Эрүү шүүлтэд өртсөн хохирогчдод туслах олон улсын өдөр өчигдөр тохиов. Манай улсад эрүү шүүлт хэрэглэх тохиолдол гарсаар байгаа боловч үүний улмаас хохирсон иргэдэд нөхөн олговор өгөх эрх, зохицуулалт үгүй аж. Хүнийг эрүүдэн шүүж байгаа талаар ХЭҮК-оос жил бүр гаргадаг тайландаа тусгажээ. Тус комиссын 10 дахь тайлан илтгэлд "Эрүү шүүлттэй тэмцэх, түүнийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх талаар тодорхой зарим нэг ажлыг эхлүүлсэн. Тийм боловч иргэд эрүү шүүлтэд өртөх тохиолдол гарсаар байна. Эрүүдэн шүүлтэд өртсөн хохирогчийг тодорхойлох, хохирлын хэмжээг зөв тогтоох, хохирлыг нөхөн төлүүлэх талаархи олон улсын гэрээний заалт болон түүний хэрэгжилтийн талаар шүүхийн практикт тогтсон ойлголтгүй, шүүгч нар хэргийг өөрийн үзэмжээр шийдвэрлэдэг" гэжээ. Мөн "Эрүүдэн шүүгдсэн болон хэрцгий, хүнлэг бус харьцаанд өртөж эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон иргэнд учруулсан хохирлыг шударгаар барагдуулах, нөхөн төлүүлэх талаархи эрх зүйн зохицуулалт байхгүй" гэсэн байна.
Тиймээс ХЭҮК болон хүний эрхийн "Эмнести интернэшнл" байгууллагаас Монгол Улсын Засгийн газраас хохирогчдод тусламж үзүүлэх, нөхөн сэргээх эрх зүйн зохицуулалт болон үйлчилгээ үзүүлэх механизмыг бий болгох цаг болсныг анхааруулж буй. Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийг 2000 онд соёрхон баталсан. Тиймээс уг конвенцийн 14 дүгээр зүйлд "Оролцогч улс бүр эрүүдэн шүүгдсэн этгээд хохирлоо нөхөн төлүүлэх, түүний дотор эрүүл мэндээ аль болох бүрэн сэргээхэд шаардлагатай шударга тохирсон төлбөр авах эрхийг эрх зүйн тогтолцоогоор хангана" хэмээн заасны дагуу хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулах үүргийг хүлээсэн.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд "Хэнд ч эрүү шүүлт тулгах буюу хүний ёсноос гадуур хэрцгий эсхүл нэр төрийг нь гутаан доромжлон харьцах, шийтгэхийг хориглоно" хэмээн заасан байдаг. Уг тунхаглал 1948 онд батлагдан гарснаас хойш эрүү шүүлттэй тэмцэх салбарт ихээхэн өөрчлөлт гарсан юм. Тодруулбал, НҮБ-ын бүс нутгийн Засгийн газар хоорондын байгууллагууд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нарийвчилсан хөтөлбөрийг батлан гаргаж, асуудлыг шийдвэрлэх механизмыг бий болгосон байдаг. Гэвч эрүү шүүлт амь бөхтэй оршиж, харгислал, заналхийлэл, зодуур, цахилгаан гүйдэл ашиглах, бэлгийн хүчирхийлэл, тарчлаан зовоож өвтгөх, хохирогчийг эрхшээлдээ оруулахын тулд сэтгэл санааны дайралт хийн доромжлох зэрэг эрүү шүүлтийн бүх хэлбэрийг өнөөдөр ч хэрэглэсээр байна. Энэ хэрээр эрүүдэн шүүгдэж хохирсон хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм. "Эмнести Интернэшнл"-ийн тайланд 2011 онд 101 оронд хүмүүсийг эрүүдэн шүүж, хэрцгий харьцсан тухай мэдээлсэн. Үүнд ихэнхдээ Засгийн газрын эерэг жагсаал цуглаанд оролцогчид өртжээ. Ази Номхон далайн бүс нутагт Хятад, Хойд Солонгос зэрэг оронд харгис хэрцгий хандлагаар эрүү шүүлт тулгасаар байна. Эрүү шүүлтээс амьд үлдсэн хүмүүст амьдрал ихэвчлэн хар дарсан зүүд шиг санагддаг.
Мөн тэд хэнд ч итгэдэггүй болдог. Эрүүдэн шүүгчдэд хариуцлага хүлээлгэхээс гадна хохирогчдын хохирлыг барагдуулах, нөхөн сэргээх нь хүний эрхийг хамгаалах чухал хэлбэрийн нэг юм. 1997 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн зургадугаар сарын 26-ныг Эрүү шүүлтийн хохирогчдод туслах олон улсын өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Улмаар 1998 оны зургадугаар сарын 26-нд дэлхий даяар анх удаа эрүү шүүлтийн хохирогчдод туслах, мөн эрүү шүүлтийг таслан зогсооход анхаарал хандуулах үйл ажиллагааг зохиосон. Мөн НҮБ-аас бүх Засгийн газар, иргэний нийгмийнхэнд хандан эрүүдэн шүүгчидтэй хариуцлага тооцох, эрүү шүүлтийг таслан зогсоохын төлөө үйл ажиллагаа явуулахыг уриалав. Эрүү шүүлт болон бусад хэлбэрээр хүний ёсноос гадуур харьцсаны улмаас хохирсон хүмүүсийн эрхийг сэргээх үүргийг төр хүлээдэг ажээ.
Д.ТЭЛМЭН
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )