Залуу хуульч С.Тулгатай ярилцлаа. Тэрбээр Монголын эх оронч залуучуудын холбооны Ерөнхийлөгч бөгөөд Монгол Улсаа хөгжүүлэхээр тэмүүлж яваа мянга, мянган залуусын төлөөлөл юм.
-Та хаана боловсрол эзэмшсэн бэ?
-Би 1999-2003 онд МУИС-ийн хуулийн ангид элсч философич мэргэжил эзэмшсэн. Дараа нь дахин МУИС-т суралцаж эрх зүйч мэргэжилтэй болсон.
-Сүүлийн үед шүүх засаглалыг шүүмжлэх болсон. Энэ тал дээр залуу хуульчийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Өмнө нь шүүх хурал дээр ямарч мэтгэлцээн болдоггүй. Зүгээр л хоёр иргэдийн төлөөлөгч суулгаж байгаад л хэргийг шийддэг байсан юм билээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг 2002 онд өөрчлөхдөө мэтгэлцэх заалт оруулсан. Эрүүгийн шүүн таслах ажиллагаа мэтгэлцээний журмаар явагдах ёстой. Улсын яллагч ямар үндэслэлээр ямар ял оногдуулж байгаагаа хамгаалж, өмгөөлөгч хэрэгтний зүйл ангийг хөнгөрүүлэх талаар харилцан хуулийн үндэслэлээ хамгаалж мэтгэлцэнэ. Мэтгэлцээний журмаар шүүх хурал явагдана гэдэг их зөв асуудал. Англи, Америкийн шүүх хурлууд ердөө мэтгэлцээний журмаар л явагддаг. Шүүгч яллах болон цагаатгах талын аль талд нь ч оролцохгүй. Яллагч шүүгдэгчийн гэм буруутайг тогтох, цагаатгах тал гэм буруугүй гэж батлах гэж оролддог. Хоёр тал цэвэр мэтгэлцээн явуулж тэрний дундаас шүүгч энэ хүн ямар хүн бэ гэсэн дүгнэлтээ гаргаж, гэм бурууг олж хардаг. Энэ үнэний ортой. Манай өмгөөлөгч, улсын яллагч нар цэвэр мэтгэлцэж чадахгүй байгаа.
-Өнөөдрийн шүүхийн тогтолцоо зөв үү, буруу юу?
-Манайх Орос Улсаар дамжуулж Баруун Германы буюу эх газрын эрх зүйг нэвтрүүлсэн. Тэгэхээр анх шүүх эрх мэдлийн байгууллага байгуулагдахдаа энэ чиглэлийг барьсан байдаг. Монголын эрх зүйн салбар 80 гаруй жилийн түүхтэй. Эх газрын хуулийн системээ хэрэглэж, хөгжүүлж ирсэн байгаа. Ер нь хүн хуулийг буруу зөв гэхгүйгээр өөр өөрийн замналаар шударга ёс гэдэг зүйлд хүрэх хэрэгтэй. Гэхдээ англи саксоны хуулийн зарим давуу элементүүдийг хэрэглэх нь зөв юм уу гэж боддог. Түүнээс шууд шилжин орох юм уу, хуулбарлах боломжгүй.
-Шүүхийн тогтолцоог төгс болгохын тулд яах ёстой юм бол?
-Аливаа улс оронд шүүхийн төгс тогтолцоо гэж байдаггүй. Манай хуульд сайн давуу талууд
олон байгаа. Бид Герман, Ромын тогтолцоогоор явж байгаа. Олон улсын хуульч нар манай тогтолцоог сайн тогтолцоо гэж үздэг юм билээ. Манайд Ерөнхийлөгч нь шүүгчээ томилдог. Тэгээд Гүйцэтгэх засаглал хууль хэрэгжилтэд хяналт тавьдаг. Харин Японд Ерөнхий сайд нь ерөнхий шүүгчээ, тэр нь дараах шүүгч нараа томилдог. Америкт бол муж улсууд нь өөр өөр юм билээ. Зарим нь ард түмнээс, зарим нь парламентаас сонгох гэх мэт. Манайх бол нэг их буруу биш ээ. Гэхдээ зарим зүйлийг өөрчлөх ёстой гэж боддог.
-Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжих үү?
