О.Сундуй: Шалгарсан төслийг 90 сая төгрөгөөр санхүүжүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05

Төр засгаас хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжих, олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь хүүхдийн шилдэг бүтээл шалгаруулах төсөлт уралдаан. Уг уралдааны хэрэгжилт, үр дүнгийн талаар БСШУЯ-ны харьяа Соёл урлагийн хорооны хэл утга соёл хариуцсан мэргэжилтэн О.Сундуйтай ярилцлаа.

-Хүүхдэд зориулсан шилдэг бүтээлийн төсөл шалгаруулах уралдааны зорилго. Манай хүүхдийн зохиолчид төр дэмжихгүй байна гэж гомдоллодог?

-Монголын ирээдүй бол бидний үр хүүхэд. Тиймээс хүүхдийн боловсролд анхаарч, уран зохиолоор оюунд нь гэгээ нэмэх зорилгоор Засгийн газрын 280 дугаар тогтоолоор хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжих санхүүгийн журмыг 2007 онд баталсан. Уг журам батлагдсанаар 2008 оноос эхлэн хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжих төсөлт уралдааныг жил бүр зарлаж, шалгарсан бүтээлүүд үзэгч хүүхдүүдийн оюуныг мялаасаар өнөөдөртэй золгож байна. Уран бүтээлчид хүүхдэд зориулсан дуу, жүжиг, кино зэрэг төрлөөр авьяас билгээ уралдуулдаг юм.

-Төсөлт уралдаан, бусад уралдаанаас юугаараа ялгаатай вэ?

-Төсөл шалгаруулалтын хэлбэрээр зохиогдож буй уралдаан юм. Зохиолыг шалгаруулбал шилдэг зохиолын уралдаан болно. Харин уг зохиолыг тайз, дэлгэцийн юмуу, ямар хэмжээний хөрөнгө шаардагдаж байна гэдэг нарийн тооцоог нь гаргадгаараа төсөлт уралдаан нь хоосон яриа биш буух эзэн буцах хаягтай бүтээл болдог. Зөвхөн зохиолоос гадна найруулагч, жүжигчин, театр гээд бүхий л зүйлийг урьдчилан төлөвлөдөг.

-Энэ жил уралдаанд ямар ямар бүтээл шалгарав?

-Нийслэл, орон нутгаас 20 гаруй бүтээл ирж, дөрвөн төсөл шалгарсан байгаа. Драмын жүжгийн төрөлд хамгийн олон бүтээл өрсөлдсөн. Үүнээс Ц.Түмэнбаярын “Мөрөөдлийн үзэг”, Ж.Жүгдэрбарамын “Жимсний төгөлд шарилж ургадаггүй”, хүүхэлдэйн жүжгийн төрөлд Н.Цэрэннадмидийн “Мөчрөн гартай охин”, дууны цомгийн төрөлд “Цэнгил продакшн”-ы найруулагч Ц.Буяннэмэхийн “Хүүхэд насны дуулал” зэрэг төсөл шалгарсан байгаа.

-Төрөөс хүүхдэд зориулсан уран бүтээлийг яагаад онцгойлон дэмжих болсон бэ?

-Хүүхдүүдээ эрдэм боловсролтой, эх орондоо хэрэгтэй хүн болгох гэсэн төрийн бодлого юм. Нөгөө талаар утга зохиолын арвин их сан хөмрөгөөр дамжуулан эх хэл, түүх соёлоо үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

-Төсөл уралдаан болохоор хөрөнгө мөнгө их шаарддаг байх. Төрөөс ямар санхүүжилт үзүүлэх вэ?

-Хүүхдэд зориулсан бүтээлийг дэмжих санхүүгийн журмын дагуу төсөв мөнгөө хуваарилдаг. 2008 оноос хойш уг уралдаанд зориулж 500 сая төгрөг зарцуулсан байна. Нэг жилд ойролцоогоор 100-150 сая төгрөгийн санхүүжилт өгдөг. Энэ жил шалгарсан дөрвөн төсөлд 90 сая төгрөгийн санхүүжилт өгсөн.

-Уралдаанд оролцож буй бүтээлийг мэргэжлийн хүмүүс шүүдэг үү?

-БСШУЯ-ны сайдын тушаалаар байгуулагдсан мэргэжлийн зөвлө- лийнхөн бүтээлүүдийг уншиж танилцаад, хүн бүр өөр өөрийнхөө үнэлгээг өгч, дараа нь нийлүүлээд шалгаруулалтын эцсийн үр дүнг гаргадаг. Шалгаруулалтад ирж буй бүтээлүүдийг зохиолчийн нэргүйгээр мэргэжлийн зөвлөлийнх өнд уншуулна. Энэ нь танил тал, шударга бус шүүлээ гэх мэт гомдлыг таслан зогсоож байгаа сайн талтай юм. Бид сайн зохиол шалгаруулахыг л зорьж байна. Гэвч сүүлийн жилүүдэд ирж буй зохиолын чанар муу байгааг хэлэх хэрэгтэй. Төрөөс хүүхдийн уран бүтээлчдийг дэмжихгүй байна гэж бухимддаг. Харин төсөв мөнгийг нь гаргаад өгөхөөр чансаатай зохиол цөөхөн ирж байна. Хүүхдийн зохиолыг амар хялбар гэсэн ташаа ойлголттой байдаг учраас эхлэл, өрнөл, зангилаа, тайлалгүй муу зохиол ирдэг. Түүнчлэн зохиолчдийн оролцоо, хамрагдах хүрээ хангалтгүй байна.

-Танай байгууллагаас хүүхдийн уран бүтээлчдийн оролцоог нэмэгдүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэхийн тулд ямар арга хэмжээ хэрэгжүүлж байна вэ?

-БСШУЯ, Соёл урлагийн газрын зүгээс хөдөө орон нутгийн уран бүтээлчдийг дэмжин ажиллахыг зорилоо. Тиймээс ч урьд жилүүдийнхээс олон зохиолч уралдаанд оролцсон. Бидний үйл ажиллагааг дэмжиж, МЗЭ-ийн “Утга зохиол урлаг” сонин уралдааны зарыг сарын турш үнэ төлбөргүй нийтэлсэн. Түүнчлэн хөдөө орон нутгийн урлагийн байгууллагууд уруу уралдааны удирдамжийг зарласан даруйд нь явуулдаг. Өнгөрсөн жил орон нутгийн соёл урлагийн байгууллагын найруулагчдын дунд сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон ажил болсон. Цаашид хөдөө орон нутгийн соёл урлагийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж, уран бүтээлчдийн хамрах хүрээг өргөжүүлэх болно.

-Шалгарсан бүтээлийг орон нутгийн үзэгчдэд хүргэж болох уу?

-Хэдэн хүн үзэв гэдэг нь бидний ажлын үр дүн. Бид хүүхдүүдэд жүжиг үзүүлэхийг зорьдог болохоос биш хэн нэгэнд мөнгө өгөхийг чухалчилдаггүй. Төсөл шалгаруулахдаа хаана, хэдэн хүнд үзүүлэх вэ гэдэг дээр их анхаардаг. Тухайлбал, Дорнодын төсөлд зүүн гурван аймагт үзүүлдэг, Ховдын төсөлд баруун аймгуудаар тоглоно, нийслэлд шалгарсан төсөл “Улаанбаатар” чуулга, Хан-Уул дүүргийн Соёлын төвд тоглодог байх жишээтэй.

-Орон нутгаар тоглосон тоглолт үзэгчдэд хэр хүрч байна гэдгийг хянадаг уу?

-Төсөл хэрэгжүүлэгчид Монголын төр засаг, хүүхдүүдийн өмнө хариуцлага хүлээдэг учраас худлаа үнэн ярих, хууран мэхлэх эрх байхгүй. Цаашдаа хэрэгжүүлж буй төсөлдөө хяналт тавих шаардлага байгаа. Одоо бол уран бүтээлчдэд итгээд төслийг өгч байна.

Ц.ОЮУНТУНГАЛАГ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top