Энэ сарын 26-нд Дэлхий нийтээрээ Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх өдөр болох гэж байна. Монгол улсад хар тамхины хэрэглээ, түүнээс урьдчилан сэргийлэхэд хийж буй ажлын талаар “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ийн тэргүүн, доктор, профессор Ш.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Юуны өмнө нийгэмлэгийн тань үйл ажиллагааны талаар яриагаа эхлэе?
-Би “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ээ 1999 онд байгуулсан. Манайх орон тооны гурван эмч, гурван багш, нийгмийн ажилтан гээд долоон хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Иргэдэд хар тамхины талаарх сургалт болон судалгаа, сурталчилгаа явуулдаг. Судалгааны ажлаа Эрдэнэт, Дархан, Улаанбаатарын хэмжээнд хийж байсан. Анхны судалгаагаа 1999 онд Эрдэнэт хотод хийсэн. Мөн өсвөр үеийн мянган хүүхдийн дунд судалгаа хийгээд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг 45 хэрэглэгчийг илрүүлж байлаа. Тэр үед бид энэ тоог харьцангуй бага байна гэж үзсэн. Гэтэл түүнээс хойш жил дараалан судалгаа хийхэд 2006 онд 410, өнөөдрийн байдлаар 561 хүн мансууруулах бодис хэрэглэдэг болжээ. Судалгаанаас харахад хар тамхи хэрэглэгчдийн тоо маш хурдтай өссөөр л байна. Энэ нь нийгмийн аюулгүй байдалд тулгамдсан асуудал болж байгаа юм.
-Сургалтынхаа талаар тодруулахгүй юу? Ямар чиглэлээр сургалтаа явуулж байна вэ?
-Манайх сургалтаа хар тамхи хэрэглэдэг хүмүүсийн зан үйлийг өөрчлөх 3-6 сарын хугацаатай сургалт явуулдаг. Сургалт 12 зарчимтай, 12 алхмаар явагддаг. Манай сургалтанд хамрагдсан арван хүн хар тамхиа хаяж чадсан. Эдгээр хүмүүсийн нэг нь гадаадад ажиллаж, ес нь эх орондоо хөдөлмөрлөж байна. Хар тамхинаас гарах нь маш их тэвчээр, хатуужлыг шаарддаг. Яагаад гэвэл хар тамхи нь архи, тамхинаас 60 дахин илүү хортой донтуулагч бодис юм. Хүний сэтгэхүйд хүчтэй нөлөөлдөг тул хүн амархан өөрчлөгддөггүй, явцын дунд нөлөөлдөг. Харин донтолтын хүнд шатанд орсон хүнийг өөрчлөхөд үнэхээр хэцүү.
-Сургалтанд хамрагдахад ямар нэг төлбөр авдаг уу?
-Төлбөргүй. Манайд хандаж ирсэн 105 хүн бий. Эдгээр хүмүүсийн хар тамхины хэрэглээ буурч, өөрчлөлт өгч байгаа. Давхардсан тоогоор бол нэлээд хүмүүс хандаж үйлчлүүлсэн.