-Дэмжинэ. Тухайлбал Эрүүгийн хуулийн 145.4 дэх заалт байна. Гэм хорыг нь зөвхөн хохирлоор нь тооцдог. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 140 мянган төгрөгөөс дээш өртөгтэй эд зүйл хулгайлсан бол эрүүгийн гэмт хэрэгт тооцно. 140 мянган төгрөгөөс доош өртөгтэй эд хулгайлбал захиргааны арга хэмжээ авна. Нөгөө талаас,
хэн нэг 18 настай залуу хууль мэдэхгүйгээсээ болж 140 мянган төгрөгийн эд зүйл хулгайлаад шууд ялтан болж байна. Үүнийг өөрчлөх ёстой. Тиймээс эрүүгийн хуулийг өөрчлөх цаг болсон. Ер нь Эрүүгийн хуулийг боловсронгуй болгохыг дэмжиж байгаа.
-Сүүлийн жилүүдэд гэмт хэрэг өсөлттэй байгаа. Үүний шалтгааныг юунд байна гэж дүгнэж байгаа вэ?
-Гэмт хэрэг бол нийгмийн үзэгдэл. Тиймээс шалтгаан нөхцөлийг нийгмээс хайж олох ёстой. Гэмт хэрэг гарахад нийгмийн маш олон хүчин зүйлүүд нөлөөлж байна. Хамгийн гол шалтгаан нь дийлэнх олныг хамарсан ажилгүйдэл юм. Ажилгүйдлийг дагаад иргэдийн аж амьдрал доройтож байна. Энэ ядуурал. Хөдөлмөрлөхгүй, хөдөлмөрийн өртөг цалин авахгүй иргэд гэмт хэрэг хийж байна. Ядуурлаас бий болсон, цөхөрсөн хүмүүсийн үйл ажиллагаа гэмт хэрэг өсөхөд нөлөөлж байгаа болов уу. Монгол Улсад зах зээлээс хойш архины үйлдвэрлэл маш сайн хөгжсөн гэх судалгаа байдаг. Хэдэн зуун мянга дахин өсч, архины замбараагүй нийлүүлэлтэд хяналт тавьж чадахаа байсан. Дагаад л нийгэмд эмх замбараагүй байдал үүссэн. Архидалт хавтгайрсан. Ийм л шалтгаанаас нийгэмд гэмт хэрэг өсөөд байна.
-Архидалт гэснээс эрүүлжүүлэх байруудыг их шүүмжилдэг. Таны бодлоор эрүүлжүүлэх байрны стандарт ямар байх ёстой бол?
-Эрүүлжүүлэх байрны ажиллагаа их хүнд хүчир байдаг. Эрүүлжүүлэх байруудад эмнэлгийн эрүүлжүүлэх үйлчилгээ дутагдаж байна. Үүнд хүний эрхийн байгууллагууд хамтарч анхаарлаа хандуулах хэрэгтэй.
-Таны бодлоор массыг хэрхэн хуулийн боловсролтой болгох вэ?
-Намайг дунд сургуульд сурч байхад Анх "Хуулийн цаг" нэртэй нэвтрүүлэг гардаг байлаа. Энэ нэвтрүүлэг хүмүүст их хүрдэг байсан. Ерөнхий боловсролын дунд сургууль төгсөж буй хүүхдэд эрх зүйн хүмүүжлийн талаар ойлголт өгөх шаардлага өнөөгийн нийгэмд тулгарчээ. Дунд сургууль төгсч буй хүүхдүүд наад зах нь өөрийгөө цаашлаад гэр бүлээ авч явах мэдлэгтэй байх хэрэгтэй. Дунд сургууль төгслөө, 16 нас хүрлээ. Монгол Улсын бичиг баримттай иргэн болж байна. Иргэний эрх үүрэг эндээс л эхэлнэ. Эрхээ эдэлдэг, үүргээ ч биелүүлдэг байх хэрэгтэй. Хариуцлагатай ухамсартай болох цаг нь ирдэг. Өнөөгийн залууст дутагдалтай байгаа чухал зүйл ухамсар юм шиг санагддаг. Үнэндээ эрх зүйн боловсрол тэдэнд алга. Би үүнийг хийж болохгүй. Буруу зөрүү үйлдэл хийвэл ингэнэ тэгнэ гэдгээ зарим залуус мэдэхгүй байна. Одоо, хэрэв би ингэвэл тэр хүний эрх чөлөө зөрчигдөнө гэдгийг ойлгох цаг нь ирсэн. Эрх зүйн наад захын мэдлэггүйгээсээ болоод сайхан сайхан залуус өнөөдөр гэмт хэрэгт холбогдож, амьдралдаа хар толбо суулгаж байгаа нь харамсалтай санагддаг.
З.Урсгал
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )