Мөнгөгүй иргэнд үйлчилдэггүй төрийн эмнэлэг

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 04

Оюутан ахуйдаа “Сэтгэл шигээ цагаахан нөмрөгтэй эмч бүсгүйд би хайртай” хэмээн нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн талаар нэгэн сурвалжлага бичиж байснаа гэнэт санав. Арав гаруй жилийн өмнө л дөө. Өнөөдөр тэрхүү гэгээн бодлоо тээсээр тус эмнэлгийн үүдийг татлаа. Оронгуут л нисэх ч юм уу эсвэл вокзалын тасалбар түгээх газар очсон мэт дуу өсгөгчийн “256 дугаартай үйлчлүүлэгч нэг дугаарын цонхон дээр, 257 дугаартай үйлчлүүлэгч зургаа дугаарын цонхон дээр очно уу” гэсэн зарлалын дагуу биеэ үзүүлэх хүмүүсийн бичиг баримтыг шалган эмчийн үүдэнд очих дугаар олгож байна. Энэ эмнэлэг улсдаа л цорын ганц, урдаа барьдаг эмч нарын багаар бүрдсэн төв. Тиймээс орон нутгаас ирэгсэд нийслэлчүүд гээд өвчин эмгэгт нэрвэгдсэн хэн бүхэн энэ л газрыг зорьж, цагаан өмсгөлтэй эмч нарыг бурхан шигээ бодон сэтгэлдээ залбирдаг биз. Харин эмнэлгийнхэн ямархан үйлчилгээ үзүүлдэг юм бол...

БИЕЭ ҮЗҮҮЛЭХ ЭРХ АВАХАД АРВАН МЯНГАН ТӨГРӨГ
Үдээс өмнө эмчид үзүүлэх тасалбараа авсан хүмүүс дугаарлан зогссоор л ... Хүндэвтэр өвчтэй зарим нэг нь сандал дээр сууж ээлжээ хүлээнэ. Өглөө 07.00 цагаас ирсэн гэж хоорондоо ярих хүмүүс ч энд олон. Эмнэлгийн ажилтнууд 08.00 цагт ажилдаа ирдэг. Гэтэл өвчтөнүүд түүнээс цагийн өмнө ирж дугаарладаг нь хэвшил болж. Өвчтөнүүд дугаарын дагуу биеэ үзүүлээд, хамгийн хөнгөн өвчтэй хүн л гэхэд 10 мянган төгрөг тушаагаад дараагийнхаа эмчид очдог аж. Эмч бүхний өрөөний гадаа хүмүүс арав, хориулаа дугаарлана. Өглөө ирээд үзүүлж, бүх оношоо тодруулчихаад, сэтгэл амар гэртээ харьдаг хүн бараг үгүй бололтой. Нэг үгээр хэлбэл нэг өвчтөн дунджаар хоёроос гурван эмч дамжина. Үзүүлэх бүртээ мөнгө төлнө. Эрүүл мэндийн салбарын толгой байгууллага маань баячуудад ойрхон, эгэл ардаас холдсон бололтой.

С.Ламбаа сайдын суудалд очуутаа л эрүүл мэндийн байгууллагад яаралтай шинэчлэлт хийх шаардлагатай гэж мэдэгдсэн. Тэрбээр, “Би ийм шинэ зүйл бодож олсон, хэрэгжүүлэх шатандаа явж байгаа” хэмээн хэвлэлээр баахан ярьсан. Гэтэл өнөөдөр улсын төсвөөс санхүүждэг эмнэлгүүд иргэддээ үйлчлэхгүй байгаа талаар гомдоллох иргэд олон. Хүний амь нас аврахаар тангараг өргөсөн эмч өвчтөнийг биес рүүгээ түлхэн төлбөр нэхэж чирэгдүүлэхийн учир юу вэ. Иргэдийн татвараар санхүүждэг эрүүл мэндийн байгууллага хүн бүхэнд тэгш үйлчлэх үүрэгтэй санагдана. Ер нь улсын эмнэлгүүдэд хэвтэж эмчлүүлэхэд маш төвөгтэй. Зөвхөн танил талтай, түнтгэр түрийвчтэй хүнд л хурдан шуурхай үйлчилдэг гэгдэх болоод удсаныг энд бас нэхэн санах л хэрэгтэй.

ЭМНЭЛЭГТ ТАНИЛТАЙ БАЙХ САЙХАН ЮМАА
Эмчид үзүүлэхээр өдөржин хүлээсэн хөдөөний бололтой хүмүүс нэлээд ядарсан байдалтай хүлээлгийн сандал дээр өглөөнөөс үд өнгөртөл суусаар л... Гэтэл ганган дэгжин хүүхнүүд гялгар торонд чихрийн цуглуулга тэргүүтэн хийчихээд хэн нэгэн цагаан нөмрөгтний хамт эмчийн өрөөнд яваад орчихно. Төрсөн өдөр тэмдэглээгүй нь л тодорхой. Хэсэг хугацааны дараа савтай чихрийн цуглуулгынхаа оронд өвчний карт барьчихсан инээмсэглэн гарч ирээд “Баярлалаа хө. Утсаар ярья” гэх товчхон үг хэлээд салж одно. Харин хүлээлгийн сандалд сууж, өвчин намдаах эм ууж, шаналан суугаа хөдөөнийхөн эмчтэйгээ хэзээ “золгох” бол. Хамаатан садан, танил нь тус эмнэлэгт ажилладаггүй л бол нэг биш хэдэн ч өдөр хэн нэгэн эмч, үзлэгийн өрөөний үүдээр эргэлдсээр арай гэж эмчийн үзлэг дуусаад хэвтэхэд хүртэл дугаар нь нэг, түүнээс дээш сарын дараа болж хойшилдог нь хачирхалтай.

ЗАВГҮЙ БАЙНА ЭСВЭЛ МӨНГӨӨ ТӨЛ
Энэ үг эмч бүхний амнаас ямар нэгэн хувилбараар гарна. Хөлдөө гэмтсэн Б гэгч залуутай танилцлаа. Тэрбээр, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалтай аж. Б-гийн хөлний шарх буглаж, алхахад хөндүүрлэж өвдөх болсон тул тус эмнэлэгт иржээ. Өглөө ирж ном дүрмээр нь дугаар аваад 10 мянган төгрөг төлсөн байна. Дараагийн эмч дээрээ очиход явж зургаа авахуулчихаад ир гэсэн "үүрэг” өгчээ. Б хөлнийхөө зургийг авахуулах гэтэл дахиад 10 мянган төгрөг тушааж дугаар авах ёстойг зураг авдаг эмч хэлсэн байна. Гэтэл 10 мянган төгрөгийн хураамж төлөөд авсан дугаар нь "энэ сарын 27-нд ир” гэсэнтэй адил шахам. Ясны болон нуруу нугасны зураг авдаг 112 тоот хаалга огт үйлчлүүлэгчгүй байхад ийнхүү сарын дараах дугаар өгөх нь хачирхалтай. Өнөөдөр хөл нь буглаад өвдөж байгаа хүн сарын дараа ирж зургаа авахуулах юм бол ёстой идээ бээр нь үендээ бүү хэл цусандаа ороод нэг сайхан залуу тахир дутуу болох уу эсвэл үхнэ. Энэ мэт олон хүн эмчлүүлэх өдрөө хүлээсээр хорвоог орхивол яана гэж бодоод хэнд ч юм гомдов. Тэгээд бас болоогүй ээ, эмч бүхэн өвчтөнөөс биеийн байдлыг нь асуухаасаа өмнө мөнгө төлсөн эсэхийг асуух нь эмнэлэг биш бизнесийн байгууллага, зах худалдааны газар шиг.

Тангараг өргөсөн эмчийн амнаас ийм үг гарч буй нь хачирхалтай. Нэгэнт л зорьж ирчихээд өвчиндөө шаналан гэрийн зүг буцах ямар олиг байх билээ. Өвчтөн Б арай гэж гэмтлийн зураг авдаг эмчтэй уулзлаа. Хөлний зураг авахад ердөө гурван минут орчим хугацаа шаардаж байлаа. Гэтэл эмч нар Б-г 30 хоног хүлээлгэх байсан нь ямар учиртай юм бол.

