёлтой” орны эрчүүд ямар байна вэ?
Хэдэн жилийн өмнө манай найз Америкт хагас жил болохдоо хүүхдүүд нь гэрлээд тусдаа гарчихсан, 60 орчим настай хижээл хосынд амьдардаг байжээ. Тэр хоёр өглөө ажилдаа явахдаа bye гээд бие биенээ үнсээд л явдаг, орой нөхөр нь эхнэрээсээ 1 цагийн өмнө ажлаасаа ирдэг. Ирэнгүүтээ усанд орж сахлаа хусан, хувцсаа сольж үнэртэн танартан түрхчихээд үүдний өрөөнд эхнэрээ ирэхийг хүлээгээд цэмбийгээд суучихдаг гэнэ, өдөр бүр. Тэгээд эхнэрээ ороод ирэнгүүт учиргүй удаан уулзаагүй хүмүүс шиг сүйд болж үнсэлцээд л, хоёулаа гал тогооны өрөөндөө урд урдаасаа харж суугаад гараа барилцан нүдээ ширтэлцэж байгаад тухайн өдөр хэнийх нь ажил дээр ямар сонин зүйл болсон талаар 15-20 минут орчим ярилцдаг гэж байгаан. Тэгээд дэлгүүр хоршоогоор хамт явахдаа эгээ л 18-тай шинэхэн хосууд шиг жигтэйхэн дотно тэврэлдээд л алхдаг. Энэ нь манай найзад их сонин, бараг “гажигтай” юм шиг санагддаг байсан аж тэр үедээ.
Хөгшин гэлтгүй хоёр биенээ чин сэтгэлээсээ хайрлаж буй агуу зүрх сэтгэл энд мэдрэгдэж байна. Бидний ялгаа үүнд л орших аж. Хайрлаж, хайрлуулж чаддаггүй хэн хэн нь...
Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 7 )