Тэнэмэл хүүхдийн тоо өсч буй нь гэр бүл салаттай холбоотой

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 25

Нийгмийн оршин тогтнох үндэс нь гэр бүлээс эхтэй. Гэтэл гэр бүл салалтын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж буй нь өрх толгойлсон эмэгтэйчүүд, ядуурал, өнчин хүүхдийн тоо хэмжээгээ алдаж байгаагаас илэрхий.

Түүгээр ч барахгүй хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт буурахгүй өссөөр байгаа юм. Одоогийн байдлаар нийслэл дэх хүүхдийн асрамжийн төвд 1-6 насны 120 гаруй хүүхэд амьдарч байна. Эдгээрийн дийлэнх нь гэр бүлийн харилцаанаас болж, ийм бүрхэг ирээдүйтэй учирчээ. Тэгвэл Гэрлэх ёслолын ордонд жилд албан ёсоор 1000 гаруй гэр бүл гал голомтоо бадраадаг аж.

Харин эдгээрийн талаас илүү нь дунджаар таван жилийн дотор гэрлэлтээ цуцлуулдаг тухай харамсалтай судалгаа ч саяхан гарсан байх юм. Гэр бүл салалтын гол үндэс нь архидалт, хууран мэхлэлт, хадмын нөлөө, гэр бүлийн хүчирхийлэл нөлөөлдөг болох нь тус судалгаагаар тогтоогдсон байна. Тэгвэл нүдэнд харагдаж, чихэнд сонсогдсон хамгийн ойрын жишээг өгүүлье. Телевизийн нэвтрүүлэгт гэр бүлийн сэтгэл судлаач уригджээ.

Сэтгүүлч үзэгчдээс ирсэн захидлыг задлаад “Гэр бүлийн амьдрал хэцүү байна. Үүнийг аврах ямар гарц байна вэ” гэсэн утга бүхий нэг захидалд зөвлөгөө өгөхөөр болов. Харин энэ захидалд гэр бүлийн сэтгэл судлаач хэмээн өөрийгөө тодотгосон эрхэм “Үнэхээр хэцүү байвал салчихгүй юу даа.

Монголд олон сайхан залуу байгаа шүү дээ” гэсэн хариултыг өгч байх юм. Өөр нэгэн жишээг дурьдахад миний сайн танилууд гэр бүлээ цуцлуулахаар болсон. Шүүх ч тэдний асуудлыг ядах юмгүй шийдээд өгчхөж. Гэтэл эцэг эхийнхээ энэ шийдвэрээс болж өсвөр насны хүүхэд нь гэртээ ирэхээ болчхов. Нэгэнт өөрсдийнх нь хүүхэд учир болж бүтэхгүй хэмээн гэр бүлээ цуцлуулсан хэдий ч хөтлөлцөөд хайхаас өөр гарцгүй болж байгаа нь эмзэглэмээр.

Энэ бүхнээс ажиглахад нийгмийн анхдагч салбар болох гэр бүлийн тухай хуулийг эргэж харах цаг нэгэнт болжээ. Тухайлбал: Энэ талаар гаднын улс оронд гэр бүлээ цуцлуулахаар шийдсэн хосуудад эвлэрэх боломжтой хугацааг олгож, энэ хооронд сэтгэл зүйчийн зөвлөгөө, нийгмийн ажил зэрэгт хамтад нь оролцуулах зэрэг арга хэмжээг хуульчлан тусгасан байдаг ажээ. Түүнийгээ ч хэрэгжүүлэх албан байгууллагатай.

Цаашлаад салсан гэр бүлийн хосуудын байдлыг харгалзан үзэж эцэг эх байх эрхийг нь хүртэл хасчихдаг хатуу “дүрэмтэй”. Харин манай улсад байдал шал өөр. Манайхан гаднын улс орныг дуурайгаад сэтгэлзүйчээс зөвлөгөө авахаар очиход өөдөөс нь харж сууж байгаад “Болохгүй бол салчих шиг амархан юм хаана ч байхгүй” гэдэг нөхцөл угтаж байна. Уг нь эвлэрүүлэн зуучлалын тухай хууль байдаг боловч байхгүйтэй адил. Залуу гэр бүлийн хувьд гэрлэлт гэдгийг хамт нэг гэрт орохын нэр гэдгээс илүүгүй ойлголттой.

Гэхдээ бүгдээрээ ийм ойлголттой биш л дээ. Түүнээс биш Монгол Улсын гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн эвлэрүүлэн зуучлалын товчоонд ямар хууль, юу гэсэн дүрэм журам байдаг тухай мэдээлэл огт байхгүй. Тус байгууллагыг хэрхэн үр бүтээлтэй ажил хийсэн тухай гэнэтийн шалгалт хийж үзвэл үнэндээ ичмээр тоо гарах нь дамжиггүй. Гэр бүлийн хариуцлагын тухай бол бүр ч яриад хэрэггүй. Тиймдээ л хараа хяналтгүй хүүхдийн тоо өсч, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм.

Өнөө цагт гэр бүл болохдоо удам угсаа хардаг, ухаан зарж амьдардаг монгол ёс алга болжээ. Аавгүй хүүхэд авгаа танихгүй өсч, ээжгүй хүүхэд нагацаа мэдэлгүй бойжсоор л байх уу.

Ч.Буянжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top