С.Шар: Сибирийн минжийг туул голын эхэнд нутагшуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

Туул голын экосистемийг сайжруулах зорилгоор Туул голд минж нутагшуулах төслийн хэрэгжилтийн талаар МУИС-ийн Амьтан судлалын тэнхимийн багш, доктор С.Шартай ярилцлаа.

-Туул голд минж нутагшуулах төслийн ажлын хэсэгт МУИС-ийн амьтан судлалын эрдэмтэн
багш нар ажиллаж байгаа. Германы Бавари мужаас ирсэн минжнүүд орчиндоо хэр дасч байна вэ?

-Гол усны төвшин сайжруулах зориулалтаар минж нутагшуулсан туршлага их бий. Төсөл хэрэгжих боломжтой эсэхийг шийдэхийн тулд амьтан судлаачдын дунд зөвлөгөөн хийсэн. Мэргэжилтнүүд Туул голын эхэнд минж нутагшуулах нь зөв гэсэн шийдвэрт нэгдсэн. Дээрх зөвлөгөөнөөр мэргэжилтнүүд гаднын минж нутагшуулах хэрэгтэйг онцолсон. Ингээд хамтарч ажилладаг Герман, Оросын эрдэмтэдтэй минж оруулж ирэхээр тохиролцсон юм. Манай улс 1960-аад онд минж нутаг­шуулах ажлыг 5-6 удаа хийсэн. Үүнийг МУИС-ийн амьтан судлалын танхимын багш нар тардан хийсэн байдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур 14 минжийг Германы Бавари мужаас оруулж ирлээ. Дээрх минжийг cap гаруй хугацаанд хорио цээрийн бүсэд байлгаж шинжилгээ авсан. Ямар нэгэн өвчингүй нь тогтоогдож Гачууртын Минж үржүүлгийн төв буюу судалгааны лабораторид шилжээд байна. Германаас нэг минж хээлтэй ирсэн. Тухайн минж төрөөд хоёр зулзага нь эсэн мэнд бойжиж байна.

-Манай Булган голд минж цөөнгүй. Гаднаас оруулж ирэхийн ач холбогдол юу вэ?
-Манайд минж элбэг биш. Ховдын Булган голд Төв Азийн шар минж цөөн тоогоор байдаг. Харамсалтай нь Булган гол гадагшаа урсгалтай, Хятад уруу урсдаг. Иймээс Булган голын минж хилээр гараад явчих магадлалтай. Энэ эрсдэлийг шийдэхийн тулд манай эрдэмтэд Германы эрдэмтэдтэй хамтран 1970-аад оноос хойш 5-6 удаа 60 гаруй минжийг Булган голоос барьж дотогшоо урсгалтай Ховд, Тэсийн голд нутагшуулж, минжтэй болгосон. Энэ ажилд манай тэнхимийн үе үеийн багш нар оролцож байсан. Амьтан судлаач мэргэжилтнүүдийн зөвлөснөөр өөрийн орны нутагшуулан хамгаалж буй ховор амьтнаа оролдох хэрэггүй, цэвэр цусны минж байх хэрэгтэй гэж үзсэн. Харин Туул голд нутагшуулах минжийг гаднаас авах нь зүйтэй гэдэгт нэгдсэн.

-Удахгүй ОХУ-аас 30 гаруй минж орж ирнэ. Минжнүүдийг шууд голд тавих уу, эсвэл Минж үржүүлгийн төвд байрлуулах уу?
-Хоёр дахь ээлжийн минжийг ОХУ-аас авахаар гэрээ байгуулсан. Ирэх сарын 10-ны 06.00 цагт галт тэргээр ирнэ. Дээрх 30 минж Сибирээс ирж буй тул манай уур амьсгалд илүү сайн зохицно гэж бодож байна. Сибирийн өвөл цас ихтэй, хүйтэн, Монголынхтой төстэй учир Сибирээс ирсэн минжийн 10 гаруйг нь шууд Туулын эхэнд тавихаар төлөвлөсөн. Үлдсэн минжнүүдийг Минж үржүүлгийн төвд байршуулж үржүүлнэ. ОХУ-аас ирж байгаа минжнүүдийг тус улсын мэргэжилтэн өөрөө хүргэж ирнэ. Тэрбээр бидэнтэй хамт минж байгальд тавих ажлыг хийж гүйцэтгэхээр болсон.

-Үржүүлгийн төвд байгаа минжийг хэзээ усанд тавих вэ. ОХУ-аас минж оруулж ирэхэд хэдэн төгрөг төсөвлөсөн бол?
-Сибирь, Баварийн минжнүүдийг эхлээд үржүүлгийн төвд үржүүлнэ. Орчиндоо дасч тоо нь олшроод ирэхээр цөөн тоогоор Туул голд нэмж тавих юм. Түүнээс биш үржүүлээд бизнесийн зориулалтаар ашиглах гэж байгаа юм биш. Цэвэр байгаль хамгааллын ажил хийгдэж байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Мэдээж минжийг барих, тээвэрлэхэд зардал гарна. Тэжээж, нутагшуулахад ч хөрөнгө мөнгө шаардлагатай. Энд 100 гаруй мянган ам.доллар төсөвлөсөн. Жишээлбэл, 30 минжийг байгалиас барихад бүтэн cap болно. Минж барина гэдэг чинь зүгээр нэг уяатай амьтан авч ирэхтэй адилгүй. Хайж олно, олсныхоо дараа барихын тулд багаараа ажиллана шүү дээ. Энэ бүх ажлыг зохион байгуулах, санхүүжилтийг нийслэлийн Байгаль орчны газар хариуцаж байгаа.

-Минж нутагшуулах төсөл хэрэгжсэнээр Туул голын урсац байгалийн жамаараа сайжирна гэж ярьдаг. Төслийн үр дүн хэдий хугацаанд гарах бол?
-Иргэдийн дунд буруу ойлголт байгаа. Ер нь бүтэхгүй ажил юм биш үү гэсэн санал ч байна. Минж нутагшуулаад шууд дараа жилээс нь Туулын ус ихсэхгүй, хугацаа шаардлагатай. Гаднын туршлагаас харахад минж нэлээд хэдэн жил суурьшиж, хоорондоо үржиж, тархац нутаг нь тэлээд далан овоохойгоо барьж эхлэх үеэс үр дүн нь гардаг.

-Минж юугаар хооллодог вэ. Модонд халгаатай амьтан гэж үздэг юм билээ?
-Байгалийн нөхцөлд минжийн гол хоол тэжээл нь модны холтос. Улиас, бургасны холтос, доторх зөөлөн эдээр нь хооллоно. Орон байр, хоол тэжээлээ бэлтгэхэд тодорхой хэмжээгээр мод ашигладаг. Минж мод устгадаг гэсэн цуу яриа байдаг ч идсэн мод нь ургадаг. Харин сүхээр цавчсан мод бол хэзээ ч ургадаггүй. Цавчих үед модонд механик гэмтэл учруулдаг. Харин минж зөвхөн өөрийнхөө авах гэсэн мөчрийг л авна. Ер нь минж байршуулах газарт судалгаа хийсэн. Тухайн газарт улиас, бургасны нөөц ямар байх талаар авч үзсэн байгаа. Минж модонд нөлөөлөх нь зайлшгүй. Гэхдээ Туул голын модыг устгах аюулд хүргэхгүй. Мэргэжилтнүүдийн гаргасан томоохон судалгаанаас харахад минж, мод хоёр харилцан бие биеэ тэтгэдэг гэсэн дүн гарсан байдаг.

-Минжийг маллах хүнийг хэрхэн сонгов. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?
-Манай улс хэдэн жилийн өмнө одоогийнхоос биеэр жижиг намгийн минжийг Төв аймгийн Батсүмбэр суманд 600-700 толгой болтол нь үржүүлсэн юм билээ. Аж ахуйн зориулалтаар үржүүлж байсан гэсэн. Тухайн үед минж маллаж байсан Польш Улсад мэргэжил эзэмшсэн маллагч одоо тэднийг хариулж байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top