БИ МЭДЭХГҮЙ ЦААНА ЧИНЬ ӨӨР ХҮН БИЙ
Яагаад өвчтөнүүдийг эмчид үзүүлэх бүрт мөнгө авдаг тухай хэд хэдэн эмчээс асуулаа. Бүгд “Би мэдэхгүй цаана чинь хариуцсан өөр хүн бий” гэсэн хариулт өгөв. Ингэхээр удирдлага нь уу эсвэл “эмчлэхээсээ өмнө мөнгө ав” гэсэн шийдвэр өгдөг үү? Өнөөх даатгалтай иргэд мөнгө төлөхгүйгээр эмчилгээ үйлчилгээ авах гэдэг ч ёстой лөөлөө болж. Ямартаа ч, өвдвөл итгэл хүлээсэн нэр зүүж, сэтгэл гонсойлгосон үйлчилгээтэй Нэгдсэн нэгдүгээр эмнэлгийг зорьсноос үйлчилгээ шуурхай хувийн эмнэлэг хамаагүй дээр санагдана. Үхэлд ямар хууль үйлчлэх биш.

ИРГЭНИЙ ГОМДОЛЛОСОН СЭТГЭЛ
Хэдхэн хоногийн өмнө нагац ах маань таалал төгсөв. Цоо эрүүл хүн биш. 46 настай ахын минь бие шөнө 03.00 цагаас муудаж эхэлсэн тул түргэн дуудсан. Гэтэл 06.00 цаг хүртэл хүлээгээд түргэн тусламж ирээгүй учир найзыгаа дуудаж, 08.00 цагт эмнэлэгт хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, бие нь муудаж эхэлснээс хойш 240 минутын турш эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах гэж оролдоод чадахгүй болохоор аргагүйн эрхэнд эмнэлэгт биеэрээ очсон хэрэг. Гэтэл эмнэлгийнхэн тусламж үзүүлэхийн оронд ээлжээ хүлээлцэх цагаа хүлээсээр өглөөний 09.00 цаг болов. Шинэ ээлж нь ирээд ажилдаа орохоор мунгинасаар байтал 10.00 цаг хүргэчихэв. Ингээд ядарсан муу ах минь бүтэн долоон цагийн турш өвчиндөө шаналж, зовж тарчилсаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тухай эхнэр нь харамсан ярихад сэтгэл минь эмтэрсэн билээ. Эмнэлэгт хүлээж байхдаа ах минь "МӨНГӨӨ МАРТААД ГАРААД ИРДЭГ ИХ ТУСГҮЙ ЮМ БОЛЛОО” гэж хэлсэн гэдэг. Тийм ээ, үнэхээр мөнгөө мартаад эмнэлэгт ирсэн учраас үхэхээ мэдэж байж дээ хөөрхий. Хэн нэгэнд нь 10000, өөр нэгэнд нь 20000, арай дээгүүр мэдэлтэйд нь 50000, үйлчлэгчид нь 5000-ыг атгуулсан бол амь нас нь аврагддаггүй юм аа гэхэд ядаж эмнэлгийн орон дээр амьсгал хураах байсан байх.

Эмч нарын тухай гэгээн бодол тээж явдаг байсан оюутан нас минь ариухан дурсамжуудаа хадгалж үлдсэн. Яг л түүн шиг “Сэтгэл шигээ цагаахан нөмрөгтэй эмч бүсгүйн тухай бодож бичиж байсан нийтлэлийн минь гол баатрууд өнөөдөр хэн бүхэнд шүүмжлэгдэх болсны учир юу билээ. Өвчин хэлж биш хийсч ирдэг. Тэр үед мөнгө биш эмч л дэргэд минь байгаасай. Мэдээж, эрүүл мэндийн байгууллагад сайн зүйл олон.Энэ эмнэлэг мөнгөгүй иргэнд үйлчилдэггүй төрийн эмнэлэг гэсэн тодотголтой болчих вий дээ. Нэгдсэн нэгдүгээр эмнэлгийнхэн сайнаа нуучихаад саар нь хөгжиж дэвжээд байгаа бололтой. Энд эмчилгээнийх нь тухайд биш үйлчилгээнийх нь талаар өөрт болсон, өрөөлд тохиолдсон хийгээд нүдээрээ харж, чихээр сонссоноо хөндлөө.

В.Нэргүй

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top