-Хар тамхины хэрэглээг багасгахын тулд сургалтаас гадна ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Бусад орны туршлагыг харж байхад ингэж огцом хар тамхины хэрэглээ өсвөл дийлдэхээ больдог учраас манай улс нэн яаралтай хар тамхи, мансууруулах бодисын тухай хуулиа баталж, урьдчилан сэргийлэх ажлыг хийх хэрэгтэй. 13 жилийн турш энэ талаар ямар ч арга хэмжээ авахгүй явсаар өдий хүрлээ. Харин гуравдугаар сарын 1-нд Ерөнхийлөгч биднийг хүлээж авч уулзан “Хар тамхины эсрэг хуулийн төсөл боловсруулж байгаа. Удахгүй УИХ-аар батлагдана гэж найдаж байна” гэж хэлсэн. Үүнээс хойш хүмүүс мансууруулах бодистой тэмцэх үйл ажиллагаанд анхаарч эхэллээ. Тухайлбал, Нийслэлийн хүүхдийн төлөө газар бидэнтэй хамтран нийслэлийн есөн дүүргийн нийгмийн ажилчдыг хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх сургагч багшаар сургаж бэлтгэсэн. Мөн Дотоод хэргийн их сургууль дээр Эрдэм шинжилгээний олон улсын бага хурал хийсэн. Энэ хурал нь “Хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудлууд" гэсэн сэдвээр хийгдсэн. “Хар тамхитай тэмцэх дэлхийн нийтийн өдөр”-ийг Глобал фаундэйшн хамтран тэмдэглэх гэж байна. Энэ өдрийг тэмдэглэхэд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах хорооноос тодорхой хэмжээний санхүүжилт хийсэн. Энэ санхүүжилтийнхээ хүрээнд хэвлэлийн бага хурал, онол практикийн бага хурал зохион байгуулсан юм. Түүнчлэн өсвөр үе, залуусынхаа дунд “Өсвөр үе, залуучуудаа хар тамхи, мансууруулах бодисоос сэргийлье” эссэ бичлэгийн уралдаан зарлаад байна.
-Сургагч багш нарыг бэлтгэсэн гэлээ. Эдгээр багш нар хар тамхинаас урьдчилан сэргийлэх талаар хичээл орно гэсэн үг үү. Хичээлээ зааж эхэлсэн үү?
-Тийм ээ. Сургагч багш нар одоогоор хичээлээ зааж эхлээгүй байгаа. Би “Өсвөр үеийнхнийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх ажлын агуулга, арга зүй” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм. Ингээд хар тамхинаас урьдчилан сэргийлэх талаар ЕБС-ын сургалтын программд нэмэлтээр оруулах талаар 13 жилийн хугацаанд ярьсан боловч дэмжигдээгүй. Уг нь хичээлд нь дөрвөн цаг, сурах бичигт нь дөрвөн цаг орвол урьдчилан сэргийлэх ажил үр дүнд хүрэх юм. Гэвч хичээл орох багшийг нь бэлтгэж өгөөд байхад хичээл оруулдаггүй. Энэ онд хар тамхины талаар том судалгаа хийсэн. Уг судалгааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүгийн цагдаагийн газартай хамтарч хийсэн. Судалгаандаа зуун хэрэглэгчийг хамруулахад ихэнх хувь нь хичээл огт ордоггүй, заадаггүй гэсэн судалгаа гарсан нь энэ талын хичээл хүүхдэд хүрэхгүй байгаа нь харагдаж байна.
-Урьдчилан сэргийлэх хичээл орох тухайгаа БСШУЯ-нд хандаж байв уу?
-Саяхан нэг хурал дээр БСШУЯ-ны хууль зүйч н.Тамир "Манай хүүхдүүд хар тамхийг мэдэхгүй. Энэ талаарх хичээл орох болоогүй" гэж ярьж байна лээ. Нэг нь оруулах гээд зүтгээд байхад хамгийн их ач холбогдол өгөх ёстой яам нь энэ хичээлийг оруулах болоогүй гээд оролцдоггүй. Үүнээс болоод хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээний ажилд чөдөр болж байна. Мянганы сорилтын сангаар зуун багш бэлтгэсэн нь хангалтгүй, одоо давтан сургах шаардлагатай байгаа.
-Энэ жилийн дэлхий нийтээрээ “Хар тамхитай тэмцэх өдөр”-ийн ач холбогдол нь юу вэ?
-Хар тамхитай тэмцэх ач холбогдлыг нэмэгдүүлэх, ард иргэдийг мэдээллээр хангах, хор хөнөөлийг сурталчлах зорилготой байдаг юм. Иймд бид энэ өдрийнхөө зорилтыг хангаж сайн ажилласан гэж бодож байна.
-Сүүлийн үед хар тамхины хэрэглээ залуужиж байна. Үүнийг дагаад нийгэмд гарах сөрөг үр дагавар их байх?
-Хар тамхитай холбогдоод байгаа нийт 300 гаруй хүмүүс бий. Үүнээс зуу гаруй нь гэмт хэрэгт холбогдсон. Энэ хүмүүсийн ихэнхийг 18-35 насныхан эзэлж, ажилгүй залуус холбогдож байгаа нь ажилгүйдэл нөлөөлж байгаа нь харагдаж байна. Хамгийн сүүлийн судалгаагаар нийт хэрэглэгчдийн дундаж наслалт 33, үүний 56 хувь нь 16-25 насныхан байна. Мөн 74 хувь нь сонирхож хэрэглээд, цаашид дондох шатанд хүрсэн. Үлдсэн 26 хувь нь бусдыг дуурайсан мөн бусдын эрхшээлд орон хэрэглэдэг. Мөн найз нөхдийн уруу таталтаар хар тамхины хэрэглэгч болох нь их. Иймд насан туршдаа зовж байхаар нэг удаа үгүй гэж хэлэх хэрэгтэй. 2010 онд хийсэн судалгаанд 436 хүн хар тамхи хэрэглэх саналыг хүлээж авчээ. Хар тамхи их үнэтэй учраас худалдаж авахын тулд гэмт хэрэг, хүчирхийлэлд өртдөг. Адгийн наад зах нь хар тамхиа биедээ авч явах үедээ дээрэмдүүлэх явдал бий.
-Эдгээр хүмүүс ямар төрлийн хар тамхийг голчлон хэрэглэдэг вэ?
-Сүүлийн үед “өө” гэж их яриад байгаа энэ бодис нь өөрөө мансууруулах үйлчилгээтэй “каннабис” гэдэг хар тамхины томоохон төлөөлөгч юм. Энэ нь улс орон болгонд өөр өөр нэршилтэй. Тухайлбал, Америкт марихуан, Орост канибал, Монголд канна гэж нэрлэдэг. Ингэж өөр өөр нэршилтэй байхын учир нь хар тамхи нь нууц хэрэглээ юм. Манайд эктас гэдэг солиоролд оруулдаг бодисыг 28 хувь нь хэрэглэж үзсэн байдаг.
-Энэ бүхнийг хуулийн хүрээнд зохицуулах боломжтой юу?
-Хар тамхи гэдэг маань өөрөө хуулиар зохицуулагддаг. Дэлхий нийтэд 1968, 1971, 1988 оны НҮБ-ын Конвенциуд бий. Энэ гурван конвенцид нэр дурдсан хар тамхи болон мансууруулах бодисыг хэрэглэхийг хориглосон. Харин манайд 2002 онд батлагдсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөлт бодис"-ын эргэлтэнд нэлээд анхаарсан байдаг. Тухайлбал, эрүүгийн хуульд нэг заалт, Үндсэн хуульд ганцхан заалт байх жишээтэй. Энэ заалтыг ингэж хуулийн хавсарга болгомооргүй байна, цаашид бие даасан хууль болгох хэрэгтэй. Үүний дагуу хар тамхины эсрэг хуулийн төсөл боловсруулж байгаа. Удахгүй УИХ-аар орж батлагдах байх гэж найдаж байна. Хар тамхитай тэмцэхийн тулд хилээр орох, гарах нөхцлийг хязгаарлах, дараа нь урьдчилан саргийлэх, хор хөнөөлийг бууруулах гэсэн иж бүрэн үйл ажиллагаа явуулж байж үр дүнд хүрдэг.
-Манайд хар тамхинд донтогсдыг эмчлэх ямар нэгэн эмчилгээ байдаг уу. Бусад оронд ямар төрлийн эмчилгээ хийгддэг вэ ?
-Манайд хар тамхинд донтогсдод ямар ч эмчилгээ хийгддэггүй. 13 жил болж байхад нэг ч хүн эмчлэгдээгүй гэдэг нь эрүүл байх эрх, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж байна гэсэн үг. Тухайлбал, хар тамхи хэрэглэдэг нь мэдэгдвэл ажлаасаа халагддаг. Мөн эрх нь зөрчигдөж, хүчирхийлэлд өртөх зэргээр өөрөө насан туршдаа зовдог. Манайхаас бусад оронд хар тамхи хэрэглэдэг хүмүүстээ никитон орлуулах эмчилгээ хийдэг. Үүнийхээ хажуугаар нийгэмшүүлж, мэргэжил олгож, ажлын байр хангадаг. Мөн олон улсад Дропинг центр хэмээх хар тамхи хэрэглэгчтэй ажилладаг байгууллага бий. Энэ байгууллага нь хэрэглэгчийн өөрийнх нь хийж чадах зүйл дээр нь суурилж мэргэжил олгох, дэмжлэг үзүүлэх, зан үйлийг нь өөрчлөх талаар сургалт зохион байгуулж ажилладаг. Манай нийгэмлэг хар тамхины тухай хуулийг УИХ-аар баталчихвал Дропинг центртэй болох зорилт тавьсан.
-Хар тамхи хэрэглэдэг хүмүүст ар гэрийнхэн нь хэрхэн ханддаг бол?
-Гэр бүлийнхэн нь хар тамхинд орсон хүнээ эхэндээ гаргаж авъя гээд сургалтанд хамруулж, их анхаардаг. Гэтэл хар тамхи хэрэглэгч нь ар гэрийнхнээсээ их хэмжээний мөнгө нэхдэг.
-Хар тамхи ямар үнэтэй байдаг вэ?
-Үүнийг хэрэглэдэг хүмүүсийн эрүүл мэнд болон эдийн засагт хор хөнөөл учирдаг. Зиндаа дээгүүр айлын хүүхэд өдрийн нэг грамм хар тамхи хэрэглэхэд 300 мянга, сардаа 9 сая, жилдээ 100 гаруй сая төгрөг болох жишээтэй. Үүнээсээ болоод санхүүгийн хямралд орж, мөнгөгүй болсон үедээ хар тамхиа татахын тулд дээрэм, хулгай хийнэ.
-Танай нийгэмлэгтэй хамтран ажилладаг болон санхүүжүүлдэг байгууллага байдаг уу?
-Санхүүжилт байхгүй учраас бид нар хагас цагаар ажилладаг. Олон байгууллагад хандсан боловч хар тамхи хэрэглэдэг хүнтэй ажилладаг гээд яриад орохоор бүгд дургүй хүлээж авдаг. Хууль зүйн яаманд би 13 жилийн турш хандсан. Энэ хугацаанд санхүүжилт өгөх нь бүү хэл явуулсан төсөлд маань нэг ч удаа хариу өгч байгаагүй. Хар тамхи хэрэглэдэг хүмүүстэй ажиллахад маш хүнд байдаг. Иймд хувийн байгууллага хамтарч ажилладаггүй. 13 жилийн турш “Хар тамхитай тэмцэх өдөр”-ийн хүрээнд эрүүл мэндийн яам нэг ч удаа хамтарч ажиллаж байгаагүй юм.
Ярилцсан: Х.Даваанаа
Сэтгэгдэл ( 2 )
Энэ байгуулга хаана байрладаг юм бээ
энэ авгай 13 жилийн турш ийм юм ярьж, төсөл хөтөлбөр авч өөрийгөө л баяжуулсан болохоос яг хар тамхинаас гаргасан хүн байхгүй шдэ. Телевиз ирэх сургаар 2,3 хүнд мөнгө өгч авчраад жүжиг тавьдаг юм байх чин билээ. Балиар худалч авгай